| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдонгийн Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 101/2020/03574/и |
| Дугаар | 101/ШШ2021/00949 |
| Огноо | 2021-03-25 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 101/ШШ2021/00949
| 2021 03 25 | 101/ШШ2021/00949
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, шүүгч Д.Ганболд, шүүгч Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “А ” ХХК /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “Х ” ХХК /-д холбогдох,
Гэм хорын хохиролд 4,094,890 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э, хариуцагчийн төлөөлөгч Э.Ж, иргэдийн төлөөлөгч С.С, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Нандинцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
“А ” ХХК нь 1992 онд үүсгэн байгуулагдсан худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани юм. Тус компанийн бүрэлдэхүүнд багтах Сансар хүнсний сүлжээ дэлгүүрийн 1 дүгээр салбар нь Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, Сансар үйлчилгээний төвд байрладаг бөгөөд 1997 оноос хойш гадаад, дотоодын үйлдвэрлэгч, нийлүүлэгчдийн бараа, бүтээгдэхүүнийг хэрэглэгчдийн гарт түргэн шуурхай хүргэхийн тулд бараа, бүтээгдэхүүний чанарын стандартыг хангахад шаардлагатай худалдааны эрүүл, аюулгүй, тав тухтай орчныг бүрдүүлэн ажиллаж байна. 2020 оны 03 сарын 07-ны өдрийн бямба гаригийн 07 цаг 40 минутын үед 1 дүгээр салбартай хөрш зэргэлдээ байрлах “Х ” зочид буудлын 2 дугаар давхраас их хэмжээний ус алдсан. Үүнтэй холбоотойгоор манай компанийн ажилтнууд Сансар өргөө СӨХ болон ОСНААУГазрын Хэрэглэгчдэд Үйлчлэх Төвд хандаж яаралтай арга хэмжээ авч, усыг хаалган цахилгааныг тусгаарлаж галын аюулгүй байдлыг ханган ажилласан. Ус алдалтын шалтгааныг тодруулахад манай холбогдох ажилтнуудын хамт Х зочид буудлын захирал Э.Жаргал болон дэд захирлууд байлцаж, Х зочид буудлын 2 дугаар давхрын коллектор задарснаас ус алдсан болохыг анхан шатны хэмжээнд тогтоосон. Улмаар “ОСНААУГазрын Хэрэглэгчдэд үйлчлэх төв -3”-аас ус алдалтын шалтгааныг албан ёсоор тогтоосон. 2020 оны 03 сарын 13-ны өдрийн 31 тоот албан бичгээр “Х ” зочид буудлын коридорын халаалтын коллекторын шугам задарснаас ус алдсан болохыг тогтоож, техникийн гэмтлийг арилгасан” болохыг манайд мэдэгдсэн. “Х ” зочид буудлын захирал, удирдах албан тушаалтнууд ус алддаг өдөр газар дээр хамт байлцаж, нөхцөл байдлыг нүдээр харсан учраас хохирлыг сайн дураар төлнө гэсэн боловч төлөөгүй тул бид 2020 оны 03 сарын 31-ний өдрийн 282 тоотоор хохирол төлүүлэх тухай албан бичгийг “Х ” зочид буудлын захиргаанд явуулсан. Гэтэл “Х ” ХХК-аас хариу өгөхгүй, утсаа авахгүй байгаа тул тодорхой шийдэлд хүрч чадахгүй байна. Манайх үйлчилгээний байгууллага учраас бараа, бүтээгдэхүүний хадгалах стандарт, эрүүл, аюулгүй байдлыг хангах үүднээс арга буюу байрыг өөрийн зардлаар засварласан. Засвар хийхээс өмнөх байдлыг дүрс бичлэг, фото зургаар баримтжуулж авсан. Ус алдсантай холбоотой манай компанид дараах хохирол учирсан болно. Үүнд: Эд хөрөнгөд учирсан хохирол 2,092,064 төгрөг, бараа материалын хохирол 344,640 төгрөг, ажилтнуудын цалингийн зардал 819,736 төгрөг, засварын зардал 838,450 төгрөг /ажлын хөлс 523,650 төгрөг, материалын зардал 314,800 төгрөг/ нийт 4,094,890 төгрөгийн хохирол учирсан. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай бүюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заажээ. Мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэжээ. Мөн хуулийн 228 дугаар зүйлийн 228.д гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно гэжээ. “Х ” ХХК-иас нийт 4,094,890 төгрөгийг гэм хорын хохиролд гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Шүүхээс томилсон “Б ” ХХК-ийн гаргасан шинжээчийн дүгнэлтээр тоног төхөөрөмжийн үнэлгээг 2,524,314 төгрөгөөр үнэлсэн. Нэхэмжлэлд тоног төхөөрөмжийн хохиролд 2,092,064 төгрөгийг гаргуулахаар шаардсан боловч шинжээчийн үнэлгээгээр хохирлыг шаардахаар нэхэмжлэлийн шаардлагыг 432,250 төгрөгөөр нэмэгдүүлэн тоног төхөөрөмжийн хохиролд 2,524,314 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. Бараа материалын хохиролд 344,640 төгрөгийг гаргуулахаар шаардлага гаргасан. Усанд норсон бараануудын ихэнхи нь ахуй, соёлын бараанууд байсан бөгөөд бараануудыг бүр муудахаас өмнө санхүүгийн албанаас 2020 оны 03, 04, 05 сард 50 хувь хямдруулж ажилчдад борлуулсан тул хохирлын хэмжээг 172,320 төгрөгөөр багасгаж бараа материалын хохиролд 172,320 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. Ажилтнуудын цалингийн зардалд илүү цагаар ажилласан 13 ажилтны цалингийн зардалд 819,736 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн. Цалингийн ахлах нягтлан бодогч Б.С нь ажилтнуудын цалингийн зардлыг тухайн үед яаралтай тооцож холбогдох удирдлагад мэдээлэх үүрэг авсны дагуу Захиргаа, хүний нөөц хөгжлийн газраас ажилтнуудын илүү цагийн ирцийг авч тооцохдоо бичиглэлийн алдаа гаргаж А, И, А, З нарын 4 ажилтны цалинг алдаж тооцсоноо мэдээд залруулж 781,033 төгрөгийн цалинг олгож, холбогдох нийгмийн даатгалын шимтгэлийг төлж тайлагнасан байна. Иймд цалингийн зардалд 819,736 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг 38,703 төгрөгөөр багасгаж 781,033 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. Засварын ажлыг ажил гүйцэтгэх гэрээний дагуу иргэн Ш.Б аар гүйцэтгүүлж ажлын хөлсөнд 523,650 төгрөгийг Хаан банкаар шилжүүлсэн, 314,800 төгрөгийн материал авч өгсөн. Нийт 838,450 төгрөгийн зардал бодитоор гарсан. 838,450 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Шинжээчийн дүгнэлтээр 608,636 төгрөгийн төсөв гарсныг зөвшөөрөхгүй. Учир нь нэгэнт бодитоор хийгдсэн ажлын хөлс, зардлын баримтууд бүгд байгаа болно. Шүүхэд 4,094,890 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаа 221,227 төгрөгөөр нэмэгдүүлж нийт 4,316,117 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилж байна. Иймд хариуцагч “Х ” ХХК-аас гэм хорын хохиролд 4,316,117 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.
Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
“Тус компани нь 1998 онд Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо Сансарын Үйлчилгээний төвд байрлах хуучнаар Х зоогийн газрыг Нийслэлийн өмч хувьчлалын дуудлага худалдаагаар худалдан авч “Х ” ХХК-ийг байгуулан өнөөг хүртэл ажиллаж байна. Анх дуудлага худалдаагаар орж худалдан авч байх үед тус үйлчилгээний төвд Х рестароны доод нэг давхарт байрлах Сансарын дэлгүүрийг В.Энхбаатар хэмээх одоо “А ” ХХК-н захирал залуу дуудлага худалдаанд орж авч хаяа нийлэн ажил үйлчилгээ явуулж байгаа ба Сансарын супер маркетын дээврийг 22 жилийн турш 100 гаруй сая төгрөгөөр засварлаж цас борооны үед нэг ч дусал ус гоожуулалгүй явж ирсэн ба нэг ч төгрөг авч байгаагүй болно. “А ХХК нь Монгол улсад 50 гаруй супер маркет 20 гаруй бөөний цэг, 10 архи пивоны үйлдвэртэй Монголын №1 тэрбумтан байгууллага. Дэлхий нийтэд Ковид-19 өвчний тархалт нэмэгдэж Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой байдлын комиссын 2020 оны 02 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2020 оны 02 сарын 26-ны өдрийн А/223 тоот захирамж Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2020 оны 02 сарын 27-ны өдрийн 02-01/784 тоот шийдвэрүүдийн дагуу баар, караоке, зочид буудал зэргийг 2020 оны 03 сарын 30-ны өдөр хүртэл хаах шийдвэр гарч манай 24 цагаар ажил үйлчилгээ явуулдаг газруудыг хаасан юм. Мэргэжлийн Хяналтын Газраас хаалга үүдийг цоожилж лац тавьж хаасан үед манай зочид буудлыг түрээслэн ажил үйлчилгээ явуулж байсан Гэрэлтуяа хэмээх иргэний зочид буудлын хэсэгт байрлах дулааны шугамын орууллага хагарч ус алдсан байсныг 2020 оны 03 сарын 07-ны өдрийн 7 цаг 45 минутад би өөрөө ирж хаалгыг эвдэн орж усны алдагдалыг зогсоож хүмүүс дуудаж гоожсон усыг шавхаж цэвэрлэсэн. Түрээслэгч Гэрэлтуяаг дуудаж үзүүлэн засвар хийлгэх төлбөр төлүүлэх талаар ярилцахад ямар ч орлогогүй ажил үйлчилгээ явуулаагүй байгаа болохоор төлбөр төлөх засвар хийж чадахгүй гэсэн тул манай байгууллага өөрөө хохирч одоо ч бүрэн засвараа хийж чадаагүй байгаа ба үйлчилгээ эрхэлж орлого олж ажил үйлчилгээ эхлээгүй байна. Дэлгүүрт ус алдсаныг манай хүмүүс үзсэн ба эд нарын ярьж байгаа шиг юм огт болоогүй ба 13 хүн юунд ажилласан болохыг мэдэхгүй байна. 2-3 уут замаск авчих, манайх өөрийнхөө коридорыг засчихаад танай ус гоожсон хэсгийг засаад өгье гэхээр 10-15 дахин өссөн дүн хэлж 4 сая гаруй төгрөг нэхээд албан бичиг явуулж сүр болоод байгаа юм. Энэ төлбөрийг болон нэхэмжлэлийг манайх болон зочид буудлыг түрээслэгч Гэрэлтуяа төлөх нөхцөлгүй ба хэрэв төлүүлэх гэж байгаа бол үйлчилгээ хаах шийдвэр гаргаж хаалгасан Улсын Онцгой Комисс мэргэжилийн хяналтын байгууллагаас нэхэмжлэх хэрэгтэй. Манай болон дэлгүүрийн сантехникийн шугам сүлжээ цэвэр бохир ус нэгдсэн нэг сүлжээгээр холбогдсон байдаг ба тус тусад нь хаах бололцоогүй ер нь Сансарын Үйлчилгээний төвд тус дэлгүүр нь ганцаараа ажиллаж түүнийг халаахын тулд дулааныг дамжуулж бид З сар гаруй хугацаанд дулааны мөнгө ямар ч орлогогүй мөртлөө төлж байсан. Урьд нь дэлгүүрийн бохирын шугам 2019 онд хагарч манай подвольд асар их бохир гоожиж асгарч манайх өөрөө мөнгө гаргаж засварлаж цэвэрлэж ихээхэн алдагдал хүлээж байсан ба бид мөнгө нэхэж байгаагүй ба бохирын хоолойны төлбөр болох 80000 төгрөг Түвдэнням гэж сантехник хариуцсан хүнээс гаргуулж авч байсан. Дэлгүүрийн дор байрлах подвольд ус гоожуулж засвар үйлчилгээ хийхэд асар хүндрэлтэй, ус гоожуулдаг газар бараа хураачихсан бохирын шугамын худаг дээр склад барьчихсан, орж үйлчилгээ хийх угааж цэвэрлэхэд тун хэцүү. Үргэлж бохирын шугам хоолой бөглөрнө, манай баарны доод давхарт хальсан ус нь гарч бид өдөр шөнөгүй 20-30 тонн ус шавхаж хаядаг, үүнийг бүгд мэднэ. Бид ийм үед мөнгө төгрөг нэхэмжилж байгаагүй зохицоод л явдаг байсан. Бид энэ тухай Баянзүрх дүүргийн Мэргэжлийн Хяналтын газарт мэдэгдэж ус алдсан тухай хэлэхэд үйлчилгээ явуулж байгаа газрууд тусгай зөвшөөрөл авах болон сунгуулахдаа заавал даатгалын байгууллагад эд хөрөнгийн даатгал хийлгэсэн байх ёстой гэж хариулж байсан. Ер нь иймэрхүү асуудлаа даатгалын байгууллагад хандаж төлбөрөө гаргуулах ёстой. Иймд манай байгууллага нэхэмжлэлийг хүлээн авч чадахгүй. Энэ бол гэнэтийн осол давагдашгүй хүчин зүйл болно. Тухайн үед үйлчилгээг хааж байсан зургийг би аваагүй, интернэтээс олж хавтаст хэрэгт өгсөн. Манай компани 1000 орчим м.кв талбайтай, Сансар дэлгүүр 200 гаруй м.кв талбайтай. Манай компанийн 250 м.кв талбайд ус тархсан байсан. Би гурван хүнтэй хамт 3 цагийн хугацаанд шугамыг засварлаж, усыг шавхаж дууссан. Дэлгүүрт 20 м.кв газарт ус алдсан. 13 хүн 13 цагийн хугацаанд юу хийж байсан юм бэ, тухайн үед шугам, хоолойд хяналт тавих хүн байгаагүй. Учир нь бэлэн байдал зарласан үе байсан бөгөөд бүх үйлчилгээний байгууллагууд хаалттай байсан. Ганцхан дэлгүүр ажиллуулсан. Дэлгүүрийг ажиллуулахын тулд манайхаар дамжин өнгөрч байгаа шугамаас ус алдсан. Маш их зардал гаргаж ирээд нэхэмжилж байгааг ойлгохгүй байна. Ус алдсан үед Сансар дэлгүүрт ороод би өөрийнхөө ус алдсан талбайг засварлуулж байна. Танай ус алдсан буланг засаад өгье, нэг уут замаск авчих, би нэг хүнийг шаттай оруулаад засаад өгье гэхэд захирал Э нь бид нар мэргэжлийн байгууллагаар завсарлуулна гэж хэлсэн. Надад өгсөн албан бичигт сканер, компьютерын гар гэмтсэн гэж үзүүлж байсан. Гэтэл шинжээчийн дүгнэлтээр ороход ямар ч норсон бараа байгаагүй, ямар ч компьютер, эвдэрсэн гар байгаагүй. Баянзүрх дүүргийн салбар дээр байгаа гээд манай хүүг дагуулж орсон байсан. Шинжээч юу үзэж, ямар дүгнэлт гаргасныг ойлгохгүй байна. Халдвар хамгаалал, хорио цээрийн дэглэм тогтоосон үе байсан. Бид орох эрхгүй, орох юм бол Зөрчлийн тухай хуулиар 5 сая төгрөгөөр торгоно гээд бид нарыг хөөж гаргаад хаалга түгжсэн. Нэхэмжилж байгаа зардлыг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Би хоолой барьж байгаад дээрээс нь ус асгачихсан бол төлье, Улсын онцгой комиссоос үйл ажиллагаа хаасан байх үед би яах юм бэ, хэрэв төлүүлэх гэж байгаа бол Улсын онцгой комисс, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Засаг даргаар төлүүлэх ёстой. Иймд манай компанид холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Иргэдийн төлөөлөгч С.С шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ:
“Тухайн 2020 оны 03 сарын 07-ны өдөр нь Улсын комиссоос тогтоосон онцгой дэглэмийн улмаас дулааны шугам сүлжээнд хяналт тавих боломжгүй байсан тул нийтийн шугам сүлжээнд гарсан эвдрэл гэмтлийн улмаас үүссэн хохирлыг нэхэмжлэгчийн өмнө хариуцах үндэслэлгүй гэж үзэж байна” гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “А ” ХХК нь хариуцагч “Х ” ХХК-д холбогдуулан ус алдсаны улмаас учирсан гэм хорын хохиролд эд хөрөнгөд учирсан хохирол 2,092,064 төгрөг, бараа материалын хохирол 344,640 төгрөг, ажилтнуудын цалингийн зардал 819,736 төгрөг, засварын зардал 838,450 төгрөг, нийт 4,094,890 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь шинжээчийн дүгнэлтийг үндэслэн эд хөрөнгөд учирсан хохирлын нэхэмжилсэн дүнг 432,250 төгрөгөөр нэмэгдүүлэн 2,524,314 төгрөгийг гаргуулахаар, бараа материалын хохирлын нэхэмжилсэн дүнг 172,320 төгрөгөөр багасган 172,320 төгрөгийг гаргуулахаар, ажилтнуудын цалингийн зардлын нэхэмжилсэн дүнг 38,703 төгрөгөөр багасган 781,033 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг тус тус өөрчилж, засварын зардал 838,450 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, гэм хорын хохирол нийт 4,316,117 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан.
Хариуцагч “Х ” ХХК нь коронавируст халдварын цар тахалтай холбогдуулан Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссын 2020 оны 02 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2020 оны 02 сарын 26-ны өдрийн А/223 тоот захирамж Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2020 оны 02 сарын 27-ны өдрийн 02-01/784 тоот шийдвэрүүдийн дагуу баар, караоке, зочид буудал зэргийг 2020 оны 03 сарын 30-ны өдөр хүртэл хаах шийдвэр гарч, Мэргэжлийн Хяналтын Газраас хаалга үүдийг цоожилж лац тавьж хаасан үед дулааны шугам хагарч ус алдсанаас нэхэмжлэгчид учирсан хохирлыг хариуцах үндэслэлгүй гэх тайлбарыг гарган маргажээ.
Шүүх бүрэлдэхүүн дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2020 оны 03 сарын 07-ны өдрийн өглөө Сансарын үйлчилгээний төвд байрлах “Х ” ХХК-ийн зочид буудлаас ус алдаж, засварчин усны алдагдлыг шалган засварлаж, Х зочид буудлын коридорын халаалтын коллекторын шугам, муфт задарч ус алдсаныг тогтоосон болох нь Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын Хэрэглэгчдэд үйлчлэх төв-3 байгууллагын албан бичиг болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна. /хх-21, 49-50/
Нэхэмжлэгч “А ” ХХК-ийн Сансар хүнсний сүлжээ дэлгүүрийн 1 дүгээр салбар болон хариуцагч “Х ” ХХК-ийн Х зочид буудал нь Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, Сансар үйлчилгээний төвд тус тус өөрийн өмчлөлийн байранд байрладаг болох нь хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараар тогтоогдож байх бөгөөд зохигчид энэ талаар маргаагүй. Мөн ус алдсан халаалтын коллекторын шугам нь хариуцагчийн өмчлөлд байдаг талаар зохигчид маргаагүй.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч “Х ” ХХК-ийн эзэмшлийн зочид буудлаас ус алдсаны улмаас доод давхарт нь байрлах “А ” ХХК-ийн Сансар хүнсний сүлжээ дэлгүүрийн 1 дүгээр салбарын байр луу ус орж, дэлгүүрийн зарим бараа бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж норж ашиглах боломжгүй болсон, ус алдсантай холбоотой 13 ажилтныг илүү цагаар ажиллуулсан, ус алдсаны улмаас засварын ажлыг бусдаар гүйцэтгүүлсэн тул гарсан зардал, хохирлыг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй гэж тайлбарлаж байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын …эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч “А ” ХХК-ийн өмчлөлийн байранд хариуцагч “Х ” ХХК-ийн өмчлөлийн байрнаас ус алдсаны улмаас хохирол учруулсан гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2-т “Гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө” гэж заасан бөгөөд хариуцагч “Х ” ХХК нь ус алдсан цаг хугацаанд өөрийн өмчлөлийн байранд нэвтрэх боломжгүй байсан тул ус алдсаны гэм хорын хохирлыг хариуцахгүй гэх тайлбарыг гарган мэтгэлцсэн.
Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 02 сарын 12-ны өдрийн 62 дугаар тогтоолоор коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор улсын хэмжээнд 2020 оны 02 сарын 13-ны өдрөөс мөн оны 12 сарын 31-ний өдрийг дуустал гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлэхээр шийдвэрлэсэн, Улсын Онцгой комиссын 2020 оны 02 сарын 13-ны өдрийн 04 дугаар тогтоолоор өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэн хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээний удирдамжийг баталж, Нийслэлийн Засаг даргын 2020 оны 02 сарын 26-ны өдрийн А/223 дугаар захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа бүх төрлийн баар, спорт, соёл урлагийн газар болон амралт жуулчны бааз, дэн буудлын үйл ажиллагааг 2020 оны 03 сарын 30-ны өдрийг дуустал түр зогсоосон.
Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэхтэй холбогдуулан дээр дурдсан арга хэмжээг авч хэрэгжүүлсэн цаг хугацаанд буюу 2020 оны 03 сарын 07-ны өдөр хариуцагч “Х ” ХХК-ийн өмчлөлийн байрнаас ус алдсан үйл баримт тогтоогдож байх боловч өмчлөгч нь Иргэний хуулийн 101 дүгээр зүйлд зааснаар бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах эрхтэй, өмчлөлийн зүйлээ зохих ёсоор арчлан хамгаалах үүрэгтэй тул хариуцагчийн өмчлөлийн байрны халаалтын коллекторын шугам задарч ус алдсаны улмаас учирсан хохирлыг хариуцах үүрэгтэй байна.
Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй.
Нэхэмжлэгч нь ус алдсаны улмаас эд хөрөнгөд учирсан хохиролд компьютерийн процессор 1 ширхэг, мобайл тооллогын төхөөрөмж 1 ширхэг, скайнер 7580 /дугуй/ 1 ширхэг, скайнер 7120 /дөрвөлжин/ 1 ширхэг, компьютерийн гар /keyboard/ болон хулгана /mouse/ 1 ширхэг, сүлжээний switch 16 port свитч порт 1 ширхэг усанд норж ашиглах боломжгүй болсон гэсэн үндэслэлээр тухайн эд хөрөнгийн хохиролд нийт 2,524,314 төгрөгийг гаргуулахаар шаардсан бөгөөд хөрөнгийн үнэлгээний “Б ” ХХК-ийн үнэлгээний тайлангаар дээр дурдсан компьютер, дагалдах хэрэгслүүд 2,524,314 төгрөгийн үнэлгээтэй болох нь тогтоогдож байх тул уг хохирлыг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй. /хх-107-144/
Нэхэмжлэгч нь ус алдсаны улмаас дэлгүүрийн барилгад засвар хийсэн үндэслэлээр ажлын хөлс 523,650 төгрөг, материалын зардал 314,800 төгрөг, нийт 838,450 төгрөгийг гаргуулахаар шаардаж, нийт 314,800 төгрөгийн бараа материал худалдан авсан зарлагын баримт, 523,650 төгрөгийг ажлын хөлсөнд шилжүүлсэн Хаан банкны орлогын мэдүүлгийг баримтаар ирүүлсэн байх боловч 2020 оны 03 сарын 07-ны өдөр ус алдсаны улмаас дэлгүүрийн байранд гарсан учирсан хохирлыг арилгахад гарсан зардал гэж үзэх үндэслэл нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Хэдийгээр дэлгүүрийн байранд ус алдсан үйл баримт тогтоогдож байх боловч нэхэмжлэгч нь дэлгүүрийн байрны ямар хэмжээтэй талбайд засвар хийх шаардлагатай болсон талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй. Нэхэмжлэгчийн зүгээс засвар хийхээр материал худалдан авсан, засварын ажил хийлгэхээр бусадтай гэрээ байгуулан ажлын хөлс төлсөнөөр хариуцагчийн буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчид учирсан гэх бодитой хохирлыг нотлохгүй юм.
“Б ” ХХК-ийн 2020 оны 10 сарын 30-ны өдрийн 20/25 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...тухайн барилгын дэлгүүрийн үйлчилгээний заал, коридор, оффисын өрөөнүүд нь 2 давхраас ус алдсаны улмаас хана болон таазны өнгөлгөөнүүд норж, ховхорсон ба үзлэгийн үед дотор хана, таазанд засварын ажил хийгдсэн байсан...” гэж дурдан “А ” ХХК-ийн гүйцэтгэсэн засварын ажлын төсвийг ажиллах хүчний зардал 386,245 төгрөг, материалын зардал 221,415 төгрөг, тээврийн зардал 976 төгрөг, нийт 608,636 төгрөг гэж засварын ажлын зардлыг тодорхойлжээ. /хх-107-144/
Нэхэмжлэгч нь шинжээчийн дүгнэлтэд дурдсан барилгын засварын ажлын төсвийг хүлээн зөвшөөрөхгүй, засварын ажлын гэрээний дагуу бодитой гарсан зардлаар хохирлыг тооцох үндэслэлтэй гэх тайлбарыг гарган маргаж байх боловч “Б ” ХХК-ийн хохирлын үнэлгээний талаар гаргасан шинжээчийн дүгнэлттэй холбогдуулан ямар нэгэн шаардлага, хүсэлт гаргаагүй байна. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй боловч гэрээ гэдэг бол талуудын тохиролцоо бөгөөд бодит хохирлыг тодорхойлох баримт биш юм. Шинжээчийн тогтоосон төсөв нь бодит хохирлыг тогтоосон баримт тул барилгын засварын зардалд “Б ” ХХК-ийн үнэлгээний тайлангаар тогтоогдсон үнэлгээ болох 608,636 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч нь ус алдсаны улмаас нийт 344,640 төгрөгийн бараа бүтээгдэхүүн норсон гэх үндэслэлээр уг зардлыг гаргуулахаар шаардсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад байгууллагын ажилтнуудад 50 хувь бууруулан худалдан борлуулсан гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг багасган 172,320 төгрөгийг гаргуулахаар шаардсан. Уг хохирлыг нотлохоор 0019 дугаартай зарлагын баримт, харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээний баримт, тооцоо үүсгэх баримт, бэлэн мөнгөний орлогын баримт, орлогын ордерийн тасалбар, харьцсан дансны баримт, зарлагын баримт, фото зураг зэргийг нотлох баримтаар ирүүлжээ. /хх-11, 148-164/
“А ” ХХК нь худалдаа, хүнсний дэлгүүр, хүнсний бөөний худалдааны чиглэлээр үйл ажиллагаа эрхлэн явуулдаг компани болох нь тус компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Нэхэмжлэгчийн зүгээс бараа бүтээгдэхүүний хохирлыг нотлохоор ирүүлсэн баримтууд тухайн байгууллагын өөрөө үйлдсэн баримтууд байх бөгөөд нэхэмжлэгч ус алдсаны улмаас бараа бүтээгдэхүүн норсон, мөн ашиглах боломжгүй болсон эсэхийг тухайн үед нь холбогдох мэргэжлийн байгууллагад хандан тогтоолгоогүй байна. Нотлох баримтаар ирүүлсэн баримтуудаас үзэхэд норсон гэх бараа бүтээгдэхүүний үнэлгээг ямар баримтыг үндэслэн тогтоосон болох нь тодорхойгүй, тодорхой бараа бүтээгдэхүүнийг 50 хувь бууруулан зарсан гэх баримтуудад дурдсан бараа бүтээгдэхүүн нь ус алдсаны улмаас норсон гэх бараа бүтээгдэхүүн мөн эсэх нь тодорхойгүй, нэхэмжлэгч нь энэ талаар баримтаар нотлоогүй. Бараа бүтээгдэхүүний үнийг бууруулан худалдах нь өмчлөгчийн хүсэл зоригоос шалтгаалах, түүний эрхэд хамаарах асуудал юм. Иймд бараа материалын хохирол 172,320 төгрөгийг ус алдсаны улмаас учирсан хохиролд тооцон хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй.
Мөн ус алдсаны улмаас ажиллуулсан ажилтнуудын цалингийн зардалд 781,033 төгрөгийг гаргуулахаар шаардсан нэхэмжлэлийн шаардлагын хувьд нэхэмжлэгч нь нэр бүхий 13 ажилтныг илүү цагаар ажиллуулсан гэх баримтыг үйлдэн ирүүлсэн байх боловч тухайн ажилтнуудад илүү цагаар ажилласны нэмэгдэл цалинг олгоосон эсэх нь санхүүгийн анхан шатны баримтаар тогтоогдохгүй байх тул ажилтнуудын цалингийн зардалд нэхэмжилсэн 781,033 төгрөгийг хохиролд тооцон хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй байна.
Хариуцагч “Х ” ХХК нь тус компанийн байрнаас ус алдсаны улмаас нэхэмжлэгчид нэхэмжлэлийн шаардлагад дурдсан хэмжээний хохирол учраагүй гэх тайлбарыг гаргаж байх боловч уг тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотлоогүй.
Иргэдийн төлөөлөгч нь хариуцагч “Х ” ХХК нь коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэхтэй холбогдуулан авч хэрэгжүүлсэн арга хэмжээний хүрээнд өөрийн өмчлөлийн байранд хяналт тавих боломжгүй байсан учраас хохирлыг төлөх үндэслэлгүй гэсэн дүгнэлтийг гаргасан. Шүүх бүрэлдэхүүн хариуцагч “Х ” ХХК нь өмчлөгчийн хувьд өөрийн өмчлөлийн зүйлээ зохих ёсоор арчлан хамгаалах үүрэгтэй гэсэн үндэслэлээр хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн нэхэмжлэгчид учирсан гэм хорын хохирлыг тооцон шийдвэрлэсэн болно.
Дээр дурдсан үндэслэлүүдийг нэгтгэн дүгнэж хариуцагч “Х ” ХХК-аас эд хөрөнгөд учирсан хохиролд 2,524,314 төгрөг, барилгын засварын зардалд 608,636 төгрөг, нийт 3,132,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “А ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,183,167 холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан хариуцагч “Х ” ХХК-аас тус шүүхийн 2020 оны 09 сарын 15-ны өдрийн 101/ШТ2020/00444 дугаар тогтоолын дагуу хохирлын үнэлгээ хийж шинжээчийн дүгнэлт гаргасан “Б ” ХХК-д нэхэмжлэгчээс төлсөн үнэлгээний ажлын хөлс 380,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “А ” ХХК-д олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч “Х ” ХХК-аас гэм хорын хохиролд 3,132,950 /гурван сая нэг зуун гучин хоёр мянга есөн зуун тавин/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “А ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,183,167 /нэг сая нэг зуун наян гурван мянга нэг зуун жаран долоон/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 87,757 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Х ” ХХК-аас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 65,077 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “А ” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан хариуцагч “Х ” ХХК-аас шинжээчийн үнэлгээний ажлын хөлс 380,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “А ” ХХК-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР
ШҮҮГЧИД Д.ГАНБОЛД
Д.ЗОЛЗАЯА