| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Дөлгөөн |
| Хэргийн индекс | 179/2024/0135/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/149 |
| Огноо | 2024-04-16 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Чингүүн |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 04 сарын 16 өдөр
Дугаар 2024/ШЦТ/149
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн,
Улсын яллагч Ц.Чингүүн,
Хохирогч Г.Г,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Бүрэнчимэг,
Шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.А-ын Э.Р т холбогдох эрүүгийн ******дугаартай хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Б.Э нь 2024 оны 02 дугаар сарын 11-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 4 дүгээр багт Н.Батсүх гэх айлд золголт хийж явсан Г.Гтэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдан зодож хоёр нүдний дээд доод зовхи, дээд уруул, зүүн бугалга, бэлгийн их уруулд цус хуралт, зүүн хацар, хүзүү, эрүүнд зулгаралт бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчийн нарын өгсөн мэдүүлэг, эрүүгийн ******дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Б.Э нь 2024 оны 02 дугаар сарын 11-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 4 дүгээр багт байх ***гэх айлд золголт хийж явсан Г.Гтэй “хүүхэд рүү хуруугаа зааж, чичдэг” гэж маргалдан улмаар түүний бие эрх чөлөөнд нь халдаж толгой, нүүр, нуруу, цээж рүү нь өшиглөн зодож, биед нь хоёр нүдний дээд доод зовхи, дээд уруул, зүүн бугалга, бэлгийн их уруулд цус хуралт, зүүн хацар, хүзүү, эрүүнд зулгаралт бүхий гэмтэл учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Эын өгсөн: “...мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээж байна...” гэх мэдүүлэг,
шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Г.Э-ийнөгсөн: “...Би 2024 оны 2 дугаар сарын 11-ний өдөр Хөвсгөл аймгийн Чандмань-өндөр суманд байдаг ээждээ золгосон. Манай хадам ээж Алаг-Эрдэнэ сумын цагаан бургасны эхэнд өвөлждөг. Хадам ээждээ золгоод орой болсон байсан тул гэр бүлийн найз н.Батсүх, н.Лхагва-Эрдэнэ найзындаа хонохоор ирсэн. Манай найзын хадам ээжийнд хүмүүс цай ууж байсан. Энэ айлын хүмүүс шинэлээд ирсэн болохоор н.Батсүх нь орныхоо урдуур унтаад өгсөн. н.Өөжиг цай чанах гээд том мөс оруулж ирээд зуухан дээрээ тавихаар наадах чинь мөдгүй юм байна. Би хүүхдийнхээ гутал, хувцсыг хатаая гээд хатаасан. Тэгтэл хүйтэн гэрт яаж байх уу дээ хадам ээжийнд ороод цай ууж бай хүмүүс байна гэхээр нь н.Лхагва-Эрдэнэтэй хамт хадам ээжийнд нь орж цай ууж суусан. Цай уугаад сууж байх хугацаанд маргаан үүссэн. Чи 8 дугаар ангийн хүүхэд рүү хуруугаа зааж чичдэг гэсэн. Чи ааш муутай багш. н.Нямсайханы эхнэр би чамайг мэднэ гэж уурласан. Нөхөр нь бас би олон дарга, цэрэг ах дүүтэй гэж мэдэхгүй хүмүүсийн нэр асууж байсан. Би 8 дугаар сард ирсэн. Хүн танихгүй учир өмнө ажиллаж байсан хоёр захирлын нэрийг хэлсэн. Тэндээс маргаан үүссэн. Хэргийн улмаас хохирсон бүх гомдлуудаа барагдуулах хүсэлтэй байна. Багш хүний ард маш их хүүхдүүд байдаг. Даргаас хүртэл дарамт ирж байсан. Би бүтэн долоо хоног, сар сэтгэл санааны хямралаас гарч чадаагүй. Би Б.Эыг ирэх болов уу гэж маш олон хүлээсэн..” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Г.Г-ийн өгсөн: “...Би 2024 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Чандмань-Өндөр суманд байдаг ээж дээрээ очиж золгочихоод Түнэл сум руу явах замдаа Батсүх найзындаа ирээд байж байтал Батсүх “манайх айлаар явж байгаад ирсэн болохоор галгүй хүйтэн байна. Манай ээжийн гэрт ороод байж бай” гэхээр нь Батсүхийн ээжийн гэрт нь ороод цай ууж байтал Энхээ гэж эмэгтэй нөхөртэйгээ болон Батсүхийн ээжийнд золгож ирсэн хүмүүс байсан удалгүй Энхээ гэж хүний нөхөр нь чи Түнэл суманд багш хийдэг гэл үү чи үе, үеийн захирлуудыг мэдэх үү, мэддэг бол чи хэл миний ах дүү нар бүгдээрээ сургуулийн захирал дарга нар байдаг гэж хэлэхээр нь би өнгөрсөн намар 8 сард ирсэн болохоор сайн мэдэхгүй байна яагаад ийм зүйл асуугаад байгаан гэтэл Энхээ гэж эмэгтэй чи миний хүүхэд рүү хуруугаа зааж загнаж хичээл заадаг гэсэн чиний багш гэж юу байдаг юм би чамайг сонссон чамайг сайн мэднэ гэж дайрч давшлаад байсан тэгэхэд гэрт байсан хүмүүс цагаан сар болж байхад Энхээ юу яриад байгаан бэ, багш хүн айл саахалтаар орж болдоггүй юм уу, гэж хэлэхэд над руу дайрч давшилж байснаа намайг орон дээрээс чирч буулгаад газарт унагаагаад миний толгой нүүр цээж рүү өшиглөөд байсан. Гэрт байсан хүмүүс Энхээ гэж хүнийг арай гэж салгаад Батсүхийн гэр лүү оруулсан. Би Батсүхийнд уйлаад сууж байтал Энхээ гэж хүн нөхөртэйгээ орж ирээд уучлаарай балай юм боллоо гэж хэлээд намайг тэврээд байхаар нь яагаад намайг ингэж зодож байгаа юм бэ? гэтэл угаасаа чиний багш гэж юу байдгийн гэж хэлснээ намайг газарт унагаагаад толгой нүүр лүү дахиад өшиглөж зодсон манай нөхөр арай гэж салгаад Батсүхийн гэрээс гараад өөр айлд очиж амарсан. Маргааш өглөө нь Энхээ гэж хүний нөхөр ирээд манай эхнэрийн архи гарсан ямааны мах халуун дээрээ учир зүйгээ олцгооё гэж хэлэхээр нь нөхөртэй нь буцаад Батсүхийн гэрт очтол Энхээ гэж эмэгтэй балай юм болсон байна уучлаарай утасны дугаараа өгчих би гэрт чинь очиж чамтай уулзъя гэж хэлж байсан. Тэгээд би нөхөр хүүхэдтэйгээ явсан. Хоер хоногийн дараа манай гэрт Энхээ гэж эмэгтэй нөхөртэйгээ ирээд явсан нөхөр нь нурууны 5 ширхэг наалт 40.000 төгрөг өгснөө эм авч уугаарай гэж хэлээд сураггүй болсон. ..Энхээ гэж эмэгтэй миний толгой, нүүр, нуруу, цээж болон баруун зүүн гарын булчин бүгдээрээ хөх алаг болтол цохисон. Татаж унагааж байгаад өшиглөөд байсан олон удаа өшиглөж зодсон. ...Нөхөр бид хоёр тэр шөнө цаана Мөнхнасан гэдэг өөр айлд очиж хоноод байж байтал маргааш өглөө нь нөхөр нь ирж “юу болов хэдүүлээ учраа олцгооё” гэж хэлээд Батсүхийнд нөхөр бид хоёрыг дагуулж очсон. Тэгэхэд Э.Р надад мэдэх юм алга тасарчихсан байна, уучлаарай, би утсаар ярья гэж хэлээд утасны дугаар аваад үлдсэн. ...Эмчилгээний зардалд барагцаагаар 100.000 төгрөг, нааш цааш явж эмнэлэгт үзүүлэхэд замын зардал 50.000 төгрөг, 11 хоног ажилдаа очоогүй болохоор цалин өгөөгүй цалингийн алдагдлаа нэхэмжилнэ. … Мөн дээр нь сэтгэл санааны хохирлоо нэхэмжилж нөхөн төлбөр гаргуулмаар байна. Би уг асуудлаас болж нүүр царайнд гэмтэл учирч, нүүрэнд хөхөрсөн хэсэгт хатуу хатуу булдруу үлдсэн. Эмэгтэй хүн болохоор бас гоо сайхан талаасаа надад хохирол учирсан. ...Ослын улмаас бэртэж гэмтээгүй Энхээд зодуулаад гэмтсэн..” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18, 20, 25-26 тал/,
Гэрч Н.Батсүхийн өгсөн: “...2024 оны 02 дугаар сарын 11-ний өдөр би айлаар золгуут хийж яваад гэртээ ирэхэд манайд Нямсайхан эхнэртэйгээ Ням-Очир эхнэртэйгээ ирцгээсэн цай уугаад сууж байсан. Би айлд архи ууж байгаад ирсэн болохоор нойр хүрээд унтаад өгсөн. ...Би босоод цайгаа уугаад сууж байхад Нямсайхан над руу залгаад Э.Р, Г.Э нар хоорондоо золдоод гэмтсэн юм шиг байна гэж ярьсан. Ням-Очирын эхнэр архи уусан байсан. Нөгөөдүүл нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Би согтоод унтсан маргааш нь манайд ирээд явахад нь Г.Э-ийг харахад 2 нүд нь хөхөрчихсөн байсан. Өөр ил харагдах шархгүй байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 тал/,
Гэрч Л.Ням-Очирын өгсөн: “...Би 2024 оны 02 дугаар сарын 11-ний өдөр золгууд хийж яваад Уранцэцэг гэдэг айлд цай уугаад сууж байхад Нямсайхан эхнэртэйгээ орж ирсэн тэгээд тэндээ сууж байхад манай эхнэр Г.Э 2 хооронд маргалдаад хуруу гараа гозолзуулаад хэрэлдээд гичий алмасаар нь дуудаад байхаар нь нөгөө гэр рүү оруулаад араас нь Батсүх гэдэг орж цай уух гээд ороход Нямсайхан, Г.Э нар сууж байсан. Тэгээд тэндээ манай эхнэрээс Г.Э уучлалт гуйгаад миний буруу байсан байна гээд эвлэрээд сууж байсан. Тэгээд хоорондоо яриад сууж байхад нь би энэ сумын засаг дарга урд нь сургуулийн захирал багш 2 аль нэг нь байсан тиймээ гэж хэлсэн чинь Г.Э миний хэлсэн үгийг буруу ойлгоод над руу худлаа яриад намайг цохиод авсан чинь манай эхнэр чи яагаад манай нөхрийг цохиж аваад байгаа юм гэж хэлээд түлхсэн чинь манай эхнэрийг Г.Э эхлээд цохиж аваад ор руу дараад унахаар нь Нямсайхан эхнэрээ, би эхнэрээ аваад салгасан чинь чарлаж дайраад салахаа байсан би бөө гэж хэлээд чиний хүүхдийг маргааш гэхэд иднэ гэж хэлсэн чинь манай эхнэр чи миний хүүхдийг иднэ гэж хэлдэг хэлээд барилцаж аваад ноцолдоод байсан. Тэгээд маргааш өглөө нь би айлд очоод учир зүйг нь олох гээд Батсүхийнд очъё гэж хэлээд би хадам ээжийн ороод Батсүхийн очиход манай эхнэрийг Нямсайхан 2 удаа цохиод авсан тэгэхээр нь би чи яагаад манай эхнэрийг цохиж байгаа юм гэж асуусан чинь танай эхнэр манай эхнэрийг зодсон юм чинь гэж надад хэлсэн. Манай эхнэр Г.Ээс уучлалт гуйгаад найз нь тасраад чамайг цохьчихсон байна гэж хэлсэн. Г.Э нэлээд согтуу байсан манай эхнэр бас нэлээд согтсон байсан. Г.Э чанга дуугаар орилж хашгираад байхаар нь манай эхнэр чи дуугаа байл даа гэж хэлээд тэрнээсээ болоод хэрэлдэж маргалдах болсон байх манай эхнэр болон Г.Э нарын хооронд ямар нэгэн өр авлага байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 тал/,
Гэрч Э.Нямсайханы өгсөн: “..Би 2024 оны 02 дугаар сарын 11-ний өдөр золголт хийж яваад Пүрэвдалай гэдэг айлд золгочихоод Батсүх гэдэг найзындаа ирэхэд Батсүхийн эхнэр гал дээрээ мөс хайлуулах гэж тавиад мөс хайлуулах хооронд манай ээжийнд орцгооё гээд бид нар Уранцэцэг эгчийнд ороод цай уугаад сууж байтал Э.Р гэдэг хүүхэн манай эхнэр рүү чи хүүхдүүд рүү хуруугаа зааж хичээл заадаг гэл үү гэж хэлээд хэрүүл хийгээд манай эхнэрийн хавирга руу нь тохойлдож эхэлсэн тэгэхээр нь би эхнэрээ аваад Уранцэцэг эгчийнхээс гараад Батсүхийн гэр рүү ороод цай уугаад бууз жигнүүлээд сууж байхад араас Э.Р нөхөртэйгээ орж ирээд цай уугаад сууж байснаа Э.Р дахиад манай эхнэртэй хэрүүл хийж эхэлсэн чи манай охин руу хуруугаа зааж хичээл ордог гэсэн багш хүн байж айл хэсэж золгууд хийж явах эрхгүй гэж хэлээд манай эхнэрийн үснээс зулгаагаад цохиод эхэлсэн. Тэгэхээр нь би дундуур нь ороод салгах гэж байтал миний зүүн нүд руу цохиод хөхрүүлчихсэн. Тэгээд дахиад манай эхнэрийг өшиглөсөн, би арай гэж салгаад эхнэрээ аваад Мөнхнасан гэдэг найзынх руугаа зугтааж очоод тэндээ хоносон. Маргааш өглөө нь 09 цаг өнгөрч байхад Э.Рын нөхөр нь араас ирээд муухай юм болсон байна халуун дээрээ хэл амаа ололцъё гэж хэлэхээр нь буцаад Батсүхийнд яваад очсон чинь Э.Р найз нь тасарсан байна уучлаарай гэж хэлж байсан. Тэгээд би 2024 оны 02 дугаар сарын 15-ны өглөө Э.Р руу залгаад эхнэрээ үзүүлье бариачид очиж бариулъя гэж хэлсэн чинь чи эхнэрээ зодсон юм биш үү гэж хэлээд би явж чадахгүй гэхээр нь би эхнэрээ аваад Мөрөн орж эмнэлэгт үзүүлж цагдаагийн байгуулагад хандсан. ..Э.Р гэдэг хүн манай эхнэрийн нүүр рүү хэд хэдэн удаа гараараа цохьсон тэгээд бас өшиглөөд байсан. ...Манай эхнэрийг Батсүхийн ээжийнх нь гэрт байхад Э.Р гэдэг эмэгтэй хажууд нь сууж байхдаа чи миний хүүхдийг хичээл дээр нь загнадаг бил үү гэж хэлээд хэрүүл өдөж гараараа тохойлдоод байсан. Манай эхнэрийг хажууд нь суучихаад хэл үгээр доромжлоод байхаар нь би эхнэрээ авч гараад Батсүхийнд орсон. Батсүхийнд ороод байж байтал Э.Р нөхөртэйгөө хамт араас согтуу орж ирсэн. Батсүхийнд Батсүх согтоод унтчихсан, эхнэр Лхагва-Эрдэнэ эрүүл байсан. Эхнэр бид хоёр ч гэсэн архи дарс уугаагүй эрүүл байсан. Батсүхийнд байж байтал Э.Р агсраад манай эхнэрийг үсдэж унагаагаад цохиж зодож өшиглөсөн. Би салгах гээд тонгойсон чинь миний нүдийг хөх алаг болтол өшиглөсөн. Би эхнэрээ арай гэж салгаж аваад Батсүхийнхээс найз Мөнхнасангийнд очиж хоносон. ...Маргааш нь Э.Рын нөхөр Мөнхнасангийнд ирж бид хоёроос уучлалт гуйж, ярилцаж учраа ольё гэж дагуулж Батсүхийнд очиж Э.Ртай уулзуулсан. Э.Р би тасарчихсан байж, уучлаарай, санахгүй байна гээд байсан. Би 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Э.Ртай ярьж эмнэлэгт үзүүлэх хэрэгтэй байна, хамт авч явж эход үзүүлж, тархины зураг авахуулъя гэсэн чинь Э.Р урдаас “чи өөрөө эхнэрээ зодчихсон юм биш үү” гэж тоосон шинжгүй байсан. Тэгээд би өөрөө эхнэрээ дагуулж явж эмнэлгээр үзүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42, 44 тал/,
Гэрч Г.Мөнхнасангийн өгсөн: “..Би Э.Р, Г.Э-ийннөхөр Нямсайхан нартай нэг нутгийн хүмүүс болохоор Э.Р, Г.Э нарыг ер нь таньдаг. Садан, төрлийн харилцаа холбоо байхгүй. Г.Э, Нямсайхан нар хоёр хүүхэдтэйгээ шинийн 03-ны үүрээр 06 цагт /2024 оны 02 сарын 12-ны үүрээр / манайд ирсэн. Тэгж ирэхдээ Г.Э-ийннүд нь хөхөрч домбойсон байсан бөгөөд “Э.Рт зодуулчихлаа, Батсүхийнхээс ирлээ, хавирга өвдөөд байна, хугарчих шиг боллоо” гэсэн юм яриад ёолоод байсан. Тэгээд манайд цай цуу уугаад сууцгааж байтал Э.Рын нөхөр ирээд учир зүйгээ олцгооё гээд тэд нарыг дагуулаад гээд тэд нарыг дагуулаад явсан. Манайхан ч тэгээд айлд золгууд хийх гээд гараад явцгаасан. Тэд нарыг юу болсонг нарийн сайн мэдэхгүй байна. Үүрээр л ямар ч байсан тийм юм ярьсаар нүд нь хөхөрч хавдчихсан манайд ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 77 тал/,
Гэрч Н.Лхагва-Эрдэнийн өгсөн: “...Ороод цай уугаад сууж байтал Г.Э-ийннөхөр Нямсайхан, Э.Р эгчийн нөхөр Ням-Очир нар сургуулийн захирлын талаар яриад маргалдаад байсан. Тэгэхээр нь би Г.Э-ийгнөхөр Нямсайхантай нь хамт аваад гэртээ орсон. ...Гэртээ ороод хоол цай хийж өгөөд цайлах маягтай байж байтал гаднаас манайд Ням-Очир, Э.Р эгч, Дэнсмаа эгч гурав орж ирсэн Тэд нарыг би хамтад нь цайлаад цай хоол хийж өгөөд байж байтал дахиад л нөгөө сургуулиа ярьж байгаад согтуурхаад маргалдаад байсан. Тэд нар орж ирээд уг нь манайд нилээн хэсэг сууж архи дарс уусан. ...Э.Р эгч, Ганаа хоёр маргалдаад зодолдчих гээд байхаар нь би хэд хэдэн удаа салгаад харзнаад байж байсан. ..Би хүүхдүүдээ эмээгийнд нь оруулчихсан байсан болохоор хадам ээж Уранцэцэгийнд орж хүүхдээ хөхүүлээд буцаад ороод ирсэн чинь Г.Э орны урд талд уначихсан, Э.Р эгч барьчихсан зодоон болж байгаа бололтой зогсож байхаар нь би Энхээ эгчийг боль гээд татаад авсан. Тэгээд хоёр тийш нь болгоод би өөрөө гэртээ байсан болохоор тэр хоёрыг дахиж ер зодолдуулаагүй. Хэл амаараа бол дуугүй болохгүй хэрэлдээд маргалдаад байсан. Тэгэхээр нь би бүр ахлаад Г.Э Нямсайхан хоёрыг ээжийнд орж унт гээд дагуулаад орсон чинь Нямсайхан тэр хоёр шөнө Мөнхнасангийн очих хононо гээд явсан. ...Намайг хүүхдээ хөхүүлчихээд ороход л Г.Э тэр хоёр зодолдчихсон байж байсан бөгөөд Г.Э хавирга хугарчихлаа гээд орилчихсон хэвтэж байсан. Өглөө Мөнхнасангийнхаас ирэхдээ Г.Э баруун талын нүд нь хөхөрчихсөн, зүүн талын хөмсөгний дээд хэсэгтээ овойж хавдсан байдалтай ирсэн. Тэгээд Э.Р өчигдөр намайг зодоод ийм болгочихлоо, хавирга хугарчихлаа гэсэн л юм яриад байсан. Шөнө бол би салгахдаа сайн анзаарч хараагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 79-80 тал/,
Гэрч Д.Уранцэцэгийн өгсөн: “...Тухайн орой Э.Р нөхөр хүүхэдтэйгээ манайд ирээд цайлж байсан чинь тэд нарын араас Г.Э гэх эмэгтэй нөхөртэйгөө манайд ирсэн. Би ч тэнд хоол цай болоод ирсэн хүмүүсээ цайлаад байж байтал Г.Э Э.Р хоёр нэг сургуулийн юуны ч билээ нэг юмны талаар ярьж байгаад хальт хэл амаараа маргалдаад Г.Э-ийгЛхагва-Эрдэнэ аваад манай гэрээс гарсан. Г.Э найзындаа орлоо гэж хэлээд гарсан. Нямсайхан ч эхнэрийгээ гарахаар араас нь гараад явсан. Э.Р манайд үлдээд цайлж сууж байхдаа за яршиг өөр айлд очдог ч юм уу гэж ярьж байсан. Тэгээд Э.Р Батсүхийнд ороогүй гээд тэднийд орохоор нөхөртэйгөө араас гарсан. ...Маргааш нь бол Г.Э өглөө манайд орж ирээд тавиурын урд талд хэвтээд авсан. Хавирга өвдөөд байна ёооё та бариад үзээч дараад үзээч яасан байна гээд байсан. Би ч барьж дарж үзээд ямар мэдэх биш дээ. Нэг их ач холбогдол өгөөгүй. Манайд хэсэг байж байгаад явах юм болоод гараад явсан. Манайд тэгж өглөө орж ирэхдээ Э.Р намайг өчигдөр шөнө зодсон хавиргаа өвдөөд байна гэж байсан. Уруул нь жаахан домбойчихсон байсан. Тэгээд л гараад явсан. Г.Э-ийгорж ирээд гарсны дараа Э.Р манайд бүр сүүлд орж ирээд явах юм болоод буцаад гарсан. Тэд нар манай хотноос бөөндөө хөдлөөд л явцгаасан. Тус тусдаа машинтай явцгааж байсан. Би Э.Р Г.Э-ийгзодож цохиж байхыг яг хамт байгаагүй болохоор хараагүй. Өглөө л нэг тийм яриа гарсан байсан. ...Э.Р бол маргааш нь зодоон цохион болсноо юу ч санахгүй байна гэж байсан. Нөхөр Ням-Очир нь ч гэсэн нилээн их согтуу байсан. ......, Нямсайхан нар орой ирэхдээ согтолт нь гайгүй л байх шиг харагдсан. Гэхдээ Г.Э гээд эхнэр нь хэрүүл маргаан үүсгээд байсанг бодоход бас тодорхой хэмжээний согтуу л байсан болж таарна...” гэх мэдүүлэг /хх-ийн 82-83 тал/,
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 118 дугаартай: “...Г.Г.Э-ийнбиед хоёр нүдний дээд, доод зовхи, дээд уруул, зүүн бугалга, бэлгийн их уруулд цус хуралт, зүүн хацар, хүзүү, эрүүнд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Г.Г.Э-ийнбиед үүссэн гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Дээрх гэмтлүүдийг нь хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой..” гэх дүгнэлт, эмчийн эхо үзлэгийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 52-55 тал/,
Хөвсгөл аймгийн Түнэл сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2024 оны 03 дугаар сарын 04 -ний өдрийн 21 дугаартай албан бичиг /хх-ийн 68 тал/,
Мөрдөгчийн эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-12 тал/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7 тал/,
Г.Г.Э-ийнХөвсгөл аймгийн Цагдаагийн газарт хандаж, гаргасан өргөдөл /хх-ийн 9 тал/,
Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 26 /051 дугаартай албан бичиг /хх-ийн 70 тал/,
Хууль зүй дотоод хэргийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/267 дугаар тушаалын зургаадугаар хавсралтаар баталсан Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн: “...Г.Г.Э-ийн сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэл тогтоов...” гэх маягтын загвар /хх-ийн 21 тал/,
Шүүгдэгч Б.Эын мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “... Би уг тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би Г.Э-ийгзодсоноо санахгүй байна. Би 2024 оны 02 дугаар сарын 11-ний орой харуй бүрий болж байхад нөхөр бид хоёр Алаг-Эрдэнэ сумын 4-р багийн нутаг “Урд салаа” гэдэг газар том ах Пүрэвдалайгийндаа цайлаад байж байтал гаднаас Нямсайхан, эхнэр Г.Э, Нямсайханы ах хожгор гэж дууддаг залуу нар орж ирсэн. Тухайн 3 хүнийг орж ирэхэд Пүрэвдалай ахынд нөхөр бид хоёроос гадна эхнэртэйгээ, Пүрэвдалай ах, эхнэр Дэнсмаа нар байсан. Гаднаас хожгор орж ирэхдээ цус нөжөө гоожуулсан байдалтай орж ирсэн. Бид нар наад цус наад цус нөжөө угаагаач ямар аймар юм гэж хэлээд бид нар тэднийхээс явахаар гарцгаасан. Тэгэхэд Нямсайхан эхнэртэйгээ хамт бид нартай явна, хожгорыг замд буулгаад үлдээчихье гэж байсан. Пүрэвдалай ахынхаас гарч яваад замдаа Хожгор гэдэг залууг Нямсайханы гэрт буулгаад эхнэр хоёр хүүхэдтэйгээ бид нарыг дагалдаад явсан. Нямсайхан гэр бүлээрээ нэг машинтай, манайх нэг машинтай, Батсүх эхнэртэйгээ нэг машинтай гурван машин дагалдаад явсан. Бид нар Батсүхийн ээж Уранцэцэг гэдэг эгчийнд очсон. Тэр айлд Пүрэвдалай ах, эхнэртэйгээ, нөхөр бид хоёр бол Уранцэцэг гэдэг эгчийнд шууд орсон. Нямсайхан эхнэртэйгээ Батсүхийнд орсон. Бид нар Уранцэцэг эгчийнд ороход Уранцэцэг эгч ганцаараа байсан. Уранцэцэг эгчийнд ороод цай уугаад нилээн хэсэг сууж байхад араас Нямсайхан, Г.Э, бэр Лхагва-Эрдэнэ гурав орж ирсэн. Орж ирээд Уранцэцэг золгоод Г.Э баруун талд миний доохон талд суусан. Нямсайхан Пүрэвдалай ахын дээр гараад суучихсан. Тэгэхээр нь би чи том ахын дээр суучихлаа, чамаас настай хүн байгаа юм биш үү гэж хэлсэн. Тэгсэн чинь Г.Э Нямсайханд хандаж “чамд энэ хүүхэн юм хэлээд байгаа юм биш үү” гэж анх над руу хандаж юм хэлсэн. Тэгэхэд нь би бол ямар ч юм хэлж яриагүй байсан. Нямсайхан хэсэг байж байгаад Пүрэвдалай ахын дор гарч суусан. Тэднийд байж байхад Г.Э “тэгж ч сэрэл хөдөлчихлөө, ингэж ч сэрэл хөдөлчихлөө” энэ тэр гэсэн юм яриад хөгшин настай хүмүүсийн хажуу талд хуруу гозогнуулаад зангаж яриад байсан. Сандал дээр тогтож сууж ядаад согтуу байсан. Би тэгээд байхаар нь чи чинь багш хүн байж хөгшин настай хүмүүс байхад ярих ярихгүй газар гэж баймаар юм, чи арай хүүхдүүдэд ингэж хичээл заадаг юм биш биз дээ гэж хэлсэн. Ингээд байж байтал манай нөхөр Нямсайхантай сургуулийн захирал менежер энэ тэр яриад байсан. Тэр хоёр тийм зүйл яриад маргаж Г.Э дундуур нь орж маргаанд оролцоод байсан. Тэгэхээр нь би хэрэгтэй хэрэггүй юм яриад, та нар зүгээр суугаач гэсэн чинь Г.Э миний мөрөн дээр нь цохиж авсан. Тэгэхээр нь би Г.Эд хандаж “чи яагаад нөхөр цохиод байгаа юм" гэсэн чинь тэр хүүхэн над руу та нар юу юм би айл амьтанд орж болохгүй юу гээд чарлаад чанга чанга дуугараад байсан. Нямсайхан тэгэхэд манай эхнэр угаасаа ингэдэг юм, чимээгүй чимээгүй гэж байсан. Тэр хүүхэн нь намайг орон дээр сууж байхад хойшоо дарж унагаахад нь Нямсайхан ирж эхнэрээ аваад Г.Э-ийггэрээс манай бэр Лхагва-Эрдэнэ, Нямсайхан хоёр аваад гарсан. Нөхөр бид хоёр тэр айлдаа цайлуулаад нэг их архи дарс уулгүй байж байгаад гараад Батсүхийнд Пүрэвдалай ах, Дэнсмаа эгч хоёртой орсон Батсүхийнд Уранцэцэг эгчийнхтэй нэг дор байдаг юм. ...Батсүхийнд ороод суунгуут манай бэр цай хийж өгөөд, Г.Э баруун хойморт нь сууж байгаад хүрч ирээд найзаа уучлаарай энэ тэр гээд намайг тэвэрч аваад байсан. Би ч гэсэн уучлаарай буруу зөрүү ярьсан бол гээд бид хоёр юм яриад сууж байсан. Намайг ороход тэднийд зөндөө хүмүүс ирчихсэн байсан. Тэр хүмүүс ч нөхөр бид хоёрыг орсны дараа хэсэг нилээн байж байгаад гараад явцгаасан. Батсүхийнд байсан хүмүүсийг гарч явахад Батсүх гэртээ унтаж байсан. Бэр Лхагва-Эрдэнэ, би, манай нөхөр Ням-Очир, Нямсайхан, Г.Э, Пүрэвдалай ах, Дэнсмаа эгч байсан. Би Батсүхийнд Г.Этэй ойрхон суугаад найз нөхөд шахуу юм болоод юм яриад архи уугаад сууж байсан. Тэгээд л би тэрнээс хойш юм болсон талаар санахгүй байна. Би өглөө гэгээ орохын алдад бэр Лхагва-Эрдэнийг дуудахаар нь сэрсэн чинь Батсүх, Ням-Очир 2 байхгүй байна хаачив” гэж байсан. Тэгж сэрээд харахад гэрт нь Лхагва-Эрдэнэ бид хоёр л байсан. Хүүхдүүд бол унтацгааж байсан. Г.Э, Нямсайхан хоёр байхгүй байсан. Би Лхагва-Эрдэнийг гараач гэж хэлчихээд байж байгаад орж ирэхгүй болохоор нь араас нь гарч Уранцэцэг эгчийнд орсон чинь Уранцэцэг эгч, манай нөхөр Ням-Очир, Батсүх, Лхагва-Эрдэнэ нар сууцгааж байсан. Пүрэвдалай ах, Дэнсмаа эгч хоёр тэднийд унтацгааж байсан. Би Уранцэцэг эгчийн ороод бас хэсэг унтаж байгаад сэрээд Батсүхийнд орсон чинь бэр Лхагва-Эрдэнэ “та одоо шөнө Ганааг орны толгой дээр дарж унаад хавирга нурууг нь хугалчихав уу даа, би ээжийнд орж хүүгээ хөхүүлчихээд орж ирэхэд Ганаагийн нүд нь хөх алаг болчихсон байсан. Та цохьчихов уу” гэж байсан. Би мэдэх юм алга гэсэн. Батсүхийн хүү мөнгөө хаячихсан гэхээр нь хайгаад гадаа явж байтал Нямсайхан өөрийнхөө машинтай давхиж ирээд алнаа чамайг муу янхан гичийг гэж хэлээд миний толгойг дүүртэл хоёр удаа цохьсон. Тэгээд байж байтал нөхөр Ням-Очир Нямсайханы араас давхиж ирээд гадаа бид нар юу болов гээд зогсоцгоож байтал Лхагва-Эрдэнэд Батсүх тэд нарын ээжийнхээсээ ирээд Нямсайханг аваад гэртээ орсон. Г.Э нэг нүд нь хөхөрчихсөн машинаасаа бууж ирээд ооё, хавирга хугарчихсан байна, би яг амьсгалж чадахгүй байна гэсэн юм ярьж байсан. Би тэгэхэд нь найз нь ёстой юу ч мэдэхгүй тасарчихсан байна, уучлаарай, харин чамайг орны толгой дээр дараад уначихсан гэж байсан гэж л хэлсэн. Г.Э зүгээр зүгээр миний найз гэж байсан. Тэгээд л хавирга нуруугаа бүсээр уяулж чанга татуулж боогоод, нэг шил архи Батсүхийнхээс авч уугаад бид нар тэднийхээс тус тусын машинд суугаад хөдөлсөн. Батсүх Нямсайхан тэд нар Мөрөн орно гээд явсан, бригадын тэндээс нөхөр бид хоёр салаад гэрлүүгээ явсан. Би салахдаа маргааш гэрт чинь яваад очноо гэж хэлээд явуулсан. Тэгээд бид нараас салаад явж байхдаа машинтайгаа Нямсайхан онхолдсон сураг байсан. Манай хүргэн Сүхээ онхолдсон байхыг нь харсан байсан. Тэрнээсээ л болсон юм уу би мэдэхгүй байна. Өглөө Батсүхийн гаднаас хөдлөхөөс өмнө бол Г.Э-ийннэг нүд нь л хөхөрсөн байсан шүү дээ. Манай нөхөр бол гэрлүүгээ явж байхдаа чи бол Г.Э-ийннүүр нүд рүү цохиогүй, хавирга нурууг нь орны толгой дээр дарж унасан. Нөхөр нь намайг гаднаас орж ирэхэд орон дээр дарчихсан Г.Э-ийгцохиж байсан гэж ярьсан. Тийм болохоор би бас тэр эмэгтэйг зодсон эсэхдээ эргэлзээд байна. Гэхдээ би хамт юм яриад сууж байснаасаа хойш юу болсонг бас сайн санахгүй байгаа. Маргааш нь би Түнэл сумын төв орж гэрт нь очиход Г.Э-ийннүүр нь тэр аяараа хөх алаг болчихсон байсан. Гар нь бас хөхөрчихсөн байсан. Орсон чинь ёооё ёстой миний хавирга л өвдөөд байна гэж байсан. Би эмнэлэг орж үзүүлж харуулья гэхэд яаж ийм царайтай эмнэлэг явдаг юм гээд өөрөө эмнэлэг явахгүй байсан. Бариач дээр очъё гэсэн чинь Г.Э бас өөрөө очихгүй гээд байсан. Манай нөхөр эмийн сан энэ тэр онгойгоогүй хайж явж байгаад наалт энэ тэр олж ирж өгсөн. Би Г.Э-ийгбүр өвдөөд болохгүй бол яриарай гэж хэлчихээд 40.000 төгрөг өгөөд хөдөө гэрлүүгээ явсан. Батсүхийн 5 хүүхэд, Нямсайханы 7-р ангийн гэмээр охин болон цэцэрлэгийн насны эрэгтэй хүүхэд, манай 1 настай хүүхэд эд нар л байсан. Өглөө сэрэхэд бол Нямсайханы хүүхдүүд байхгүй байсан. Батсүхийн хүүхдүүд болон манай хүүхдүүд унтацгааж байсан. Намайг Түнэл сум орж уулзсаны маргааш өдөр нь Нямсайхан руу залгаад эхнэр өвдөөд байна гэнээ, эмнэлгээр явж үзүүлье гэхээр нь би өчигдөр эмнэлгээр явья гэж байхад явахгүй байсан биз дээ. Одоо нааш, цааш явж байх шатахуун тос, мал хунар харах хүн байхгүй гэж хэлсэн. Тэгтэл Нямсайхан тэгвэл явдаг газраар нь явж, цагдаад өглөө шүү гэхээр нь би тэг тэг чи бас эхнэрээ зодчихсон юм биш үү гэж хэлээд орхисон. Мөн мартсанаас Г.Э Пүрэвдалай ахынд Лхагва-Эрдэнэтэй юм ярьж байхдаа “миний бэлэг эрхтнээр өвдөөд байгаа” гэж ярьж байсан. Тэгж ярьж байхад нь манай нөхөр, би, Лхагва-Эрдэнэ, Г.Э бид дөрөв зэрэгцээд нэг орон дээр сууж байсан юм..” гэх мэдүүлэг /хх-ийн 60-61 тал/ зэрэг нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлгээр хангалттай нотлогдож байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагчийн гаргасан: “...Шүүгдэгч Б.Э нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Тухайн хүнийг гэм буруугаа хүлээхэд хэн нэгний зүгээс шахаж дарамталсан зүйл байхгүй байна. Мөн хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байгаа учир шүүгдэгч Б.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргаж байна...” гэх дүгнэлт,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Бүрэнчимэгийн гаргасан: “...Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргахгүй байх тул түүний өмгөөлөгчийн зүгээс нэг байр сууринаас оролцож байна…” гэсэн дүгнэлтийг тус тус гаргажээ.
Шүүгдэгч Б.Э болон түүний өмгөөлөгч нар нь улсын яллагчийн дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй, гэм буруугийн талаар маргаагүй болно
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Г.Г, гэрч Н.Батсүх, Л.Ням-Очир, Э.Нямсайхан, Г.Мөнхнасан, Н.Лхагва-Эрдэнэ, Д.Уранцэцэг, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 118 дугаартай дүгнэлт, эмчийн эхо үзлэгийн баримт, гэрэл зургийн үзүүлэлт, Хөвсгөл аймгийн Түнэл сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2024 оны 03 дугаар сарын 04–ний өдрийн 21 дугаартай албан бичиг, мөрдөгчийн эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Г.Г.Э-ийнХөвсгөл аймгийн Цагдаагийн газарт хандаж, гаргасан өргөдөл, Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 26 /051 дугаартай албан бичиг, Хууль зүй дотоод хэргийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/267 дугаар тушаалын зургаадугаар хавсралтаар баталсан Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн: “...Г.Г.Э-ийн сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэл тогтоов...” гэх маягтын загвар, хохиогч Г.Г.Э-ийнтайлбар, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Эын гэм буруугаа хүлээж өгсөн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Г.Э-ийн өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад шүүгдэгч Б.Э нь 2024 оны 02 дугаар сарын 11-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 4 дүгээр багт байх Н.Батсүх гэх айлд золголт хийж явсан Г.Гтэй “хүүхэд рүү хуруугаа зааж, чичдэг” гэж маргалдан улмаар түүний бие эрх чөлөөнд нь халдаж толгой, нүүр, нуруу, цээж рүү нь өшиглөн зодож, биед нь хоёр нүдний дээд доод зовхи, дээд уруул, зүүн бугалга, бэлгийн их уруулд цус хуралт, зүүн хацар, хүзүү, эрүүнд зулгаралт бүхий гэмтэл учруулан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай нь нотлогдож байна.
Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Г.Г.Э-ийнбиед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Б.Эын үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Б.Эын хохирогч Г.Г.Э-ийн биед халдаж байгаа үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогчийн эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсанд тооцно.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Э нь хохирогч Г.Г.Э-ийнтолгой, нүүр, нуруу, цээж рүү нь өшиглөж хохирогчийн биед хоёр нүдний дээд доод зовхи, дээд уруул, зүүн бугалга, бэлгийн их уруулд цус хуралт, зүүн хацар, хүзүү, эрүүнд зулгаралт бүхий гэмтэл учруулсан болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, зодуулсны улмаас хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 118 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.
Шүүгдэгч Б.Эын гэм буруутай үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:
Шүүгдэгч Б.Эын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Г.Г.Э-ийнэрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 118 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Г нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлээр тогтоогдсон төлбөр, 7 хоногийн чөлөөтэй байх хугацааны ажлын хөлс 445,536 төгрөг, эм, эмчилгээний зардал 150.000 төгрөгийг тус тус нэхэмжилж байна гэх тайлбар гаргаж хэрэгт Хөвсгөл аймгийн Түнэл сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2024 оны 03 дугаар сарын 04–ний өдрийн 21 дугаартай албан бичиг, мөрдөгчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосон маягт зэрэг нотлох баримтыг тус тус хавсарган ирүүлжээ.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, мөн хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3-т “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ.”, мөн хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т “Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана.” гэж тус тус хуульчилжээ.
Монгол Улсын Их хурлын 2022 оны 12 сарын 23 өдөр баталсан Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 5 дугаар зүйлд “Энэ хуулийг Шүүх шинжилгээний тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.” гэж заасан байна.
Шүүх шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6 дахь хэсэгт “Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.” гэж заажээ.
Шүүгдэгч Б.Э нь 2024 оны 02 дугаар сарын 11-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 4 дүгээр багт байх Н.Батсүх гэх айлд золголт хийж явсан Г.Гтэй маргалдаж улмаар бие эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь 2024 оны 02 дугаар сарын 11-ний өдөр болсон байна.
Хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлыг гаргуулах тухай хүсэлт нь хууль хэрэгжих эхэлсэн цаг хугацаанд хамаарч байна.
Хууль зүй дотоод хэргийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/267 дугаар тушаалын зургаадугаар хавсралтаар баталсан Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвараар Шүүх шинжилгээний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан Эрүүгийн хуулийн 11 дүгээр бүлэг /Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг/ гэмт хэргийн хохирогчид хүснэгтээр сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож болох бөгөөд эрх бүхий байгууллагаас баталсан сэтгэцийн өвчний оношийг тодорхойлох гарын авлага өвчний ангилал, сэтгэцийн үйл ажиллагааны чадамж, ангилал, түүнчлэн тодорхой судалгаанд үндэслэсэн хүлээн зөвшөөрөгдөхүйц оношилгоонд тулгуурлан сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг гэмт хэргийн төрөл тус бүрээр ялгамжтай тогтоож, шинжилгээ хийх үйл ажиллагааны стандартад нийцсэн, тусгай мэдлэгийн нотлох баримтын эх сурвалжийн шинжийг агуулсан тул шинжээчийн дүгнэлттэй адилтган үзнэ.
Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч цагдаагийн ахлах дэслэгч О.Гал-Эрдэнэ би Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаартай тушаалын нэгдүгээр хавсралт, Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журмын 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т тус тус заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн улмаас хохирсон .регистерийн дугаартай, ....... овогтой Г.Э-ийнсэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлийг тогтоов. Хүснэгтээр тогтоосон сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг: ..хүлээн зөвшөөрч байна.. хохирогч Г.Г.Э-ийнгарын үсэг бүхий баримт /хх-ийн 21 дүгээр тал/-д авагдсан байна.
Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-д 2 дугаар зэрэглэлд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлснээс 12,99 дахин нэмэгдүүлсэнтэй хүртэл тэнцэх хэмжээний төгрөгөөр хохирол барагдуулна.
Журмын 3.6-д тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийг хүснэгтээр тогтоож уг хүснэгтийг шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэхээр заасан тул холбогдох нөхөн төлбөрийг тухайн зэрэглэлийг харгалзан шийдвэрлэнэ.
Мөн журмын 3.8-д эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан үзэж дээд болон доод хэмжээний дотор нөхөн төлбөрийг олгох эсэхийг шүүх шийдвэрлэнэ.
Гэмт хэргийн төрөл учирсан гэм хор, хохирогч бүрийн сэтгэл зүйн болон сэтгэцийн онцлогоос шалтгаалж шүүх төлбөрийн хэмжээг уг аргачлалд зааснаас илүү эсхүл багаар тогтоосон бол үндэслэлээ шийдвэрт тодорхой тусгана гэж тус тус заасан байна.
Иймд хохирогч Г.Г.Э-ийнгэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршиг хоёрдугаар зэрэглэлд хамаарч байх тул Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-д заасны дагуу нөхөн төлбөрийг тооцон олгох нь зүйтэй байна.
Дээрх аргачлалын нөхөн төлбөр тооцох жишиг аргачлалын хүснэгтэд зааснаар сэтгэцэд учирсан хохирол хоёрдугаар зэрэглэлд үнэлэгдсэн байх тул шүүхээс нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо мөрдөгчийн сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлийг тогтоосон хүснэгтийг (хх-ийн 21 тал) үндэслэн шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарч байгааг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, хохирогч Г.Г.Э-ийнхоёр нүдний дээд доод зовхи, дээд уруул, зүүн бугалга, бэлгийн их уруулд цус хуралт, зүүн хацар, хүзүү, эрүүнд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан, шүүгдэгч Б.Эын бусдын бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдэл нь хууль бус бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учирна гэдгийг мэдэж, хүсэж үйлдсэнээр гэм буруугийн хувьд ”санаатай” хэлбэрээр үйлдсэн, мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн шатанд шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн, гэмшиж байгаа байдал, шүүгдэгчийн хувийн байдал, төлбөрийн чадвар зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр тооцож хохирогч Г.Гд олгох нь зүйтэй гэж дүгнэв.
2024 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 660,000 төгрөгөөр тогтоосон байх тул хуульд зааснаар 5 дахин нэмэгдүүлэн үржүүлэн тооцоход 3,300,000 төгрөг болж байна. / 660,000*5=3,300,000/.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Г шүүгдэгч Б.Э нар нь харилцан тохиролцож, гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлээр тогтоогдсон төлбөрийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 50 хувийг шүүгдэгчээс гаргуулж авна гэх тайлбар, шүүгдэгч нь нотлох баримтын шаардлага хангуулахгүйгээр, хохирол, төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлсэн байх тул шүүгдэгчээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар /3.300,000*50%=1,650,000/ төгрөг, чөлөөтэй байх хугацааны ажлын хөлс 445,536 төгрөг, эм, эмчилгээний зардал 150.000 төгрөгийг нэмж нийт 2,245,536 төгрөгийг хохирогч Г.Гд олгох нь зүйтэй гэж үзлээ.
Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Б.Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Эын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүх хуралдаанд улсын яллагч гаргасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх санал дүгнэлтдээ “...Эрүүгийн хариуцлагын тухайд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал шинж чанар, хувийн байдлыг харгалзаад 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялын саналыг гаргаж байна. Уг ялыг 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна..” гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Бүрэнчимэг эрүүгийн хариуцлага хүлээлгэх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Үүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгчийн хувийн байдлын тухай урьд өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй, 1-16 насны 5 хүүхдээ өсгөн хүмүүжүүлж гэр бүлээ тэжээн тэтгэж явдаг хүн байгаа. Иймд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-т зааснаар уг торгуулийн ялаас чөлөөлж шийдвэрлүүлэх саналтай байна...” гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.Эт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “урьдчилан төлөвлөсөн шинжгүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндийн байдал/, шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал/ зэргийг харгалзсанаас гадна нөгөө талаас шүүгдэгч Б.Эын хувийн байдлын байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгчийн хувийн байдал, хөрөнгө, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг сар бүр 45.000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлж, торгох ялыг биелүүлэх хугацааг 10 сарын хугацаагаар тогтоож, шүүгдэгч Б.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Эт тайлбарлаж, түүний торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт шүүгдэгч Б.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Гийн Э.Рыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-ийг Э.Рыг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эт оногдуулсан 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялыг сар бүр 45.000 (дөчин таван мянга) төгрөгөөр хэсэгчлэн төлүүлж, торгох ялыг биелүүлэх хугацааг 10 (арав) сарын хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511.3-т зааснаар шүүгдэгч Б.Эаас 2,245,536 (хоёр сая хоёр зуун дөчин таван мянга таван зуун гучин зургаан мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Г.Гд олгосугай.
6. Энэ хэрэгт шүүгдэгч Б.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснааршийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ДӨЛГӨӨН