Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 11 өдөр

Дугаар Дугаар 183/ШШ2021/01274

 

2021 оны 06 сарын 11 өдөр Дугаар 183/ШШ2021/01274 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн ..........тоот хаягт оршин суух, Б овогт С-ын С /РД:............./-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн .............тоот хаягт оршин суух, Х овогт Д-гийн Т  /РД:............../-д холбогдох,

 

Худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж 2 100 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Солонго нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Би Б.Т гэдэг хүнээс 2021 оны 01 дүгээр сарын 13-ний өдөр гар утас худалдах худалдан авах гэрээ байгуулж, iphone 11 pro max гар утсыг гэрээс нь очиж худалдан авсан. Мөнгөний боломж муу байсан учраас iphone 11 pro max гар утасны групп дээрээс Б.Т-тын ийм утас байна шүү гэх комментыг уншиж 2 100 000 төгрөгөөр худалдаж авсан. Худалдаж авсан утсаа найз охиндоо бэлэглэсэн. Гэтэл маргааш нь манай найз охин сүлжээ нь болохгүй байна гэхээр нь ганц хоёр хоногтоо хараад үзье гэж хэлсэн. Гэвч зүгээр болоогүй. Тэгээд Б.Т-тай холбогдох гэтэл дугаар нь устсан байсан. Ингээд 10 хоногийн дараа шууд гэрт нь очиж уулзсан. Гэвч Б.Т нь би чамд эвдэрхий утас өгөөгүй гэж намайг хөөж туусан. Би өөрөө мөн iphone загварын утас барьдаг. Унагаахад шууд хагарахгүй, тийм амархан эвдэрдэггүй. Мөн би Тедди худалдааны төвийн засвар дээр очиход плат нь шатсан тохиолдолд сүлжээ унадаг гэж хэлсэн. Мөн засварын хөлс 300 000-400 000 төгрөг болно. Гэхдээ засвар авах магадлал нь 50/50 хувьтай гэсэн. Ингээд би шүүхэд хандсан. Иймд Д.Т-д эвдрэлтэй гар утсыг нь буцаан өгөөд 2 100 000 төгрөгөө түүнээс буцаан гаргуулах хүсэлтэй байна гэв.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие 2021 оны 01 сарын 13-ны өдөр өөрийн утсаа зарахаар зар оруулсан. Зарын дагуу С.С. гэрт ирж утсыг үзэж шалгаад 2 100 000 төгрөгөөр тохиролцон авсан. Худалдан авсан өдрөөс хойш 14 хоног орчмын дараа над руу залган утсаа буцаамаар байна гэж мөнгөө нэхэж ярьсан. Тухайн үед би гэрийнхээ гадаа ирж С.С-ай юу болсныг тодруулахаар уулзсан. Утасны эвдрэлийн талаар хамт шалгаж үзэхэд урьд өмнө миний утсанд огт гарч байгаагүй эвдрэл буюу сүлжээний асуудал болсон байсан. Хэрэв ийм гэмтэлтэй утас байсан бол би хэрэглэж байх хугацаандаа мэдэх байсан. Ямар ч эвдрэл гэмтэлгүй утас аваад 10 гаруй хоногийн дараа эвдчихээд буцаах хүсэлт тавьсныг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч эд хөрөнгийн доголдлын талаар маргаж байгаа. Гэвч тухайн эд хөрөнгийг доголдолтой эсэх талаарх ямар нэгэн баримт хэрэгт гаргаж өгөөгүй. Санал хүсэлт гаргаагүй учраас нэхэмжлэлийн шаардлага үндэслэл нь нотлогдохгүй байна гэж үзэж байна гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.С  нь хариуцагч Д.Т-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, 2 100 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргав.

 

Шүүх дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар аливаа хэлцэл нь хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ гэж заасан.

 

Зохигчдын тайлбараас дүгнэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр байна.

 

Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

 

Нэхэмжлэгч С.С нь 2021 оны 01 сарын 13-ны өдөр хариуцагч Д.Т-д гар утасны үнэнд 2 100 000 төгрөгийг төлж, гэрээний зүйл болох iphone 11 pro max гар утсыг хариуцагчаас хүлээн авсан үйл баримтын талаар маргаагүй ба харин гэрээний зүйл болох гар утас доголдолтой эсэх нь маргааны зүйл болж байна.

 

Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д зааснаар худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй, 254.6-д зааснаар худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авсанаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй байна.

 

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ...хариуцагчаас авсан гар утас плат нь шатсан, ашиглах боломжгүй... гэж тайлбарлаж байх боловч тэрээр энэ талаарх баримт, хүсэлтийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаагүй болно.

 

Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-т зааснаар гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзэх бөгөөд талууд хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээний зүйл болох iphone 11 pro max гар утас нь биет байдлын доголдолтой болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байх тул энэхүү үндэслэлээр хариуцагч Д.Т-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч С.Сүхжаргалаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 48 600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С.С-ын хариуцагч Д.Т-ад холбогдуулан гаргасан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, 2 100 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48 600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ