Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 2024/ШЦТ/139

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа 

Улсын яллагч М.Мэндбаяр

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Батболд

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд  нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржигин овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2421001220144 дугаартай хэргийг 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1975 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дорнод аймгийн ******* сумын 7 дугаар баг, ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 2018/ШЦТ/133 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж байсан, Боржигин овогт ******* ******* /РД: *******/.

Шүүгдэгч ******* нь 2024 оны 03 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө 03 цагийн орчимд Дорнод аймгийн ******* сумын 6 дугаар багт байрлах Ерөнхий боловсролын “ ” цогцолбор сургуулийн хойд талын замаар Toyota Prius-30 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан болон согтууруулах ундааны зүйл хэрэглэн /2.27%/ согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ******* хуралдаанд мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул нэмж ярих зүйлгүй” гэв.

Шүүгдэгч Боржигин овогт ******* ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2024 оны 03 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө 03 цагийн орчимд Дорнод аймгийн ******* сумын 6 дугаар багт байрлах ерөнхий боловсролын “ ” цогцолбор сургуулийн хойд талын замаар улсын дугаартай, Toyota Prius-30 маркийн тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэн жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн шүүгдэгч *******ы “...Би 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 21 цагийн орчим ******* сумын 11 дүгээр багт байрлах “” буудалд очсон. Очоод Баяржаргалтай уулзаад хамт архи уусан. 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 02 бил үү 03 цагийн орчим “” буудлаас өөрийн улсын дугаартай Приус-30 маркийн тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодож замын хөдөлгөөнд оролцож байгаад ******* сумын 6 дугаар баг, “ ” сургуулийн хойд талын замд цагдаад баригдсан. Тээврийн хэрэгсэл саатуулах байранд аваачиж согтуурал шалгах багажаар согтолтын зэргээ шалгуулахад 2,27 бүхэлтэй гарсан. Би согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25/,

мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч Б.хүүгийн ...Би 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 00 цагаас 06 цаг хүртэлх хугацаанд цагдаа, зохицуулагч цагдаагийн дэд ахлагч хамт шөнийн эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн. Үүрэг гүйцэтгэх хугацаанд ******* сумын 6 дугаар баг, хойд төв зам дагуу хяналт шалгалт хийгээд зогсож байсан. Тухайн үед ертөнцийн зүгээр зүүн зүгээс баруун чиглэлтэй Приус-30 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл явж байсан бөгөөд уг тээврийн хэрэгслийг дохиж зогсоосон. ...Жолоочийн бичиг баримтыг шалгаад тандагч багажаар үлээлгэхэд тандагч багажийн гэрэл улаан асаж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна гэж заасан. Тийм болохоор *******ыг тээврийн хэрэгсэл түр шалгах байр руу дагуулан явж согтуурал шалгах драгер багажаар шалгахад 2,27 бүхэлтэй архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан бөгөөд тээврийн хэрэгслийг саатуулж жолооч *******ыг явуулсан. ******* нь дотроо нэг хүнтэй явж байсан ба ******* тээврийн хэрэгслээ жолоодон явж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16/,

гэрч “...Приус-30 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл явж байсан бөгөөд нэг талын гэрэл асахгүй байхаар нь дохиж зогсоон шалгасан. Зогсоон шалгахад жолооч ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан. Тээврийн хэрэгсэл дотроо хоёулаа явж байсан бөгөөд буудалд найзтайгаа ууж байгаад гараад явж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь драгер багажаар үлээлгэхэд улаан ассан. ...Шалгаж үзэхэд 2,27 бүхэлтэй гарч архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон байсан. Мөн эрх хасагдсан  үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18/, жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 9/, *******ы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн лавлагаа /хх-ийн 10/, улсын дугаартай, Toyota Prius-XW30 маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 11/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.    

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байхаас гадна хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Т.*******ы амьсгал дахь спиртийн агууламж 2,27 промиль гарсан болох нь жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэлээр нотлогдон тогтоогдож байх ба жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журмын 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “Шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0,20 промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0,5 промиль (%) илэрвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ” гэж зааснаар шүүгдэгчийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалснаар тооцсон нотлох баримтуудаар тогтоогдсон шүүгдэгч ******* нь Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл нэг жилээр хасуулсан хугацаандаа буюу 2024 оны 03 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй байхаас гадна шүүгдэгч ******* нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, түүнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Прокуророос шүүгдэгчид санал болгож, шүүгдэгчээс хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Иймд прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах ялыг торгох ял оногдуулсан үеэс тоолохоор шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигин овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* *******ы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 2,700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ы хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах ялыг торгох ял оногдуулсан үеэс тоолсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                П.ПАГМА