| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дарамбазарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2020/039167/И |
| Дугаар | Дугаар 183/ШШ2021/01343 |
| Огноо | 2021-06-02 |
| Маргааны төрөл | Эцэг тогтоосон, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 06 сарын 02 өдөр
Дугаар Дугаар 183/ШШ2021/01343
2021 оны 06 сарын 21 өдөр Дугаар 183/ШШ2021/01343 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн ................ тоот хаягт оршин суух, Б овогт О-ны Э /РД:.............../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн .................. тоот хаягт оршин суух, Х овогт П-гийн Т /РД:.................../-д холбогдох,
Эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А , нарийн бичгийн дарга Ц.Үүрийнтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...О.Э миний бие нь 2008 оноос 2009 онд П.Т-тай танилцаж хамтран амьдрах болсон. Биднийг хамтран амьдрах хугацаанд 2010 оны 10 дугаар сарын 05-нд охин Э.Э төрсөн. Бид тодорхой шалтгааны улмаас гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй байсан. Бид зан харилцааны тааламжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болсон. 2010 онд салж тус тусдаа амьдрах болсон. Тэр үеэс хойш охин миний асрамжинд амьдарч, өсч торнисон. Одоо бид тус тусын амьдралтай болсон, цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч нь шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...П.Т нь О.Э-тай 2008 оны Намар танилцан үерхэж байгаад холбоогоо тасалсан ба сүүлд О.Э нь би жирэмсэн гэдгээ хэлсэн. 2010 оны 10 дугаар сарын 05-нд төрсөн Э.Э-г П.Т нь өөрийнх хүүхэд гэдэгт эргэлздэг. Гэхдээ биологийн эцэг мөн гэх дүгнэлт гарсан тул хүлээн зөвшөөрч байна. Асрамж дээр маргахгүй. Хариуцагч нь одоогоор эрхэлсэн ажилгүй байгаа тул хүүхдийн тэтгэлэг төлөх боломжгүй байна. Боломжтой болохоороо төлөх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.Э нь хариуцагч П.Т-д холбогдуулан 2010 оны 10 сарын 05-ны өдөр төрсөн охин Э.Э-гийн эцэг болохыг тогтоож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргав.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2010 оны 10 сарын 05-ны өдөр төрсөн охин Э.Э-гийн төрсөн эцэг нь П.Т мөн эсэхийг тогтоолгохоор Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнг шинжээчээр томилон шинжилгээ хийлгэхэд биологийн эцэг мөн болох нь 99,99 хувийн магадлалтай гэж тогтоогдсон байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7-д зааснаар хүүхдийн мөн эсэх тухай маргаантай байгаа, гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эхээс төрсөн хүүхдийн эцгийг шүүхийн журмаар тогтоох, мөн хүүхдийн эцэг тогтоолгох тухай хүсэлтийг тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлтэй хамтруулан шийдвэрлэхээр зохицуулсан.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т хүүхэд төрснөөр эцэг, эх хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Эцэг, эх нь насанд хүрээгүй болон хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж заасан.
Иймд 2010 оны 10 сарын 05-ны өдөр төрсөн охин Э.Энхжингийн эцэг Х овогт П-агийн Т /РД:......../ мөн болохыг тогтоож, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18 нас/-тай хүүхдэд амьжиргааны доод түшингийн хэмжээгээр сар бүр Э.Э-д эцэг П.Т-гээс тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7-д зааснаар Б овогт Э-гийн Э/РД:.........../-ийн эцэг Харбүргэд овогт П-гийн Т /РД:............./ мөн болохыг тогтоосугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар Э.Э-г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг П.Т-гээс сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч О.Э-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Т-гээс улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ