Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 101/ШШ2021/00926

 

 

 

 

 

 

 

 

                       2021        03          24   

         101/ШШ2021/00926

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Т.О /-н нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Г.Н /,

 

Хариуцагч: Д.М / нарт холбогдох,

 

Автомашины төлбөрийн урьдчилгаа 30 000 000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т.О , хариуцагч Г.Н , хариуцагчийн өмгөөлөгч Ч.Н, гэрч Д.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Нандинцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

   Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

 “Миний бие нь Г.Н , Д.М  нартай амаар харилцан тохиролцож, Beiben Howo маркийн Бүгд Найрамдах Хятад Ард Улсад үйлдвэрлэгдсэн, УБК 51-41 дугаартай автомашиныг 54 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцож Г.Н , Д.М  нарт урьдчилгаа төлбөрийг Г.Н ын охин Халиуны эзэмшлийн данс болох Хаан банкны 5076761234 тоот дансанд 2019 оны 06 сарын 20-ны өдөр машины урьдчилгаа болгож 30 000 000 төгрөгийг шилжүүлсэн юм. Гэтэл уг автомашин нь тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр Д овогтой Б ийн нэр дээр байдаг, Хас банкны барьцаанд давхар байсан. Автомашинтай холбоотой хүний амь нас эрсэдсэн хэрэг явдал болсон гэдэг нь үнэн. Төлбөр, хохирлын асуудлууд үүссэн. Би машиныг гудамжинд огт хаяагүй. Хууль ёс журмын дагуу цагдаагийн байгууллагаас битүүмжилсэн. Тухайн автомашинд 1 200 000 төгрөгийн эвдрэлийн үнэлгээ гарсан. Би хохирол төлж байгаа учраас нэмж 20 гаруй сая төгрөг өгөх боломжгүй байна гэж хэлж гуйсан. Тухайн үйл явдал санаатай гэмт хэрэг байгаагүй. Тээврийн хэрэгслийг жолооч унаж яваад хариуцлагагүй байдлаас болж осол гаргасан. Тухайн үед би Г.Н аас машиныг буцааж авч, надад туслаач гэж гуйсан. Би 30 000 000 төгрөгийн наймааг буцаах хүсэлтэй байна. Би Г.Н , Д.М  нартай наймаа ярьсан, Д.Б  гэдэг хүнтэй наймаа яриагүй, тэр хүнийг сайн мэдэхгүй, танихгүй. Уг тээврийн хэрэгслийг Д.Б  нь өөрийн машин гээд буцааж авсан байгаа.Тийм учраас өөр хүний өмчлөлд байгаа тээврийн хэрэгслийн талаар Г.Н тай наймаа хийх боломжгүй гэж үзэж байна. Цаашид энэхүү аман хэлцэл нь хийгдэх боломжгүй байгаа тул Г.Н , Д.М  нарт машины урьдчилгаанд төлсөн 30 000 000 төгрөгийг нэхэмжилж байгааг гаргуулж өгнө үү” гэв.

 

Хариуцагч Г.Н  шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

“2019 оны 06 сарын 20-ны өдөр Д.М гийн найз Өрнөхөөр дамжуулж Т.О  автомашины наймаа хийхийг санал болгосон. Т.О  бид хоёр бие биенийгээ огт таньдаггүй байсан. Т.О  хүнээс сонслоо гээд өөрөө машиныг авъя гэж гуйж ирсэн. Би анхнаасаа банкны барьцаанд байгаа гэж үнэн учраа бүгдийг нь хэлсэн. Зөрүү мөнгөө өгөхөөр чинь нэрийг чинь шилжүүлж өгнө гэж хэлэхэд болно гээд машиныг авч явсан. 51 41 УБК улсын дугаартай Норд бенз автомашиныг 55 000 000 төгрөгөөр зарах буюу эхний ээлжинд 30 000 000 төгрөгийг дансаар өгч үлдэгдэл 25 000 000 төгрөгийг сарын хугацаанд өгч машиныг шилжүүлж, өгөхөөр тохиролцсон боловч уг автомашинаар худалдаж авсан тал буюу Т.О  жолоочоо өөрөө сонгон авч уг машиныг гэрээт ажилд нь 2-3 рейс хийгээд ажилдаа явж байхдаа автомашины онц ноцтой осол аваар гаргаж хүний амь эрсдсэн. Мөн уг машинд их хэмжээний эвдрэл гаргаж машиныг буцаая гэсэн санал тавьсан. Авч яваад аваарь осол гаргачхаад машиныг буцаая гэж хэлсэн. Бид аваарь осол гаргасан машиныг буцааж зарахад хэцүү, тийм учраас машиныг өөрөө ав гэж хэлсэн. Бид хүний амьтай холбоотой болон ажлын гэрээгүй болсон машиныг буцааж авах хүсэлгүй байна. Харин машины үлдэгдэл 25 000 000 төгрөгийг авч Т.О д шилжүүлж өгөх хүсэлтэй байна. Т.О  иргэн Г.Н  буюу надтай амаар болон гар бичмэлээр гэрээ хийсэн нь үнэн болно. Тухайн машин одоо Хас банкны барьцаанд байхгүй. Машин Д.Б гийн нэр дээр байгаа. Д.Б  надад машиныг зарах эрхээ өгсөн гэдгээ тайлбарлах байх гэж бодож байна. Би машиныг ав гэж шахаж шаардаагүй, өөрсдөө ирж наймаа тохиролцсон. Д.Б  бид хоёрт гэрлэлтийн баталгаа байгаа учраас болно гэж ярилцсаны эцэст энэ наймааг хийсэн. Надад ямар ч залилах санаа байгаагүй. Хэрэг гарсны дараа Т.О  руу олон удаа залгаж, уулзах санал гаргаж байсан. Гэтэл 4, 5 дахь уулзалтад эхнэр нь Т.О той дахиж битгий ярь, надтай ярь, Т.О той уулзах хэрэггүй гэсэн учраас би холбоогоо таслаад дахин эргэж холбогдоогүй. Залилан хийгээд мөнгө, төгрөгийг нь авсан зүйл байхгүй. Надад 30 сая төгрөгийг өгөх боломж байхгүй. Би машиныг шилжүүлж өгөхөд бэлэн байна. Эвлэрлийн гэрээ байгуулж болно. Энэ маргаанд иргэн Г.М  хамааралгүй, тухайн тээврийн хэрэгсэл Г.М гийн өмч биш учраас хариуцагчаар татагдах үндэслэлгүй байна. Т.О  өөрөө санал тавьж хүний машиныг авч ашиглачхаад буцаана гэж байна. Худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр хэвээр байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.О  нь хариуцагч Г.Н , Д.М  нарт  холбогдуулан автомашины төлбөрийн урьдчилгаанд төлсөн 30 000 000 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.

 

Хариуцагч Г.Н  нь худалдан авсан автомашиныг унаж байсан жолооч зам тээврийн осол гаргаж автомашинд их хэмжээний эвдрэл гарсан тул автомашиныг буцаан авах боломжгүй гэх тайлбарыг гарган нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

 

Хариуцагч Д.М  нь нэхэмжлэлийг 2020 оны 10 сарын 19-ний өдөр гардан авсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан хариу тайлбарыг шүүхэд ирүүлээгүй.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

Хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараар хариуцагч Г.Н , Д.М  нар нь Nord Benz Beiben Howo маркийн, 51-41 УБК улсын дугаартай ачааны автомашиныг нэхэмжлэгч Т.О н эзэмшилд шилжүүлж, Т.О  нь автомашины төлбөрт 2019 оны 06 сарын 20-ны өдөр 30 000 000 төгрөгийг Г.Н ын охин н.Халиуны данс руу шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байх бөгөөд зохигчид энэ талаар маргаагүй. /хх-5/

 

Дээр дурдсанаар хариуцагч нар нь нэхэмжлэгчийн эзэмшилд автомашин шилжүүлсэн, нэхэмжлэгч нь автомашины төлбөрт мөнгө шилжүүлсэн үйл баримтаас тэдний хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна. Худалдах, худалдан авах гэрээг байгуулахад хэлбэрийн талаар тусгайлсан зохицуулалт байхгүй тул талууд гэрээг амаар байгуулсан нь хууль зөрчөөгүй.  

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч нар өөр этгээдийн өмчлөлийн автомашиныг түүнд худалдсан тул автомашины төлбөрт төлсөн мөнгийг буцаан гаргуулах үндэслэлтэй гэж тайлбарлаж байна.

 

Иргэн, хуулийн этгээд нь хуульд зааснаар хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах эрхтэй ба Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д зааснаар өөрийн өмчийн зүйлээ бусдын эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор чөлөөтэй эзэмших, ашиглах, үр шимийг хүртэх, захиран зарцуулах эрхтэйгээс гадна бусдын хууль бус эзэмшлээс буцаан шаардах, өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, өмчлөх эрхийг хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй. Өмчлөгч нь тухайн хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн өмч мөн гэдгийг баталж, өмчлөгч гэдгээ нотолсон байх шаардлагатай.

 

Nord Benz Beiben Howo маркийн, 51-41 УБК улсын дугаартай ачааны автомашины өмчлөгч нь Д.Б  болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр тогтоогдож байна. /7/

 

Хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараар нэхэмжлэгч Т.О  нь автомашиныг өөрийн эзэмшилд шилжүүлэн авсны дараа уг автомашиныг жолоодож явсан жолооч зам тээврийн осол гаргасны улмаас тээврийн хэрэгслийг цагдаагийн байгууллага битүүмжлэн хураасан, тухайн автомашины өмчлөгч Д.Б  нь Тээврийн цагдаагийн газарт хүсэлт гарган автомашиныг авсан болох нь тогтоогдож байна. /хх-8/ Д.Б  нь шүүх хуралдаанд гэрчээр оролцож мэдүүлэг өгсөн бөгөөд өөрийн өмчлөлийн автомашиныг буцаан авч холбогдох засвар үйлчилгээ хийн өөрийн өмчлөлд байлгаж байгаа талаар мэдүүлсэн.

 

Хариуцагч Г.Н  нь автомашины өмчлөгч Д.Б тай гэрлэлтийн баталгаатай тул автомашиныг бусдад худалдах эрхтэй, хариуцагч Д.М  нь автомашин худалдсан асуудалд хамааралгүй гэх тайлбарыг гаргаж байх боловч уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотлоогүй.

 

Хууль буюу гэрээнд заасан үүргийн дагуу бусдын өмчлөлд шилжүүлж буй хөрөнгө нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө байх ёстой бөгөөд хариуцагч Г.Н , Д.М  нараас нэхэмжлэгчид худалдсан автомашин нь Д.Б гийн өмчлөлийнх болох нь тогтоогдож байх тул хариуцагч нарын худалдсан автомашин эрхийн зөрчилтэй байсан гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс буцаан шаардах эрхтэй.

 

Дээр дурдсан үндэслэлүүдийг нэгтгэн дүгнэхэд хариуцагч Г.Н , Д.М  нар нь Д.Б гийн өмчлөлийн Nord Benz Beiben Howo маркийн, 51-41 УБК улсын дугаартай ачааны автомашиныг нэхэмжлэгч Т.О д худалдаж, төлбөрт 30 000 000 төгрөгийг шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байх тул хариуцагч Г.Н , Д.М  нараас 30 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.О д олгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хариуцагч Д.М  нь нэхэмжлэлийг 2020 оны 10 сарын 19-ний өдөр гардан авсан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй, шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй, нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар шийдвэрлэв.

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Г.Н , Д.М  нараас 30 000 000 /гучин сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.О д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Н , Д.М  нараас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 307 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.О д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Д.ЦЭРЭНДОЛГОР