Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 101/ШШ2021/00943

 

 

 

 

 

 

 

 

                       2021        03          24   

         101/ШШ2021/00943

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Н ” Хадгаламж зээлийн хоршоо /-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ж.Д /,

Хариуцагч: Д.А / нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 101,157,303 төгрөг, нотариатын зардал 20,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.З , шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Нандинцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

 “Хариуцагч иргэн Ж.Д , Д.А  нар нь манай “Н ” хадгаламж зээлийн хоршоотой 2019 оны 09 сарын 06-ны өдөр ЗГ2019100210618 тоот Зээлийн гэрээг байгуулан 100,000,000 төгрөгийг сарын 2.99 хувийн хүүтэйгээр зээлэн авсан ба гэрээний хавсралт 1-д заасан графикийн дагуу 12 сарын хугацаанд хувааж хуваарийн дагуу буцаан төлөхөөр зөвшөөрч зээлэн авсан. Хариуцагч нар нь уг зээлийн барьцаанд өөрсдийн өмчлөлийн орон сууц болох Улсын бүртгэлийн Ү-2204  дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, 13312 нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, ... дугаар байр, ... тоот хаягт байршилтай 130.9 мкв орон сууц бүхий үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж барьцааны БГ2019100210618 тоот гэрээг байгуулан М-1510991 дугаартай барьцаалбарыг үйлдэн улсын бүртгэлд бүртгүүлсэн. Хариуцагч нар нь зээл авснаас хойш зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү болон үндсэн төлбөрт 47,100,000 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэгдэл төлбөрийг өнөөдрийг хүртэл төлж барагдуулалгүй гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин манай байгууллагыг хохироож байна. Нэхэмжлэгч нь хариуцагч иргэн Ж.Д , Д.А  нараас зээлийн гэрээний 2.2, 2.6 болон 3.2.1-т заасны дагуу үндсэн төлбөр дээр хүү болон нэмэгдүүлсэн хүү тооцон авах эрхтэй. Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 76,595,638 төгрөг, хуримтлагдсан хүү 20,978,846 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,582,818 төгрөг, нийт зээлийн төлбөр 101,157,303 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид “зээлдүүлэгч” гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ”, 453 дугаар зүйлийн 453.1-д “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж тус тус заасны дагуу мөн Зээлийн гэрээний 2.11-т заасны дагуу нотариатын зардал 20,000 төгрөгийн хамт хариуцагч нараас гаргуулж өгнө үү. Үүргийн гүйцэтгэлийг зээлийн барьцаанд барьцаалсан Улсын бүртгэлийн Ү-2204  дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, 13312 нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, ... дугаар байр, ... тоот хаягт байршилтай 130.9 мкв орон сууц бүхий үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулж өгнө үү.

           Хариуцагч тал дөрвөн асуудлаар маргаж байна гэж ойлголоо. Нэгдүгээрт Хадгаламж зээлийн хоршооны тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-т зааснаар хүү тогтоогоогүй байна гэж маргаж байна. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч хэргийн бодит байдалтай сайн танилцаагүй юм шиг байна. Учир нь тэргүүлэгчдийн зөвлөлийн 2015 оны 10 сарын 23-ны өдрийн тогтоолын 1.3-т шуурхай зээлийн хүүг тогтоосон. Хүүг тогтоохдоо 2.99-2.69 хувь, хугацаа 12 сар, зээлийн хэмжээ 100,000,000 төгрөг гэж тогтоосон. Үүнийг өнөөдрийг хүртэл мөрдөж байгаа. Мөн тухайн өдөр гүйцэтгэх захирлын хүү тогтоосон тушаал гарсан. Тэргүүлэгчдийн хурлын 2016 оны 01 сарын 04-ний өдрийн 01 дүгээр тогтоолд эргэлтийн хөрөнгийн зээлийн хүүг тогтоосон байдаг. 1 дүгээр заалтад шуурхай зээл, түншлэлийн зээл, цалингийн зээлүүдийн ерөнхий нөхцөлийг 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн тогтоолд заасны дагуу цаашид мөрдсүгэй гэж заасан. Хуульд заасны дагуу хүүг тогтоож, хариуцагч нартай зээлийн гэрээ байгуулж, хууль журмын дагуу үйл ажиллагаа явуулсан. Хоёрдугаарт нэмэгдүүлсэн хүүний асуудал ярьж байна. Зээлийн гэрээний 2.6-д “Зээлдэгч нь энэхүү гэрээний 2.1.3-т заасан хугацаанд зээл, зээлийн хүүний төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй бол зээлийн гэрээг ноцтой зөрчсөнд тооцох ба хугацаа хэтэрсэн өдрөөс эхлэн гэрээний 2.1.1-т заасан зээлийн хүү болон уг хүүний 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг энэхүү гэрээний үүргийн гүйцэтгэл бүрэн хангагдаж дуусах хүртэл төлөхөөр талууд тохиролцов” гэж заасан. 2.1.3-т “Зээлийн төлбөр, хүүг төлөх графикт хугацааг энэхүү гэрээний хавсралт 1-ээр тодорхойлно” гэж заасан. Хавсралт 1-т эргэн төлөгдөх график гаргаж, төлөх огноог зааж өгсөн. Өөрөөр хэлбэл сар бүрийн 20-ны өдрийн дотор төлбөрүүдийг хийнэ гэж заасан. Энэ графикийг зөрчсөн учраас нэмэгдүүлсэн хүү тооцож явсан. Нэмэгдүүлсэн хүүнд тооцсон тухай дансны хуулгуудыг хэрэгт хавсаргасан. Гуравдугаарт хадгаламж зээлийн хоршоо зөвхөн гишүүддээ зээл олгоно гээд гишүүнчлэлийн асуудал ярьж байна. Гишүүн болоогүй хүнд зээл олгож хууль зөрчсөн гэж тайлбарлаж байна. Тэргүүлэгчдийн хурлын 2019 оны 09 сарын 02-ны өдрийн тогтоолд хавсралт 1-т заасан нэр бүхий гишүүдийг гаргасан хүсэлтийн дагуу шинээр гишүүнээр элсүүлэхийг зөвшөөрсүгэй гэж дурдсан байдаг. Энэ хавсралтад Ж.Д , Д.А  нарын нэр байдаг. Он дарааллын асуудал ямар учиртай вэ гэхээр хүсэлт дээр он сар өдөр байхгүй байгаа. 2019 оны 09 сарын 02-ны өдөр анкет, өргөдөл, хүсэлтүүдээ өгсөн. Мөн өдөр 1701 дугаартай тэргүүлэгчдийн хурлын тогтоолоор гишүүнээр элсүүлсэн. Улмаар хариуцагч нар гишүүний хувь хөрөнгөө 2019 оны 09 сарын 06-ны өдөр тушаасан, энэ өдрөө зээлийн гэрээ байгуулж, зээлийн гүйлгээг 2019 оны 09 сарны 10-ны өдөр шилжүүлсэн. Бид хуулийн дагуу хуулийн хугацаанд холбогдох хүсэлт, анкетуудыг нь аваад эрх, үүргийг нь үүсгүүлээд зээлийн гэрээ байгуулсан. Хууль зөрчсөн асуудал огт байхгүй. ишүүний хувь хөрөнгө оруулсан өдрөөс хойш ийм хугацаанд зээлийн гэрээ байгуулна гэж заасан байдаг. Хүсэлтийг нь аваад гишүүнээр элсүүлэх шаардлага хангасан эсэхийг нь судалж үзээд тэргүүлэгчдийн хурлын тогтоолоор гишүүнээр элсүүлдэг, гишүүн болоод хувь хөрөнгөө нийлүүлээд үүний дагуу зээл олгосон процесс болсон. Хариуцагч талаас шуурхай зээлийн журам дээр хүү тогтоогоогүй гэсэн асуудал ярьж байна. Шуурхай зээлийн журамд ямар хүмүүс зээл авах вэ, ямар шаардлага тавигдах вэ, ямар материал бүрдүүлэх вэ гэдгийг зааж өгсөн. Шуурхай зээлийн журмын 2.5-д шуурхай зээлийн хүү тогтмол байна, 2.5.2-т шуурхай зээлийн хүү, хүүний хувь хэмжээ, бүтээгдэхүүний тогтоох ёстой гэж заасан. Бүтээгдэхүүний тогтоол гэдэг нь тэргүүлэгчдийн зөвлөлийн 2015 оны 10 сарын 23-ны өдрийн хүү тогтоосон тогтоол юм. Үүнийг мөрд гэсэн үг. Шуурхай зээлийн журмын 3.1-т зээл хүсэгч нь дараах үндсэн шаардлагыг хангасан байна: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод байнга оршин суух хаягтай, эрх зүйн бүрэн чадамжтай байна гэх мэт шаардлагуудыг заасан байна. Ийм учраас “Н  хадгаламж зээлийн хоршоо нь хуулийн хүрээнд хариуцагч нартай зээлийн гэрээ байгуулж, зээл олгосон. Өөрөөр хэлбэл зээлийн гэрээ, барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус байх үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

“Нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй. Хадгаламж зээлийн хоршооны тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-т “Тэргүүлэгчдийн зөвлөл нь дараах бүрэн эрхтэй байна: 35.1.4-т “хадгаламж, зээлийн журмыг батлах, хүүг тогтоох” гэж заасан. Тухайн жилийн эсхүл тодорхой хугацааны зээлийн бүтээгдэхүүн, түүний нөхцөл, хүү, шимтгэлийг хадгаламж зээлийн хоршооны тэргүүлэгчдийн зөвлөл батлах ёстой. Гэтэл өнөөдрийн байдлаар хэрэгт авагдсан баримт болон нэхэмжлэгч болон хариуцагч нарын байгуулсан зээлийн гэрээнд дурдсан 2.99 хувь гэсэн хүүгийн хэмжээг тэргүүлэгчдийн зөвлөлөөс баталж тогтоогоогүй байна. Хүү тогтоосон нь тус хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-т заасныг зөрчсөн буюу зөвхөн гүйцэтгэх захирал өөрөө дур мэдэн тогтоосон байгаа учраас тогтоосон хүү нь хүчин төгөлдөр бус болох нь харагдаж байна. 2021 оны 03 сарын 01-ний өдрийн шүүх хуралдаанд 2.99 хувийн хүүгийн хэмжээг тэргүүлэгчийн зөвлөл баталсан эсэхийг тодруулахаар нотлох баримт гаргуулах хүсэлтийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан боловч нэхэмжлэгчийн зүгээс захирамжид заасан хүү тогтоосон шийдвэр, тогтоолоо өгөөгүй. Хэргийн материалд авагдсан баримтаас харах юм бол 2015 оны 10 сарын 23-ны өдөр шуурхай зээлийн хүү 2.99-2.69 хувь, эргэлтийн зээл 2.69-2.19 хувь гэж хэлбэлзэх байдлаар тогтоогдсон. 2016 оны 01 сарын 04-ний өдөр шуурхай зээлийн хүүг 2.69-2.19 гэж тогтоосон. Үүнээс хойш тогтоосон тогтоол, шийдвэр огт байхгүй байна. Миний ойлгосноор одоо хүчин төгөлдөр байгаа шуурхай зээлийн хүүгийн хэмжээ тэргүүлэгчдийн зөвлөлийн 2016 оны 01 сарын 04-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор тогтоосноор 2,69-2,19 байх ёстой гэж харж байна. Гэтэл гүйцэтгэх захирал нь хариуцагч нартай гэрээ хийхдээ тэргүүлэгчдийн зөвлөлийн тогтоол болон Хадгаламж зээлийн хоршооны тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-т заасныг зөрчиж зээлийг хүүг 2.99 хувиар тогтоосон байгаа учраас хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс 2019 оны 05 сарын 17-ны өдөр тэргүүлэгчдийн зөвлөлийн хурал болж, 08 дугаар тогтоол гарсан гэж байгаа боловч, энэ тогтоолоор зээлийн хүүг тогтоосон тэмдэглэл байхгүй байна. Тийм учраас зээлийн хүүг тогтоогоогүй гэж харж байна. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс хүү тогтоосон тэргүүлэгчдийн зөвлөлийн хурлын тэмдэглэлийг гаргуулъя гэсэн боловч гаргаж өгөөгүй. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч байгууллага зээлийн хүүг тогтоогоогүй учраас тухайн хурлын тэмдэглэлийг гаргаж өгөөгүй гэж ойлгож байна. 2019 оны 05 сарын 17-ны өдрийн 8 дугаар тогтоолоор шуурхай зээлийн журмыг баталсан. Тухайн журам дээр хүүгийн хэмжээний талаар огт дурдаагүй байдаг. Тийм учраас тогтоол болон журмаараа хүү, шимтгэлийн нөхцөлөө батлаагүй юм байна, хамгийн сүүлд баталсан хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа тэргүүлэгчдийн зөвлөлийн тогтоол нь 2016 оны 01 сарын 04-ний өдрийн 01 дүгээр тогтоол байна, энэ тогтоолын дагуу хүүгийн хэмжээ 2.69-2.19 хувь байгаа юм байна, 2.99 болгож нэмэгдүүлсэн нь үндэслэлгүй юм байна гэсэн дүгнэлтэд хүрч байна. Мөн зээлийн нэмэгдүүлсэн хүүгийн хувьд хууль зөрчсөн буюу талууд тохиролцсон юм уу гэдэг асуудлаар хууль зүйн дүгнэлт хийхэд талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 2.6-д “ Зээлдэгч энэхүү гэрээний 2.1.3-т заасан хугацаанд буюу 1 жилийн хугацаанд зээл, зээлийн хүүний төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй бол зээлийг гэрээг ноцтой зөрчсөнд тооцох ба хугацаа хэтэрсэн өдрөөс эхлэн гэрээний 2.1.1-т заасан хүүг болон уг хүүний 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг гэрээний үүргийн гүйцэтгэл бүрэн хангагдаж дуусах хүртэл харилцан тохиролцоно” гэж заасан байна. Энэ заалтын агуулгаас харахад нэмэгдүүлсэн хүүг 12 сарын хугацаа дууссаны дараа тооцохоор талууд тохиролцсон байна. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс нэмэгдүүлсэн хүүг хугацаа хэтэрсэн гэсэн үндэслэлээр гэрээний хугацаа дуусахаас өмнө тооцсон нь үндэслэлгүй байна. Гэрээний 3.1.3-т “Зээлдэгч нь зээл зээлийн хүүний төлбөрийг хугацаанд төлөлгүйгээр хавсралтад дурдсан графикийг зөрчиж, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд график зөрчигдсөн өдрөөс эхлэн 2.1.1-т заасан хуваарийн дагуу хүү төлөх бөгөөд 2.1.1-т заасан хүүний 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг үндсэн зээлийн хамт төлөх үүрэгтэй” гэж заасан. Гэрээний 2.6-д заасан заалт нь гэрээний хугацаа дууссаны дараа нэмэгдүүлсэн хүү тооцож авах, 3.1.3-т заасан заалт нь график зөрчигдөх юм бол нэмэгдүүлсэн хүү тооцож авах ийм зөрчилтэй заалтууд байна. Хуульд заасны дагуу талууд хүсэл зоригоо илэрхийлээд нэмэгдүүлсэн хүүг тооцож болно гэж тохиролцсон гэж үзэх хууль зүйн үндэслэл байхгүй учраас нэмэгдүүлсэн хүүг тооцож авах хууль зүйн үндэслэл байхгүй. Хэрэв тохиролцсон байна гэж үзэх юм бол 2.6-д заасны дагуу 12 сарын хугацаа дууссанаас хойш төлөхгүй бол нэмэгдүүлсэн хүү тооцох агуулга бүхий гэрээг талууд хийсэн байна. Нэхэмжлэгч гэрээний заалтаа зөрчиж, гэрээний хугацаа дуусахаас өмнө нэмэгдүүлсэн хүүг төлсөн төлбөрөөс нь хасаж үндсэн төлбөрийг ихэсгэсэн нь үндэслэлгүй байна. Мөн Хадгаламж зээлийн хоршооны тухай хуулийн 17.1-т “Хадгаламж, зээлийн хоршоо нь энэ хууль болон хадгаламж, зээлийн хоршооны дүрэм, зээлийн үйл ажиллагааны журамд заасны дагуу зөвхөн гишүүддээ зээл олгож болно”, 18 дугаар зүйлийн 18:1-т “Хадгаламж, зээлийн үйл ажиллагаанд дор дурдсан зүйлийг хориглоно: 18.1.2. гишүүн бус этгээдэд зээл олгох, мөнгөн хадгаламж татах” гэж заасан. Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч нар “Н ” хадгаламж зээлийн хошоонд гишүүнээр элссэн үндэслэл тогтоогдохгүй байна. Нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 08 дугаар тогтоолоор баталсан шуурхай зээлийн журмын 1.4.1-т зээл хүсэгч гэж хоршоонд зээлийн хүсэлт гаргасан бөгөөд хоршоотой хамтран ажиллах гэрээ байгуулсан хуулийн этгээдэд тогтвор суурьшилтай ажиллаж буй хоршооны гишүүн үндсэн ажилтан, албан хаагчдыг гэж ойлгохоор тодорхойлсон. Гэтэл хариуцагч нар нэхэмжлэгчтэй хамтран ажиллах гэрээ байгуулсан хуулийн этгээдэд ямар нэгэн байдлаар ажил, албан тушаал эрхэлдэггүй. Тухайн хуулийн этгээдийн үндсэн ажилтан, албан хаагч биш. Зээл олгосон процесс нь шуурхай зээлийг журмын 1.4.1-т заасныг зөрчсөн байгаа учраас гишүүний бүртгэл болон зээл олгох үйл ажиллагааны журам зөрчсөн гэдэг нь өөрсдийнх нь гаргаж өгсөн баримтаас харагдаж байна. Хадгаламж зээлийн хоршооны тухай хуулийн 2.1-т тэргүүлэгчдийн зөвлөл нь гишүүдийн бүртгэлийг хөтөлж хадгалах ба түүний үнэн зөвийг хариуцаж, гарсан өөрчлөлтийг хуульд заасан хугацаанд хороонд мэдэгдэнэ гэж заасан. Нэхэмжлэгч талаас хариуцагч нарыг гишүүнээр элсүүлсэн гэж тайлбарлаж байгаа боловч бүртгэл хийгээгүй гэдэг нь 2019 оны 09 сарын 02-ны өдрийн тэргүүлэгчдийн тогтоол болон хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл 2017 оноос хойш өнөөдрийг хүртэл ямар нэгэн гишүүний бүртгэл хийгээгүй байна. Өнөөдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс хэргийн материалд авагдсан нотлох баримтын хүрээнд маргааныг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж байна гэж хэлсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38.1-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа нотолсон баримтаа бүрэн гаргаж өгсөн гэж ойлгож байна. 2017 оноос хойш гишүүний бүртгэл хийгдээгүй бөгөөд 2019 оны 09 сарын 06-ны өдөр гишүүнээр элссэн бүртгэл хороонд хийгдээгүй, хороонд мэдэгдсэний үндсэнд хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд тэмдэглэгдээгүй байгаа учраас хариуцагч нарыг тухайн хадгаламж зээлийн хоршооны гишүүн гэж үзэх хууль зүйн үндэслэл байхгүй байна. Улсын бүртгэл үнэн зөв байх ёстой. Улсын бүртгэл бүртгүүлснээр тухайн хадгаламж зээлийн хоршооны гишүүн гэдэг хууль зүйн үр дагавар үүснэ. Хэрэв бүртгүүлээгүй байсан бол зээл авах эсхүл тухайн хадгаламж зээлийн хоршооны бүх гишүүдийн хуралд оролцож санал өгөх гэх мэт хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэх боломжгүй. Санхүүгийн зохицуулах хороонд мэдэгдсэний дараа бүртгэл хийсний дараа хорооны гишүүн болно. Энэ ажиллагаа хийгдээгүй байхад зээлийн гэрээ байгуулсан нь Хадгаламж зээлийн хоршооны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-т заасныг зөрчиж, 18 дугаар зүйлийн 18.1.2-т заасан хориглох зүйлд нь хамаарч байна. Мөн тус хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-т заасныг зөрчсөн байна. Тухайн иргэн хоршоонд гишүүнээр элсэх хүсэлтээ гаргаад хөрөнгөө нийлүүлсний үндсэнд тэргүүлэгчдийн зөвлөл хуралдаад тогтоол гаргаж, уг тогтоолоо Санхүүгийн зохицуулах хороонд мэдэгдэж бүртгүүлэх ёстой. Гэтэл хэрэгт авагдсан баримтад 2019 оны 09 сарын 06-ны өдөр хувь нийлүүлсэн хөрөнгөнд хариуцагч нар 1000 төгрөг төлсөн. Хариуцагч нарын хоршоонд элсүүлэх хүсэлт огноо, дугааргүй байгаагаас үзвэл дараа нь нөхөж хийсэн болох нь харагдаж байгаа юм. Хадгаламж зээлийн хоршооны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т заасны дагуу хоршоонд элсэн хүсэлтийг тэргүүлэгчдийн зөвлөлд гаргах ёстой. Гэтэл хүсэлтийг тэргүүлэгчдийн зөвлөлд гаргаагүй хадгаламж зээлийн хоршоонд гаргасан байгаа нь тус заалтыг зөрчиж байна. Хүсэлт гаргасан тохиолдолд тэргүүлэгчдийн зөвлөл хуралдаал тогтоол гаргах ёстой. 2019 оны 09  сарын 06-ны өдөр 1000 төгрөг тушаагаад гишүүнээр элсэх хүсэлтээ өгсөн байхад 2019 оны 09 сарын 02-ны өдөр буюу 4 хоногийн өмнө тэргүүлэгчдийн зөвлөлийн тогтоол гарсан байдаг. Яагаад гишүүнээр элсэх хүсэлтээ өгөхөөс нь өмнө тэргүүлэгчдийн зөвлөлийн тогтоол гарсан юм бэ, 2019 оны 09 сарын 02-ны өдрийн тогтоолд хавсралтад дурдсан хүмүүсийг гишүүнээр элсүүлсүгэй гээд хавсралтад нь 2 хариуцагчийг дурдсан байдаг. Гэтэл тогтоол нь хүсэлтээс өмнө гарсан байна. Хариуцагч нар хоршооны гишүүнээр элсээгүй болох нь нэхэмжлэгч талын гаргаж өгсөн тэргүүлэгчдийн зөвлөлийн тогтоолоор тогтоогдож байна. Хүсэлт өгөөгүй байхад яагаад тогтоол гаргаад зээлийн гэрээ байгуулаад байдаг юм бэ, Хадгаламж зээлийн хоршооны тухай хуульд тэргүүлэгчдийн зөвлөл гишүүнээр элсүүлэх өргөдлийг 30 хоногийн дотор шийдвэрлэнэ гэж заасан. Эдгээр үйл ажиллагаа нь хууль зөрчсөн байгаа учраас хариуцагч нарыг хоршооны гишүүн гэж үзэх хууль зүйн үндэслэл байхгүй байна. Иймд талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 09 сарын 06-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээ нь Хадгаламж зээлийн хоршооны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 18 дугаар зүйлийн 18.1.2, 20 дугаар зүйлийн 20.1, 21 дүгээр зүйлийн 21.2, 35 дугаар зүйлийн 35.1.4 дэх заалтуудыг тус тус зөрчсөн байгаа учраас хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан хууль зөрчсөн хэлцэл, 56.1.8-д заасан хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангаагүй хэлцэл байгаа учраас тус хэлцлийн дагуу шаардах боломжгүй. Хариуцагч нар зээл авсан бөгөөд 47,100,000 төгрөгийн төлөлт хийсэн. Энэ талаар талууд маргаагүй. 100,000,000 төгрөгийн зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус учраас Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасны дагуу хүү болон нэмэгдүүлсэн хүү төлөх үндэслэл байхгүй. Харин үндэслэлгүй хөрөнгөжсөн учраас 100,000,000 төгрөгөөс төлсөн 47,100,000 төгрөгийг хасаж үлдэх төлбөрийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар шийдвэрлүүлэх хууль зүйн боломж бололцоотой байна. Гэхдээ нэхэмжлэгчийн зүгээс Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг үндэслэж нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч 2 удаа нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Өөрөөр хэлбэл анх шүүхэд нэхэмжлэл гаргахад нэхэмжлэлийн үнийн дүн 86,260,405 төгрөг байсан. Гэтэл шүүх хуралдаан хойшлох бүрт нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэх байдлаар явсаар өнөөдрийн байдлаар 101,157,303 төгрөг болсон. Хариуцагчийн зүгээс ямар нэгэн байдлаар хэргийг сунжруулах, үндэслэлгүйгээр хүсэлт гаргах байдлаар шүүх хуралдааныг хойшлуулсан зүйл байхгүй. Шүүх хуралдааныг нэг удаа товлоход нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн, гардуулах ажиллагаа хийгээд дараагийн шүүх хуралдаан ороход дахин нэхэмжлэлийг шаардлагаа ихэсгэсэн. Ийм байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн нь хууль зүйн үндэслэлгүй, хариуцагч нарын эрх ашигт сөргөөр нөлөөлсөн үйл явдал болсон. Иймд талуудын хооронд байгуулсан гэрээ хүчин төгөлдөр бус байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                ҮНДЭСЛЭХ нь:

   Нэхэмжлэгч Н ” Хадгаламж зээлийн хоршоо нь хариуцагч Ж.Д , Д.А  нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 76,595,638 төгрөг, хуримтлагдсан хүү 20,978,846 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,582,818 төгрөг, зээлийн нийт төлбөр 101,157,303 төгрөг, нотариатын зардал 20,000 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг эрхийн улсын бүртгэлийн Ү-2204  дугаарт бүртгэгдсэн, 000750794 дугаар гэрчилгээтэй, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, ... дугаар байр, ... тоот хаягт байршилтай 130.9 мкв талбайтай, 4 өрөө орон сууцны зориулалттай  үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.

   Хариуцагч нар нь Н ” хадгаламж зээлийн хоршооноос зээл олгосон үйл ажиллагааг Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийг зөрчсөн, зээлийн гэрээ хууль зөрчиж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбарыг гарган маргажээ.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Н ” Хадгаламж зээлийн хоршоо нь Ж.Д , Д.А  нартай 2019 оны 09 сарын 06-ны өдөр ЗГ2019100210618 дугаартай Зээлийн гэрээ,  БГ2019100210618 дугаартай Барьцааны гэрээг байгуулж 100,000,000 төгрөгийг, 30 хоногийн 2,99 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлж, зээлийн барьцаанд хариуцагч нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204  дугаарт бүртгэгдсэн, 000750794 дугаар гэрчилгээтэй, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, ... дугаар байр, ... тоот хаягт байршилтай, 130.9 мкв талбайтай, 4 өрөө орон сууцны зориулалттай  үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалжээ. /хх-14-16, 17-20/

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүрэгтэй“, мөн хуулийн  452 дугаар зүйлийн 452.1-д “Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно“, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй“ гэж заасан бөгөөд зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4-т “Хадгаламж, зээлийн хоршоо нь Хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр мөнгөн хадгаламж, зээлийн үйл ажиллагааг эрхэлнэ” гэж заасан бөгөөд Н ” хадгаламж зээлийн хоршоо нь Санхүүгийн зохицуулах хорооноос 2007 оны 04 сарын 26-ны өдөр 401/96 дугаартай Тусгай зөвшөөрлийн гэрчилгээг олгосны үндсэн дээр хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхэлж байгаа болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. /хх-10-13/

            Хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараар хариуцагч Ж.Д , Д.А  нар нь Н ” хадгаламж зээлийн хоршоонд  гишүүнээр элсэх өргөдлийг гаргасан, гишүүнээр элсэх хураамж 1000 төгрөгийг 2019 оны 09 сарын 06-ны өдөр төлсөн болох нь тогтоогдож байх бөгөөд хариуцагч нарын гаргасан хүсэлтүүдэд огноо бичигдээгүй байна. /хх-24-25, 26-27, 135, 136/

            Н ” хадгаламж зээлийн хоршооны Тэргүүлэгчдийн хурлын 2019 оны 09 сарын 02-ны өдрийн 17/01 дугаартай тогтоолоор Ж.Д , Д.А  нарыг хоршооны гишүүнээр элсүүлж, 2019 оны 09 сарын 05-ны өдөр зээлийн хорооны 1002-19/185 дугаартай шийдвэрээр 100,000,000 төгрөгийн зээл олгохоор шийдвэрлэж, 2019 оны 09 сарын 11-ний өдөр Ж.Д гийн данс руу 100,000,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. /хх-133-134, 21, 137, 138/

            Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д зааснаар хадгаламж зээлийн хоршоо зөвхөн гишүүддээ зээл олгож болох бөгөөд тухайн хоршооны гишүүн байх нөхцөл, гишүүнээр элсэх журмыг хуулиар тусгайлан зохицуулсан. Тухайлбал, хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т ажил, мэргэжил нэгтэй, нэг байгууллагын ажилчид эсхүл нэг дүүрэг, худалдааны төвд үйл ажиллагаа эрхэлдэг, үйл ажиллагааны чиглэл адил нийгэмлэг, холбоонд гишүүнчлэлтэй /шашин, нийгмийн, хоршооллын, ажил, хөдөлмөрийн, эсхүл боловсролын бүлэг зэрэг/, нэг аймаг, хот, дүүрэгт амьдардаг хүмүүс хадгаламж зээлийн хоршоог байгуулж гишүүн байх боломжтойг заасан. Мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д хуульд өөрөөр заагаагүй бол гишүүнээр элсэх журмыг хадгаламж, зээлийн хоршооны дүрмээр тогтооно гэж заасан.

Н ” хадгаламж зээлийн хоршоо нь дээр дурдсан хуульд заасан аль нөхцөлийн үндсэн дээр Ж.Д , Д.А  нарыг гишүүнээр элсүүлсэн нь тодорхойгүй байна. Нэхэмжлэгч нь тус хоршооны Тэргүүлэгчдийн зөвлөлийн баталсан Шуурхай зээлийн журамд зээл хүсэгч нь Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод байнга оршин суух хаягтай, эрх зүйн бүрэн чадамжтай байна гэсэн шаардлага тавьсныг хариуцагч нар хангасан тул зээл олгосон гэх тайлбарыг гарган мэтгэлцэж байх боловч хоршооны үйл ажиллагаа, дүрэм, журам Хоршооны тухай хууль болон Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуульд нийцсэн байвал зохино.

Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6-д “Энэ хуулийн 19.1-19.4-т заасан гишүүнээр элсэхэд тавигдах шаардлагад нийцүүлэн бусад шаардлагыг хадгаламж, зээлийн хоршоо өөрийн дүрмээр тогтоож болно”, 20 дугаар зүйлийн 20.1-д “Тэргүүлэгчдийн зөвлөл нь гишүүдийн бүртгэлийг хөтөлж, хадгалах ба түүний үнэн зөвийг хариуцаж, гарсан өөрчлөлтийг хуульд заасан хугацаанд Хороонд мэдэгдэнэ” гэж заасан.

Хэрэгт нотлох баримтаар авагдсан “Н ” хадгаламж зээлийн хоршооны улсын бүртгэлийн гэрчилгээнд хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан нэмэлт өөрчлөлтийн бүртгэлийг 2017 оны 07 сарын 17-ны өдөр сүүлийн байдлаар хийлгэсэн байх бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч Ж.Д , Д.А  нарыг хоршооны гишүүнээр элсүүлсэн бүртгэл хууль ёсны дагуу хийгдсэн гэх тайлбарыг гаргаж байх боловч уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлж нотлоогүй. /хх-8-9/

Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т “Хадгаламж зээлийн хоршооны дүрэмд заасан бол гишүүний эрх нь хадгаламж, зээлийн хоршоонд оруулах хувь хөрөнгийн доод хэмжээг бүрэн оруулснаар үүсч болох ба энэ тохиолдолд тухайн гишүүн дүрмээр тогтоосон хугацаанд хувь хөрөнгийг бүрэн оруулна” гэж заасан.

Ж.Д , Д.А  нар нь тэднийг хоршооны гишүүнээр элсүүлэх шийдвэр 2019 оны 09 сарын 02-ны өдөр гарсны дараа 2019 оны 09 сарын 06-ны өдөр хоршоонд оруулах хувь хөрөнгө болох 1000 төгрөгийг тушаасан байх бөгөөд  тэдний хоршоонд элсэх өргөдөлд огноо бичигдээгүй байгааг нэхэмжлэгч нь хариуцагч нар 2019 оны 09 сарын 02-ны өдөр хоршоонд элсэх өргөдөл гаргасны дагуу гишүүнээр элсүүлсэн гэх тайлбарыг гарган мэтгэлцэж байна.

Н ” хадгаламж зээлийн хоршоо нь хадгаламж, зээлийн үйл ажиллагааг хууль болон дүрэмд заасны дагуу явуулах үүрэгтэй. Хадгаламж, зээлийн хоршоо нь гишүүдийнхээ эдийн засгийн болон нийгэм соёлын нийтлэг хэрэгцээг хангах зорилгоор гишүүддээ хадгаламж зээлийн үйлчилгээг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үзүүлэх ашгийн төлөө бус хуулийн этгээд бөгөөд иргэнийг хэлбэрийн хувьд дүр үзүүлэн гишүүнээр бүртгэж, зээл олгох үйл ажиллагаа явуулах нь үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчсөн гэж үзэх үндэслэл болно.

Нэхэмжлэгч нь тус хоршооны гишүүн болох шалгуурыг хангасан тул Ж.Д , Д.А  нарыг хоршооны гишүүнээр элсүүлсэн гэх тайлбарыг гаргаж байх боловч 2019 оны 09 сарын 02-ны өдөр гишүүнээр элсүүлэх шийдвэр гарсаны дараа буюу 2019 оны 09 сарын 06-ны өдөр гишүүний хоршоонд оруулах хувь хөрөнгийг төлсөн, хоршоонд гишүүнээр элсэх өргөдлийг хэзээ гаргасан нь тодорхойгүй байгаа үйл баримтаас үзэхэд хоршооны гишүүнээр элсүүлэх талаарх хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Хадгаламж зээлийн хоршоо нь сайн дурын үндсэн дээр гишүүнчлэлтэй, хоршооны гишүүн бүх гишүүдийн хуралд саналын эрхтэй оролцох, сонгох, сонгогдох эрх эдлэх, мөнгөн хөрөнгөө хадгалуулах, зээл авах болон бусад үйлчилгээнд хамрагдах, хөрөнгө оруулах, өөрийн оруулсан хувь хөрөнгөтэй хувь тэнцүүлэн хадгаламж, зээлийн хоршооны жилийн орлогоос тогтоосон журмын дагуу хувь хөрөнгө авах зэрэг эрхийг эдэлдэг ба Ж.Д , Д.А  нар нь хоршоонд гишүүнээр элсэх өргөдөл гаргасан, гишүүний төлөх хураамжийг төлсөн боловч хоршооны гишүүний хувьд эдлэх эрхийг эдэлж байсан нь баримтаар тогтоогдоогүй, хариуцагч нар нь нэхэмжлэгч Н ” хадгаламж зээлийн хоршоотой зөвхөн зээл авах зорилгоор холбогдсон байна.

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй бөгөөд зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан байх боловч зээл олгогч Н ” хадгаламж зээлийн хоршоо нь хоршооны үндсэн чиг үүрэг, зарчмыг зөрчин хариуцагч нарт зээл олгосон байх тул тус хоршоо болон Ж.Д , Д.А  нарын хооронд байгуулагдсан 2019 оны 09 сарын 06-ны өдрийн ЗГ2019100210618 дугаартай Зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9-д заасан үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзнэ. Үндсэн буюу зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус учир 2019 оны 09 сарын 06-ны өдрийн БГ2019100210618 дугаартай барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т заасантай нийцнэ.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн талууд уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх үр дагавартай тул нэхэмжлэгч “Н ” хадгаламж зээлийн хоршоо нь  зээлийн гэрээний дагуу шилжүүлсэн мөнгийг буцаан шаардах эрхтэй бөгөөд хариуцагч Ж.Д , Д.А  нар нь тус хоршооноос 100,000,000 төгрөгийг авснаас 47,100,000 төгрөгийн төлөлтийг хийсэн байх тул 52,900,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх нь зөрчигдсөн гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан эрх зүйн харилцаанд оролцогч нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, тайлбар болон түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, холбогдох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй, үүнтэй холбоотой гарсан зардлыг тэрээр өөрөө хариуцах тул нотариатын зардалд төлсөн 20,000 төгрөгийг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-д заасан үүрэг гүйцэтгүүлэгч этгээдээс зайлшгүй гарсан зардал гэж үзэж хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй.

Дээр дурдсан үндэслэлүүдийг дүгнэн хариуцагч Ж.Д , Д.А  нараас 52,900,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Н ” Хадгаламж зээлийн хоршоонд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 48,277,303 төгрөгт холбогдох хэсэг, үүргийн гүйцэтгэлийг эрхийн улсын бүртгэлийн Ү-2204  дугаарт бүртгэгдсэн, 000750794 дугаар гэрчилгээтэй, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, ... дугаар байр, ... тоот хаягт байршилтай, 130,9 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцны зориулалттай  үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                                                                                     ТОГТООХ нь:

 1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасныг баримтлан хариуцагч Ж.Д , Д.А  нараас 52,900,000 /тавин хоёр сая есөн зуун мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Н ” Хадгаламж зээлийн хоршоонд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 48,277,303 /дөчин найман сая хоёр зуун далан долоон мянга гурван зуун гурван/ төгрөгт холбогдох хэсэг, үүргийн гүйцэтгэлийг эрхийн улсын бүртгэлийн Ү-2204  дугаарт бүртгэгдсэн, 000750794 дугаар гэрчилгээтэй, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, ... дугаар байр, .. тоот хаягт байршилтай, 130,9 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцны зориулалттай  үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид  төлсөн 589,253 төгрөг, 70,200 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээж, хариуцагч Ж.Д , Д.А  нараас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 422,450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н ” Хадгаламж зээлийн хоршоонд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Д.ЦЭРЭНДОЛГОР