Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 18 өдөр

Дугаар Дугаар 183/ШШ2021/01072

 

2021 оны 05 сарын 18 өдөр Дугаар 183/ШШ2020/01072 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн ............оршин суух, Б  овогт Г-ын П /РД:........../-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн ............ тоот хаягт оршин суух, Т овогт С-ын Б /РД:............/-т холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэг 9 048 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагч С.Б, хариуцагчийн өмгөөлөгч С.Б, гэрч А.Д, Б.Б, нарийн бичгийн дарга Ц.Үүрийнтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хариуцагч С.Б-т холбогдуулан 9 439 000 төгрөг гаргуулахаар анх шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ХИХ ХХК-иас авлагын дэлгэрэнгүй бүртгэлийг нотлох баримтаар гаргуулсан. Уг баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь С.Б-т зээлсэн мөнгөн дүн болоод сар, өдрийг нэхэмжлэл дээр андуурч бичсэн байна. Нэхэмжлэгч Г.П  нь 2018 оны 09 сарын 27-ны өдөр Х ХХК-иас 9 048 000 төгрөгийн үнэ бүхий вакус захиалж авсан бөгөөд тухайн үед тус компанийн худалдааны төлөөлөгч С.Б  нь вакусыг хүргэж ирсэн байсан. Тэр үед сарын сүүл болж байсан учир вакусны мөнгийг компанид төлөх гэтэл С.Б тухайн мөнгийг зээлэх хүсэлт гаргасны дагуу түүнд зээлсэн. Гэтэл мөнгө зээлснээс хойш удалгүй С.Б  нь Х ХХК-д ажиллахаа больж ажлаас гарсан байсан. Түүнтэй утсаар болон фэйсбүүк чатаар холбогдоход удахгүй өгнө гэдэг байсан боловч сүүлдээ утсаа авахгүй алга болсон. Миний бие Х ХХК-нд вакусны төлбөр 9 048 000 төгрөгийг төлсөн. Иймд хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 9 048 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Миний бие Г.П-ааас мөнгө зээлээгүй. Би ХИХ ХХК-д борлуулалтын ажил хийдэг байсан. Г.П нь тухайн өдөр 9 048 000 төгрөгийн вакус авсан бөгөөд мөнгийг нь хэд хувааж төлсөн. Яг хэд хоногийн дараа төлснийг нь санахгүй байна. Би компанидаа мөнгийг нь тушаасан. Нэхэмжлэгчээс зээлсэн мөнгө төгрөгийн асуудал байхгүй гэв.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.П нь хариуцагч С.Б-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 9 048 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргав.

 

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ...2018 оны 09 сарын 27-ны өдөр Х ХХК-иас захиалан авсан вакусын үнэ болох 9 048 000 төгрөгийг хариуцагчийн хүсэлтээр түүнд зээлсэн. Х ХХК-нд вакусны төлбөр 9 048 000 төгрөгийг төлсөн тул хариуцагчаас зээлийн гэрээний үүрэг шаардаж байна... гэж, хариуцагч ...миний бие ажил үүргийнхээ дагуу нарантуул өргөтгөлийн НТ-*** дугаарт буюу Г.П-д 9 048 000 төгрөгийн вакусыг нийлүүлсэн. Түүнээс төлбөрийг авч компанид төлсөн. Нэхэмжлэгчтэй зээлийн гэрээний харилцаа үүсээгүй гэж татгалзлын үндэслэлээ тус тус тайлбарлаж байна.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг.

 

Зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Хариуцагч С.Б  нь хөдөлмөрийн гэрээний дагуу Х ХХК-д 2016 оноос 2019 оны хооронд худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байсан ба нэхэмжлэгч Г.П-ын үйл ажиллагаа явуулдаг Нарантуул захын НТ-*** дугаарт лангуунд Х  ХХК-ийг төлөөлөн бараа бүтээгдэхүүн нийлүүлж байжээ. /хх 32-34/

 

Нэхэмжлэгчийн үйл ажиллагаа явуулдаг Нарантуул өргөтгөл №3.4 НТ-*** дугаар харилцагчийн 2018 оны 09 сарын 01-ны өдрөөс 2019 оны 01 сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны тооцооны дэлгэрэнгүй тайлангаас үзэхэд хариуцагч С.Б  нь 2018 оны 09 сарын 27-ны өдөр нэхэмжлэгчид 9 048 000 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг нийлүүлсэн, 5 000 000 төгрөгийн төлбөрийг ХИХ ХХК-д төлсөн болох нь баримтаар тогтоогдож байх бөгөөд гэрч А.Д-гийн ...борлуулалтын ажилтнууд борлуулалтын орлогоо компанид тушаадаг бөгөөд харилцагч Г.П нь 9 048 000 төгрөгийн төлөлтийг Х  ХХК-д төлөөгүй, С.Б нь ажлаас гарахдаа 3-4 падааны тооцооны дутагдалтай гарсан... гэх мэдүүлгээс дүгнэхэд нэхэмжлэгчийн 2018 оны 09 сарын 27-ны өдөр хүлээн авсан вакусны төлбөр 9 048 000 төгрөгийг Х ХХК-д төлсөн гэх тайлбар няцаагдаж байна.

 

Мөн нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагч С.Б, Г.С  нарын фэйсбүүк чатаар харилцсан захидалд хийсэн үзлэгээр зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэх үндэслэл тогтоогдоогүй болно.

 

Хэлцэл гэж хэлцэл хийгч этгээдийн өөрийн хүссэн тухайн харилцааг үүсгэх, өөрчлөх, дуусгавар болгоход чиглэгдсэн хүсэл зориг, түүний илэрхийллийг ойлгох бөгөөд энэхүү хүсэл зориг, түүний илэрхийлэл хууль зүйн дагуу байх, түүний хүсэл зоригийг нөгөө тал хүлээн авсан байх, ингэснээр тэдний хүсэл зориг харилцан нийцсэний үр дүнд аливаа гэрээ байгуулагдах учиртай.

 

Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар аливаа хэлцэл нь хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ гэж заасан бөгөөд хэрэгт авагдсан баримтаар зохигчдын хооронд мөн хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл, хариуцагч нь 2018 оны 09 сарын 27-ны өдөр нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний үнэ 9 048 000 төгрөгийг нэхэмжлэгчээс хүлээн авсан талаар маргаагүй ба уг төлбөрөөс ажил олгогч болох Х ХХК-д 5 000 000 төгрөгийг орлогод тушаасан, нэхэмжлэгч нь ХИХ ХХК-д 2018 оны 09 сарын 27-ны өдөр хүлээн авсан вакусны төлбөр 9 048 000 төгрөгийг давхардуулан төлөөгүй байгаа зэргээс дүгнэхэд нэхэмжлэгч Г.П нь тухайн өдрийн хүлээн авсан бараа бүтээгдэхүүний үнийг Х ХХК-д төлөх үүргээ Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 236 дугаар зүйлийн 236.1.1-д заасны дагуу гүйцэтгэсэн гэж үзэхээр байна.

Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-т хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй гэж заасан ба хэрэгт авагдсан баримтаар тэдгээрийн хороонд үүргийн харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Иймд нэхэмжлэгч Г.П-ын хариуцагч С.Бу-т холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 9 048 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэгчид хариуцуулах нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.П /РД:.........-ын хариуцагч С.Б /РД:....../-т холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 9 048 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 166 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ