| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдонгийн Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 101/2020/05329/и |
| Дугаар | 101/ШШ2021/00867 |
| Огноо | 2021-03-17 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 101/ШШ2021/00867
| 2021 03 17 | 101/ШШ2021/00867
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Т.А /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: М.А /-д холбогдох,
4 520 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т.А , хариуцагч М.А , шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Нандинцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
“Т.А би М.А тэй 2019 оны 10 сарын 10-ны өдөр Зээлийн гэрээ байгуулан 1 600 000 төгрөгийг хүүгүйгээр 2019 оны 10 сарын 19-ний өдөр хүртэл зээлүүлсэн. Би 15 хоног өнгөрсний дараа 2019 оны 10 сарын 28-ны өдөр утсаар яриад даруй тооцоогоо дуусгаарай гэж хэлэхэд удахгүй дуусгана гэж хэлсэн. Түүнээс хойш 2, 3 удаа шаардсан. Гэтэл 2019 оны 11 сарын 20-ны өдрөөс эхлэн гэрээнд бичсэн утасны дугаар нь холбогдох боломжгүй болсон. Зээл авч байхдаа хадам аавтайгаа хамт ирж байсан. 2020 оны 01 сараас эхлэн хадам аав руу нь яриад та дамжуулаад хэлээд өгөөч, холбоо барих гэсэн боловч утасны дугаар нь болохгүй байна, 1 600 000 төгрөгийг барагдуулах боломж юу байна вэ гэж асуудаг байсан. Хамгийн сүүлд хадам аавтай нь 2020 оны 10 сарын 25-ны өдөр яриад М.А тэй холбогдож чадахүй байна, та ч яриулахгүй байна, зээлсэн мөнгөө төлөхгүй бол шүүхэд хандаж шийдвэрлүүлмээр байна гэж хэлэхэд шүүхээрээ шийдүүлээд ав гэж хэлсэн. Мөнгө авснаас хойш 1 жил 5 сарын хугацаа өнгөрсөн байна. Би мөнгөө ямар ч хэлбэрээр барагдуулаад өгөөч гэж удаа дараа хэлж байсан. Гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч М.А нь зээлийн төлбөрөө төлөөгүй өнөөг хүрч байна. Зээлийн гэрээг 2 тал хоёулаа мэдэж байж байгуулсан. 15 хоногийн дотор 1 600 000 төгрөгийг буцааж төлнө, заасан хугацаанд төлөхгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн хувийн алданги тооцно гэсэн журмын дагуу гэрээ байгуулсан. Зээлийн гэрээнд заасны дагуу хугацаа хэтрүүлсэн хоног тутам 0,5 хувийн алданги тооцоход 1 600 000 төгрөгийн алдангийг 2020 оны 10 сарын 28-ны өдөр хүртэлх хугацаагаар тооцоход 2 920 000 төгрөг, нийт 4 520 000 төгрөг болж байгаа. Иймд үндсэн зээл 1 600 000 төгрөг, алданги 2 920 000 төгрөг, нийт 4 520 000 төгрөгийг хариуцагч М.А гээс гаргуулж өгнө үү” гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
“М овогтой А миний бие 2019 оны 10 сард Товуу овогтой А ээс Соната 7 маркийн автомашиныг 12 500 000 төгрөгөөр худалдан авч үлдэгдэл 1 600 000 төгрөгийг төлөх нөхцөлтэй гэрээг иргэн Т.А тэй нотариатаар баталгаажуулан байгуулсан. Машины мөнгийг бүрэн төлж авах байсан боловч хадам аав мөнгө хэрэгтэй байна гээд надаас 1 600 000 төгрөг авсан. Аав мөнгийг сарын дотор өгнө гэж хэлэхээр нь Т.А тэй ярьж тохиролцох юм бол болно гэж хэлсэн. Дараа нь ааваас машины хүнтэйгээ ярьж байгаа юу, болохгүй бол би ярих уу гэж асуухад аав нь ярьж байгаа, 3 хуваагаад төлөхөөр тохиролцсон гэж хэлсэн. Гэтэл шүүхэд өгнө гэж байна гэж хэлсэн. М.А миний бие гэрээний дагуу 1 600 000 төгрөгийг төлөх гэсэн боловч ковидын цар тахалтай холбоотойгоор ажил зогссон. Одоогоор эхнэр гурван хүүхдийн хамт амьдардаг. Би одоо ажилгүй байгаа учраас төлөхөд хэцүү байна. Анхны үлдэгдэл болох 1 600 000 төгрөгийг төлье. Түүний алданги 2 920 000 төгрөгийг төлөх боломжгүй тул миний хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү” гэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.А нь хариуцагч М.А д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт зээл 1 600 000 төгрөг, алданги 2 920 000 төгрөг, нийт 4 520 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас 1 600 000 төгрөгийг төлнө, алданги төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбарыг гарган маргаж байна.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Т.А , хариуцагч М.А нар нь 2019 оны 10 сарын 10-ны өдөр зээлийн гэрээ бичгээр байгуулж, нэхэмжлэгч нь хариуцагчид 1 600 000 төгрөгийг 15 хоногийн хугацаатай, хүүгүй зээлдүүлэх, гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхөөр харилцан тохиролцжээ. /хх-3/
Хариуцагч М.А нь зээлийн гэрээний дагуу мөнгө аваагүй, 2019 оны 10 сард нэхэмжлэгчээс 34-25 УАЕ улсын дугаартай Соната 7 маркийн автомашиныг 12 500 000 төгрөгөөр худалдан авч, төлбөрийн үлдэгдэл 1 600 000 төгрөг байсан тул уг мөнгөн дээр зээлийн гэрээ байгуулсан гэх тайлбарыг гаргасан бөгөөд нэхэмжлэгч Т.А нь эдгээр үйл баримтын талаар маргаагүй.
Зохигчдын тайлбараар нэхэмжлэгч нь хариуцагчид автомашин худалдаж, тухайн автомашиныг хариуцагч өөрийн эзэмшилд шилжүүлэн авч, төлбөрийн тодорхой хэсгийг төлсөн үйл баримт тогтоогдож байх ба зохигчид энэ талаар маргаагүй, тэдний хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.д заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна.
Хариуцагч М.А худалдан авсан автомашины үнийг бүрэн төлөөгүй байдлыг талууд хэлэлцээд төлбөрийн үлдэгдэл 1 600 000 төгрөг дээр зээлийн гэрээ байгуулсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
2019 оны 10 сарын 10-ны өдөр байгуулсан зээлийн гэрээнд автомашин худалдах, худалдан авах гэрээний үүргээ зээлийн үүрэг болгон өөрчлөх агуулга, талуудын хүсэл зориг илэрхийлэгдээгүй байх боловч зохигчийн тайлбар, хэргийн үйл баримттай харьцуулан үзэхэд талууд 2019 оны 10 сарын 10-ны өдөр 1 600 000 төгрөгийн үнийн дүн бүхий зээлийн гэрээ байгуулснаар тэдний хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн үүргийн харилцаа үүсч, өмнөх худалдах, худалдан авах гэрээг дуусгавар болгож, худалдах, худалдан авах гэрээний үүргийг зээлийн гэрээний үүргээр сольсон гэж дүгнэх үндэстэй.
Өөрөөр хэлбэл, өмнөх үүрэг буюу 2019 оны 10 сард автомашин худалдах, худалдан авах гэрээний дагуу биелэгдээгүй үүрэг буюу хариуцагчийн автомашины үнэ төлөх мөнгөн төлбөрийн үүргийг талууд 2019 оны 10 сарын 10-ны өдрийн зээлийн гэрээгээр зээл төлөх үүргээр сольсон байна.
Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т талууд өмнөх үүргийг солихоор тохиролцсоноор үүрэг дуусгавар болохоор заасны дагуу зохигчийн хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээний үүрэг дуусгавар болжээ.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан бөгөөд хэдийгээр зохигчдын хооронд зээлийн гэрээний дагуу мөнгө шилжүүлээгүй боловч автомашин худалдах, худалдан авах гэрээний үүргийг зээлийн гэрээний үүрэг болгон сольсон байх тул нэхэмжлэгч Т.А нь хариуцагч М.А гээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй.
Хариуцагч нь нэхэмжлэгчээс худалдаж авсан автомашиныг өөрийн эзэмшилдээ авч ашиглаж байгаа гэдгээ хүлээн зөвшөөрч, маргаагүй учир Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасны дагуу хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлэх үүрэгтэй.
Зээлийн гэрээний 3.2-т зээлийн хэмжээг 1 600 000 төгрөг гэсэн байх бөгөөд автомашины төлбөрийн үлдэгдэл 1 600 000 төгрөг байсан талаар зохигчид маргаагүй.
Зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний 3.7-д гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцохоор тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ, 232.6-д хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасантай нийцэж байх бөгөөд нэхэмжлэгч Т.А нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар алданги шаардах эрхтэй.
Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний хугацаа дууссан өдөр буюу 2019 оны 10 сарын 19-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл 365 хоногоор алданги тооцож алданги 2 920 000 төгрөгийг гаргуулахаар шаардсан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэсэн заалтад нийцээгүй байх тул хуульд нийцүүлэн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 1 600 000 төгрөгөөс тооцож алданги 800 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй.
Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч М.А гээс зээлийн гэрээний үүрэгт 1 600 000 төгрөг, алданги 800 000 төгрөг, нийт 2 400 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.А эд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2 120 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасныг баримтлан хариуцагч М.А гээс. зээлийн гэрээний үүрэгт 1 600 000 /нэг сая зургаан зуун мянган/ төгрөг, алданги 800 000 /найман зуун мянган/ төгрөг, нийт 2 400 000 /хоёр сая дөрвөн зуун мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.А эд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2 120 000 /хоёр сая нэг зуун хорин мянган/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 87 270 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.А гээс нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 53 350 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.А эд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР