Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 163

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баасанбат даргалж

улсын яллагч Д.Эрдэнэсоёл,           

нарийн бичгийн дарга Б.Соёлмаа,

шүүгдэгч Д.Эрдэнэ нарыг оролцуулан тус аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт Д.Эрдэнийг холбогдуулан сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн эрүүгийн 201605000330 дугаартай хэргийг 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:                

Монгол  Улсын иргэн, 1989 оны 04 сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын өрлөгчин мэргэжилтэй, ам бүл-5, эхнэр, хүүхдүүдийн хамт Улаанбаатар хотын СХД-ийн 8 дугаар хороо нуурын 7-4 тоотод байнга оршин суух, хаягтай, хэрэгт холбогдох үедээ Баянхонгор сумын 9-р багт түр оршин сууж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Олхон овогт Доржсүрэнгийн Эрдэнэ /регистрийн дугаар УУ89040635/,

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Д.Эрдэнэ нь 2016 оны 11 сарын 13-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9-р багийн нутаг дэвсгэрт иргэн Н.Нэргүйтэй хувийн таарамжгүй харьцаа үүсгэн маргалдаж улмаар бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                  /сэжигтэнг яллагдагчаар татах тогтоолд бичигдснээр/

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Н.Нэргүйн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн:

“2016 оны 11 сарын 13-ны өдөр надтай хамт ажилладаг Эрдэнэ над руу 14 цагийн орчимд утасдан “тоосго ирсэн, буулгах шаардлагатай байна” гэж хэлсэн... Ингээд намайг барилга руу очиход гэрт Эрдэнэ, Төмөрөө, Энхбат нар архи уугаад байж байсан... Архи ууж байхдаа бид нар гар барилдаан хийцгээсэн бөгөөд Эрдэнэтэй гар барилдаан хийхдээ гарыг нь эвгүй дарчихсан юм. Эрдэнэ намайг “чи тэнэг юм уу, яасан эвгүй дардаг юм бэ” гэхээр нь би хохь чинь гэж хэлээд бид муудалцаж маргалдсан. Тэгдээ би Эрдэнийг 1 удаа өшиглөчихсөн чинь тэр ямар нэгэн зүйлээр миний баруун хөлийн гуян тус газарт цохьчихсон. Ингээд биднийг Төмөрөө салгаад би тэндээс гарч явсан... Би Эрдэнэ гэдэг залуутай Баянхонгор аймагт ирээд анх танилцсан. Би Эрдэнийн туслах ажилтан бөгөөд бид хоорондоо эвтэй сайн харилцаатай байдаг. Бидний дунд өр авлага, өс хонзонгийн зүйл байхгүй... Миний хувьд Эрдэнэд хутгаар хатгуулаад баруун гуяны өмнө дунд хэсэгт 1 см орчим шарх үүссэн түүнд нэг оёдол тавиулсан...” гэх мэдүүлэг /хх-н 19-20/,

Гэрч Н.Отгонтуяагийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн:

  “2016 оны 11 сарын 13-ны өдөр Эрдэнэ, Төмөрөө, Энхүүш нар бидний байрлаж байгаа гэрт архи уусан... Архи ууж байхдаа тэд ширээн дээр гар барилдаан хийж байгаад хоорондоо маргалдсан. Учир нь Нэргүй, Эрдэнэтэй гар барилдаан хийж байхдаа Нэргүйгийн гарыг мушгиад их эвгүй дарчихсан бөгөөд Эрдэнэ түүнд “чи яасан эвгүй дардаг юм бэ, өвдөж байна гээд байхад улам дараад гар эвгүй болгочих юм” гэсэн чинь Нэргүй “хохь чинь бацаан минь, ялагдаж чадахгүй бол яах гэж  гар барилдаан хийсэн юм бэ” гээд тэр 2 маргалдаж байгаад Нэргүй Эрдэнийн хөл рүү нь эхлээд өшиглөсөн юм. Тэгэхэд Эрдэнэ уурлаад халааснаасаа жижигхэн хутга гаргаж ирээд Нэргүйн баруун хөлийн гуянд хатгачихсан. Шархнаас нь цус гараагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22/

Гэрч Г.Алтангэрэлийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “2016 оны 11 сарын 13-ны өдөр Эрдэнэ, Нэргүй нар архи ууж байгаад хоорондоо маргалдан Эрдэнэ нь Нэргүйн баруун баруун хөлийн гуян тус газарт хутгалсан байсан. Энэ хэрэг болох үед би яг дэргэд нь байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24/

Шүүгдэгч Д.Эрдэнийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “2016 оны 11 сарын 13-ны өдөр амьдардаг гэртээ Нэргүй, Төмөр-Очир, Энхбат, Отгонтуяа бид хэд байсан ба тогооч Отгонтуяагаас бусад нь 2 шил архи уусан. Бид нар хоорондоо гар барилдаан хийсэн ба Нэргүй бид 2 гар барилдаан хийхэд Нэргүй эвгүй дараад миний гарыг өвтгөсөн. Тэгэхээр нь би уурлаад “чи аятайхан гар барилдахгүй, юун эвгүй дардаг юм” гэхэд Нэргүй уурлаад бид 2 маргалдаад барилцаж авсан... Миний уур хүрээд халаасанд байсан жижиг хутга гаргаж ирээд Нэргүйгийн баруун гуя хэсэгт нь айлгах гээд хатгасан чинь орчихсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14/,

Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 11 сарын 16-ны өдрийн 573 тоот: 1.Н.Нэргүйгийн биед баруун гуянд шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь ир, үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул эмнэлгийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 29/,

-хэргийн учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-9/,

-Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл /хх-ийн 15-17/

-Д.Эрдэнийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 48, 52/,

-ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 53/,

-Д.Эрдэнийн оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 49/,

-эвлэрлийн гэрээ /хх-ийн 57/ зэргийг шинжлэн судалсан болно.  

Шүүгдэгч Д.Эрдэнэ нь 2016 оны 11 сарын 13-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9-р багийн нутаг дэвсгэрт иргэн Н.Нэргүйтэй хувийн таарамжгүй харьцаа үүсгэн маргалдаж, халаасны хутгаар түүний гуян тус газарт хатгаж бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь  хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, Д.Эрдэнийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

Шүүгдэгч Д.Эрдэнэ нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогчтой сайн дураараа эвлэрсэн, гэм хор арилсан, хохирогч Н.Нэргүйн бие бүрэн эдгэрсэн болох нь тэдний өгсөн мэдүүлэг, шүүхэд гаргасан хүсэлт, эвлэрлийн гэрээ зэргээр нотлогдож байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.  

Хэрэг бүртгэлийн ажиллагаанд шалгавал зохих ажиллагааг бүрэн шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзэв.  

Шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй байна.

Шүүгдэгч Д.Эрдэнийн эзэмшлийн Sky WEGA IM 760 маркийн гар утасыг битүүмжилсэн 2016 оны 12 сарын 06-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэв.      

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  248 дугаар зүйлийн 248.1.2, 283 дугаар зүйлийн 283.1, 294, 295, 296, 297, 298, 299 дугаар зүйлүүдийг  удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Олхон овогт Доржсүрэнгийн Эрдэнийг Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эрдэнэд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3. Шүүгдэгч Д.Эрдэнэ нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.   

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дах хэсэгт зааснаар Д.Эрдэнийн эзэмшлийн Sky WEGA IM 760 маркийн гар утасыг битүүмжилсэн 2016 оны 12 сарын 06-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгосугай.

5. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх  бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.           

6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Эрдэнэд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ