Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 1518

 

МАГАДЛАЛ

 

2018.06.29                                                     Дугаар  1518                            Улаанбаатар хот

 

 

 

 

Б.Ч-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2018/01473 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Ч-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ц.Г-т холбогдох,  

 

660 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагч: Ц.Г ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Э нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Ц.Г тэй хорооны олон нийтийн ажилд оролцож байхдаа танилцсан. Ц.Г  нь 2017 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр над руу залгасан, хоёулаа нэг газар руу явъя, ахмад хүмүүсийг дэмжих сүлжээ байна гээд намайг дагуулж явсан. Настай хүмүүсийг амралтад явуулдаг, гадаад руу зуучилдаг байгууллага байна гэсэн. 500 000 төгрөгөөр элсэж ордог, мөнгийг өсгөж өгнө гэсэн. Бид 2 очоод ярилцаад, би орохоор болж, мөнгө байхгүй байсан учраас миний ээмэг, бөгжийг ломбардад тавьж,        1 000 000 төгрөг авсан, би 500 000 төгрөгөө өөрөө элсэж орох, Ц.Г  500 000 төгрөгийг өөрийн ач охин н.Х-г бүртгүүлж, надаас зээлсэн. Мөн өмнө нь надаас цувуулж авсаар 275 000 төгрөгийн мөнгө, цаг авсан. Сонгуулиар ажилласан цалингаасаа 120 000 төгрөгийг буцааж өгсөн. Гэтэл Ц.Г  надад хэлээгүй болохоос өөрөө өмнө нь 2 хүүтэйгээ уг сүлжээнд орсон, намайг өөрийнхээ дор тэр сүлжээнд оруулсан, миний дор ач охин н.Х-ийнхаа нэрийг бичүүлсэн байсан. Иймээс Ц.Г ээр мөнгө авсан нь үнэн гэсэн тодорхойлолтыг бичүүлж, гарын үсэг зуруулсан. Жи тайм сүлжээнд ороод, миний дор Ц.Г  бас орсон. Ингэж элсэхэд цаг урамшуулалд өгч байсан. Түүнийгээ Ц.Г  авсан. Мөнгийг нь өгөхгүй болохоор цагаа буцаагаад авья гэтэл хамаатны хүүхэд хулгайлаад авчихсан байна гэсэн. Иймээс цагны үнэ 130 000 төгрөгийг нэхэмжилж байна. Ц.Г  цагийг одоо болохоор байгаа гэж яриад байна. Байгаа юм бол цагаа өгчихнө биз гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Б.Ч өгөх тухай баримтад гарын үсэг зураагүй. Харин 775 000 төгрөгийг төлөх тухай баримт дээр гарын үсэг зурсан. Сүлжээнд очсон нь үнэн, 1 хүн доороо 2 хүн олж элсүүлэх ёстой байсан. Б.Ч эгч ээмэг, бөгжөө барьцаанд тавьж, 1 000 000 төгрөг аваад, уг сүлжээнд 500 000 төгрөгөө төлж ороод, чи миний дор орчих тэгвэл би    500 000 төгрөг зээлье гэж хэлсэн. Би өмнө нь элссэн байсан, тэгээд ч надад бичиг баримт байхгүй байсан учраас ач охиныхоо нэрээр 500 000 төгрөгийг тушаасан. Би н.Бгэдэг хүнд Б.Ч эгчээс авсан 500 000 төгрөгөө өгсөн. Өмнө нь 130 000 төгрөгөөр Жи тайм-д Б.Ч эгч танилаа миний дор элсүүлсэн. Тэр хүн мөнгөө нэхэхээр нь Б.Ч эгч төлсөн юм гэнэлээ. Тэр мөнгийг надаас нэхээд байгаа байх. Түүний урамшууллын цагийг би авсан. Тэр цаг надад байгаа. Би түүнд өргүй гэж бодож байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч Ц.Г ээс 500 000 төгрөгийг, 130 000 төгрөгийн үнэ бүхий бугуйн цагны хамт гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс 30 000 төгрөгийг нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчээс төлсөн 20 390 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 19 550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Иргэний хуулийн 282 дүгээр зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар "Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасан. Нэхэмжлэгч Б.Ч-ийн анхан шатны шүүхэд гаргаж өгсөн 775 000 төгрөгийг надад зээлсэн тухай баримтад хэдийгээр би гарын үсэг зурсан боловч анх энэ мөнгийг хэдийд ямар хэлбэрээр надад шилжүүлэн өгсөн тухай нотлох баримт байхгүй байхад зөвхөн дээрх баримтыг үндэслэн 500 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үззж байна. Түүнчлэн Жи тайм сүлжээнд нэхэмжлэгч Б.Ч нь өөрөөсөө 130 000 төгрөгийг төлсөн эсэх нь тодорхойгүй мөн энэ талаар хэрэгт авагдсан баримт байхгүй байхад анхан шатны шүүх зөвхөн нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэн Жи тайм сүлжээнээс урамшуулалд өгсөн цагийг 130 000 төгрөгөөр үнэлж хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн буруу байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд нийцүүлэн дүгнэж чадаагүй нь шийдвэрийг хүчингүй болгох хуульд заасан үндэслэлд хамаарахгүй байх тул давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой байна.

Нэхэмжлэгч Б.Ч нь хариуцагч Ц.Г-т холбогдуулан зээлийн үүрэгт 660 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч 500 000 төгрөгийг Б.Ч-ээс аваагүй, цагийг буцааж өгнө гэж тайлбарласан байна.

Нэхэмжлэгч нь анх шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “зээл 660 000 төгрөгийг гаргуулах гэсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зээл 500 000 төгрөг, 130 000 төгрөгийн үнэтэй бугуйн цагийг гаргуулах” гэж тодруулсан.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан, хариуцагч нь уг гэрээний дагуу 500 000 төгрөгийг төлөх үүрэгтэй гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь зээл гэх 500 000 төгрөгийг хариуцагчид зээл болгон хүлээлгэн өгснөө баримтаар нотлоогүй учир зохигчдын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй. Харин бугуйн цагийг хариуцагч авч, хэрэглэсэн байх тул цагны үнийг гаргуулахаар нэхэмжлэгч шаардсан нь Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.2 дахь хэсэгт заасантай нийцэж байна.

Нэхэмжлэлээр шаардсан цаг нь 130 000 төгрөгийн үнэтэй биш, сүлжээний бизнест элссэн хүмүүст урамшуулал гэж өгсөн гэх тайлбараа хариуцагч нотлоогүй тул түүнээс цагны үнэ 130 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт өөрчлөлт оруулан, хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2018/01473 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар хариуцагч Ц.Г ээс 130 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Ч олгож, үлдэх 500 000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

шийдвэрийн тогтоох хэсгийн 2-т “19 550” гэснийг “4 550” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагчаас төлсөн улсын тэмдэгтийн хураамж 19 550 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                          ШҮҮГЧИД                                   Ч.ЦЭНД

 

                                                             М.НАРАНЦЭЦЭГ