Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 2024/ШЦТ/78

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Мөнхтулга даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Баасанцэрэн,

улсын яллагч Б.Түвшинтөр,

хохирогчийн өмгөөлөгч Б.Энхжаргал,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Н,

шүүгдэгч Б.Т,

иргэний хариуцагч Б.Б /цахимаар/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Түвшинтөрийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Т-т холбогдох 23160002150048 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, **** оны *** дүгээр сарын ***-ны өдөр Дорноговь аймгийн ******* сумд төрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн дунд  боловсролтой, хайгуулын кемпийн менежер мэргэжилтэй, “***********” ХХК-д үйл ажиллагаа хариуцсан менежер ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, Улаанбаатарын хот, ********* дүүргийн **-р хороо, ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 2009 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн **** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсгүүдэд зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, ********** регистрийн дугаартай, Б овогт Б-н Т.

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.Т нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон” гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Гэм буруугийн талаар:

2023 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 07 цаг 00 минутаас 07 цаг 30 минутын хооронд Говь-Алтай аймгийн ***** сумд үйл ажиллагаа явуулдаг “*********” ХХК-н төслийн талбайд өрөмдлөг хайгуулын үйл ажиллагаа эрхэлж байсан “*******” ХХК-н ус тээвэрлэх зориулалттай ******* УБС улсын дугаартай Урал загварын тээврийн хэрэгслийг жолоодож явсан амь хохирогч Г.М нь ажил үүргээ гүйцэтгэж байхдаа цас орж байсан, цастай, халтиргаа гулгаа ихтэй буюу цаг агаарын хүндрэлтэй нөхцөл байдлын улмаас уулын замд онхолдож, гавал, цээжний хавсарсан хүнд гэмтлийн улмаас амьсгал зүрх судасны цочмог дутагдалд орж нас барсан болох нь:

1. Шүүгдэгч Б.Т-н шүүх хуралдаанд өгсөн “... Энэ хэрэгтэй холбогдуулан болсон явдалд гүнээ гэмшиж, харамсаж байгаа. Тухайн осол болдог өдрийн урьд шөнө нь талийгаачид үүрэг даалгавар өгөөд, зааварчилгаа өгөөд ажилд нь гаргасан. Цас орох, цаг агаарын байдлыг манай ажилчид бүгд мэдэж байсан. Тэрэнтэй холбогдуулан бүх ажилчдадаа зааварчилгаа өгсөн. Урьд нь бас 2, 3 удаагийн тийм тохиолдолд зааварчилгаагаар бүгд зогсож байсан. Би өөрөө 11 цаг 30 минутад цас орж уу гэж уул руу шөнийнхөө хоолыг хүргэж өгөхөөр явах үед аягүй тогтуун намуухан байсан. Тэгээд талийгаачтай уулзаж ярилцсан л даа. Цас орвол бүх жолоочоо бүгдийг нь зогсоогоорой гээд н.Б гээд Уралын жолоочтой бас уулзаж ярилцаад хоол ундыг нь өгчихөөд өөрөө кемп дээрээ очиж амарсан. Өглөө ээлж солилцсон. Өглөө босоод ирэхэд кемп дээр намуун тогтуун, дээшээ гэнэтийн дуудлага ирэхэд их цас орсон байсан. Би өөрөө яг амарч байсан болохоор тухайн үед уулан дээр цас орсныг бол мэдээгүй. Тэгээд цас орсныг хамгийн анх манай Уралын жолооч н.Б надад яг зааварчилгааныхаа дагуу мэдэгдсэн. Мэдэгдэхэд нь би давтан зааварчилгаа утсаар өгч машинаа парклаад нөгөө осолдсон уралаа н.Б-с асуухад “300 метрийн ойрхон зайнд манай нэг техник парклачихсан талбай дээр зогсож байна” гээд н.Б-н машин байсан болохоор давхар цаашаа машиндаа зааварчилгаа өгөөд “зогсож бай гэж хэлээрэй. Намайг очтол хөдөлгөөн хийж болохгүй шүү” гэж н.Б-д үүрэг даалгавар өгөөд утсаа салгасан...” гэх мэдүүлэг/шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Н-н мөрдөн шалгах ажиллагааны  үед  өгсөн  “...Амь  хохирогч  нь  2022  оны 06 дугаар сараас эхлэн Говь-Алтай аймагт байх уурхайн ********** ХХК-д усны машины жолоочоор ажиллаж байсан ... Нас барахын өмнөх орой нь би утсаар ярьсан. Тухайн үед би юу хийж байна. Ажил нь сайн уу гэхэд машин эвдрээд бууж ирээд байж байна. Өнөө маргаашгүй ажлаасаа буугаад гэр лүүгээ явах тухай хэлж байсан ...  Ажиллаж байх хугацаандаа ээлжийн амралт аваагүй байсан. Ажиллаж байх үедээ өдөр шөнөөр ээлжилж үүрэг гүйцэтгэдэг байсан ... Тэгтэл маргааш өглөө нь осолдчихсон байсан. Тухайн үед жолоодож байсан тээврийн хэрэгсэл нь өөрийнх нь биш тухайн компанийн тээврийн хэрэгсэл байсан... Гомдолтой байна. Сэтгэл санааны хохирол, оршуулгын зардал болон бусад зардлыг нэхэмжлэх хүсэлттэй байна ...” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 48-50 дугаар хуудас/,

3. Иргэний хариуцагч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...  Манай компани дээр түрээсийн усны машин унадаг байсан ... 2023 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр манай өрөмдлөг уулын бүсэд явуулж байсан тэгээд амь хохирогч усны тэрэг жолоодож байсан, тэгээд үүрээр аваар осол болж нас барсан... Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй манай компани дээр усны тэрэгний жолоочоор ажиллаж байсан ... Буруу ойлголтын зүйлээс болоод ажилд авах гэрээ хийгээгүй явж байсан. Манай компани дээр амь хохирогч нь ажиллаж байсан нь үнэн ... Амь хохирогчийн ар гэрийнхэнд буяны үйл ажиллагаа болсон бусад нийт зардлуудыг оруулаад 12,500,000 төгрөг орчим мөнгө өгсөн ослоос үүссэн хохирлыг бүрэн барагдуулна ...” гэх мэдүүлэг. /2-р хавтаст хэргийн 54-55 дугаар хуудас/

4. Гэрч М.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би 2023 оны 11 дүгээр сарын 14-ний 07 цагийн үед дахин дамжуулахаас өөрийн барьж байсан ****** ДАХ улсын дугаартай Урал маркийн машиныг унаж ус ачиж технологийн замаар явж байсан. Тэгээд замаас салаад уулын бүсэд өрмийн зам руу ороод эхний өгсүүр дээр хий иргээд зогссон тэгээд машинаа унтраагаад араандаа хийгээд машинаас буусан. Тэгээд амь хохирогч Г.М рүү өөрийн ******** дугаараас амь хохирогчийн ********  дугаар луу нь залгаад “би энд машин хий иргээд зогсчихлоо, чи наанаа байж байгаарай” гэж хэлсэн амь хохирогч “за” гээд утсаа салгасан. Тэгээд би менежер Т руу 2023 оны 11 дүгээр сарын 14-ний өглөө 07 цаг 23 минутад залгаж “миний машин технологийн замаас салаад эхний өгсүүр дээр хий эргээд зогсчихлоо” гэж хэлсэн. Тэгээд надад “та машинаа унтраагаад араандаа хийгээд машиныхаа дугуйнд ивүүрээ хийгээд зогсож байгаарай” гэж хэлсэн. Тэгээд Т надаас “нөгөө машин хаана зогсож байна” гэж асуусан би “амь хохирогч Г.М дээр паркласан өрмийн хажууд байгаа” гэж хэлсэн. “Тэндээ байж байгаарай” гэж хэлсэн тэгээд утсаа салгасан. Тэгээд би машиныхаа дугуйнд ивээс ивчихээд Г.М рүү 07 цаг 28 минутад залгаад “Т хөдлөлгүй зогсож байгаарай гэж байна” гэж хэлсэн. Амь хохирогч “цас гайгүй байна би гялс өгчихөөд ирье, чи наана байж байгаарай” гэж хэлсэн. Тэгсэн амь хохирогч надад “би дээшээ өгсөж өрмөн дээр усаа буулгачихаад ирье, чи усаа зам дээр асгаж болохгүй шүү би бууж ирнэ” гэж хэлсэн. Тэгээд утсаа салгаад машин нь хөдлөөд явсан. Би өөрийнхөө машинд ачсан усаа жалга руу асгах гээд шаланкаа буулгаж байсан. Эргээд харахад нүдний буланд уулын орой хэсэгт машины гэрэл ухарч харагдсан тэгээд тухайн ууланд тээвэрлэлт хийж байсан амь хохирогчийн ****** УБС улсын дугаартай Урал маркийн тээврийн хэрэгсэл унаж өнхөрч орж ирсэн. Тэгээд менежер руу 2023 оны 11 дүгээр сарын 14-ний өглөө 07 цаг 30 минутад залгаж “...миний найз машинтайгаа уначихлаа шүү дээ...” гэж хэлсэн тэгээд би утсаа салгасан. Уулнаас өнхөрсөн тээврийн хэрэгсэл миний машины дээд талд өнхөрч орж ирсэн тэгээд дээр уулын энгэрт хүн амьсгалах чимээ гарсан дээшээ гүйгээд гарсан амь хохирогч нь ухаангүй байдалтай газарт хэвтэж байсан. Би толгойг нь түшээд суусан удалгүй менежер Т тухайн осол гарсан газарт ирсэн тухайн үед цаг хэд болж байсан талаар сайн мэдэхгүй байна. Араас нь ****** уурхайн эмнэлгийн байгууллага ирсэн  ... Тухайн цаг хугацаанд үйл ажиллагааг зогсоох талаар Т над руу залгаж хэлсэн, зогсож байгаарай гэх зүйлийг хэлсэн. Тухайн үед амь хохирогч руу Т нь өөрөө залгаж хэлээгүй, надаар дамжуулаад хэл гэхээр нь би хэлсэн...” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 61-64  дүгээр хуудас/,

5. Гэрч С.Т-н мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн “... 2023 оны 11 дүгээр сарын 14-ний шөнөдөө цаг агаар тогтуун байж байгаад өглөөний 06 цаг 45 минутаас эхлээд цас орж эхэлсэн ... Би өрмөн дээр ажиллаж байтал 07 цаг өнгөрч байхад манай мастер Ч усны машин доор зогсчихсон юм шиг байна, хүрзээ аваад доошоо яв гэсэн. Би хүрзээ аваад усны машин байгаа газарт яваад очсон чинь **** УБС улсын дугаартай Урал маркийн хойд талдаа ёмкостой машин замаасаа гараад уулын доошоо уначихсан байсан. Би хүрзээ хаяад талийгаачийн байгаа газарт очсон чинь дээшээ хараад амьсгаадчихсан хэвтэж байсан. Намайг очсоны дараа түргэний машин ирж байсан болохоор би урдаас нь явж зам заагаад талийгаачийн хажууд авч ирсэн ... Намайг ээлжинд ажиллах байхад 2 удаа ус зөөсөн. 3 дахь удаагаа ус авч ирж байхдаа осол гарсан байсан ...” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 77-78 дугаар хуудас/,

6. Гэрч С.Ц-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... Өглөөний 07 цаг 30 минутын үед манай яаралтай тусламжийн нэгжид осол гарлаа гэх дуудлага ирсэн  ... Ослын газар очиход машин нь унасан, хүн нь бас шигдэгдсэн юм шиг унасан байсан. Цуг очсон гэх хүмүүстэйгээ тэр хүнд анхны тусламж үзүүлж биеийн байдлыг нь үнэлээд шууд яаралтай тусламжийн нэгж рүү тээвэрлэсэн. Тэгээд яаралтай тусламжийн төвдөө ирээд хүчилтөрөгч зүүгээд уян зүү тавиад тариа хийсэн. Тэр хүний зүүн талын гар хугарсан байсан тул чиг тавьсан. Үргэлжлүүлээд өвчин намдаах эмчилгээ цус тогтоох үйлчилгээтэй хийсэн. Эмч шийдвэр гаргаад яаралтай аймгийн эмнэлэгт явуулсан... Яг осол болсон гэх газар нь уул ашиглалтын хэлтэст хамаарагддаг ... Халтиргаа гулгаа их үүссэн байсан. Маш их цас орсон байсан ...” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 91-93 дугаар  хуудас/,

7. “...Өрмийн талбай болон бусад ажил үйлчилгээ явагдаж байгаа хэсэг нэгж бүрд аюулгүй байдлын хяналт тавих... ажилчдын өдөр шөнийн ээлжийн хуваарь гаргах... аливаа нэгэн байгалийн гамшиг үер ус гал цас зуд салхи шуурга халдварт өвчин гэх мэт тохиолдох үед техник, тоног төхөөрөмж, өрөмдлөгийг бүрэн зогсоох үүргийг холбогдох ажилтанд мэдэгдэх...” үүрэгтэй болохыг тусгасан “*********” ХХК-ны захирлын 2022 оны 04-р сарын 06-ны өдрийн 34/22 дугаартай тушаалаар батлагдсан үйл ажиллагааны менежерийн ажлын байрны тодорхойлолтын хуулбар. /1-р хавтаст хэргийн 165-174 дүгээр хуудас/

8. Шинжээч Ц.Бадмаагийн 2023 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 23/023 дугаартай “... ********** ХХК-ийн ажил олгогч нь: иргэнийг ажилд авахдаа хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, тушаал шийдвэр гаргаагүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1. /Ажил олгогч хөдөлмөрийн гэрээг бичгээр үйлдэж талууд гарын үсэг зурах бөгөөд гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй. 48.2.Хүндэтгэн үзэх шалтгаанаар хөдөлмөрийн гэрээг бичгээр үйлдээгүй бол ажилтныг ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээс хойш ажил олгогч ажлын 10 өдрийн дотор хөдөлмөрийн гэрээг нөхөн байгуулах үүрэгтэй./ заалтыг, ******* ХХК болон иргэн М.Б нарын хооронд байгуулсан 01/23 дугаартай гэрээнд тухайн усны машин гэх тээврийн хэрэгслийг жолоодох жолоочийн хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааны зохицуулалт, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хэрхэн хангах, талуудын харилцан хүлээх үүрэг, хариуцлагыг тусгаагүй нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3. /Захиалагч, ерөнхий болон туслан гүйцэтгэгч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартыг хангах, болзошгүй тохиолдлоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ, үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас ажилтанд учирсан хохирлыг нөхөн төлөх, амь нас, эрүүл мэндийн даатгалд хамруулах зэрэгт зайлшгүй шаардагдах хөрөнгө, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар харилцан хүлээх үүрэг, хариуцлагыг гэрээнд тодорхой тусгана.../ заалтуудыг тус тус зөрчсөн гэж дүгнэж байна.

- “*******” ХХК болон иргэн М.Б нарын хооронд байгуулсан 01/23 дугаартай гэрээнд тухайн усны машин гэх тээврийн хэрэгслийг жолоодох жолоочийн хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааны зохицуулалт, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хэрхэн хангах, талуудын харилцан хүлээх үүрэг, хариуцлагыг тусгаагүй нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3. /Захиалагч, ерөнхий болон туслан гүйцэтгэгч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартыг хангах, болзошгүй тохиолдлоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ, үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас ажилтанд учирсан хохирлыг нөхөн төлөх, амь нас, эрүүл мэндийн даатгалд хамруулах зэрэгт зайлшгүй шаардагдах хөрөнгө, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар харилцан хүлээх үүрэг, хариуцлагыг гэрээнд тодорхой тусгана../ заалтуудыг тус тус зөрчсөн гэж дүгнэж байна ... 2023 оны 11 сарын 14-ний өдөр Говь-Алтай аймгийн нутаг дэвсгэр ********* ХХК-ийн уурхайн талбайд ус тээвэрлэлтийн ажил хийж явсан ***** УБС улсын дугаартай Урал-4420 маркийн тээврийн хэрэгсэл уулын уруу онхолдож жолооч Г.М-н амь хохирсон осол нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.20. "үйлдвэрлэлийн осол" гэж хөдөлмөр эрхлэгч иргэн хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөхийг "үйлдвэрлэлийн осол" гэнэ./ заалтад хамаарах үйлдвэрлэлийн осол мөн...” гэх агуулга бүхий дүгнэлт. /2-р хавтаст хэргийн 109-114 дүгээр хуудас/

9. Шинжээч Т.Алтайбаатарын 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 48 дугаартай “... Талийгаачийн биед баруун чамархай ясны гадна ялтсын хугарал, тархины баруун чамархайн аалзан бүрхүүл доорх тархмал цус харвалт, баруун талын олон хавирганы хугарал, өвчүүний хугарал, цээжний хөндийд шингэн /400 мл/ хуралдалт, дух, эрүү, зүүн хацар, зүүн шуу, зүүн тохой, хэвлийн зүүн доод хэсэг, ууцны баруун талд, зүүн сарвуу, баруун сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо ...  Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Талийгаачийн биед учирсан гэмтлүүд нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна ... Талийгаач нь гавал, цээжний хавсарсан хүнд гэмтлийн улмаас амьсгал зүрх судасны цочмог дутагдалд орж нас барсан байна...” гэх дүгнэлт. /2-р хавтаст хэргийн 122-125 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдлоо.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон...” бол гэмт хэрэгт тооцон эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ.

“**********” ХХК-н гүйцэтгэх захирлын 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 8/22 дугаартай тушаалаар Б.Т-г менежерийн албан тушаалд томилсон бөгөөд 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 34/22 дугаартай тушаалын нэгдүгээр хавсралтаар үйл ажиллагааны менежерийн ажлын байрны тодорхойлолтыг баталжээ. Уг ажлын байрны тодорхойлолтод “...Өрмийн талбай болон бусад ажил үйлчилгээ явагдаж байгаа хэсэг нэгж бүрд аюулгүй байдлын хяналт тавих... Аливаа нэгэн байгалийн гамшиг үер ус, гал, цас, зуд, салхи, шуурга, халдварт өвчин гэх мэт тохиолдох үед техник, тоног төхөөрөмж, өрөмдлөгийн ажлыг нэн даруй бүрэн зогсоох үүргийг холбогдох ажилтанд мэдэгдэх...” нь үйл ажиллагааны менежерийн албан тушаалын гүйцэтгэх үүрэг байхаар заажээ.

Гэтэл шүүгдэгч Б.Т нь өөрийн албан тушаалын тодорхойлолт заасан үндсэн үүрэг болох “аюулгүй байдлын хяналт тавих...аливаа нэгэн байгалийн гамшиг үер ус, гал, цас, зуд, салхи, шуурга, халдварт өвчин гэх мэт тохиолдох үед техник, тоног төхөөрөмж, өрөмдлөгийн ажлыг нэн даруй бүрэн зогсоох үүргийг холбогдох ажилтанд мэдэгдэх...” үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буюу өрөмдлөгийн үйл ажиллагаа явагдаж байгаа талбайд цас орж, халтиргаа гулгаа үүсэж, ус тээвэрлэж буй машин явах боломжгүй байгаа талаар мэдсэн боловч амь хохирогч Г.М-д ажлаа зогсоохыг нэн даруй мэдэгдэх үүргээ биелүүлээгүй байна. Түүнчлэн тухайн цаг хугацаанд ажлын талбарт цас орох талаарх урьдчилсан мэдээг авсан боловч өрөмдлөгийн ажлыг үргэлжлүүлсэн нь түүнийг дээрх осолд буруутай гэж үзэх үндэслэл боллоо.

Хэрэгт авагдсан баримтуудаас харахад уг ажлын талбарт цас орж, зам цастай, халтиргаа гулгаатай болж тээвэрлэлтийн үйл ажиллагаанд хүндрэл үүссэн байхад үйл ажиллагааг зогсоогоогүйн улмаас “*******” ХХК-ны ус тээвэрлэх зориулалттай **** УБС улсын дугаартай Урал загварын тээврийн хэрэгслийг жолоодож явсан амь хохирогч Г.М нь цаг агаарын хүндрэлтэй нөхцөл байдал буюу цас орсон, халтиргаа үүссэн уулын замд онхолдож, гавал, цээжний хавсарсан хүнд гэмтэл авч, амьсгал зүрх судасны цочмог дутагдалд орон нас барсан осолд шүүгдэгч нь хөдөлмөрийн гэрээ ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн үүргээ биелүүлээгүй буруутай бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэргийн “...хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг хохироосон...” шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг уул гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Тодруулбал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйл 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилжээ. Аливаа болгоомжгүй гэм буруу нь гэм буруутай этгээд өөрийн үйлдэл эс үйлдэхүйн эцэст гарч болох хор уршгийг мэдэж байсан боловч түүнийг гаргахгүй байж чадна гэж хөнгөмсгөөр найдах, мэдээгүй боловч хэргийн нөхцөл байдалтай холбож үзвэл тэрхүү хор уршиг гарч болно гэдгийг мэдэх ёстой, боломжтой буюу хайхрамжгүй хандах гэсэн хоёр хэлбэрээр илэрнэ. Шүүгдэгчийн тухайд ******* ХХК-ны үйл ажиллагаа явуулж байгаа ажлын талбарт цас орно гэдгийг мэдсээр байж ажилд гаргасан, мөн цас орсны улмаас эрсдэлтэй нөхцөл байдал бий болсон даруйд ажил үүрэг гүйцэтгэж байгаа ажилтнуудын үйл ажиллагаагаа зогсоох шийдвэрийг гаргаж өөрийн биеэр мэдэгдээгүй нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул дээр дурдсан хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ эс биелүүлсний улмаас хүний амь нас хохирсон нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй гэж шүүх үзсэн болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу үндэслэлгүйгээр хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлтийнхээ үндэслэл болголоо.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:

Эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал түүнчлэн шүүгдэгчийн хувийн байдал болон учирсан хохирлын хэмжээг тогтоох зорилгоор  эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хавтаст хэргийн 164 дугаар хуудас/, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 2009 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн **** дугаартай шийтгэх тогтоолын хуулбар/2-р хавтаст хэргийн 165-172 дугаар хуудас/, Говь-Алтай аймгийн Хөдөлмөр, халамжийн газрын улсын байцаагчийн 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 07/18-02/95/16 дугаартай “... Г.М-н ар гэрт 39,600,000 (гучин есөн сая зургаан зуун мянга) төгрөгийг ажил олгогчоос нөхөн олгуулахаар шийдвэрлэв … Актаар тогтоосон нөхөн төлбөрийг 2024 оны 04 дүгээр сарын 01-ний дотор осолд өртөж нас барсан Г.М-н ар гэрт олгож, баримтыг холбогдох баримтын хамт Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчид ирүүлэхийг “*******” ХХК-н захирал Б.Б-д хариуцуулав…” гэх агуулга бүхий акт /1-р хавтаст хэргийн 29-30/, амь хохирогчийн буяны ажилд шүүгдэгч болон иргэний хариуцагчийн зүгээс нийт 12,500,000 (арван хоёр сая таван зуун мянга) төгрөг өгсөн гэх төлбөрийн баримтууд /1-р хавтаст хэргийн 37-41 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

Шүүгдэгч Б.Т-н тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзсэн болно. Харин Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал шүүгдэгчийн хувьд тогтоогдохгүй байна.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэрэг хүчин зүйлсийг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг оногдуулахгүйгээр 3 (гурав) жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь тохирсон байх “шударга ёсны” зарчимд нийцнэ гэж шүүх үзлээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Н-н зүгээс гэмт хэргийн улмаас учирсан сэтгэл санааны хохирол, оршуулгын зардал болон бусад зардлыг нэхэмжилсэн бөгөөд иргэний хариуцагч болон шүүгдэгчийн зүгээс буяны зан үйлд 12,500,000 (арван хоёр сая таван зуун мянга) төгрөг төлжээ.

 Говь-Алтай аймгийн Хөдөлмөр, халамжийн газрын улсын байцаагчийн 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 07/18-02/95/16 дугаартай  актаар 39,600,000 (гучин есөн сая зургаан зуун мянга) төгрөгийг осолд өртөж нас барсан Г.М-н ар гэрт ажил олгогчоос нөхөн олгуулахаар шийдвэрлэсэнтэй талууд маргаагүй, иргэний хариуцагч төлөхөө илэрхийлсэн тул шүүх тухайн актаар тогтоогдсон нөхөн төлбөрийг иргэний хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэв.

Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт “Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно” гэж, мөн хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ” гэж тус тус хуульчилжээ. Үүнийг байгуулга, хуулийн этгээд, иргэнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаа иргэн уг гэрээ болон ажлын байрны тодорхойлолтод заагдсан үүргээ гүйцэтгэх явцдаа бусдад гэм хор учруулбал ажил олгогч нь хариуцан арилгах үүрэгтэй гэж ойлгоно.  

Шүүгдэгч Б.Т нь хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтод заагдсан үүргээ гүйцэтгэх явцдаа бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулсан тул түүнээс үүдэн гарсан гэм хорыг ажил олгогч ******* ХХК хариуцан арилгах үүрэгтэй юм.

Амь хохирогчийн гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660,000(зургаан зуун жаран мянга) төгрөгийг 150(нэг зуун тавь) дахин нэмэгдүүлж, 99,000,000(ерэн есөн сая)төгрөгөөр тогтоох нь Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт заасан хохирогчид ашигтай байх зарчимд нийцэхээр байна.

Иймээс үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөр 39,600,000 (гучин есөн сая зургаан зуун мянга) төгрөг дээр амь хохирогчийн гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан хохирол 99,000,000(ерэн есөн сая)төгрөгийг нэмж, гэмт хэргийн улмаас учирсан нийт хор уршгийг 138,600,000(нэг зуун гучин найман сая зургаан зуун мянга) төгрөгөөр тогтоон иргэний хариуцагч ******** ХХК-аас гаргуулах нь Иргэний хуулийн дээрх зохицуулалтад нийцнэ гэж шүүх үзлээ.

Түүнчлэн ********** ХХК нь 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн А/114 дугаартай Хөдөлмөрийн сайдын “Аж ахуйн нэгж, байгууллагад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөл байгуулах, орон тооны ажилтан ажиллуулах норматив батлах” тухай тушаалын 1 дүгээр заалтын б/ хэсэгт заасан “Ажлын байрны эрсдэлийн түвшин ихтэй уул уурхай, эрчим хүч, зам, барилгын салбар болон үйлдвэрлэлийн аюултай, хортой хүчин зүйлс бүхий аж ахуйн нэгж, байгууллагад ажилтны тооноос хамаарахгүйгээр нэг ба түүнээс дээш орон тооны хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан ажиллуулна” гэсэн үүргээ биелүүлээгүй, уг чиг үүргийг нэг ажилтанд хавсаргах байдлаар хариуцуулсан, тухайн ажилтан нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр мэргэшээгүй, ажлын талбар дээр аюулгүй байдал хариуцсан ажилтан ажиллуулаагүй, өдөр, шөнийн ээлжээр ажиллах хуваарь гарган мөрдүүлээгүй зэрэг алдаа гаргасан нь энэ гэмт хэрэг гарах шалтгаан, нөхцөл болсон бөгөөд үүнд үндэслэн уг гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлыг бүрэн хариуцах үндэслэлтэй гэж шүүх үзсэн болно. 

Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, амь хохирогчийн оршуулгын зан үйлийн зардалд 12,500,000 (арван хоёр сая таван зуун мянга) төгрөг төлсөн, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, хохирогчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн баримтуудыг хэрэгт хавсаргах нь зүйтэй байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч  Б  овогт Б-н Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 3 (гурав) жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Б.Т-т тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавих эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.

4. Тэнссэн хугацаанд дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн, шүүхээс хүлээлгэсэн үүргийг зөрчсөн бол тэнссэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Б.Т-т сануулсугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсгүүдэд зааснаар иргэний хариуцагч “************” ХХК-аас 138,600,000(нэг зуун гучин найман сая зургаан зуун мянга) төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Н-р дамжуулан амь хохирогч Г.М-н гэр бүлийн гишүүдэд олгосугай. 

7. Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, амь хохирогчийн оршуулгын зан үйлийн зардалд 12,500,000 (арван хоёр сая таван зуун мянга) төгрөг төлсөн, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, хохирогчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн баримтуудыг хэрэгт хавсаргасугай.     

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг тайлбарласугай.

9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний хариуцагч тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

              ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Г.МӨНХТУЛГА