Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 158

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баасанбат даргалж, 

Нарийн бичгийн дарга Б.Соёлмаа,

Улсын яллагч Э.Гантулга, 

Хохирогч Б.Санжсүрэн,

Шүүгдэгч П.Баярсайхан, түүний өмгөөлөгч П.Өлзийбаяр нарыг оролцуулан Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Пүрэвжалын Баярсайханд холбогдох эрүүгийн 201605000328 тоот хэргийг 2016 оны 11 сарын 24-ний өдөр  хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн 1980 оны 07 сарын 08-ны өдөр Баянхонгор аймгийн Хүрээмарал суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой,  мэргэжилгүй, ам бүл-5, эхнэр хүүхдүүдийн хамт Баянхонгор аймгийн Жаргалант сумын 4 дүгээр багт оршин суух, Жаргалант сумын Хаан банкинд эдийн засагч ажилтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ВЗ80070817 тоот регистрийн дугаартай, Гурван шарынхан овогт Пүрэвжалын Баярсайхан,     

Үйлдсэн хэргийн талаар:

П.Баярсайхан нь Баянхонгор аймгийн Жаргалант сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр иргэн Б.Санжсүрэнтэй хувийн таарамжгүй харьцаа үүсгэн маргалдаж улмаар бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                 /яллагдагчаар татах тогтоолд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Б.Санжсүрэнгийн хэрэг бүртгэлийн шатанд өгсөн:

“...2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 19 цагийн үед Хаан банкны эдийн засагч Баярсайхан нь манай сургуулийн Бат-Эрдэнэ гэдэг багштай хамт манай гэрт орж ирсэн... Тэд манай өрөөнд орж ирэхдээ 1 шил 0.75 литрийн Чингис гэдэг архи авчирсан ба түүнийг нь дөрөвүүлээ хувааж уусан. Архи ууж байхдаа Баярсайхан бид 2 маргалдаж эхэлсэн. Би түүнд “танай банк чинь зээл өгөх гэж их хүнд суртал гаргадаг болсон байна. Өөрийнхөө юмыг өгөх гэж байгаа биш дээ чи” гэж хэлээд маргалдсан. Учир нь би энэ оны намар хүүхдээ сургуульд явуулах гээд цалингийн зээл авах гэхэд Баярсайхан намайг 7-8 хоног явуулаад зээл өгөөгүй юм. Тэгээд би Төрийн банкнаас зээл авсан юм. Тухайн үед би нэлээн согтож эхэлсэн. Өөрөөр бидний хооронд маргалдах шалтгаан байхгүй байсан. Ингээд бид барилцаж авсан, тэгээд зодоон эхэлсэн. Баярсайхан миний нүүр рүү гараараа хэд хэдэн удаа цохьсон... Баярсайханд зодуулаад миний хамар ясны цөмөрсөн хугарал, няцарсан хугарал бүхий гэмтэл учирсан... Тухайн үед Баярсайхан бид 2 хоёулаа согтууруулах ундаа хэрэглэсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27/

Түүний шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн:

“2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр би ажлаа тараад гэртээ байж байсан юм. 19 цаг өнгөрч байхад Энхбаатар манайд ирээд би токорын машин авах гэж байгаа юм та надад зоролт зааж өгөөч гэсэн. Энхбаатарыг сургууль дээрээ дагуулж ирээд кабинетдаа зоролт зааж өгсөн. Дуусаад явах гэхэд Энхбаатар би нэг шил архи авч ирсэн юм хоёулаа хуваагаад уучих уу гэхээр нь за за ажлын цаг дууссан юм чинь тэгье гээд уусан. Уугаад дундаа орж байхад гаднаас П.Баярсайхан Бат-Эрдэнэ хоёр орж ирсэн. Орж ирэхдээ архи уусан байсныг нь би мэдээгүй. Энхбаатар архи аягалж бид нар тойруулаад уусан гэж бодож байсан. П.Баярсайхан нэг шил архи гаргаж ирж тэрнийг нь бас Энхбаатар тойруулаад би өөр дээр ирснийг нь уусан. Бүгд тойргоор уусан гэж ойлгосон. Би П.Баярсайханд танай Хаан банк их хүнд сурталтай, намар хоёр хүүхэд явах гээд 7 хоног зээл хөөцөлдөхөд бүтээгүй, бүтэх гэж байгаа юм шиг хүн тээнэгэлзүүлж байхаар гээд ярьж байсан юм. Үүнээс болж П.Баярсайхан бид хоёр маргалдаж, зодоон хийсэн.”   гэх мэдүүлэг,

Гэрч М.Бат-Эрдэнийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн:

“...Санжсүрэн багш Баярсайханыг “чи надад зээл гаргаж өгөөгүй” гээд хэрэлдээд байсан. Би тэднийг больцгоо гээд дэргэд нь очиход Санжсүрэн багш ухасгээд Баярсайханы цээжин тус газар нэг удаа цохиод авсан чинь Баярсайхан зөрүүлээд Санжсүрэн багшийг цохиход тэр газар унасан. Тэр үед Баярсайханыг хориглох гэхэд Баярсайхан намайг түлхчихээд Санжсүрэн багш руу очоод нүүрэнд 2-3 удаа цохиод авсан. Тэгээд Энхбаатар тэднийг салгахад Баярсайханы духан дээр нь шалбарсан, харин Санжсүрэн багшийн хамраас цус гараад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-18/,

Гэрч А.Энхбаатарын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн:

“...Хэн нь эхэлж хэрүүл маргаан өдсөн болохыг мэдэхгүй байна. Санжсүрэн багш Баярсайханыг зээл өгөөгүй гээд “танай банкнаас зээл авахад хүндрэлтэй болсон байна. Чамаас авах гэж байгаа юм биш шдээ” гээд байсан. Ингээд тэр 2 хэрэлдэж эхэлсэн. Дараа нь Санжсүрэн багш уурлан босч ирснээ Баярсайханы цээжин тус газар нэг удаа цохиод авсан. Тэгэхэд Баярсайхан зөрүүлэн Санжсүрэнгийн нүүрэн тус газарт цохиход Санжсүрэн газарт унасан. Унасных нь дараа дахин Баярсайхан нь Санжсүрэн багшийг хэд хэдэн удаа нүүрэнд нь цохиод авсан. Тэгээд Бат-Эрдэнэ бид 2 тэднийг салгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-21/,

Шүүгдэгч П.Баярсайханы хэрэг бүртгэлийн шатанд өгсөн: 

“2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Бат-Эрдэнэ гэдэг хүнээр компютерээ засуулна гэж байсан учраас би түүнтэй уулзаад сургуулийнхаа хүүхдийг айлд байсныг аваад гэртээ хүргэж өгсөн. Бат-Эрдэнээр компютерээ засуулж байгаад сумынхаа Хөх нуур дэлгүүрээс 0.75 литрийн архи Чингис архийг түүнд өгье гэж бодоод авсан. Тэгээд сургуулиас CD авна гээд Бат-Эрдэнэ бид 2 сургууль руу явсан бөгөөд Санжсүрэн багшийн ангийн цонх онгорхой байхаар нь дотогш орсон. Хөдөлмөрийн кабинет руу ороход Санжсүрэн, Энхбаатар нар 0.5 литрийн Ерөөл архи уугаад сууж байсан. Тэгээд авч явсан архиа гаргаад ууж байтал Санжсүрэн багш надаас хэрүүл өдөр эхэлсэн. “Чи надад зээл олгоогүй, Хонгорыг төгссөн муусайн юмнууд ингэх болоогүй. Танай танай банкнаас зээл авахад хүнд сурталтай болсон байна. Чамаас авах гэж байгаа бишдээ” гээд байсан. Тэгээд түүнд зээл олгогдоогүй талаар тайлбарлан хэлэхэд тэр ойлгоогүй. Тэгээд босч ирээд миний цээжин хэсэгрүү 1 дуаа цохьсон. Миний нүдний шил унасан ба би шилээ авах гэхэд дахиад цохих гээд хүрээд ирэхэд нь би түүний нүүрэн тум газар 1 удаа цохиход аргагшаа саван унасан. Босоод ирэхэд нь түүний хамраас цус гараад хамар нь эвгүй болсон харагдсан. Хамар нь гэмтсэн байна даа гэж мэдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 56-57/      

-Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 11 сарын      10-ны өдрийн 563 дугаартай актын: “1. Б.Санжсүрэнгийн биед хамар ясны цөмөрсөн, няцарсан хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 36/,

-Эвлэрлийн гэрээ /хх-ийн 5/

-Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх-ийн 7-9/

-Амбулаториор эмчлүүлэгсдийн карт, эмчилгээний зардлын баримтууд /хх-ийн 67-71/,

-Жаргалант сумын 4-р багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 72/,

-П.Баярсайханы иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 73/,

-урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 80/,

-шүүгдэгч П.Баярсайханы биед учирсан гэмтлийг харуулсан гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 89/ зэрэг болно.

Шүүгдэгч П.Баярсайхан Баянхонгор аймгийн Жаргалант сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр иргэн Б.Санжсүрэнтэй хувийн таарамжгүй харьцаа үүсгэн маргалдаж улмаар бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь дээрх шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хэрэг бүртгэлийн ажиллагаанд шалгавал зохих ажиллагааг бүрэн шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзэв.  

Шүүгдэгч П.Баярсайхан нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогчтой сайн дураараа эвлэрсэн, гэм хор арилсан, хохирогч Б.Санжсүрэнгийн бие бүрэн эдгэрсэн болох нь тэдний шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, эвлэрлийн гэрээ зэрэгээр нотлогдож байх тул шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.  

Хохирогч Б.Санжсүрэн нь хохиролоо бүрэн барагдуулж авч эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул шүүгдэгч П.Баярсайхан нь бусдад төлөх төлбөргүй байна.

Шүүгдэгч П.Баярсайханы эзэмшлийн 64м2 талбайтай, V-0312000079 гэрчилгээний дугаартай хувийн орон сууцыг битүүмжилсэн 2016 оны 11 сарын 16-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэв.      

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  248 дугаар зүйлийн 248.1.2, 283 дугаар зүйлийн 283.1, 294, 295, 296, 297, 298, 299 дугаар зүйлүүдийг  удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Гурван шарынхан овогт Пүрэвжалын Баярсайханыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Баярсайханд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3. Шүүгдэгч П.Баярсайхан нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.   

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Баярсайханы эзэмшлийн 64м2 талбайтай, V-0312000079 гэрчилгээний дугаартай хувийн орон сууцыг битүүмжилсэн 2016 оны 11 сарын 16-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгосугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1 дэхь хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэхь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, мөн хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол П.Баярсайханд батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ