| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдонгийн Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 101/2021/00358/и |
| Дугаар | 101/ШШ2021/0775 |
| Огноо | 2021-03-11 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 101/ШШ2021/0775
| 2021 03 11 | 101/ШШ2021/00775
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д.Б /-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.А /-т холбогдох,
12 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Нандинцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
“2018 оны 08 дугаар сард Д.Б өөрийн “Эх тод” ХХК-иар “М ” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээг байгуулж Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд байрлах барилгыг барьж эхэлсэн. Барилгыг барьж байх хугацаанд Б.А “М ” ХХК-ийн барилгын инженерээр ажилладаг байсан учраас ажил эхэлснээс хойш Д.Б түүнтэй танилцсан. Ажил хэргийн шугамаар өдөр болгон уулздаг байсан бөгөөд Б.А 2018 оны 08 сарын 24-ний өдөр 1 000 000 төгрөг зээлээч, яаралтай хэрэг болоод байна гэхэд нь өөрийн Голомт банкны данснаас 1 000 000 төгрөг авч өгсөн. Дараа нь 2018 оны 08 сарын 29-ний өдөр хүүхдийн хичээл орох гээд байна гээд дахин 1 000 000 төгрөг зээлж авсан. Б.А нь “М ” ХХК-ийн барилгын инженер учраас “М ” ХХК-аас мөнгө орохыг мэддэг байсан. 2018 оны 09 сарын 17-ны өдөр “М ” ХХК-аас гадна пасадны гүйцэтгэлийн 10 000 000 төгрөг “Эх тод” ХХК-ийн захирал Д.Б ын данс руу орсныг мэдээд та энэ мөнгөө түр зээлээч, 10 000 000 төгрөгийг зээлээд 15 хоногийн дараа өмнөх 2 000 000 төгрөгтэйгөө хамт өгье гэж хэлсэн. Түүний хүсэлтийн дагуу Д.Б 2018 оны 09 сарын 17-ны өдөр Б.А ыг дагуулж яваад өөрийн Голомт банкны данснаас мөнгө аваад Б.А т бэлнээр өгсөн. Ямар нэгэн баримт байхгүй боловч Б.А 10 000 000 төгрөг авсан талаараа маргадаггүй. Б.А 10 000 000 төгрөг авсны дараа 2018 оны 09 сарын 19-ний өдөр ажлаасаа гарсан байсан. Б.Баянбаатар “М ” ХХК-ийн барилгын ажлыг гүйцэтгээд маш завгүй байсан учраас араас нь хөөцөлдөхгүй явж байгаад Б.А ыг 2018 оны 11 сард цагдаад өгсөн. Цагдаагийн байгууллагаас энэ асуудлыг гэмт хэргийн шинжгүй, иргэн хоорондын маргаан байна. Тийм учраас иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүл гэсэн хариу өгсөн учраас 2021 оны 01 сард нэхэмжлэл гаргасан. Д.Б энэ хүртэл хугацаанд эрүүл мэндийн асуудалтай байсан учраас араас нь явах боломжгүй байж байгаад 2021 онд нэхэмжлэл гаргасан. Д.Б нь Д.А т 12 000 000 төгрөгийг аман хэлцлээр зээлсэн. Талуудын хооронд өөр харилцаа үүсээгүй. Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 206 дугаар зүйлийн 206.1, 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэж байх тул Б.А аас 12 000 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
“Б.А миний бие тухайн үед “М ” ХХК-ийн ерөнхий инженерээр ажиллаж байсан. Ерөнхий инженерийн хувьд барилгын ажлын гүйцэтгэгч нараас аль компанийг гадна пасад руу оруулах уу, аль компанийг дотор заслын ажилд оруулах уу гэдэг сонгон шалгаруулалт хийхэд саналаа өгдөг албан тушаалтан байсан. Д.Б нь өөрийн компаниар “М ” ХХК-д гадна пасадны ажил гүйцэтгэх сонгон шалгаруулалтад ороод танилцуулгаа өгсөн байсан. Түүнээс өмнө Д.Б ын компани чанаргүй материалаар “М ” ХХК-ийн барилгын ажлыг гүйцэтгэсэн гэдэг асуудалд орж гадна пасадны ажилд оруулахгүй гэдэг шийдвэр гарсан байсан. Гадна пасадны ажил 380 сая төгрөгийн гүйцэтгэлтэй ажил байсан. Д.Б нь ерөнхий инженер Б.А т гадна пасадны ажилд оруулаад өгөөч гэсэн саналыг эхэлж тавьсан. Д.Б тай ажил зуучлах талаар амаар хэлэлцэж тохирсон бөгөөд “М ” ХХК-ийн барилгад гүйцэтгэгчээр зуучлан ажиллуулахаар тохирч ажлын хөлсөнд 12 000 000 төгрөгийг хүлээн авсан. Ингээд миний бие тохирсоны дагуу саналыг нь цааш уламжилж иргэн Д.Б ын компанийг гадна фасадны ажил гүйцэтгэгчээр оруулж өгсөн. Иргэн Д.Б аас эргэн төлөгдөх нөхцөлөөр мөнгө зээлээгүй бөгөөд ажилд зуучилсаны хөлсөнд мөнгө авсан, энэ мөнгө нь эргэн төлөгдөх нөхцөлгүй болно. Талуудын хооронд үүссэн харилцааг ажилд зуучлах гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэж байна. Д.Б аас Б.А т эргэн төлөгдөх нөхцөлтэй мөнгө зээлсэн асуудал огт байхгүй. Д.Б ын зүгээс Б.А т хандаж энэ ажилд оруулж өгөх юм бол тодорхой хэмжээний хөлс, мөнгө өгье гэсэн санал тавьж аль аль тал зөвшөөрсөн. Талууд бичгээр гэрээ, хэлцэл байгуулаагүй, амаар тохиролцсон. Иргэний хуулийн 410 дугаар зүйлд заасан зуучлалын гэрээний харилцаа үүссэн гэж үзэж байгаа учраас эргэн төлөгдөх нөхцөлгүй, зээлсэн гэдэг асуудлыг огт хүлээн зөвшөөрөхгүй байна. Зуучлалын гэрээг заавал бичгээр байгуулах хуулийн шаардлага байдаггүй. Хэрэв гуравдагч этгээдэд зуучлалын үйлчилгээнээс татгалзах шаардлагыг тавьсан нөхцөл байдлаар хэлцэл хийсэн бол зуучлах онцгой эрхийн гэрээ учраас бичгээр байгуулах шаардлага тавигдах байх. Гэхдээ Д.Б анх санал тавихад Б.А ын зүгээс эрхийг нь хязгаарласан асуудал байхгүй учраас амаар тохирсон зуучлалын гэрээний харилцаа үүссэн. Ийнхүү зуучлалын хөлсөнд 12 000 000 төгрөгийг авсан. Д.Б өмнө нь цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байсан. Тухайн үед Б.А цагдаагийн байгууллагад очиж мэдүүлэг тайлбараа өгсөн. Прокурорын хариу тайлбарт иргэд хоорондын аман хэлцлээс үүссэн маргаан гэж үзэж, залилан мэхэлсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй гэж дурдсан байна. Залилах гэмт хэргийн шинж нь зээлийн харилцаагаар халхавчлах зорилготой байдаг. Цагдаагийн байгууллагад зээлийн гэрээгээр халхавчилсан залилах гэмт хэргүүд олноор шалгагддаг. Цагдаагийн байгууллагад зээлийн гэрээ байгуулагдсан харилцаанд эрүүгийн хэрэг үүсгэж шалгадаг практик байдаг. Тийм ч учраас цагдаагийн байгууллагаас талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй байна гэж үзээд залилан мэхлэх гэмт хэргийн шинж байхгүй байна гэж дүгнэсэн гэж үзэж байна. Б.А нь Д.Б аас мөнгө зээлээгүй, ажилд зуучилсан хөлсөнд 12 000 000 төгрөгийг авсан нөхцөл байдал байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Д.Б яагаад зээлсэн гэж шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгааг ойлгохгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Б.А т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 12 000 000 төгрөг гаргуулах шаардлага гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.
Хариуцагч Б.А нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй татгалзлын үндэслэлээ нэхэмжлэгчтэй зээлийн гэрээ байгуулаагүй, барилгын ажилд зуучилсны хөлсөнд авсан 12 000 000 төгрөгийг буцааж төлөх үндэслэлгүй гэж тайлбарлаж байна.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Д.Б нь 2018 оны 08 сарын 24-ний өдөр 1 000 000 төгрөг, 2018 оны 08 сарын 29-ний өдөр 1 000 000 төгрөг, 2018 оны 09 сарын 17-ны өдөр 10 000 000 төгрөгийг хариуцагчид өгсөн болох нь хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Хариуцагч Б.А нь нэхэмжлэгчээс 12 000 000 төгрөгийг авсан талаар маргаагүй боловч уг мөнгийг эргэн төлөгдөх нөхцөлтэй аваагүй, буцаан төлөх үүрэг хүлээгээгүй гэж маргаж байна.
Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй.
Нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаар хүчин төгөлдөр болж хэлцэл хийгддэг бөгөөд хариуцагч Б.А нь нэхэмжлэгчийн шилжүүлсэн мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх хүсэл зоригоо илэрхийлсэн гэж үзэх, нэхэмжлэгч Д.Б нь хариуцагчийн өмчлөлд дээрх мөнгийг хариу төлбөргүй шилжүүлэх хүсэл зоригоо илэрхийлсэн гэж үзэх аль ч үндэслэл шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ”, 282 дугаар зүйлийн 282.4-т “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Д.Б аас 12 000 000 төгрөгийг хариуцагч Б.А хүлээн авсан нь тогтоогдож байх боловч зохигчдын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-д “зуучлалын гэрээгээр зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлс, шагнал төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан. Хариуцагч Б.А нь нэхэмжлэгчтэй зуучлалын гэрээ байгуулан зуучлалын хөлсөө авсан гэж тайлбарлаж байх боловч уг тайлбар нь баримтаар тогтоогдоогүй бөгөөд зохигчдын хооронд зуучлалын гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигчид шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тэдний хооронд зээлийн болон зуучлалын гэрээний үүрэг үүссэн гэх үйл баримт тогтоогдохгүй байна.
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс буцаан шаардах эрхтэй.
Дээр дурдсан үндэслэлүүдийг нэгтгэн дүгнэхэд нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд үүрэг үүссэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй учраас нэхэмжлэгч нь хариуцагчид өгсөн мөнгийг буцаан гаргуулахаар шаардах эрхтэй тул хариуцагч Б.А аас 12 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Б т олгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Б.А аас 12 000 000 /арван хоёр сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Б т олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.А аас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 206 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Б т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР