Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 151/ШШ2021/00073

 

 

 

 

 

   2021        01           19                                         151/ШШ2021/00073

 

 

                                    

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Цолмон даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Төв аймаг, Батсүмбэр сум, 01 баг Агьт 4-71б тоотод оршин суух Галжан иргэд овгийн Б.С /ПЮ70070801/

Хариуцагч: Э М Тд холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 4 029 564 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С, хариуцагчийн төлөөлөгч Н.Н, өмгөөлөгч А.Т, гэрч Н.О, Д.Б, О.Ө /онлайнаар/, нарийн бичгийн дарга Э.Билгүүн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ...”Б.С би Э М Тд 2012 оноос хойш нийт 8 жил лаборантаар ажиллаж байна. Ажиллах хугацаандаа мэргэжлийн болон ёс зүйн алдаа дутагдал гаргаж байгаагүй бөгөөд Эрүүл мэндийн төвийн дарга Н.Н нь 2020 оны 07 сарын 01-ний өдрийн Б/23 тоот тушаалаар надтай байгуулаагүй Хөдөлмөрийн гэрээний зүйл заалтыг үндэслэж ажлаас халсан. Дарга Н.Нг Эрүүл мэндийн төвийн даргаар ажиллаж байх үед 2015 оны 08 сарын 13-ны өдөр хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулан ажилласан бөгөөд 2019 оны 09 сарын 09-ний өдөр бүх ажилчин албан хаагч нартай Хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулсан гэх боловч тэр үед нь би ээлжийн амралтаа авсан байсан тул надтай шинэчилсэн хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байж тэр гэрээнийхээ зүйл заалтаар ажлаас халсан. Мөн дарга Н.Н нь 2020 оны 03 сарын 24-ний өдрийн Б/13 тоот тушаалаар үндэслэлгүйгээр 03 сар цалинг 20 хувь бууруулах сахилгын шийтгэлийг авсан бөгөөд би Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7-д зааснаар гомдол гаргасан, шүүхийн шийдвэр гараагүй байхад намайг сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж үзсэн. Эдгээр нь Хөдөлмөрийн хууль болон бусад хууль журмыг зөрчиж байгаа тул 2020 оны 07 сарын 01-ний өдрийн Б/23 тоот тушаалыг хүчингүй болгож ажилд эгүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны цалин болох 4 029 564 төгрөгийг олгож миний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа...Б.С нь Э М Тд 2012 оноос хойш лаборантаар ажилд орж тогтвор суурьшилтай ажиллаж байсан. Тус эрүүл мэндийн төвийн дарга Н.Нтай 2015 оны 08 сарын 13-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан, үүнээс хойш хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. 2019 оны 09 сард бүх албан хаагчидтай гэрээ байгуулсан гэх боловч Б.Стай гэрээ байгуулаагүй тухайн үед ээлжийн амралттай байсан.

Эрүүл мэндийн төвийн даргын 2020 оны 03 сарын  Б/13 тоот тушаалаар сахилгын шийтгэл ногдуулж 3 сарын цалингийн 20 хувиар бууруулсан байдаг. Энэ тушаалыг хүлээн аваад шүүхэд хандаж шийдвэрлүүлэх хугацаанд буюу 2020 оны 07 сарын 01-нд сахилгын зөрчил давтан гаргасан гэж үзэж хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Ажлаас халах тушаалыг эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргасан боловч хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Шүүх 2020 оны 09 сард 2020 оны 03 сард ногдуулсан сахилгын зөрчлийг хүчингүй болгосон бөгөөд энэ шийдвэр хүчин төгөлдөр болсноор дахин шүүхэд хандсан юм.

Иймд ажлаас халсан тушаалын үндэслэл болох сахилгын зөрчил давтан гаргасан гэж үзэх үндэслэлгүй тул хүчингүй болгож, лаборантын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг шүүх тооцож гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагчийн төлөөлөгч Н.Н шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа... Батсүмбэр сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2019 оны 11 сарын 29-ний өдрийн А/25 тоот тушаалаар байгууллагын хөдөлмөрийн дотоод журмыг баталж, бүх албан хаагчтай хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулсан.  Энэ хугацаанд бүх албан хаагч нь надтай хөдөлмөрийн гэрээ байгуулсан атал Б.С нь гэрээгээ байгуулаагүй. 2015 оны байгуулсан хөдөлмөрийн гэрээний 12 дугаар зүйлийг цэгээр тэмдэглэсэн байсныг 2019 оны шинээр байгуулсан хөдөлмөрийн гэрээнд үсгээр бичиж оруулсан бөгөөд харин хөдөлмөрийн гэрээний утга агуулга, зүйл хэсэг огт өөрчлөгдөөгүй юм.

Б.С нь 2020 оны 06 сарын 09-ний өдөр бүх нийтийн цэвэрлэгээ хийж байхад албан хаагч болон үйлчлүүлэгчдийн дэргэд удирдах ажилтан намайг бүдүүлэг үг хэлээр доромжилсон. Энэ үйлдлийг шалгуулахаар би байгууллагын ёс зүйн хуралд хүсэлт тавьж улмаар хэлэлцэж Б.Сг ёс зүйн зөрчил гаргасан гэж үзсэн. Энэ тухай тэмдэглэлийг Б.С өөрөө авч алга болгосон байдаг.

Иймд удирдлагын багийн хурлаар хэлэлцээд хөдөлмөрийн гэрээг цуцлах нь зүйтэй гэж үзсэн тул ажлаас чөлөөлсөн. Мөн Б.С нь 2020 оны 03 сард зөрчил гаргасан үндэслэлээр сахилгын арга хэмжээ авсан шүүх хэрэгсэхгүй болгосон байдаг. Манайх цар тахлын улмаас давах боломж олдоогүй юм.

Б.Сгийн 2020 оны 06 гаргасан ёс зүйн зөрчилд холбогдуулан  2019 оны 09 сард байгуулсан хөдөлмөрийн гэрээнд үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.С хариуцагч Э М Тд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсний олговор 4 029 564 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ...Эрүүл мэндийн төвийн дарга нь  2019 онд хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, гэрээнд байхгүй 12.2.3-ийн в гэх зүйлээр ажлаас халсан нь үндэслэлгүй...мөн 2020 оны 03 сард ногдуулсан сахилгын шийтгэлийг шүүх хүчингүй болгосон тул сахилгын зөрчил давтан гаргасан гэж үзсэн нь үндэслэлгүй...иймд тушаалыг хүчингүй болгож лобарантын ажилд эгүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны цалин 4 029 564 төгрөгийг гаргуулна гэж,

Хариуцагч татгалзлын үндэслэлээ...2019 оны хөдөлмөрийн гэрээнд заасан зүйлийг үндэслэж, ажлаас халсан...2015 оны хөдөлмөрийн гэрээний 12 дугаар зүйлийг 2019 оны хөдөлмөрийн гэрээнд үсгээр бичиж өөрчилсөн ... Б.С хөдөлмөрийн гэрээг өөрөө ирж байгуулаагүй... түүний гаргасан зөрчил нь хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл бөгөөд удирдлагын багийн хурлаар шийдвэрлэсэн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж маргаж байна.

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй байна.

Э М Тийн даргын 2020 оны 07 сарын 01-ний Б/23 тоот тушаалаар ... Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх зүйл, Б.Стай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 12.2.3-ийн в дэх хэсгийг үндэслэн лобарант Б.С нь удирдах албан тушаалтныг үйлчлүүлэгчид болон Эрүүл мэндийн төвийн ажилтнуудын дунд хэл амаар доромжилж нэр хүндийг гутаасан зөрчил гаргасан бөгөөд хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан үндэслэлээр ажлаас халсугай гэжээ.

Хөдөлмөрийн гэрээ цуцалсан уг тушаалд дурдсан зөрчил тус бүрийн эрх зүйн үндэслэлийг дараах байдлаар дүгнэх нь зүйтэй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2-д ажил олгогч санаачилснаар хөдөлмөрийн гэрээг цуцлана мөн хуулийн 40.1.4...ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд цуцлана гэж заажээ.

Давтан гаргасан сахилгын зөрчлийн тухайд: Батсүмбэр сумын Эрүүл мэндийн төвийн даргын  2020 оны 03  сарын 24-ний өдрийн тоот тушаалаар Б.Сд ногдуулсан  сахилгын зөрчлийг тус шүүхийн 2020 оны 09 сарын 15-ны 151/ШШ2020/01261 дугаар шийдвэрээр хүчингүй болгож шийдвэрлэсэн бөгөөд уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Дээрх шийдвэрээр Б.Сг зөрчил гаргасан гэх үндэслэлгүй байна.

Ёс зүйн зөрчлийн тухайд: Хөдөлмөрийн гэрээ цуцлах тушаалд Б.С нь удирдах албан тушаалтныг үйлчлүүлэгчид болон Эрүүл мэндийн төвийн ажилтнуудын дунд хэл амаар доромжилж нэр хүндийг гутаасан зөрчил гаргасан гэжээ.

Тухайн зөрчил нь Б.Сг 2020 оны 06 сарын 09-ний өдөр болсон үйл явдал хамаарах бөгөөд хариуцагч Н.Н нь Батсүмбэр сумын Эрүүл мэндийн төвийн Ёс зүйн багт ажилтан  Б.Сгийн 2020 оны 06 сарын 09-ний өдөр гаргасан зөрчлийг шалгуулахаар хүсэлт гаргасан байна.

Улмаар Ёс зүйн баг тухайн зөрчлийг хэлэлцээд ажилтан Б.С ёс зүйн зөрчил гарсан гэж үзээд энэ талаар тэмдэглэл гарсан гэх боловч шүүх хуралдаанаар хэлэлцсэн гэрч О.Өөдөсийн .. ёс зүйн багийн гишүүний хувьд Б.Сгийн 2020 оны 06 сарын 09-нд гаргасан зөрчлийг хэлэлцээд ёс зүйн зөрчил гаргасан гэж үзсэн... энэ талаар тэмдэглэл гарсан... тэмдэглэл бичиг хэрэгт хадгалагддаг гэх,

гэрч Д.Болормаа ...Б.Сг ажлаас чөлөөлөх тушаал гарсаны дараа тэрээр өөрийн хувийн хэрэгтэйгээ танилцая гээд авсан боловч буцааж өгөхдөө ёс зүйн тэмдэглэлийг өгөөгүй гэх,

гэрч Н.Оюун-Эрдэнэ... дарга болон Б.С нарыг маргалдаж байхыг хараагүй гэх мэдүүлгүүд,

Эрүүл мэндийн төвийн 2020 оны 10 сарын 01-ний 115 тоот ...Б.Сгийн ёс зүйн алдааны талаар Ёс зүйн баг хэлэлцсэн... тэрээр энэ хурлын тэмдэглэлтэй танилцахаар авсан боловч буцаан өгөөгүй гэх тодорхойлолт зэргээр ажилтан Б.Сгийн 2020 оны 06 сарын 09-ний өдөр ёс зүйн зөрчил гаргасан гэх байдал бичгийн баримтаар тогтоогдохгүй байна.  

Гэтэл 2020 оны 06 сарын 30-ны өдрийн удирдлагын багийн хурлын тэмдэглэлд ... ёс зүйн багийн хурлаар  Б.Сгийн гаргасан зөрчлийг авч хэлэлцсэн...буруугаа хүлээсэн...даргын тавьсан шаардлагыг хүлээн авахгүй бүдүүлэг үг хэллэгээр доромжилсон бол хуулийн хүрээнд хүрээнд арга хэмжээ авах эрхтэй...гэж дурдсан байх боловч энэ хурлын тэмдэглэлээр нэхэмжлэгч Б.Сг ёс зүйн зөрчил гаргасан үзэх үндэслэлгүй байна. 

Хөдөлмөрийн гэрээ цуцлах Б/13 тоот тушаалд Хөдөлмөрийн гэрээний  12.2.3-ийн в дэх хэсгийг баримталсан бөгөөд хариуцагч тал 2019 оны 09 сард байгуулсан хөдөлмөрийн гэрээг үндэслэсэн гэж тайлбарлаж байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн  24 дүгээр зүйлийн 24.1...д Ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй гэжээ. 

Энэ нь хөдөлмөрийн гэрээг байгуулах үүрэг нь ажил олгогчид хуулиар олгосон байх бөгөөд энэ үүргээ биелүүлээгүйд ажилтан буруугүй байна.

Иймд  ажил олгогч нь ажилтантай байгуулаагүй хөдөлмөрийн гэрээний зүйл хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хууль зүйн үндэслэлгүй байх тул Б.Сг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Б.С хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай 2020 оны 07 сарын 01-ний өдрийн тушаалыг хүлээн аваад 2020 оны 07 сарын 22-ны өдөр шүүхэд гомдол гаргасан бөгөөд шүүх 2020 оны 09 сарын 24-ний өдрийн 151/ШЗ2020/03898 дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

Улмаар шүүхийн 2020 оны 9 сарын 15-ны өдрийн 151/ШШ2020/01261 дугаар шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноор дахин шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаанд гаргасан гэж үзнэ. 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгоно гэж заажээ.

 Нэхэмжлэгч Б.С цалин хөлсний олговрыг нэхэмжлэхдээ ажлаас чөлөөлөх тухай тушаал гарсан 2020 оны 07 сарын 01-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2020 оны 10 сарын 28-ны хүртэл  гэж тодорхойлж 4 029 564 төгрөгийг шаардсан байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ажлаас чөлөөлсөн тушаал гарсан өдрөөс шүүхийн тооцож гаргаснаар цалин хөлсийг нэхэмжилнэ гэх боловч цалин хөлсний тоо хэмжээг тодорхойлоогүй байна.

Иймд шүүх нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд цалин хөлсний олговрыг шийдвэрлэх нь зүйтэй байна.

Б.Сгийн цалин хөлсний олговрыг түүний 0520563 тоот нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн 2020 оны сүүлийн 3 сарын цалин хөлсний дунджаар тооцвол нэг сард ногдох цалин  899 545 төгрөг, нэг өдөрт 41 839 төгрөг, ажилгүй байсан 81 хоногийн цалин 3 388 959 төгрөгийг ажил олгогчоос олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 640605 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хариуцагч талаас улсын байцаагчийн актууд /хх34-37/, аудитын гэрчилгээ түүнтэй холбоотой баримтууд /хх41-65/, Н.Оюун-Эрдэнэ, Ч.Ариунтуяа, Г.Мөнгөнзул, Э.Ичинхорлоо нарын хөдөлмөрийн гэрээ, цагийн бүртгэл зэрэг баримтууд нь тухайн хэрэгт хамааралгүй байх тул шийдвэрийн үндэслэл болоогүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Сг Э М Тийн лобарантын ажилд эгүүлэн тогтоож, хариуцагчаас 3 388 959 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 640 605 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д тус тус зааснаар нэхэмжлэл нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд хариуцагчаас 34 586 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Б.ЦОЛМОН