Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 1517

 

МАГАДЛАЛ

 

2018.06.29                                                     Дугаар 1517                               Улаанбаатар хот

 

 

 

 

Б.Б, Ж.Б, Н.Г, Х.Д, С.Н, Б.Ц, Б.Э, Б.У, Ж.Э, Д.Н, Ц.Б, Ж.Н, Б.Д, Ц.М, А.Б, Н.Х, Б.Б, Ш.Б, Д.Б, Я.Г лбадрах нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 181/ШШ2018/00903 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Б, Ж.Б, Н.Г, Х.Д, С.Н, Б.Ц, Б.Э, Б.У, Ж.Э, Д.Н, Ц.Б, Ж.Н, Б.Д, Ц.М, А.Б, Н.Х, Б.Б, Ш.Б, Д.Б, Я.Г лбадрах нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч АТҮТ ” ТӨААТҮГ-т холбогдох,

 

767 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: АТҮТ нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 02224 дугаартай шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүйн улмаар бид шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн урамшуулалд урьдчилгаа 80 000 төгрөг шүүхийн шийдвэрээр гарсан 7 560 000 төгрөгний дүнгээс 7,5%-ийг суутгуулж 540 000 төгрөг төлсөн, Н.Т би У.Б-аас бусад 20 хүнээс итгэмжлэл авахын тулд нотариатаар батлуулахад 140 000 төгрөг төлсөн, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас холбогдох баримтуудыг авахад 7000 төгрөг төлсөн тул нийт 767 000 төгрөгийг төлж хохирсон. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр хариуцагч АТҮТ ” ТӨҮГ-аас 7 560 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Б , Ж.Б , Н.Г , Х.Д , С.Н , Б.Ц , Б.Э , Б.У , Ж.Э , Д.Н , Ц.Б , Ж.Н , Э.Б , Б.Д , Ц.М , А.Б , Н.Х , Б.Б , Ш.Б , Д.Б , Я.Г нарт тус бүр      360 000 төгрөг олгож шийдвэрлэсэн. Энэ шийдвэрийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар гүйцэтгүүлэхэд төлбөр авагч тус бүрээс 27 000 төгрөгийг шийдвэр гүйцэтгэгчийн урамшуулалд 21 хүний нийт 567 000 төгрөгийг төлсөн. Би У.Б-аас итгэмжлэл авч чадаагүй тул 20 хүний нийт 540 000 төгрөгийг итгэмжлэл авахдаа нотариатад төлсөн      140 000 төгрөг, шийдвэр гүйцэтгэх газраас баримт авахдаа төлсөн 7000 төгрөг нийт       767 000 төгрөгөөр хохирсон. Иймд шийдвэр гүйцэтгэгчийн урамшууллын урьдчилгаа       80 000, шийдвэр гүйцэтгэсний дараа урамшуулалд төлсөн 540 000, итгэмжлэл авахдаа нотариатад төлсөн 140 000 төгрөг, шийдвэр гүйцэтгэх газраас баримт авахдаа төлсөн 7000 төгрөг нийт 767 000 төгрөгийг гаргуулан өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: 2016 онд зохион байгуулагдсан АСЕМ-ын дээд хэмжээний чуулга уулзалтын үеэр ажилласан Б.Б  нарын 21 жолоочийн нэхэмжлэлтэй “АҮТ ” ТӨҮГ-т холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хянан шийдвэрлэж 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 02224 тоот шийдвэрийг гаргасан. Тус үйлдвэрийн газарт шүүхийн шийдвэр гүйцэтгэх мэдэгдэл 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр ирсэн бөгөөд бид тус мэдэгдэлд заагдсан 7 775 910 төгрөгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Улаанбаатар хотын 2617001560 тоот дансанд шилжүүлсэн. Уг төлбөрт шийдвэр гүйцэтгэлийн үйл ажиллагааны зардал болох 215 910 төгрөг нэмэгдэн орсон болно. Хууль зүйн сайдын 2013 оны А/181 дүгээр тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан Шийдвэр гүйцэтгэгчид урамшуулал олгох журмын 1.2 дахь заалтад Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хэсэгчлэн биелүүлсэн болон хуульд заасны дагуу дуусгавар болгосны дараа төлбөр авагчид олгох мөнгөн болон эд хөрөнгийн үнийн дүнгээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 9.2, 83.1 дэх хэсэгт заасны дагуу энэ журмын 3.1-т заасан хувь хэмжээгээр суутгал хийнэ гэж зааж өгсөн. Түүнчлэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 83.2.-т Энэ хуулийн 83.1-д заасан урамшууллыг шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хэсэгчлэн биелсэн болон дуусгавар болсны дараа гэрээний үндсэн дээр төлбөр авагчаас төлбөрт гаргуулсан мөнгөн болон эд хөрөнгийн үнийн дүнгээс гаргуулна гэж тусгасан. Иймд нэр бүхий нэхэмжпэгч нар нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газартай байгуулсан Урамшууллын гэрээ нь 2 талын хүсэл зоригын дагуу хийгдсэн гэрээ бөгөөд тус гэрээгээр манай байгууллага ямар нэгэн эрх, үүрэг хүлээхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч АТҮТ ” ТӨҮГ-аас гэм хорын хохиролд 767 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Б , Ж.Б , Н.Г , Х.Д , С.Н , Б.Ц , Б.Э , Б.У , Ж.Э , Д.Н , Ц.Б , Ж.Н , Э.Б , Б.Д , Ц.М , А.Б , Н.Х , Б.Б , Ш.Б , Д.Б , Я.Г нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22 958 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Тодруулбал, холбогдох хуулийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг хуульд нийцүүлэн үнэлсэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Б.Б, Ж.Б, Н.Г, Х.Д, С.Н, Б.Ц, Б.Э, Б.У, Ж.Э, Д.Н, Ц.Б, Ж.Н, Б.Д, Ц.М, А.Б, Н.Х, Б.Б, Ш.Б, Д.Б, Я.Г  нар нь хариуцагч АТҮТ ” ТӨААТҮГ-т холбогдуулан хохирол 767 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...хариуцагч нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 181/ШШ2017/02224 дүгээр шийдвэрийг сайн дураар биелүүлээгүйгээс шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн урамшуулалд 540 000 төгрөг, нотариатын үйлчилгээ авахад 140 000 төгрөг, шүүхийн шийдвэрээс баримт авахад 7 000 төгрөгийн зардал гаргаж хохирсон гэж тайлбарласан.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 181/ШШ2017/02224 дүгээр шийдвэрээр хариуцагчаас 7 560 000 төгрөг гаргуулан дээрх нэр бүхий нэхэмжлэгч нарт олгохооор шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т нь 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах тухай гэрээ байгуулсан, шүүхийн шийдвэрийг 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн дотор биелүүлэх мэдэгдлийг хариуцагчид мөн өдөр хүргүүлсэн байх ба хариуцагч нь 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 7 775 910 төгрөгийг мэдэгдэх хуудаст заасан дансанд шилжүүлсэн, 215 910 төгрөгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардалд шилжүүлсэн гэх хариуцагчийн тайлбарыг нэхэмжлэгч нар баримтаар няцаагаагүй байна. Иймд шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь нотлох баримтанд үндэслэгджээ.

Дээрх дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 181/ШШ2018/00903 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 23 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

      

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

       ШҮҮГЧИД                                Ч.ЦЭНД

 

                                                         М.НАРАНЦЭЦЭГ