Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 21 өдөр

Дугаар Дугаар 183/ШШ2021/01342

 

2021 оны 06 сарын 21 өдөр Дугаар 183/ШШ2021/01342 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн .......... хаягт байрлах, Х ХХК /РД:........./-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн ........ тоот хаягт оршин суух, Б овогт Н-ын Б /РД:............/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэг, гэрээний үүргээ зөрчсөнөөс учирсан хохиролд нийт 79 516 730,02 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н, хариуцагчийн өмгөөлөгч Г.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Үүрийнтуяа нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Иргэн Н.Бнь тус банктай 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр №.................. тоот Зээлийн карт эзэмших гэрээг байгуулан 12 500.00 ам.долларын зээлийн эрхийг, бэлэн мөнгө шилжүүлгийн гүйлгээ болон худалдан авалтын гүйлгээнд сарын 2,0 хувийн хүүтэй, хорин дөрвөн сарын хугацаатай хувийн хэрэгцээнд зориулан авсан. Өнөөдрийн байдлаар картын эрх болох 12 500 ам.доллароос 12 118.1 ам.долларыг зарцуулсан байна. Карт эзэмшигч нь карт эзэмших гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн байдлаар төлбөр нь зарцуулсан дүн 12 118.19 ам.доллар, хугацаа хэтрэлтийн шимтгэл 3 742.26 ам.доллар, хүүгийн авлага 11 992.94 ам.доллар, шүүхэд нэхэмжлэхтэй холбогдон гарсан зардал 7 000 төгрөг болсон. Тиймээс карт эзэмшигч иргэн Н.Батбаяраас картын эрхээс хэрэглэсэн төлбөр болох нийт 27 853,39 ам.доллар буюу 79 509 730,02 төгрөг, / 2020 оны 09 сарын 18-ны өдрийн Монгол банкны албан ханш 2 854.58 төгрөг/, мөн шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан зардал 7 000 төгрөгийн хамт нийт 79 516 730,02 төгрөгийг Худалдаа, хөгжлийн банкинд олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Худалдаа хөгжлийн банкнаас зээлийн карт аваад хувийн хэрэгцээнд зарцуулсан тул хэрэглэсэн мөнгөө төлөхөд татгалзах зүйлгүй. Мөнгөө төлөхөд доллароор төлөх ба одоогийн ханшаар төл гээд байгаа. Худалдаа хөгжлийн банкны зээлийн карт нь хоёр янз байдаг. Нэг нь бэлэн мөнгө, нөгөө нь бэлэн бусаар тооцоо хийдэг. Монгол улсад ажиллаж байгаа арилжааны банкны бүх машинаас төгрөг гардаг болохоос, доллар гардаггүй тиймээс төгрөг авсан. Энэ хугацаанд миний бие гадаад зорчоогүй тул гадаадад гүйлгээ хийгээгүй. Энэ нь Худалдаа хөгжлийн банкны дансны мэдээллээс харагдана. Тиймээс төгрөгөөр авсан мөнгөө төгрөгөөр төлнө. Хэрэв доллараар гэрээ хийгдсэн, доллараар төл гэж байгаа бол 2020 оны 01 сарын 10-нд батлагдсан Монгол улсын иргэний хуулийн 218 дугаар зүйлд заасны дагуу зээл авснаас хойш хугацаанд ханш өөрчлөгдсөн байх юм бол ханшийг анх авсан үеийнх нь ханшаар тооцно гэсний дагуу тооцуулах хүсэлтэй байна. 218.1-д зааснаар үүрэг үүсэх үеийн ханшаар тооцон үндсэн зээл 24 407 900,70 төгрөг, хүү болон нэмэгдүүлсэн хүү нь 24 161 183,83 төгрөг болж байгаа ба нийт 48 569 084,53 төгрөг төлөх үүрэгтэй болно. Иймд нэхэмжлэлийн үнийн дүнгээс 20 267 548,47 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х  ХХК нь хариуцагч Н.Б-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 79 509 730,02 төгрөг, хохиролд 7 000 төгрөг, нийт 79 516 730,02 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч гэрээ байгуулсан, гэрээний хүчин төгөлдөр байдал хийгээд гэрээний дагуу зээлийн картыг ашигласан, төлөлт хийгээгүй үйл баримтын талаар маргаагүй ба, харин гэрээний дагуу зээлийг ам.доллароор биш төгрөгөөр авсан тул ам.доллароор тооцож төлөх үндэслэлгүй, хэрэв ам.доллароор төлөх бол хуульд зааснаар үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлнө... гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас 20 267 548,47 төгрөгт холбогдох хэсгийг эс зөвшөөрч маргав.

 

Шүүх дараах хуульд зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Зохигчид 2015 оны 11 сарын 23-ны өдөр 2015112319 тоот платинум карт эзэмших гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч Х ХХК нь зээлдэгч Н.Б-т 12 500 ам.долларын лимиттэй зээлийн картыг 2015 оны 11 сарын 22-ны өдрөөс 2017 оны 11 сарын 22-ны өдрийг хүртэл 24 сарын хугацаатай, бэлэн мөнгөний шилжүүлгийн гүйлгээнд сарын 2 хувийн, худалдан авалтын гүйлгээнд сарын 2 хувийн хүүтэй, төлөгдөөгүй байгаа зээлд ногдох үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлөх нөхцөлөөр шилжүүлэх, зээлдэгч нь сар бүрийн 25-ны өдөр заавал төлөх төлбөрийн 30 хувийг төлөхөөр харилцан тохиролцсон байна.

 

Дээрх гэрээ нь эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээр зээл олгох гэрээнд хамаарах ба гэрээ нь мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 451 дүгээр зүйлийн 451.2-т заасан шаардлага хангасан, хүчин төгөлдөр гэрээ байна.

 

Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь гэрээний зүйлийг зээлдэгчид шилжүүлэн өгөх, зээлдэгч нь хүлээн авсан үндсэн зээл, түүний хүүг гэрээнд заасан хугацаанд төлөх, хэрэв гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг тус тус хүлээнэ.

 

Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна гэж заасан ба талуудын хооронд байгуулсан гэрээний 4.7-д Монгол улсад картаар хийгдсэн худалдан авалт болон бэлэн мөнгөний гүйлгээ нь тухайн өдрийн банкны зарласан ханшаар картын дансны валютын төрөл рүү хөрвөж, гүйлгээ хийгдэнэ., 9.1.17-д карт эзэмшигч нь виза ворлдвайд, мастеркарт ворлдвайд, юнионпэй интернэйшнл картын сүлжээнд КЭ-ийн картаар хийгдсэн гүйлгээ тухайн валютын төрөл, ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан үүсч болох ханшийн зөрүү болон виза ворлдвайд, мастеркарт ворлдвайд, юнионпэй интернэйшнлээс банкны ХШЕН-өөс гадна нэмж тооцох үйлчилгээний нэмэгдэл төлбөр, хураамж, шимтгэлийг бүрэн хариуцах гэж тохиролцсоноос үзэхэд төгрөг болон бусад улсын мөнгөн тэмдэгтээр хийгдсэн гүйлгээ бүхэн ам.долларт хөрвүүлэн тооцохоор талууд тохиролцсон байна.

 

Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д хэлцэл гэдгийг талуудын хүсэл зоригоо илэрхийлсэн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлнэ гэж, мөн хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж зааснаар талуудын зарчимд үндэслэсэн, карт эзэмшигч нь бэлэн болон бэлэн бусаар хийгдсэн гүйлгээ бүр ам.долларт хөрвөн тооцогдох буюу зээлийг ам.доллароор олгохоор тохирсон гэж үзэх тул хариуцагчийн төгрөгөөр гүйлгээ хийсэн... гэх татгалзал үндэслэлгүй гэж дүгнэв.

 

Хэлцэл гэж хэлцэл хийгч этгээдийн өөрийн хүссэн тухайн харилцааг үүсгэх, өөрчлөх, дуусгавар болгоход чиглэгдсэн хүсэл зориг, түүний илэрхийллийг ойлгох бөгөөд энэхүү хүсэл зориг, түүний илэрхийлэл хууль зүйн дагуу байх, түүний хүсэл зоригийг нөгөө тал хүлээн авсан байх, ингэснээр тэдний хүсэл зориг харилцан нийцсэний үр дүнд аливаа гэрээ байгуулагддаг ба Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-56.1.10 дахь хэсэгт заасан нөхцөл байдлууд тогтоогдож байвал аливаа хэлцэл хүчин төгөлдөр бус байдаг.

 

Хариуцагч нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний 9.1.17-д виза ворлдвайд, мастеркарт ворлдвайд, юнионпэй интернэйшнл картын сүлжээнд КЭ-ийн картаар хийгдсэн гүйлгээ тухайн валютын төрөл, ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан үүсч болох ханшийн зөрүү болон виза ворлдвайд, мастеркарт ворлдвайд, юнионпэй интернэйшнлээс банкны ХШЕН-өөс гадна нэмж тооцох үйлчилгээний нэмэгдэл төлбөр, хураамж, шимтгэлийг бүрэн хариуцах гэсэн заалт нь хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус гэж тайлбарлаж байх боловч тус тохиролцоо нь хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй болно.

 

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-т үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ, 208 дугаар зүйлийн 208.1-т үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ, 222 дугаар зүйлийн 222.1-т үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ гэж заасан ба хариуцагч нь гэрээний 3.5-д зааснаар сар бүрийн 25-ны өдөр 30 хувийн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй, хугацаа хэтрүүлсэн болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан дансны хуулгаар тогтоогдсон.

 

Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-т ...Төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө... гэж заасан ба хариуцагч уг хуулийн зохицуулалтыг үндэслэн маргаж байх боловч дээрх зохицуулалт нь мөнгөн тэмдэгтийн төрөл өөрчлөгдөх, хуучин төгрөгийг шинэ төгрөгөөр солих, эсхүл төгрөгийг өөр мөнгөн тэмдэгтээр буюу гадаадын мөнгөн тэмдэгтээр солихыг ойлгох бөгөөд хариуцагчийн үүрэг үүсэх үеийн ханшаар буюу сар бүрийн 25-ны төлбөр төлөх байсан хугацааны ханшаар тооцох ёстой гэх татгалзал үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар, зохих ёсоор хугацаанд нь гүйцэтгээгүй тул нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн буюу 2020 оны 09 сарын 17-ний өдрийн Монгол банкнаас зарласан төгрөгийн ам.доллартой харьцах ханш 2 854,28 төгрөгөөр тооцож нэхэмжилж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т ...гадаад валютын ханшийг тухайн үеийн Монгол банкнаас зарласан албан ёсны ханшаар ...тооцно. гэж заасантай нийцэх тул буруутгах боломжгүй юм.

 

Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэгэн үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна. 75 дугаар зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа жил байхаар заасан бөгөөд зохигчдын хооронд байгуулсан гэрээний хугацаа 2017 оны 11 сарын 22-ны өдөр дуусгавар болсон нэхэмжлэгч шүүхэд 2020 оны 09 сарын 21-ний өдөр нэхэмжлэл гаргасан. Өөрөөр хэлбэл хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааны дотор нэхэмжлэгч нь шаардах эрхээ хэрэгжүүлсэн байна.

 

Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүрэгтэй, 453 дугаар зүйлийн 453.1-т зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтрүүлсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж тус тус зааснаар 2015 оны 11 сарын 23-ны өдөр 2015112319 тоот платинум карт эзэмших гэрээний дагуу зарцуулсан дүн буюу үндсэн зээл 12 118,19 ам.доллар, хүү болон нэмэгдүүлсэн хүүд 11 992,94 ам.долларыг хариуцагчаас шаардах эрхтэй.

 

Мөн нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргахад гарсан зардал буюу нотариатын зардал 7 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах шаардлага үндэслэлтэй, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй., 227.3-т Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно. гэж заасантай нийцнэ.

 

Харин талууд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй боловч тэдгээрийн тохиролцоо нь хуульд нийцсэн байх учиртай. Гэрээнд хүү, нэмэгдүүлсэн хүү тооцохоор тохирсон атлаа хугацаа хэтрүүлсэн шимтгэл төлөх үүргийг зээлдэгчид давхар ногдуулсан нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө. гэж заасантай нийцэхгүй байх тул хугацаа хэтрэлтийн шимтгэл гэх 3 742,26 ам.доллар буюу 10 682 581 төгрөг гаргуулах шаардлага үндэслэлгүй байна.

 

Иймд хариуцагч Н.Б-аас үндсэн зээл 12 118,19 ам.доллар, хүү болон нэмэгдүүлсэн хүүд 11 992,94 ам.доллар, нийт 24 112 ам.доллар буюу 68 829 633 төгрөг, хохиролд 7 000 төгрөг, нийт 68 836 633 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10 682 581 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 555 534 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 502 133 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т заасныг тус тус баримтлан хариуцагч Н.Б-аас 68 836 633 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10 682 581 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 555 534 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 502 133 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ