Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 2024/ШЦТ/214

 

 

 

 

 

 

 

2024         05          14                                              2024/ШЦТ/214

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Нарийн бичгийн дарга Д.У

Улсын яллагч Н.Д

Насанд хүрээгүй хохирогч Р.Д

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Одонтуяа

Шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Б-д холбогдох эрүүгийн 2425000000186 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд хаалттай хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Б овгийн Г-ын Б, Монгол Улсын иргэн, 1993 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, эрэгтэй, 31 настай, бүрэн дунд боловсролтой, тоног төхөөрөмжийн засварчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Булаг багийн **  тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Г.Б нь 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах 8 дугаар сургуулийн хашаанд насанд хүрээгүй хохирогч Р.Д тэй барилдах явцдаа түүний толгой, нүүр хэсэгт толгойгоороо мөргөж, унасан байхад нь толгойгоороо дахин мөргөж эрүүл мэндэд нь дух ясны гадна ялтас, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Б мэдүүлэхдээ “Хохиролд 1.050.000 төгрөг, 300.000 төгрөг төлсөн. Гэм буруугаа ойлгож гэмшиж байна. Цаашид хохирлыг төлнө. Одоогоор өөрөө мөнгөний асуудалтай байгаа. Гэхдээ хуваагаад төлж барагдуулна. Зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулвал ажил хийхэд хэцүү болно. Өөр ял оногдуулж өгнө үү” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хохирогч Р.Д  мэдүүлэхдээ “Би барилдах санал гаргаагүй. Өөрөө намайг барилдъя гэж хэлээд зодсон.” гэв.

 

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.О мэдүүлэхдээ “Хохиролд нийт 1.275.000 төгрөг төлсөн. Одоо хагалгаанд орох шаардлагатай гэсэн. Хагалгааны зардал 1.600.000 төгрөгөөс 1.900.000 төгрөг гэсэн. Энэ мөнгөө нэхэмжлэнэ” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

1. Насанд хүрээгүй хохирогч Р.Д ий “2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут багийн 8 дугаар сургуулийн өргөтгөлийн барилга дээр ажиллаж байсан юм. Тэгээд 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдөр өглөө ажилдаа хэвийн ирж өдөр цайны цагаар цуг ажиллаж байсан хүүхдүүд гадаа барилдаж байсан. Харин томчууд нь болохоор гэрийн хажууд бүгд сууцгааж байсан чинь нэг хүүхэд над руу заагаад энэ хүүхэдтэй барилдаач гэхээр нь чимээгүй зогсож байхад Б  гэх ах шууд босож ирээд намайг барьж аваад миний дух руу мөргөөд авахаар нь ахаа та яагаад байгаа юм бэ гээд түлхсэн чинь дахин 3, 4 удаа мөргөхөд нь би газар уначихсан чинь нөгөө ах дахин газарт өвдөглөөд уначихсан хойно миний толгой руу 3, 4 удаа мөргөөд авахаар нь та яагаад байгаа юм бэ гэсэн чинь намайг түлхэж унагаачихаад цаашаагаа яваад модон дээр суучихсан. Тэр үед миний хамраас цус гараад тогтохгүй толгой эргээд унасан, газар сууж байгаад та ахаа яагаад байгаа юм бэ гэсэн чинь хэн чамайг зодсон юм чи яасан юм бэ гэхээр нь ахаа та намайг мөргөчихлөө шүү дээ яагаад мөргөж байгаа юм бэ гэхэд би зүгээр чамтай барилдсан шүү дээ гэхээр нь ахаа Би тантай огт барилдаагүй шүү дээ би зүгээр зогсож байхад гэж хэлээд ахаа би цагдаа дуудлаа бас аавыгаа дуудлаа гэхэд дуудаа дууд чи чинь харин зодуулж байхдаа таарсан амьтан байна шүү дээ гэхээр нь би цагдаагийн газарт дуудлага өгөөд аавыгаа бас дуудсан. Тэгээд зогсож байхад Б  ах чи хэдэн настай юм гэхээр нь 15 настай гэсэн чинь чи чинь харин хүнд гай болохоор нөхөр байна шүү дээ гэхээр нь юу гэсэн үг юм бэ би цагдаа дуудчихсан бас аавыгаа дуудчихсан байгаа гэхэд Б  ах чи ингэж хүнд зодуулаад мөнгө олоод сурчихсан юм уу гэхээр нь ахаа юу яриад байгаа юм гэхэд чи цагдаа шүүхээр яваад амжилт олохгүй шүү гээд байсан. Тэгээд барилга дээр байж байхад цагдаагийн алба хаагч нар болон аав ирээд цагдаагийн алба хаагч нар Б  ах болон намайг Урт цагаанд байх цагдаагийн хэсэгт ирээд байцаагчтай уулзаад мэдүүлэг өгсөн чинь Б  ах болохоор би зодоогүй барилдсан гэж хэлээд байсан. Тэгсэн байцаагч нь цугтаа ороод ир гэхээр нь хамт орсон чинь Б  ах ахыгаа уучлаарай түргэн уураасаа болчихлоо гэхээр нь ахаа би таны уурыг хүргэхээр юм хийгээгүй шүү дээ гэхэд ёстой ахын дүү хүний түргэн уур ийм юманд хүргэдэг юм байна ах нь бүх хариуцлагаа өөрөө хүлээнэ гээд байсан. Тэгээд цагдаагийн хэсгээс гараад эмнэлэг ороод толгойн зураг авхуулсан чинь духны наад яс цөмөрсөн, хамар муруйсан байна гэсэн. Маргааш нь буюу 2023 оны 07 дугаар сарын 27-ний өдөр Эрхэст Оргил эмнэлэгт үзүүлээд хамар тэгшлүүлэх цаг аваад 07 дугаар сарын 29-ний өдөр хамраа тэгшлүүлсэн. Өөрсдөөсөө гаргасан зардлаа гаргуулж авмаар байна” гэх мэдүүлэг. /хх-ийн 7-8-р тал/

2. Гэрч Б.М-н “Тухайн өдөр бид нар өдрийн хоолоо идэж дуусаад амраад байж байсан чинь туслах хийж байсан хүүхдүүд хоорондоо барилдаж байсан чинь Д , Б  дээр ирээд ахаа босоод ир хоёулаа барилдъя гэж хэлээд тэр хоёр барилдаж эхэлсэн. Тэр үед тэр хоёр бие, биеийнхээ мөрнөөс зуурчихсан байж байгаад Б  Д ийг угзраад татсан чинь нүүр рүү нь мөргөчихсөн. Тэгсэн Д ий хамраас цус гараад яг аль талынх нь байсныг санахгүй байна нэг талынх нь нүднийх нь доод талд нь хөхөрчихсөн байсан. Тэгсэн Д  аавыг дууд, цагдаа дууд гээд орилоод байсан. Тэгээд удалгүй Д ий аав нь аавынх нь дүү нь гэх хүн ирээд Б ыг өшиглөж унагаад унасан хойно нь толгой дээр нь дэвсээд байсан. Үүнээс хойш цагдаа нар ирээд тэд нарыг аваад явсан” гэх мэдүүлэг. /хх-ийн 11-12-р тал/

3. Насанд хүрээгүй гэрч М.А-ий “Тэр өдөр бид нар өдрийн хоолоо идээд амралтын байдалтай байж байхад Б  Б  хоёр хоорондоо барилдаж байхад нь Д  хажууд нь ирээд зогссон тэгээд Б  ах Д  хоёр барилдаж байгаад Б  ах Д ийг нүүр хэсэгт нь шууд мөргөж унагаад унагасан хойноо толгойгоо нүүрэнд нь наачихаад түрээд байсан. Тэгэхдээ би өөрөө тэр хоёроос нэлээн хол зайтай зогсож байсан болохоор миний харсан зүйл энэ байна. Тэгээд Д  аав, ах хоёрыгоо дуудаад удалгүй аав, ах нь ирээд нэг нь шууд Б г цохиж аваад, Б  ахыг сууж байхад нь хүзүү рүү нь өшиглөөд авсан” гэх мэдүүлэг. /хх-ийн 15-16-р тал/

4. Насанд хүрээгүй гэрч Г.Б гийн “Тухайн өдөр болохоор Д өө хоолоо идчихээд гэрээс гарч ирээд зогсож байсан чинь Б  ах ямар нэгэн зүйл ярилгүй шууд мөргөж унагасан. Тэгээд Б  ах дахин хэд, хэдэн удаа мөргөсөн чинь Д өө хүүеээ ахаа болиоч ээ гэхэд хоёр удаа мөргөөд газар унагаснаа модон дээр очоод суучихсан. Тэр үед Д өөгийн хамраас их хэмжээгээр цус гараад байсан. Тэгсэн Д өө аавыгаа дуудаад аав нь удалгүй ирээд Б  ахын баруун талынх нь гар руу өшиглөсөн чинь хойшоогоо унагаад Д ий ах нь ирээд цамцнаас нь татаад босгоход тэнд байсан ажлын ах нар салгасан. Б  ах барилга дээр байхдаа хааяа уурлаад, загинаж байгаа юм шиг харьцаад байдаг байсан. Би Б  ах Д ийг барьж аваад 3,4 удаа мөргөсний дараа бичлэг хийсэн. Маргааш нь ажил дээр ирээд чи өчигдөр гар утсаараа бичлэг хийсэн үү гэхээр нь хийсэн гээд бичлэгийг харуулсан чинь наад бичлэгээ устга гэж загнаж байгаад устгуулчихсан” гэх мэдүүлэг. /хх-ийн 19-20-р тал/

5. Насанд хүрээгүй гэрч Г.Б ийн “Тэр өдөр 8 дугаар сургуулийн өргөтгөлийн ажил дээр ажиллаж байгаад өдөр цайны цаг болоод хоолоо идчихээд гарч ирээд бид нар барилдаад байж байсан чинь Д  болиоч ээ гээд хашхирч байхаар нь эргээд харахад хамраас нь цус гарчихсан газарт хэвтэж байсан. Тэгээд Д өө босож ирээд аавыгаа дуудаж байсан. Бид нарыг ажиллуулж байсан хүн та нар энд байгаад яахав эртхэн буучих гээд бид нарыг буулгачихсан болохоор би юу болсон талаар мэдэхгүй байна. Маргааш нь ажил дээр ирчихсэн байхад Б  ах агаан дүү нар гар утсан дээрээ бичсэн бичлэгээ устгачихаарай гэж байсан” гэх мэдүүлэг. /хх-ийн 23-24-р тал/

6. Гэрч Т.Т-н “Би гар утсаар бичсэн 3 бичлэг харсан. Тэгэхдээ тэр бичлэгүүд дээр зүгээр барилдаж байгаа юм шиг л бичлэг байсан. Энэ 3 бичлэг дээр өөр, өөр хүмүүс байгаа нэг бичлэг дээр нь хальт Д , Б  нарын бичлэг байсан . Д  өдрийн 70,000 төгрөг цалинжаад 3 өдөр ажиллаж байсан. Тэгэхдээ цалингаа бол Б аас 15 хоногоор бодоод 1,050,000 төгрөгийг аавынх нь данс руу явуулж байсан” гэх мэдүүлэг. /хх-ийн 27-28-р тал/

7. Гэрч Б.О-н “Тухайн үед Д  гэх хүүхэдтэй барилдаж байхдаа тухайн хүүхдийг гэмтээсэн талаар л хэлж байсан. Тухайн үед хүүхдийнх нь хамар нь гэмтчихсэн гээд цагдаагийн газар очсон гэж байсан. Тэгээд хоорондоо тохироод хүүхдээ эмчлүүлэхээр боллоо гээд 1,050,000 төгрөг өгсөн гэж хэлж байсан” гэх мэдүүлэг. /хх-ийн 31-32-р тал/

8. Орхон аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Э.Б-н 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 235 дугаартай “Р.Д ий биед дух ясны гадна ялтас, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх дух ясны гадна ялтасны хугарал гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой Хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт гэмтэл нь хэзээ үүсгэгдсэн болохыг нарийвчлан тогтоох боломжгүй. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт. /хх-ийн 37-38-р тал/

9. Р.Д ий толгойн тодосгогч бодисгүй компьютерт томографын шинжилгээний дүгнэлтүүд. /хх-ийн 39-43-р тал/

10. Насанд хүрээгүй хохирогч Р.Д  болон Г.Б нарын барилдах үеийн бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл. /хх-ийн 87-88-р тал/

11. Яллагдагч Г.Б ын “Би прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Тэгээд бид хоёр барилдаж байсан чинь Д  хоёр гараараа цээжнээс бариад намайг дугтраад толгой руу мөргөөд нэлээн ширүүн барилдаад байхаар нь тухайн үедээ миний уур хүрээд чи яаж барилдаад байгаа юм гээд унагаад нүүрэн дээр нь толгойгоороо нидэрсэн Д  та намайг зодлоо би цагдаа дуудлаа, аавдаа хэллээ гээд утсаар яриад байсан. Тэгээд аав нь нэг хүнтэй цуг ирээд над руу дайраад чи хүүхэд зодлоо гээд намайг цохиж аваад толгой тархи руу өшиглөөд байсан, тэр үед би хүүхдийг нь ширүүдүүлчихсэн юм чинь гэж бодоод юм хэлээгүй. Тэгээд Д ий аавынх нь данс руу хохирлын мөнгө гээд 1,050,000 төгрөг шилжүүлсэн. Өөр бусдаар бол рентген зураг, хамар тэгшлүүлсэн гээд нийт 300.000 орчим төгрөг нэмж гаргасан байгаа. Намайг мөргөөд байхаар нь би татаж авчраад нүүр хэсэгт нь мөргөчихсөн. Тухайн хүүхэд өөрөө ширүүн барилдаад дугтрахдаа намайг мөргөчихөөр нь уур хүрээд дугтарч татахдаа хамар хэсэгт нь мөргөчихсөн. Би хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-ийн 56-57-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал дүгнэлт:

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Н.Д дүгнэлтдээ “Шүүгдэгч Г.Б нь 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах 8 дугаар сургуулийн хашаанд насанд хүрээгүй хохирогч Р.Д тэй барилдах нэрээр түүний толгой, нүүр хэсэгт толгойгоороо мөргөж, унасан байхад нь толгойгоороо дахин мөргөж эрүүл мэндэд нь “дух ясны гадна ялтас, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангйн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-д 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай байна гэв.

 

Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

1.Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан насанд хүрээгүй хохирогч Р.Д ий “Б  гэх ах шууд босож ирээд намайг барьж аваад миний дух руу мөргөөд авахаар нь ахаа та яагаад байгаа юм бэ гээд түлхсэн чинь дахин 3, 4 удаа мөргөхөд нь би газар уначихсан чинь нөгөө ах дахин газарт өвдөглөөд уначихсан хойно миний толгой руу 3, 4 удаа мөргөөд авахаар нь та яагаад байгаа юм бэ гэсэн чинь намайг түлхэж унагаачихаад цаашаагаа яваад модон дээр суучихсан” гэх мэдүүлэг, гэрч Б.М-н “Д , Б  дээр ирээд ахаа босоод ир хоёулаа барилдъя гэж хэлээд тэр хоёр барилдаж эхэлсэн. Тэр үед тэр хоёр бие, биеийнхээ мөрнөөс зуурчихсан байж байгаад Б  Д ийг угзраад татсан чинь нүүр рүү нь мөргөчихсөн. Тэгсэн Д ий хамраас цус гараад яг аль талынх нь байсныг санахгүй байна нэг талынх нь нүднийх нь доод талд нь хөхөрчихсөн байсан” гэх мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч М.А-ий “Б  ах Д  хоёр барилдаж байгаад Б  ах Д ийг нүүр хэсэгт нь шууд мөргөж унагаад унагасан хойноо толгойгоо нүүрэнд нь наачихаад түрээд байсан. Тэгэхдээ би өөрөө тэр хоёроос нэлээн хол зайтай зогсож байсан болохоор миний харсан зүйл энэ байна.” гэх мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Г.Б гийн “Тухайн өдөр болохоор Д өө хоолоо идчихээд гэрээс гарч ирээд зогсож байсан чинь Б  ах ямар нэгэн зүйл ярилгүй шууд мөргөж унагасан. Тэгээд Б  ах дахин хэд, хэдэн удаа мөргөсөн чинь Д өө хүүеээ ахаа болиоч ээ гэхэд хоёр удаа мөргөөд газар унагаснаа модон дээр очоод суучихсан. Тэр үед Д өөгийн хамраас их хэмжээгээр цус гараад байсан.” гэх мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Г.Б ийн “Д  болиоч ээ гээд хашхирч байхаар нь эргээд харахад хамраас нь цус гарчихсан газарт хэвтэж байсан” гэх мэдүүлэг, гэрч Т.Т-н “Би гар утсаар бичсэн 3 бичлэг харсан тэгэхдээ тэр бичлэгүүд дээр зүгээр барилдаж байгаа юм шиг л бичлэг байсан. Тэгэхдээ энэ 3 бичлэг дээр өөр, өөр хүмүүс байгаа нэг бичлэг дээр нь хальт Д , Б  нарын бичлэг байсан.” гэх мэдүүлэг, гэрч Б.О-н “Тухайн үед Д  гэх хүүхэдтэй барилдаж байхдаа тухайн хүүхдийг гэмтээсэн талаар л хэлж байсан” гэх мэдүүлэг, Орхон аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Э.Б-н 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 235 дугаартай дүгнэлт, Р.Д ий толгойн тодосгогч бодисгүй компьютерт томографын шинжилгээний дүгнэлтүүд, насанд хүрээгүй хохирогч Р.Д  болон Г.Б нарын барилдах үеийн бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, яллагдагч Г.Б ын “Намайг мөргөөд байхаар нь би татаж авчраад нүүр хэсэгт нь мөргөчихсөн. Тухайн хүүхэд өөрөө ширүүн барилдаад дугтрахдаа намайг мөргөчихөөр нь уур хүрээд дугтарч татахдаа хамар хэсэгт нь мөргөчихсөн” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Г.Б нь 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах 8 дугаар сургуулийн хашаанд насанд хүрээгүй хохирогч Р.Д тэй барилдах явцдаа түүний толгой, нүүр хэсэгт толгойгоороо мөргөж, эрүүл мэндэд нь “дух ясны гадна ялтас, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

            Шүүгдэгч Г.Б ын санаатай үйлдлээр насанд хүрээгүй хүний эрүүл мэндэд халдаж, хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Б-г яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй.

 

            Гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Р.Д ий эрүүл мэндэд нь дух ясны гадна ялтас, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд цаашид хамрын таславчийн муруйлтийг эмчлүүлэх хагалгаа хийлгэх шаардлагатай. 1.600.000 төгрөгөөс 1.900.000 төгрөгийн зардал нэхэмжлэнэ гэсэн байна. Шүүгдэгч Г.Б хагалгаа хийлгэх зардлыг хүлээн зөвшөөрч, төлөхөө илэрхийлж байх тул шүүгдэгчээс 1.600.000 төгрөг гаргуулан насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нарт олгуулахаар шийдвэрлэв.

 

            2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан зорчих эрх хязгаарлах ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

            Шүүгдэгч Г.Б нь “зорчих эрхий хязгаарлах ялаас өөр төрлийн ял оногдуулж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасан боловч шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзвэл хуульд заасан торгох болон нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах боломжгүй байх тул улсын яллагчийн саналын дагуу зорчих эрх хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

            Шүүгдэгч Г.Б оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулах нь зүйтэй.

 

            Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхэр шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн 1 ширхэг хуурцагийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овгийн Г-ын Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-г 3 /гурав/ сарын хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-д оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.

 

            5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б аас 1.600.000 төгрөг гаргуулан насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З овогтой Д-ийн О /Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн ** тоотод оршин суух, РД: **********/-д олгосугай.

 

6. Энэ хэрэгт хураагдан ирсэн 1 ширхэг хуурцагийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС