Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 183/ШШ202101216

 

2021 оны 06 сарын 02 өдөр Дугаар 183/ШШ2021/01216 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн ......... тоот хаягт оршин суух, Н овогт Э-гийн О  /РД:............/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн ........ тоот хаягт оршин суух, М овогт Б-ийн Б /РД:......../ холбогдох,

 

Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.О, хариуцагч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Солонго нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Э.О миний бие 2014 онд Б.Б-той танилцаж, хамтран амьдрах болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2016 оны 02 дугаар сарын 08-нд Б.А, 2020 оны 02 дугаар сарын 12-нд хүү Б.А нар төрсөн. Бид тодорхой шалтгааны улмаас гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй байсан. Бид Б.Б-ын гэр бүлээс гадуурх харилцааны улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2020 оноос салж тусдаа хамтран амьдрах болсон. Тэр үеэс хойш хоёр хүү маань миний асрамжинд амьдарч, өсч торниж байна. Одоо бид тус тусын амьдралтай болсон, цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул Б.А , Б.А 2 хүүхдэд тэтгэлэг тогтоож өгнө үү гэв.

 

Хариуцагч нь шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...Би нэг хүүхдээ өөрийн асрамжинд авахыг хүсч байна. Хэрвээ миний хүүхдүүдтэй намайг уулзуулж байвал асрамжийн тал дээр маргахгүй. Тэтгэлэг өгөхөөс татгалзах зүйлгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Зохигчид 2014 оноос эхлэн дотносож, Э.О, Б.Б нарын дундаас 2016 оны 02 дугаар сарын 08-нд Б.А, 2020 оны 02 дугаар сарын 12-нд хүү Б.А  нар төрсөн байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т хүүхэд төрснөөр эцэг, эх хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Эцэг, эх нь насанд хүрээгүй болон хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж заасан бөгөөд хариуцагч Б.Б нь хүүхдийн тэтгэлэг олгоход татгалзах зүйлгүй гэсэн тул хуульд заасан хэмжээгээр 2016 оны 02 дугаар сарын 08-нд төрсөн хүү Б.А, 2020 оны 02 дугаар сарын 12-нд төрсөн хүү Б.А-т сар бүр тэтгэлэг гаргуулах нь хуульд нийцнэ.

 

Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18 нас/-тай хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр хүү Б.А, Б.А  нарт эцэг Б.Б-тоос тэтгэлэг гаргуулах нь зүйтэй.

 

Мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасны дагуу хүү Б.А, Б.А нарыг эх Э.О-ийн асрамжинд үлдээж шийдвэрлэв.

 

Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-д Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй. Иймд эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.   Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар хүү Б.А , Б.А нарыг 11 хүртэлх нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.Б-оос сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлж, хүү Б.А , Б.А нарыг эх Э.О-гийн асрамжинд үлдээсүгэй.

 

2.   Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Э.О-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б-оос улсын тэмдгийн хураамжид 70.200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ