Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 101/ШШ2021/00866

 

 

 

 

 

 

 

 

                       2021        03          17   

         101/ШШ2021/00866

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “Э ” ТӨҮГ /-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Н.Э /-д холбогдох,

 

5 009 940.52 төгрөг гаргуулах, орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, хариуцагч Н.Э , шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Нандинцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

   Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Э ” ХХК /хуучин нэрээр/-ийн Ерөнхий захирлын 2016 оны 09 сарын 09-ний өдрийн Б/981 дүгээр тушаалаар иргэн Н.Э г тус компанийн Хангамжийн хэлтсийн даргаар ажилд томилсон. “Э ” ХХК-ийн ерөнхий захирлын 2019 оны 03 сарын 06-ны өдрийн Б/270 дугаар тушаалаар Н.Э г ажлаас чөлөөлсөн. Н.Э  нь “Э ” ХХК-д ажиллах хугацаандаа үйлдвэрийн өмчлөлийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын 1 дүгээр хорооллын 26 дугаар байрны 24 тоот 63,01 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцанд 2016 оны 09 сарын 19-ний өдрөөс эхлэн орон сууц хөлслөх гэрээний дагуу амьдарч байсан. Н.Э  нь ажлаас чөлөөлөгдөхдөө орон сууц хөлслөх гэрээний 5.1, 5.2 дахь заалтуудыг зөрчиж, дээрх хөлсөлж байсан орон сууцаа “Э ” ХХК-д хүлээлгэж өгөх үүргээ биелүүлэхгүй, мөн орон сууцны ашиглалтын төлбөр 5 009 940.52 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөхгүй тус үйлдвэрийн газарт хохирол учруулж байна. Н.Э д “Э ” ТӨҮГ-ын 2019 оны 06 сарын 28-ны өдрийн АЯ-30-12/964 тоот, 2020 оны 03 сарын 27-ны өдрийн АЯ-117-12/1286 тоот, 2020 оны 06 сарын 26-ны өдрийн АЯ-117-12/3963 тоот албан бичгүүдээр орон сууц хүлээлгэн өгөх мэдэгдлүүдийг тус тус хүргүүлсэн боловч шаардлагыг хүлээж авахгүй, биелүүлэхгүй байсаар өнөөдрийг хүрлээ. Байранд амьдраагүй учраас байрны төлбөр төлөх боломжгүй гэж байна. Манай байгууллагын санхүүгийн хэлтсээс байрны төлбөрийн тооцоог хүргүүлсэн. Байраа хүлээлгэж өгөөд явах байсан боловч энэ үүргээ биелүүлээгүй, өнөөдрийг хүртэл байрыг хүлээлгэж өгөөгүй. Тухайн байранд хүн амьдарч байгаа гэсэн албан бус мэдээ байдаг боловч ямар хүн амьдарч байгаа нь мэдэгддэггүй. Бид саяхан тог цахилгааныг нь таслуулах арга хэмжээ авсан. Тухайн байранд төлбөр гараад байдаг. Н.Э  гэрээнд заасан үүргийн дагуу байраа хүлээлгэж өгч тооцоогоо дуусгаад явах ёстой байсан. Хэдийгээр тэнд амьдраагүй байсан ч цахилгаан, дулааны төлбөр гарч байгаа. “Э ” ТӨҮГ-аас Н.Э гаас орон сууц ашиглалтын төлбөрийг гаргуулж, орон сууцыг албадан чөлөөлүүлэхээр Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны 07 сарын 16-ны өдөр нэхэмжлэл гаргасан ба Н.Э  нь Орхон аймаг, Баян-Өндөр сум, Зэст багийн 1 дүгээр хорооллын 26 дугаар байрны 24 тоот хаягтаа оршин суудаггүй болох нь Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 07 сарын 24-ний өдрийн 142/Ш32020/03761 дугаартай захирамжаар тогтоогдсон. “Э ” ТӨҮГ-аас иргэн Н.Э гийн оршин суух хаягийг тогтоолгохоор Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны 09 сарын 08-ны өдөр хүсэлт гаргасан бөгөөд Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 сарын 24-ний өдрийн 142/ШШ2020/01160 дугаартай шийдвэр гарч, шүүхийн шийдвэрийг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хэрэгжүүлж, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, 7 дугаар байр, 101 тоотод оршин суудаг болохыг тогтоосон. Иймд Монгол Улсын Иргэний хуулийн 310 дугаар зүйлийн 310.1, 311 дүгээр зүйлийн 311.1, 311.2 дахь заалтууд, “Орон сууц хөлслөх гэрээ”-ний 5 дугаар зүйлийн 5.3 дахь заалтын дагуу иргэн Н.Э гаас орон сууц ашиглалтын төлбөр болох 5 009 940.52 төгрөгийг гаргуулж, Орхон аймгийн Баян-Өндөр сумын 1 дүгээр хорооллын 26 дугаар байрны 41 тоот 63 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцнаас албадан чөлөөлүүлэх шийдвэр гаргаж өгнө үү” гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Н овогтой Э миний бие Э т 2016 оны 09 сараас 2019 оны 03 сар хүртэл Хангамжийн хэлтсийн даргаар ажиллаж байсан. 2019 оны 03 сарын 09-ний өдөр хөдөлмөрийн хуулийг зөрчиж үндэслэлгүйгээр гэнэт ажлаас чөлөөлсөн. Ажиллаж байх хугацаандаа Эрдэнэт хотын Зэст багийн 1 дүгээр хорооллын 26 дугаар байрны 24 тоотод оршин суудаг байсан. 2019 онд халагдах тушаал гарсан бөгөөд би тушаал гарсан өдрөө Эрдэнэт хотоос Улаанбаатар хот руу ирсэн. Түүнээс хойш дахиж Эрдэнэт хотод нэг ч удаа очоогүй. Энэ хугацаанд “Э ” ТӨҮГ-аас нэг ч удаа байраа хүлээлгэж өг гэсэн албан бичиг өгч байгаагүй, шаардлага тавьж байгаагүй. Миний ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдсөнтэй холбоотой хөдөлмөрийн маргаан Улсын Дээд шүүхэд хянан шийдвэрлэгдэж байгаа. Би 2014 оноос хойш одоо байгаа Баянзүрх дүүрэг дэх хаягаар байдаг. “Э ” ТӨҮГ-т тухайн хаяг бүртгэлтэй байгаа. Би тэр байранд огт амьдраагүй байгаа учраас төлбөрийг өгөхөөс татгалзсан. Ямар байрны төлбөр гарсныг ойлгохгүй байна. “Э ” ТӨҮГ-ын Улаанбаатар хот дахь төлөөлөгчийн газраас надад албан бичиг хүргүүлсэн гэж байна. Хэрэв надад албан бичиг өгсөн бол би тухайн бичгийг хүлээн авсан гээд гарын үсэг зурсан байх ёстой. Огт мэдэгдэл хүлээж аваагүй, над руу утсаар ч яриагүй. Ажлаас чөлөөлөгдсөн өдрөөс хойш миний бие гэр бүлийн хамт Улаанбаатар хотод тогтвортой оршин сууж амьдарч байна. Дээрх хугацаанд уг байранд огтхон ч амьдраагүй мөн ямар нэгэн байдлаар ашиглаагүй болно. Иймээс “Э ” ТӨҮГ-аас нэхэмжилсэн орон сууц ашиглалтын төлбөр гэгдэх 5 009 940.52 төгрөгийг төлөхөөс татгалзаж байна” гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

           

Нэхэмжлэгч “Э ” ТӨҮГ нь хариуцагч Н.Э д холбогдуулан орон сууц ашиглалтын төлбөр 5 009 940.52 төгрөг гаргуулах, орон сууцнаас албадан чөлөөлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

Хариуцагч Н.Э  нь ажлаас чөлөөлсөн тушаал гарсан 2019 оны 03 сарын 09-ний өдөр Эрдэнэт хотоос Улаанбаатар хот руу ирснээс хойш уг байранд амьдраагүй, хөлсөлж байсан хугацааны төлбөрийг бүрэн төлсөн тул ашиглалтын зардал төлөх үндэслэлгүй гэх тайлбарыг гарган нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

“Э ” ХХК нь тус компанийн Хангамжийн хэлстийн дарга Н.Э тай Орон сууц хөлслөх гэрээ байгуулж, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст баг, 1 дүгээр хороолол, 26 дугаар байрны 24 тоот 63,01 м.кв талбай бүхий 3 өрөө компанийн өмчлөлийн орон сууцыг 2016 оны 11 сарын 02-ны өдрөөс амьдран суух зориулалтаар хөлслүүлэхээр харилцан тохиролцсон болох нь хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараар тогтоогдож байх бөгөөд зохигчид гэрээ байгуулсан талаар маргаагүй. /хх-14-15/

 

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст баг, 1 дүгээр хороолол, 26 дугаар байрны 24 тоот орон сууц нь “Э ” ХХК-ийн өмчлөлийн орон сууц болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000192761 дугаартай гэрчилгээгээр тогтоогдож байна. /хх-13/

 

“Э ” ХХК нь 2003 оноос хязгаарлагдмал хариуцлагатай компани /ХХК/-ийн хэлбэрээр ажиллаж байгаад Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 03 сарын 21-ний өдрийн тогтоолоор “Э ” Төрийн өмчит үйлдвэрийн газар /ТӨҮГ/ болж хэлбэр өөрчлөгдөн, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээг 2019 оны 04 сарын 10-ны өдөр олгожээ. “Э ” ХХК өөрчлөн зохион байгуулагдаж төрийн өмчит үйлдвэрийн газар болсон тул   “Э ” ТӨҮГ нь компанийн байгуулсан гэрээтэй холбоотой эрх, үүргийг хэрэгжүүлэх эрхтэй.

 

Хариуцагч Н.Э  нь “Э ” ХХК-ийн Ерөнхий захирлын 2016 оны 09 сарын 09-ний өдрийн Б/981 дугаар тушаалаар тус компанийн Хангамжийн хэлтсийн даргаар томилогдож, 2019 оны 03 сарын 06-ны өдрийн Б/270 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн болох нь хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна. /хх-10, 12/

 

Иргэний хуулийн 310 дугаар зүйлд ажил олгогчоос хөдөлмөрийн гэрээгээр ажиллагчтай хийсэн орон сууц хөлслөх гэрээний талаар зохицуулсан бөгөөд 310.1-д зааснаар ажил олгогч нь өөрийн мэдлийн орон сууцыг хөлслүүлэхээр хөдөлмөрийн гэрээгээр ажиллагчтай тодорхой бус хугацаагаар гэрээ байгуулсан тохиолдолд тухайн ажиллагчтай байгуулсан хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон бол ажил олгогч орон сууц хөлслөх гэрээг цуцлах эрхтэй бөгөөд “Э ” ТӨҮГ нь орон сууц хөлслөх гэрээний үүргийг хариуцагч Н.Э гаас шаардах эрхтэй.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч Н.Э  хөлсөлж байсан орон сууцыг хүлээлгэж өгөх үүргээ биелүүлээгүй тул ашиглалтын зардлыг гаргуулах үндэслэлтэй гэж тайлбарлан, 2019 оны 01 сараас 2020 оны 10 сарыг хүртэлх хугацааны орон сууц ашиглалтын зардалд нийт 5 009 940.52 төгрөгийг гаргуулахаар шаарджээ.

 

Зохигчдын хооронд байгуулсан Орон сууц хөлслөх гэрээний 4.3-т хөлслөгч нь цахилгаан, дулаан, цэвэр, бохир ус, СӨХ зэрэг орон сууц ашигласнаас гарах зардлыг гэрээнд заасан хугацаанд төлөх үүрэгтэй, 4.5-д орон сууц хөлсөлсний төлбөрийг сар бүрийн 25-ны дотор компанийн дансанд тушаана гэж заасан байх бөгөөд орон сууц хөлсөлж эхэлсэн 2016 оны 11 сараас нэхэмжлэлд дурдсан хугацаа буюу 2019 оны 01 сар хүртэлх хугацааны орон сууцны ашиглалтын төлбөрийг хариуцагч төлсөн асуудлаар нэхэмжлэгч маргаагүй, энэ талаар шаардлага гаргаагүй.

 

Нэхэмжлэгч нь орон сууцны ашиглалтын нэг сарын төлбөрийг 262 026 төгрөгөөр тооцон шаардаж, уг төлбөрт метр квадратын ашиглалтын зардал, дулаан, цахилгааны төлбөрийг багтаан тооцон, ажилчдын цалингаас суутган тооцдог гэж тайлбарлаж байх бөгөөд хариуцагч нь нэг сарын төлбөрийн хэмжээ болон цалингаас суутган тооцдог байсан талаар маргаагүй.

 

Хариуцагч нь түүнийг ажлаас чөлөөлөх тушаал гарсан 2019 оны 03 сарын 06-ны өдөр Эрдэнэт хотоос Улаанбаатар хот руу ирснээс хойш уг байранд амьдраагүй гэх тайлбарыг гарган мэтгэлцсэн.

 

Хариуцагч Н.Э  нь орон сууц хөлслөх гэрээний дагуу хөлсөлж байсан орон сууц болох Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст баг, 1 дүгээр хороолол, 26 дугаар байрны 24 тоотод оршин суудаггүй болохыг Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр тогтоож, түүнийг цагдаагийн байгууллагаар эрэн сурвалжлах ажиллагааг хийж гүйцэтгүүлсэн байх бөгөөд хариуцагч нь Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, 7 дугаар байр, 101 тоотод оршин сууж байгаа болохыг цагдаагийн байгууллагаас тогтоожээ. /хх-20-21, 22-24, 25/

 

Нэхэмжлэгч нь хариуцагч Н.Э д орон сууцны ашиглалтын төлбөрийг төлөх, орон сууцыг хүлээлгэн өгөх тухай мэдэгдлийг 2019 оны 06 сарын 28, 2020 оны 03 сарын 27, 2020 оны 06 сарын 26-ны өдрүүдэд тус тус хүргүүлсэн боловч шаардлагыг хүлээн авч, биелүүлээгүй гэж тайлбарлаж байх боловч нэхэмжлэгч байгууллагын зүгээс Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны 07, 09 сард хандан нэхэмжлэл гаргаж, хариуцагчийг эрэн сурвалжлуулах шаардлага гаргаж байсан байдлаас дүгнэхэд нэхэмжлэгчийн мэдэгдэл хүргүүлж байсан гэх тайлбар үндэслэлгүй байна.

 

Хариуцагч нь 2019 оны 03 сарын 06-ны өдөр орон сууцнаас гарсан гэх тайлбар гаргасныг нэхэмжлэгч нь баримтаар үгүйсгэж няцаагаагүй, хариуцагч нь орон сууцнаас гарах хүртэлх хугацааны ашиглалтын төлбөрийг бүрэн төлж барагдуулсан болохоо баримтаар нотлоогүй тул 2019 оны 03 сарыг хүртэлх хугацааны орон сууцны ашиглалтын төлбөрийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй. Нэхэмжлэгчийн шаардсан орон сууцны ашиглалтын төлбөрөөс 2019 оны 01 сарын төлбөр 262 026 төгрөг, 02 сарын төлбөр 262 026 төгрөг, 03 сарын төлбөр 70 000 төгрөг, нийт 594 052 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч орон сууцыг хүлээлгэн өгөлгүй цоожлоод явсны улмаас байрыг суллаж авч чадаагүй, одоо тухайн орон сууцанд өөр хүмүүс амьдарч байгаа боловч хэн байгааг тодруулж чадаагүй, ашиглалтын төлбөр тооцоо гарч байгаа тул орон сууцыг хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй  хариуцагч Н.Э аас орон сууцны ашиглалтын төлбөрийг гаргуулах үндэслэлтэй гэж тайлбарлаж байх боловч компанийн өмчлөлийн орон сууцанд өөр этгээд амьдарч байгаа асуудал нь хариуцагчтай хэрхэн хамаарч буйг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотлоогүй, уг тайлбар нь баримтаар тогтоогдоогүй.

 

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан компанийн өмчлөлийн орон сууцнаас албадан чөлөөлүүлэх шаардлага гаргаж байх боловч хариуцагч Н.Э аас Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар гэрээний зүйлийг бодитой шилжүүлэхийг шаардаагүй байна. Нэхэмжлэгчийн зүгээс ийнхүү шаардлага гаргахад хариуцагчийн  эзэмшил хууль бус болох нь тогтоогдох учиртай.

 

Хариуцагч Н.Э  нь ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр орон сууцыг хөлсөлж байсан тул орон сууцыг хууль бусаар эзэмшиж байсан гэж үзэхгүй.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаж буй хариуцагчийн хөлсөлж байсан орон сууцанд одоо өөр хүмүүс амьдарч байгаа боловч хэн байгааг тодруулж чадаагүй гэсэн тайлбарыг гаргасан бөгөөд хариуцагч Н.Э  нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст баг, 1 дүгээр хороолол, 26 дугаар байрны 24 тоотод оршин суудаггүй болох нь хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараар тогтоогдсон зэрэг үйл баримтаас дүгнэхэд хариуцагч Н.Э г маргаан бүхий орон сууцыг эзэмшиж байгаа гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул орон сууцнаас албадан чөлөөлүүлэх шаардлагыг хангах үндэслэлгүй.

 

Дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч Н.Э гаас орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 2019 оны 01, 02, 03 сарын орон сууцны ашиглалтын төлбөрт нийт 594 052 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Э ” ТӨҮГ-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4 415 888.52 төгрөгт холбогдох хэсэг, орон сууцнаас албадан чөлөөлүүлэх шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 310 дугаар зүйлийн 310.1, 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан хариуцагч Н.Э гаас орон сууцны ашиглалтын төлбөрт нийт 594 052 /таван зуун ерэн дөрвөн мянга тавин хоёр/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Э ” ТӨҮГ-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4 415 888.52 /дөрвөн сая дөрвөн зуун арван таван мянга найман зуун наян найман төгрөг тавин хоёр мөнгө/ төгрөгт холбогдох хэсэг, орон сууцнаас албадан чөлөөлүүлэх шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид  төлсөн 70 200 төгрөг, 95 109.06 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Э гаас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 18 472 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Э ” ТӨҮГ-т олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Д.ЦЭРЭНДОЛГОР