Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 14 өдөр

Дугаар Дугаар 183/ШШ2021/01317

 

2021 оны 06 сарын 14 өдөр Дугаар 183/ШШ2021/01317 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн .......... тоот хаягт оршин суух, Н овогт У-гийн З /РД:................./-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн ........... тоот хаягт оршин суух, О овогт Б-ийн Ц/РД:......./-д холбогдох,

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 3 075 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч У.З, түүний өмгөөлөгч М.Б, хариуцагч Б.Ц, нарийн бичгийн дарга Ц.Үүрийнтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Иргэн У.З би 2020 оны 10 сарын 19-ний өдөр барилгын гадна засалд хэрэглэдэг Люлка буюу дүүжинт өргүүр төхөөрөмжийн иргэн Б.Ц-д 1 өдрийн 50 000 төгрөгөөр 30 өдрийн хугацаанд түрээслүүлж түрээсийн төлбөрт 1 500 000 төгрөг хүлээн авсан. Гэтэл тохирсон хугацаа дуусахад юүлкаг буцааж өгөлгүй удааж элдэв шалтаг тоочин өнөөдрийг хүртэл өгөхгүй. Бид 2021 оны 03 сарын 19-ний өдөр юүлкны үнийг 3 000 000 төгрөгөөр тохиролцон 500 000 төгрөгийн урьдчилгааг төлсөн. Одоо худалдах, худалдан авах гэрээний үүрэгт үлдэгдэл 2 500 000 төгрөгийг алдангийн хамт гаргуулна. Бид гэрээндээ 2021 оны 03 сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулаагүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн 0,5 хувийн алданги тооцохоор тохирсон тул хугацаа хэтэрсэн 46 хоногийн алданги 575 000 төгрөг нийт 3 075 000 төгрөг болгон нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна гэв.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...Миний бие 2020 оны 10 сарын 19-ны өдөр Хэнтий аймгийн Батноров суманд барилгын фасадны ажил хийхээр У.З-тай люлка түрээслэн 1 500 000 төгрөгийг төлсөн ба хөл хорионы улмаас люлкыг хотод оруулж ирэх боломжгүй болсон. Би энэ хүний эд хөрөнгийг удаасан нь үнэн. Буцааж өгөх үүрэгтэй гэдгээ мэдэж байгаа бас төлбөрийг хариуцах ёстой. Бид хоёр 2021 оны 03 сарын 19-ний өдөр уулзахдаа зөвхөн худалдаж авъя гэж яриагүй. Ах нь заавал 3 000 000 төгрөг төл гэж хэлэхгүй, эхнээсээ хуваагаад өгч бай, 30-ны дотор төлчих юм бол асуудал үүсгэхгүй гэж хэлсэн. Би энэ тохиролцоог хүлээн зөвшөөрөөд гарын үсэг зурчихсан юм биш. Гэхдээ хүлээн зөвшөөрсөн юм шиг харагдаж байх шиг байна. Хэрэв бүрэн зөвшөөрсөн бол төлбөрийг нь тэр даруйд нь төлөөд харилцаа дуусах байсан. Хоёулаа одоо тохиролцох юм бол 3 000 000 төгрөгийг бүтнээр нь авахгүй. Төхөөрөмжөө шалгаж үзээд бүрэн бүтэн ажиллаж байвал буцаагаад авч болно гэж тохиролцсон. Люлкыг зах зээлийн үнээр нь тохиролцоод авахад татгалзах зүйлгүй. Зах зээлийн үнэ нь 700 000- 1 200 000 төгрөгийн хооронд байдаг гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч У.З нь хариуцагч хариуцагч Б.Ц-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 3 977 350 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагаа багасган 3 075 000 төгрөг гаргуулах гэж өөрчилсөн болно.

 

Зохигчдын тайлбар хэрэгт авагдсан баримтаас үзэхэд талуудын хооронд 2020 оны 10 сарын 19-ний өдөр юулка буюу дүүжин өргүүрийн төхөөрөмжийг 1 өдрийн 50 000 төгрөгөөр 30 хоногийн хугацаанд түрээслэхээр харилцан тохиролцсон ба талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээ байгуулагдсан байна.

 

Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 

Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.1-т түрээслэгч түрээсийн гэрээ дуусгавар болсны дараа ердийн буюу гэрээгээр тохиролцсон элэгдлийг тооцож түрээсэлсэн эд хөрөнгийг буцаан өгөх үүрэгтэй гэж заасан бөгөөд талуудын хооронд байгуулсан гэрээний хугацаа 2020 оны 11 сарын 20-ны өдрөөр дуусгавар болсон боловч хариуцагч гэрээний зүйл болох эд хөрөнгийг нэхэмжлэгчид буцаан өгөөгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Улмаар талууд 2021 оны 03 сарын 19-ны өдөр ...2021 оны 03 сарын 24-ний дотор Люлкаа иж бүрнээр, бүрэн бүтэн хүргэж өгөхгүй бол үнийг төлье. Люлкний үнэ 3 000 000 төгрөгийг төлөх нь үнэн болно, 2021 оны 03 сарын 30-нд төлж барагдуулна. Хугацаа хэтэрвэл 1 өдрийн 0,5 хувийн алданги төлнө... гэж бичгээр тохиролцоо хийжээ. /хх-ийн 3/

 

Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна гэж заасан ба талуудын дээрх тохиролцоо нь мөн хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т зааснаар талууд өмнөх үүргийг солихоор тохиролцсоноор түрээсийн гэрээний үүрэг дуусгавар болсон байна.

 

Иргэний хуулийн 189 дугаар зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулж, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй ба талуудын хооронд 2021 оны 03 сарын 19-ны өдөр байгуулсан гэрээнд талууд хүсэл зоригоо гарын үсгээрээ баталгаажуулсан, эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаанд хамаарах ба гэрээ хүчин төгөлдөр байна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

 

Хариуцагч Б.Ц нь гэрээний зүйл болох хүлээн авсан, хүлээн авсан барааны чанар байдлын талаар маргаагүй тул худалдагч тал гэрээний үүргээ биелүүлсэн гэж үзнэ.

 

Харин хариуцагч нь гэрээний зүйл болох тоног төхөөрөмжийн зах зээлийн үнэлгээ 3 000 000 төгрөгт хүрэхгүй, 700 000-1 200 000 төгрөгийн үнэлгээтэй гэж тайлбарлаж байгааг үндэслэлгүй гэж үзлээ. Учир нь талууд гэрээнд үнийг шууд заасан ба мөн хариуцагч нь татгалзаж буй үндэслэлээ баримтаар нотлоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад энэ талаар хүсэлт гаргаагүй болно.

 

Иймд нэхэмжлэгч нь хэлэлцэн тохирсон үнийг хариуцагчаас шаардах эрхтэй ба хариуцагчаас тоног төхөөрөмжийн үнэнд 500 000 төгрөг хүлээн авсан талаар нэхэмжлэгч маргаагүй тул хариуцагчийн гүйцэтгээгүй үүрэг 2 500 000 төгрөг байна.

 

Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-т үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ, 222 дугаар зүйлийн 222.1-т үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ гэж заасан ба хариуцагч нь гэрээнд заасан хугацаанд төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 2 500 000 төгрөгөөс 2021 оны 03 сарын 30-ны өдрөөс мөн оны 05 сарын 14-ны өдрийг хүртэл 46 хоногийн алдангийг 0,5 хувиар тооцон 575 000 төгрөгийг хариуцагчаас шаардаж байгаа нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6-д ...Анзын гэрээг бичгээр хийнэ. Гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ... гэж заасантай нийцэх хэдий ч цаг хөл хорио тогтоосон цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор түрээсийн төлбөр төлсөн боловч гэрээний дагуу ашиглах зорилгодоо хүрээгүй, улмаар худалдан авахаар тохирсон зэрэг нөхцөл байдлыг харгалзан Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д ...хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно... гэж зааснаар алдангийг 50 хувиар багасгаж шийдвэрлэх нь зүйтэй.

 

Иймд хариуцагч Б.Ц-гоос худалдах худалдан авах гэрээний үүрэгт 2 500 000 төгрөг, алданги 287 500 төгрөг, нийт 2 787 500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч У.Золжаргалд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 287 500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.1, 232.8-д заасныг тус тус баримтлан хариуцагч Б.Ц-гоос 2 787 500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч У.З-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 287 500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78 650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 59 550 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ