| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдоржийн Мандалбаяр |
| Хэргийн индекс | 101/2020/02798/И |
| Дугаар | 101/ШШ2021/00899 |
| Огноо | 2021-03-22 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 03 сарын 22 өдөр
Дугаар 101/ШШ2021/00899
| 2021 03 22 | 101/ШШ2021/00899 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “С” ХХК-ийн гаргасан,
Хариуцагч: “П” ХХК-нд холбогдох,
Худалдах, худалдан авах гэрээний төлбөрт 12,450,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н, нарийн бичгийн дарга З.Амартүвшин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Манай компани хариуцагч “П” ХХК-нд барилгын сендвич бараа бүтээгдэхүүнийг 2018 оны 02 дугаар сараас 2018 оны 09 дүгээр сар хүртэлх хугацаанд нийлүүлсэн. Хариуцагч нь 6,986,850.00 төгрөгийг урьдчилгаа төлбөрт төлөөд 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 41,556,620 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 35,986,800 төгрөгийн бараа материалыг тус тус худалдан авсан.
Тодорхой хэлбэл, талууд нийт 200,000,000.00 гаруй төгрөгийн үнэтэй сендвич хавтан худалдах, худалдан авсан бөгөөд үүнээс хариуцагч нь 8,300,000.00 төгрөгийг төлөөгүй байна. Бид, уг төлбөрийг төлж барагдуулахыг удаа дараа хариуцагчид мэдэгдэж байсан. Гэвч хариуцагч компанид тодорхой асуудал гарсны улмаас төлөхгүй байна гэдгийг мэдсэн боловч 2 жилийн хугацаанд төлбөрийг төлсөнгүй.
Ингээд бид нар төлбөрөө авахын тулд шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд 43,522,300.00 төгрөгийн үнэтэй барилгын сендвич хавтан үйлдвэрлэн нийлүүлэх гэрээг бичгээр байгуулсан. Гэвч гэрээнд хэрэг маргааныг арбитраар хянан шийдвэрлүүлэхээр тохиролцсон боловч иргэний хэргийн шүүхээр хянан шийдвэрлүүлэх хүсэлтэй байна.
Хэдийгээр талууд 43,522,300.00 төгрөгийн үнэтэй сендвич хавтанг нийлүүлснээс хойш бичгээр дахин гэрээ байгуулаагүй хэдий ч хариуцагч компаниас гэрээнд заасан алдангид 4,150,000.00 төгрөгийг нэхэмжилсэн. Шүүх, 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс хойш алдангийн талаар гэрээгээр тохиролцоогүй гэж үзвэл алдангийг шаардахгүй байж болно. Иймд, хариуцагчаас үлдэгдэл төлбөр 8,300,000.00 төгрөг, алданги 4,150,000.00 төгрөг, нийт 12,450,000 төгрөгийг нэхэмжилж байна” гэв.
Хариуцагчаас тус шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Хариуцагч “П” ХХК нь 2017-2019 оны хооронд нэхэмжлэгч “С” ХХК-иас барилгын сендвич хавтан захиалах, худалдан авах зэргээр хамтран ажиллаж эхэлсэн ба 2018 оны 02 дугаар сараас 2018 оныг дуустал сендвич хавтан худалдаж авч байсан. Ингээд 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр барилгын сендвичин хавтан үйлдвэрлэн нийлүүлэх гэрээ байгуулж нийт 43,522,300.00 төгрөгийн бүтээгдэхүүний бүрэн төлж барагдуулсан.
Бид, нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд:
- Нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байна
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ хавсаргасан зарлагын баримтад хүлээлгэж өгсөн тал гарын үсэг зурсан байгаа ч хүлээн авсан тал гарын үсэг зураагүй, хэн гэж хүн, хуулийн этгээдэд хүлээлгэн өгсөн нь ойлгомжгүй байна. Тухайн үед манай компани сендвич барилгын ажлыг хийж гүйцэтгэж байсан тул хэрэв сендвич худалдан авсан бол төлбөрийг төлж барагдуулсан гэж үзэж байна. Учир нь, талууд 200,000.00 гаруй төгрөгийн бараа материалыг худалдах, худалдан авч, хариуцагч нь хавтаст хэрэгт өгсөн дансны хуулгаар төлбөрийг төлсөн гэдгийг бүрэн нотолсон.
Нэхэмжлэгч нь хариуцагчийг ямар хэмжээний бараа бүтээгдэхүүн аваад төлбөрийг төлөөгүй гэдгийг тодорхой баримтаар нотлохгүй байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй” гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “С” ХХК-иас хариуцагч “П” ХХК-нд холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний төлбөрт 12,450,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэ хэрэгт шүүхээс 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээс үзвэл хариуцагчид холбогдуулан Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-д зааснаар гэрээгээр хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхийг хүсчээ. Шүүх, хэрэгт авагдсан болоод хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримт, зохигчдын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хэргийн харьяаллын талаар,
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч “С” ХХК болон хариуцагч “П” ХХК нарын 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан сэндвич хавтан үйлдвэрлэн нийлүүлэх гэрээний 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар зохигчдын хооронд үүссэн маргааныг Монгол Улсын Үндэсний Аж Үйлдвэрийн Танхимын дэргэдэх Арбитраар хянан шийдвэрлүүлнэ гэж тохирчээ.
Тодруулбал, нэхэмжлэгч нь хариуцагчаас 8,300,000.00 төгрөгийг тус гэрээний 6 дугаар зүйлийг үндэслэн алдангид 4,150,000.00 төгрөгийг нэхэмжилсэн тул Арбитрын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Арбитрын хэлэлцээр гэж гэрээний үндсэн дээр үүссэн эсэхээс үл хамааран бий болсон эрх зүйн харилцаатай холбоотойгоор талуудын хооронд үүссэн, эсхүл үүсч болох аливаа маргаан, эсхүл түүний тодорхой хэсгийг арбитрын журмаар шийдвэрлүүлэх тухай талуудын тохиролцоог хэлнэ” гэж, мөн 8.2-т “Арбитрын хэлэлцээр нь гэрээний нэг хэсэг, эсхүл бие даасан гэрээ байж болно” гэж, түүнчлэн 8.3-д “Арбитрын хэлэлцээрийг бичгээр хийнэ” гэж тус тус зааснаар талуудыг арбитрын хэлэлцээртэй гэж үзнэ.
Энэ тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Энэ хуулийн 12 дугаар зүйлд заасан үндэслэлээр гаргасан нэхэмжлэл, хүсэлт, гомдол /цаашид “нэхэмжлэл” гэх/-ыг шүүх харьяалан шийдвэрлэнэ” гэж, мөн 13.2-т “Хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд заасан буюу зохигч хэлэлцэн тохиролцсон бол иргэн, хуулийн этгээдийн хооронд үүссэн маргааныг арбитр шийдвэрлэнэ” гэж тус тус зааснаар зохигчдын маргааныг тус хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1-д зааснаар шүүх харьяалан шийдвэрлэхгүй.
Гэвч нэхэмжлэгч “С” ХХК-ийн нэхэмжлэлийг хариуцагч “П” ХХК-ийн зүгээс хүлээн авч, хэргийг иргэний хэргийн шүүхээр хянан шийдвэрлүүлэхэд татгалзахгүй гэсэн. Арбитрын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Арбитрын хэлэлцээртэй боловч шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд аль нэг тал тайлбар гаргахаасаа өмнө уг маргааныг арбитрын журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан бол шүүх аль нэг талын хүсэлтээр арбитрын хэлэлцээрийг хүчин төгөлдөр бус, эсхүл биелүүлэх боломжгүй гэж үзсэнээс бусад тохиолдолд шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгоно” гэж заасан.
Иймд, зохигчид иргэний хэргийн шүүхээр хэрэг маргаанаа хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул тэдгээрийг хэргийн харьяаллын талаар маргаагүйд тооцно.
Үндсэн маргааны талаар,
Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон тэдгээрийн байгуулсан сэндвич хавтан үйлдвэрлэн нийлүүлэх гэрээгээр нэхэмжлэгч “С” ХХК-иас хариуцагч “П” ХХК-нд нийт 43,522,300.00 төгрөгийн үнэтэй барилгын сендвич хавтан үйлдвэрлэн нийлүүлэх үүрэг хүлээжээ. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан.
Тайлбарлавал, худалдагч нь шууд ашиглах, хэрэглэх боломжтой гэрээний зүйлийн өмчлөх эрхийг /гэрээний зүйлийг бэлтгэн нийлүүлж болно/ эрхийн болон биет байдлын доголдолгүйгээр худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээх бол худалдан авагч тал үнийг нь тохирсон хугацаанд төлсөн тохиолдолд тэдгээрийг гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэнд тооцно.
Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нэхэмжлэгч “С” ХХК нь хариуцагч “П” ХХК-нд 43,522,300.00 төгрөгийн үнэтэй барилгын сендвич хавтан бэлтгэн нийлүүлсэн тухай маргаагүй бөгөөд талуудын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбарт дурдсанаар өнгөрсөн хугацаанд тэдгээрийн хооронд 200,000,000.00 гаруй төгрөгийн үнэтэй барилгын сендвич хавтан худалдах, худалдан авах үйл ажиллагаа явагдсан ажээ.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар хариуцагч “П” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Б-ны “Х *******” ХХК дахь данснаас гадна Д.Н-ийн данснаас нэхэмжлэгч “С” ХХК-ийн дансанд 138,445,720.00 төгрөгийг шилжүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь хариуцагч компанийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болон бусад этгээдээс тухайн мөнгийг шилжүүлэн авсан, зохигчдын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь тийнхүү төлснийг хүлээн зөвшөөрч байна.
Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1-д “Хууль буюу гэрээнд үүрэг гүйцэтгэгч үүргээ заавал биечлэн гүйцэтгэхээр заагаагүй буюу үүргийн шинж чанарт харшлахгүй бол үүргийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж болно” гэж заажээ.
Иймд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т “Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно” гэж зааснаар хариуцагчийг барилгын сэндвич хавтангийн төлбөрт 138,445,720.00 төгрөгийг зохих ёсоор төлсөн гэж үзнэ.
Гэтэл нэхэмжлэгч нь хариуцагчийг үлдэгдэл төлбөр 8,300,000.00 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй гэж маргасан. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч “С” ХХК-иас хариуцагч “П” ХХК-нд 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн албан бичгээр төлбөрийн үлдэгдэл 8,300,000.00 төгрөгийг алданги 4,150,000.00 төгрөгийн хамт төлөхийг шаардаж байжээ.
Мөн нэхэмжлэгч компанийн нягтлан бодогч гэх Л.А-ийн дугаартай утаснаас хариуцагч компанийн гүйцэтгэх захирал Б.Б дугаартай гар утсанд хэд хэдэн удаа 8,300,000.00 төгрөгийг яаралтай төлөхийг мэдэгдсэн бол хариуцагч нь буцаан төлөх агуулгатай хариу зурвас бичиж байсныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь баримтаар үгүйсгээгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т “Хэргийн нотлох баримт нь зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, бичмэл ба цахим баримт, эд мөрийн баримт, эсхүл баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, кино ба гэрэл зураг, зураглал, дүрс, дууны бичлэг, ул мөрнөөс буулгаж авсан хэв, үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно” гэж заажээ.
Ингээд шүүх, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр хавтас хэргийн 102-105 дахь талд авагдсан зурваст тус хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т “............................... Бичмэл нотлох баримтыг шаардан авахад бэрхшээлтэй байвал зохигчийн хүсэлтээр түүний хадгалагдаж байгаа газарт нь шүүх үзлэг явуулах ба шинжлэн судалж болно” гэж зааснаар үзлэг хийхэд хариуцагч “П” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Батсайхан нь нэхэмжлэгч “С” ХХК-нд төлбөрийн үлдэгдэлтэй байсан гэдгээ хүлээн зөвшөөрч байсан байна.
Энэхүү цахим баримтад үзлэг хийх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д “Шүүх хэрэгт цугларсан эд мөрийн баримт болон баримт бичгийг судалж, шаардлагатай бол хэргийн оролцогч, гэрч, шинжээчийн хүсэлтээр бичмэл, цахим нотлох баримтыг шүүх хуралдаанд уншиж сонсгон, эд мөрийн баримтыг танилцуулна” гэж зааснаар үзлэг хийх байдлаар бэхжүүлсэн тул нотлох баримтаар үнэлэх учиртай.
Түүнчлэн шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар хариуцагч компанийн гүйцэтгэх захирал Б.Б, мөн иргэн Д.Н нараас нэхэмжлэгч “С” ХХК-ийн дансанд хамгийн сүүлд 2018 оны 05 дугаар сарын 27-ны өдөр болон 2018 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс хойш хариу зурвас бичих буюу 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүртэл ямар нэгэн төлбөр төлөөгүй ба хожим ийнхүү хариуцагчийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь төлбөр тооцооны үлдэгдэл байгааг хүлээн зөвшөөрсөн агуулга бүхий зурвас бичсэн байгаа нь тэрээр 8,300,000.00 төгрөгийг үлдэгдэлтэй байсан гэдгээ үүгээр илэрхийлж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” гэж, мөн 107 дугаар зүйлийн 107.3-д “Хариуцагч, хариуцагчийн талд оролцож буй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргана” гэж тус тус заажээ.
Тодруулбал, хэлбэл, тухайн хэрэг маргааны талууд нотлох үүргийн хуваарилалтын хувьд өөрт ашигтай тайлбар, татгалзлаа баримтаар нотлох үүрэгтэй боловч хариуцагч “П” ХХК-иас 8,300,000.00 төгрөгийг төлсөн гэдгээ баримтаар нотлоогүй.
Иймд, нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж, мөн 208 дугаар зүйлийн 208.1-д “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж тус тус зааснаар хариуцагчаас 8,300,000.00 төгрөгийг шаардах эрхтэй.
Талуудын байгуулсан зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2-ын “а” хэсэгт зааснаар зохигчид Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасан үүргийн гүйцэтгэлийг хангах арга болох алдангийг хэрэглэхээр тохирсон байна. Тус хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-д “Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ” гэж, түүнчлэн 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” тус тус заажээ.
Гэвч шүүх нэхэмжлэлийн шаардлагаас алданги 4,150,000.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Учир нь, юуны өмнө нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа алдангийн шаардлагаасаа татгалзсан бөгөөд тэдгээрийн алдангийн талаарх тохиролцоо нь 8,300,000.00 төгрөгт хамааралгүй байна.
Тодруулбал, талууд 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан сэндвич хавтан бэлтгэн нийлүүлэх гэрээгээр 43,522,300.00 төгрөгийн үнэтэй барилгын сендвич хавтан үйлдвэрлэн нийлүүлэхээр тохиролцож, тухайн үүргээ биелүүлсэн бөгөөд алдангийн талаарх тохиролцоо нь гагцхүү 43,522,300.00 төгрөгийн үүрэгт хамаарсан ба үүнээс хойш хугацаанд бичгээр гэрээ байгуулахгүйгээр сендвич хавтан нийлүүлжээ.
Өөрөөр хэлбэл, зохигчид 43,522,300.00 төгрөгийн үнэтэй сендвич хавтангаас бусад хэсгийг бичгээр гэрээ байгуулахгүйгээр худалдах, худалдан авсан байх тул нэхэмжлэгчид Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.7-д “Үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд анз төлөхөөр гэрээнд заагаагүй бол үүрэг гүйцэтгүүлэгч анз шаардах эрхгүй бөгөөд харин учирсан хохирлоо арилгуулахыг шаардах эрхтэй” гэж заасны дагуу хариуцагчаас алданги шаардах эрх байхгүй.
Иймд, шүүхээс дээр дурдсаныг тус тус нэгтгэн дүгнээд хариуцагчаас 8,300,000.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4,150,000.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР