| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дарамбазарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2021/01354/И |
| Дугаар | Дугаар 183/ШШ2021/01271 |
| Огноо | 2021-06-11 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 06 сарын 11 өдөр
Дугаар Дугаар 183/ШШ2021/01271
2021 оны 06 сарын 11 өдөр Дугаар 183/ШШ2021/01271 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн ........... тоот хаягт оршин суух, Н овогт К-ийн О /РД:...........1/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн .............. тоот хаягт оршин суух, Х овогт Г-гийн Т /РД:............../-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 4 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч К.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Солонго нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие хариуцагч Г.Т-тай 2018 оны 08 сарын 14-ний өдөр харилцан тохиролцож, 8 400 000 төгрөгийг түүнд зээлүүлсэн. Хүү төлж дууссан, үндсэн зээлээс 1 900 000 төгрөг үлдсэн. 2020 оны 10 сард хариуцагчаас 1 900 000 төгрөгийг төлнө. Та санаа зоволтгүй гэсэн мессеж ирсэн, түүнээс хойш утсаа авахгүй алга болсон. Иймд үндсэн зээлийн үлдэгдэл 1 900 000 төгрөг, түүнийг алдангийн хамт нийт 4 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Миний бие К.О-гаас 8 400 000 төгрөг зээлсэн нь үнэн бөгөөд энэ төлбөрөө хүүгийнх нь хамт бүрэн төлж дуусгасан болно гэжээ.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч К.О нь хариуцагч Г.Т-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгэж үүрэг дуусгавар болсон гэх үндэслэлээр эс зөвшөөрчээ.
Шүүх дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Талууд 2018 оны 04 сарын 13-ны өдөр 2059 тоот зээлийн гэрээг бичгээр байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч К.****** нь 8 400 000 төгрөгийг, 3 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй, зээлдэгч Г.Т-д олгох, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд зээл, хүүгийн төлбөрийг төлөх, зээлийг эргүүлж төлөх хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги төлөхөөр тохиролцжээ.
Дээрх гэрээнд талууд хүсэл зоригоо гарын үсгээрээ баталгаажуулсан, эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаанд хамаарах ба гэрээ хүчин төгөлдөр байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг.
Хариуцагч Г.Т нь зээлийн мөнгөн хөрөнгийг хүлээн авсан үйл баримтын талаар маргаагүй тул зээлдүүлэгч буюу нэхэмжлэгч нь гэрээний үүргээ биелүүлсэн гэж үзнэ.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т ...хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана. гэж заасан бөгөөд талууд зээлийн гэрээний хугацааг сунгаж, гэрээнд өөрчлөлт оруулаагүй байх тул хариуцагч Г.Т нь үндсэн зээл 8 400 000 төгрөг, гэрээгээр тохирсон 3 сарын хугацааны хүүд 1 260 000 төгрөг нийт 9 660 000 төгрөг төлөх үүрэгтэй ба талууд алданги төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-т заасантай нийцэх тул хугацаа хэтрүүлсэн тохиолдолд алданги төлөх үүрэгтэй байжээ.
Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ ...хүүгийн төлбөрийг бүрэн төлсөн. Үндсэн зээлийн үлдэгдэл 1 900 000 төгрөг төлөөгүй ба түүний алданги нийт 4 000 000 төгрөгийг гаргуулна... гэж тайлбарлаж байх ба Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчийн гүйцэтгээгүй үүргийг 1 900 000 төгрөг гэж тодорхойлсон атлаа 2 100 000 төгрөгийн алданги шаардсан нь үндэслэлгүй болно.
Мөн нэхэмжлэгч К.-гийн Хаан банк дахь .................... тоот дансны хуулга гэх баримтаас үзэхэд хариуцагч Г.Т-гийн Хаан банк дахь ........... тоот данснаас талуудын зээлийн гэрээ байгуулсан 2018 оны 04 сарын 13-ны өдрөөс 2018 оны 12 сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 16 135 000 төгрөгийг хариуцагч нь нэхэмжлэгчид төлсөн болох нь тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл хариуцагч нь зээлийн гэрээний үүрэгт нийт 16 135 000 төгрөгийн төлөлт хийсэн, гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгэн, үүрэг дуусгавар болсон гэж үзэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч нь хариуцагчтай 2018 оны 04 сарын 13-ны өдөр 2059 тоот зээлийн гэрээнээс гадна өөр зээлийн гэрээний харилцаа байгаа гэж тайлбарлаж байх боловч тэрээр хариуцагчаас төлсөн 16 135 000 төгрөгийн төлөлтийг өөр бусад гэрээний үүрэгтэй хамааралтай болох талаар баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байх тул хариуцагчийн гэрээний үүргээ бүрэн төлж дуусгасан гэх татгалзлыг шүүх үндэслэлтэй гэж дүгнэв.
Хариуцагчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй ба нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 236 дугаар зүйлийн 236.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч К.О-гийн хариуцагч Г.Т-ад холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 4 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ