Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 101/ШШ2021/00956

 

 

 

 

 

 

 

 

                       2021        03          25   

         101/ШШ2021/00956

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: И.Ж /-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б.Ч /,

 

Хариуцагч: Э.Б / нарт холбогдох,

 

2019 оны 12 сарын 20-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах, байрыг зарж борлуулсан 59,500,000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч И.Ж , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Ц, хариуцагч Б.Ч , түүний өмгөөлөгч Г.Х, Б.Б, хариуцагч Э.Б ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Нандинцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

   Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

“И.Ж  миний бие 2011 оны 09 сарын 08-ны өдөр худалдан авсан Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Төмөр замын 52 дугаар байрны 37 тоот орон сууцыг 20.. оны 11 сарын 05-ны өдөр 60,000,000 төгрөгөөр худалдан борлуулж, уг мөнгөөр 2019 оны 04 сарын 10-ны өдөр Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, ... дугаар байрны .. тоотод байрлах 20 м.кв орон сууцыг худалдан авч, уг байранд амьдардаг байсан. 2019 оны 12 сараас эхлэн миний бэр болох Э.Б  нь “энэ байрны эзэмших эрхийг надад шилжүүл, худалдах, худалдан авах гэрээ байгуул, бэлэглэлийн гэрээ байгуулж надад өг, хэрэв өгөхгүй бол танай хүүгээс сална, 3 хүүхэдтэйгээ та нарыг уулзуулахгүй, амьдын хагацал үзүүлнэ” гэх зэргээр удаа дараа дарамталж, хүч хэрэглэсээр байгаад 2019 оны 12 сарын 20-ны өдөр “Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээ” байгуулж миний эзэмшилд байсан Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, ... дугаар байрны .. тоотод байрлах 20 м.кв орон сууцыг хүү Б.Ч , бэр Э.Б  нар авсан. Yүний дараа 2020 оны 02 сард “хүүхдийн бичлэг дур мэдэж хийлээ” гэх шалтгаанаар шалтаглан удаа дараа хөөж, хэрүүл хийж байгаад 66 настай хөгшин намайг гэрээс минь хөөж гарган гомдоосон ноцтой үйлдэл хийсэн. Учир нь бэр Э.Б  нь 3 хүүхдээ байнга зоддог бөгөөд дунд хүүхэд Ч.Анар нь ээждээ зодуулсан талаар ярьсныг би бичлэг хийж баримтжуулсан юм. 2020 оны 03 сарын ..-ны өдөр хүү Б.Ч , бэр Э.Б  нар нь уг Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, ... дугаар байрны .. тоотод байрлах 20 м.кв орон сууцыг бусдад 59,500,000 төгрөгөөр зарж борлуулсан. Би одоо хүү Б.Ч , бэр Э.Б  нараас болж Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 22 дугаар байрны 64 тоотыг түрээсэлж, гэр оронгүй, түрээсийн байранд амьдарч байгаа. Би Э.Б д маш их гомдож байна. Би гурван хүүхдийг нь төрсөн цагаас нь хойш өсгөж өгсөн. Дарханаас шилжиж ирээд төрөх дөхчихсөн амьдрах газаргүй байхаар нь өөрийн орон сууцанд гэр бүлтэй нь 7, 8 жил амьдруулсан. Б.Ч , Э.Б  нарыг байртай болгох гээд байраа бэлэглэлээр өгөөд зээл хөөцөлдсөн. Зээл нь бүтэхгүй байсан. Миний зүрх муудаж, Швейцар улс руу эмчилгээнд явах гээд юмыг яаж мэдэх вэ, тэнд очоод үхчихэж магадгүй гээд эх хүний хувьд байраа бэлэглэж 2, 3 жил байсан. Гэвч Швейцар улс руу эмчилгээ хийлгэх гээд явах гэсэн боловч виз гараагүй. Эмнэлэгт хэвтээд гараад ирэхэд Б.Ч , Э.Б  нар миний бэлэглэлийн гэрээгээр өгсөн байрыг зарчихсан байсан. Б.Ч  надад Э.Б  намайг зар гэж дарамталсаар байгаад зарсан гэж хэлсэн. Би яах гэж зарж байгаа юм бэ гэж хэлсэн. Би байраа зарсанд дургүй байсан. Удалгүй Э.Б  би танай хүүгээс саллаа, танай хүүтэй суугаад кино театр ч орж үзээгүй гэж хэлээд гарч явсан. Э.Б  ажилд ороод удаагүй байсан. Б.Ч  Э.Б ыг 4 дүгээр хороонд цэвэрлэгчийн ажилд оруулсан байсан. Ажилдаа орох гэтэл хувцас муутай байсан учраас 4 улирлын хувцсыг нь авч өгсөн. Би хүүхдүүдийг нь байнга харж өгдөг байсан. Ажилд ороод хүүхэдгүй хүн шиг явж байсан. Салъя гэхэд нь бид өмгөөлөгч аваад нэлээн их сэтгэл санааны их дарамтад орж байсан. Шүүхээр асуудлаа шийдвэрлүүлэх гэж байсан чинь Э.Б  гэрт орж ирээд би салахгүй, дахиж ийм муухай ааш гаргахгүй, намайг уучлаарай гэж хэлсэн. Гурван удаа орж ирээд хамгийн сүүлд нь сүү бариад ороод ирсэн. Би эх хүн учраас 3 хүүхдийг нь харж өрөвдөөд одоо хэрүүлгүй амьдраарай, би та нарын төлөө бүхнээ зориулсан, 7, 8 жил хоёулаа ажилгүй байхад нь би тэжээж байсан, би чамайг 8 жил хувцасласан, чи надад гомдох ёсгүй гэж хэлсэн. Э.Б  дахиж тэгэхгүй гэж хэлсэн. Гэвч гэрт ирээд 4, 5 дахь хоногоосоо Б.Ч , Э.Б  нар хэрэлдээд байх шиг байсан. Би яасан юм бол гээд санаа зовж байсан. Би жижиг өрөөндөө байдаг байсан. Нэг өдөр Б.Ч  надад Э.Б  таны  байрыг худалдах, худалдан авах гэрээгээр өгчих гээд байна гэж хэлсэн. Энэ амьдралд нэг төгрөг ч оруулаагүй байж миний байрыг худалдах, худалдан авах гэрээгээр авна гэдэг юм бэ, ямар сонин юм бэ гэж хэлээд өнгөрсөн. Үр хүүхдээ, амьдралаа бодоод ирж байгаа биш, байр авах гэж ирж байгаа юм байна, ямар сонин юм бэ гэж гайхаж байсан. Гэтэл сүүлдээ хоорондоо зодолдоод хүүхдээ ч зодоод байсан. Би нүдээ аниад тэвчээд байж байтал Б.Ч  надад та байраа бэлэглэлээр өгчих, Э.Б  миний цээжийг ураад, зодож, цохиод болохгүй байна, хүүхдүүдээ хүртэл зодоод байна гэж хэлсэн. Би үр хүүхэд, 50 гарсан хүүгээ бодоод нэг өдөр Э.Б тай юу ч дуугарахгүй дагуулж яваад байраа бэлэглэлийн гэрээгээр өгсөн. Гэтэл Э.Б  баярлалаа ч гэж хэлээгүй. Хүүхдээ зодоод Б.Ч тай хэрэлдээд байсан. Би өглөө нь босоод хүүгийнхээ охиноос яасан бэ гэж асууж тодруулахад ээж намайг ус буцалгагчаас ус асгалаа гэж зодсон, цүнхээрээ 2 дахиж цохисон гэж хэлсэн. Э.Б  тэр өдөр ажилдаа очоод охин руугаа яриад ээжийгээ уучлаарай, ээж нь чамайг уурандаа зодчихлоо, эмээ чинь юу гэж байна гэж асуусан байсан. Эмээ яагаад хүүхдийн хацар хөхрүүлдэг юм бэ гээд баримтжуулаад бичлэг хийж авсан гэж хариулсан байсан. Би маргааш нь 2020 оны 01 сарын 28-ны өдөр охины хацар хөхөрсөн байсныг баримтжуулж бичлэг хийсэн. Намайг хүүхэд зодсон гэж байнга гүтгэдэг. Цагдаа нар бүгд Э.Б ын найз, хамтдаа архиддаг, бүгд Э.Б ын тал. Би олон удаа гүтгүүлж байсан учраас утсан дээр бичлэг хийхээс өөр аргагүй байсан. Би тэр бичлэгийг үзүүлсэн, хүүхэд эмээ бичлэг хийсэн гэж хэлсний дараа Э.Б  надад та яагаад хүүхдийн бичлэг хийдэг юм бэ, та надад байраа бэлэглэсэн, одоо болно, би тантай амьдрахыг хүсэхгүй байна, та гар гэж хэлсэн. Би тухайн үед юу ч дугараагүй. Би 9 жил болоход Э.Б тай хэрэлдээгүй. Учир нь хүү маань Америк улсын виз гаргуулах гэхэд заавал гэр бүл болсон байх шаардлагатай гэсэн учраас Э.Б тай сонины зараар танилцаж гэр бүл болсон байдаг. Гэрлэлтээ батлуулах гээд Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвд очиход Э.Б  мэдрэлийн эмчтэй нь хэрэлдээд гараад явсан байдаг. Мэдрэлийн эмч би Э.Б д гарын үсэг зурж өгөхгүй, сэтгэцийн асуудалтай хүн байна гэж хэлсэн байдаг. Би үүнийг сонссоноос хойш Э.Б тай нэг ч удаа хэрэлдээгүй. Би Э.Б д хөөгдөөд гадаа зөндөө уйлж суусан. Дүү нар дээрээ очих юм бол та бэрийнхээ төлөө бүх юмаа зориулдаг, гэтэл одоо бэрдээ хөөгдөж байвал хохь чинь гэж загнуулах байх гэж бодоод хамаатны охины юм оёдог подвалд очсон. Би очоод санаа зовоод эхний өдөр юм хэлээгүй. Маргааш нь надаас яагаад уруу царайтай байгаа юм бэ гэж асуухаар нь би бэрдээ хөөгдсөн гэж хэлсэн. Би тачигнасан өвлийн хүйтэнд хөөгдөж хөнжил, гудас, солих ээлжийн хувцсаа аваад гарсан. Би дүүгийнхээ подвалд 2 сар гаруй хугацаанд амьдарч, хавагнаж, зүрх өвдөж байсан. Би 12,000,000 төгрөг өгч байж  хоёр өрөө байр суллаад орсон боловч тэр мөнгөө алдчихсан, залилан байсан. Би бэрдээ маш их гомдсон. 3 хүүхдийг нь өсгөж, 7, 8 жил байрандаа амьдруулж, тэжээж байсан. Би гадаад явах болгондоо ганцхан Э.Б д хувцас авчирч өгдөг. Гэтэл намайг хэзээ ч тэгж байна гэж ойлгохгүй байсан. Байрыг зарах гэж намайг өвлийн хүйтэнд хөөсөн байсан. Би Б.Ч , Э.Б  нарт хоёуланд нь гомдож байгаа. Би хүүхдээс болоод байраа бэлэглэхдээ дахиж байраа зарах юм бол та хоёр орох оронгүй, ойчих аягагүй болно шүү. Надад байр байлаа гээд нас ахисан учраас хэзээ ч үхэж болно, гурван хүүхдээс чинь болоод та хоёрт байр бэлэглэлээ, дахиж битгий хэрэлдээрэй гэж хэлсэн. Э.Б  TV4 телевизийг дагуулж гэрт орж ирж олон нийтийн телевизээр гаргаж, нэр төрийг минь гутаасан. Баянгол дүүргийн Цагдаагийн газарт саяхан хүүхдийг нь аав, эмээ хоёр нь зодсон гээд өргөдөл өгчихсөн. Би аргаа бараад Нийслэлийн цагдаагийн газар хандсан. Би 70 хүрч байгаа настай хүн, гурван ачийнхаа төлөө амиа зориулдаг, хамаг хөрөнгөө эд нарт зарцуулж байдаг. Гэтэл намайг таньдаг цагдаа болгоноороо дарамтлуулж байна. Би гурван хүүхдийг нь зодох нь битгий хэл загнаж чаддаггүй. Э.Б  хүүхдүүдээ амралтын өдрүүдэд ирж авдаг. Аав дээр очихгүй, эмээ, аав хоёр зодсон гэж хоёр хүн дээр дагуулж очоод бичлэг хийлгэсэн байсан. Том охин нь мэдүүлэхдээ ээж хутга гаргаад дүүгийнх нь хурууг чинь огтолно гэхээр нь болиулсан гэж хэлсэн. Дүү нь сэтгэл зүйн хүнд дарамттай байна. Би хүүхдүүдийг нь өгөхгүй гээд гэртээ байлгаж байгаа. Өвлийн хүйтэнд байраа зараад орох оронгүй гурван хүүхэдтэйгээ миний хашаанд 4 ханатай гэр бариад хөлдөж үхэх шахаад байж байсан. Би бага хүүгийнхээ байрны түрээсийг болиулаад ороод амьдарч байсан. 108 төвөөс цагдаа орж ирээд хүчирхийлэл гарсан гэж хэлсэн. Би шалгуулахад хоёр охиныг зодсон асуудал байхгүй байна, хүчирхийлэл алга гэж үзсэн. Хоёр охиноос нь байцаалт авахад ээжээс айж байна, очих болгонд зодож байна, аавыгаа, эмээгээ тэгж хэл гэж загнадаг гэж мэдүүлсэн. Аав үг зааж өгөөд эмээ цээжлүүлсэн гэсэн бичлэгийг том охин нь үзээд миний үг биш байна, дүүгийнхээ хүүхдээр үг хэлүүлсэн байна гэж хэлсэн. Би ээждээ хайртай аавдаа хайргүй гэсэн бичиг байдаг. Бид энэ дээр шинжээчийн дүгнэлт гаргуулна, энэ миний бичиг биш байна, дүүгийнх нь хүүхэд Сарнайгийн бичиг байна гэж хэлсэн. Би таван хүүхэдтэй. Хамгийн том нь Б.Ч . Хүү маань архи уудаггүй, тамхи татдаггүй. Хонконгод миний бага хүү наймаа хийдэг. Олон жил машин зуучилж байсан. Бага хүүтэйгээ хамт Баянгол дүүргийн 4 дүгээр хороонд 2008 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 38 тоот 1 өрөө байр авсан. Хөрш айл аавын бие муу учраас 3 өрөө байрыг хямдхан авах уу гэхээр нь маргааш нь 37 тоот байрыг авсан. Гэтэл Э.Б  миний 2008 онд 45,000,000 төгрөг гаргаж худалдаж авсан байрыг миний байр гээд байх юм. Би бэрдээ маш их сэтгэл гаргаж байсан боловч намайг гомдоосон. Тийм учраас бэлэглэсэн зүйлээ буцааж авмаар байна. Бас мөнгөө авмаар байна. Би одоо маш их ядарч байна. Иймд бидний харилцаанд Иргэний хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар “хүч хэрэглэн буюу хүч хэрэглэхээр заналхийлэн хэлцэл хийлгэсэн”, мөн хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1 дэх хэсэгт заасан “бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн” зэрэг нөхцөл байдал байгаа, хөгшин настай надад хүч хэрэглэн хэлцэл хийсэн, гомдоосон ноцтой үйлдэл хийсэн нөхцөл байдлыг харгалзан үзэж 2019 оны 12 сарын 20-ны өдрийн “Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээ”-г хүчингүй болгож, байрыг зарж борлуулсан 59,500,000 төгрөгийг буцаан олгож шийдвэрлэж өгнө үү. Одоо нэгэнт уг орон сууцыг бусдад худалдан борлуулсан, байрыг биет байдлаар буцаан авах боломжгүй байгаа нөхцөл байдлыг харгалзан үзнэ үү” гэв.

 

Хариуцагч Б.Ч  шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

“Миний ээж И.Ж  бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн орон сууцтай холбоотой нэхэмжлэл гаргасан. Эхнэр бид хоёр бэлэглэлийн гэрээгээр орон сууц шилжүүлж аваад мөнгөөр зарсан. Учир нь бид хоёрт мөнгө хэрэгтэй байсан. Ээжийн байрыг зарахын тулд ээжийг байрнаасаа хөөж гаргаж гомдоосноо хүлээн зөвшөөрч байна. Ээжээс уучлалт гуйж байна. Ямар нэгэн маргах зүйлгүй болно. Манай аав, ээж хоёр 1970 онд гэр бүл болж 1974 онд байр авсан. 1999 онд байраа солиод би зөрүү мөнгөөр нь Швейцар улс руу явсан. 8 жилийн дараа би хүнд залилуулчхаад Монголд ирсэн. Манай гэр бүлийн 6 хүн 57 дугаар байрыг миний нэр дээр шилжүүлсэн. Тэр байрыг яагаад надад шилжүүлсэн бэ гэвэл зээл аваад Хонконгоос машины наймаа хийдэг бизнесийг эхлүүлсэн. 2008 онд авсан орон сууц бол манай гэрийн голомтыг зарсан мөнгөний үргэлжлэл юм. Э.Б  бид хоёр ээжийн амьдардаг 37 тоот байранд амьдарсан. 2013 онд тэр байранд ээж, манай дүү хоёр цуг амьдарч байсан. 2008 онд авсан байрны эх үүсвэр 1974 оноос эхэлсэн. Ээж маань манай хүүхдүүдийг хараад надтай байдаг. Би Америк улс явах виз гаргуулахад заавал гэрлэсэн байх шаардлагатай байсан бөгөөд Э.Б тай сонингийн зараар 2011 оны 01 сард танилцаад 2011 оны 02 сарын 09-ний өдөр гэрлэсэн. Гэрлэх гээд материал бүрдүүлж явахад заавал сэтгэц, мэдрэлийн эмчид үзүүлэх шаардлагатай болсон. Одоо анагаах ухааны доктор болсон Энхтүвшин гэдэг хүн тухайн үед Баянзүрх дүүргийн эмчээр ажиллаж байсан. Э.Б ыг үзүүлэхэд хэрэлдээд гараад ирсэн. Тэр эмч надад хэлэхдээ чи энэ хүнтэй суух юм бол насан туршдаа зовно шүү, сэтгэц мэдрэлийн өвчтэй хүн байна гэж хэлсэн. Тухайн үед Америк явахын тулд дансандаа мөнгөтэй байх шаардлагатай байсан учраас 2008 онд худалдаж авсан байраа зараад ээж миний дансанд 50 сая төгрөг байршуулсан байсан. Визэнд орох хугацаа тулсан байсан учраас би эмчээс гуйсаар байгаад гарын үсэг зуруулж аваад Э.Б тай гэрлэж байсан. Э.Б ын зүгээс чи надаас салахын тулд эд хөрөнгөө нуугаад ийш тийшээ шилжүүллээ гэж ярьдаг. Гэвч би Э.Б ын гаргадаг үйлдэл, хэрүүл, тэмцлээс маш их залхдаг байсан учраас 2016 он, 2019 онуудад салах өргөдөл өгч байсан. Ийм байдал нь огт засардаггүй, байнга намайг гүтгэж, цагдаад өгдөг. Би хүүхдүүдээ бодоод буцаад эвлэрдэг байсан. Хамгийн сүүлд Баянгол дүүргийн шүүхэд салах өргөдөл өгсөн, 2019 оны сүүлээр эвлэрсэн. Э.Б  над дээр гурван удаа ирээд хоёулаа эвлэрье, үр хүүхдээ бодъё, би дахиж муухай ааш гаргахгүй гэж хэлж байсан. Би гуравдахь удаагаа ирэхэд нь эвлэрсэн. Эвлэрээд нэг гэрт ороод удаагүй байхад намайг маажаад хүүхдүүдээ зодоод ээжээсээ байр ав, заавал миний нэр дээр худалдах, худалдан авах гэрээ хий гэж байнга шалж байсан. Загнаж, зодоод янз бүрээр үзсээр байсан учраас би ээжээс гуйгаад байрыг бэлэглэлээр авсан. Бэлэглэлийн гэрээг хийхдээ Э.Б  бид хоёрын нэр дээр хийсэн. Бэлэглэлийн гэрээ хийсний маргааш нь шүүх дээр очиж өргөдлөө татаж авсан. Учир нь Э.Б  хэрэв чи байраа өгөхгүй бол би чамаас сална, гурван хүүхдийг чинь амьдын там үзүүлнэ гэж хэлдэг байсан. Тухайн үед Ариунаа гэдэг шүүгч хянан шийдвэрлэж байсан. Тэр шүүгчид хүүхдийн яриаг өөрчилсөн бөөн будлиантай асуудлууд байдаг. Одоо ч бид гомдолтой учраас шалгуулна гээд явж байгаа. Э.Б д Хүүхэд хөгжлийн газар, цагдаагийн байгууллагад танихгүй, мэдэхгүй гэх хүн байхгүй. Гэтэл тухайн байгууллагууд Э.Б ыг ямар хүн бэ гэдгийг мэдсээр байж заавал ийм муу муухай зүйл хийлгэдэг. Би ээжийгээ дарамтанд оруулж орон байрнаас нь гаргасандаа харамсаж явдаг. Ээжээсээ уучлал хүсэж байна, хүүгээ уучлаарай. 20.. оны 10 дугаар сард Э.Б ыг нийгэмшүүлэхийн тулд ажилд оруулсан. Нийгэмшүүлэхгүй бол гэрт байсаар байгаад хэцүү зан ааштай болсон, маш хүнд байдаг байсан. Э.Б ыг эхлээд Сант сургуульд ажилд оруулсан боловч хоёр хоноод хүнтэй хэрэлдээд ажлаасаа гарсан. Маш олон цагдаад шалгагдаж байгаа асуудал байгаа. Одмаа, Цогбаяр гэдэг байцаагч нар хүүхдийн яриаг өөрчилсөн, энэ асуудлаараа шалгагдаж байгаа, мөн ээжээс 100,000 төгрөг хүчээр авсан. 2019 оны 12 сард ээжийгээ дарамтанд оруулж, Э.Б ын шахалтаар байрыг авсан нь үнэн. Би ээжийгээ олон удаа цагдаа, шүүхийн хаалгаар оруулж байгаадаа маш их санаа зовж байна. 2020 оны 01 дүгээр сард гэрээсээ хөөгдөж подвалд амьдарч байсан нь үнэн. Энэ талаар олон хүн гэрчилнэ. Ээж 1, 2 гэрч асуулгасан. Шаардлагатай гэж үзвэл 10 гэрч гарч ирнэ. Э.Б ын дүү манайд 2020 оны 03 сарын 08-ны өдөр Мартын 8 тэмдэглээд ууж, идээд архидсан гэж мэдүүлсэн байна. Тийм асуудал болоогүй, би архи уудаггүй. Баяраа гэдэг хүн 2020 оны 02 дугаар сарын сүүлээр Бор Өндөр сумд ажилд орсон. Э.Б  ажил хийснээсээ хойш гэртээ талх авдаггүй, архи уугаад тасарчихдаг, цагдаа нартай шоуддаг байсан. Би Э.Б ын нийгмийн даатгалыг нь төлдөг байсан. Бидний цалин орлого байр авах хэмжээнд байгаагүй. Пробокс маркийн автомашиныг ээж маань тэтгэврийн зээл аваад авч байсан. Маяти маркийн автомашиныг 37 тоот байрыг зараад 30 сая төгрөгөөр авч байсан. Тал мөнгийг нь ээж төлж байсан. Эргүүлээд 25,000,000 төгрөгөөр зарсан. Эмээг нь хөөснийг хүүхдүүд мэднэ. Байрыг 59,500,000 төгрөгөөр зараад Э.Б  намайг мөнгийг заавал дундын дансанд хий гээд банк дотор зодоод дундын дансанд хийхгүй бол дахиад сална, хүүхдүүдээ аваад явлаа гээд өдөржин болсон. Гуйгаад байхаар нь дундын дансанд хийсэн. Ээжийн тэтгэврийн зээлээр авсан пробокс гэдэг машин дээр 4,500,000 төгрөг нэмж өгөөд портер авсан. Э.Б ын бүх улирлын хувцсыг авахад 3,500,000 төгрөг зарцуулсан. Дүүд нь 1,800,000 төгрөг зээлүүлээд одоо болтол авч чадаагүй. Үлдэгдэл 44,295,000 төгрөг Голомт банкны дундын дансанд байгаа. Би Голомт банкинд хүсэлт гаргаж дансыг битүүмжилж байгаад Э.Б д хууль сануулж байгаад хулгайлсан мөнгийг буцааж дундын дансанд хийлгэсэн. Ээжид байрны мөнгийг буцааж өгнө” гэв.

 

Хариуцагч Э.Б  шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

“Нэхэмжлэгч И.Ж ын 2019 оны 12 сарын 20-ны өдөр байгуулсан “Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээ”-г хүчингүй болгуулах, байрыг зарж борлуулсан 59,500,000 төгрөгийг буцаан олгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг үл зөвшөөрч дараах тайлбарыг хүргүүлж байна. Үүнд: Би нэхэмжлэгч И.Ж ын төрсөн хүү хамтран хариуцагч Б.Ч тай 2011 онд анх танилцаж, 2011 оны 02 сараас Б.Ч ын Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт орших хашаа, хувийн сууцанд хамт амьдарч эхэлсэн. Ийнхүү хамтран амьдарч байх хугацаанд 2011 оны 11 сарын 11-ний өдөр том охин Ч.Хүслэн, 2013 оны 09 сарын 21-ний өдөр дунд охин Ч.Анар, 2017 оны 02 сарын 02-ны өдөр отгон хүү Ч.Аттила төрсөн. Улмаар бид 2011 оны 06 сард өөрсдийн амьдарч байсан хашаа, байшингаа зарж, 2011 оны 09 сард Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 52 дугаар байр, 37 тоот 3 өрөө орон сууцыг худалдан авч, манай гэр бүл амьдарч байгаад 20.. оны 11 сард зарсан. Үүний дараа 2019 оны 04 сард Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, ... дугаар байр, .. тоот 1 өрөө орон сууцыг худалдаж авсан. Энд дурдаж байгаа 3 болон 1 өрөө орон сууцанд манай гэр бүл амьдардаг байсан хэдий боловч үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийн гэрчилгээ нь дан ганц хадам эх И.Ж ын нэр дээр бүртгэлтэй байсан болно. Улмаар И.Ж  2019 оны 12 сард Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, ... дугаар байр, .. тоот 1 өрөө орон сууцны өмчлөх эрхийг Б.Ч  бид хоёрт бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн өгсөн бөгөөд энэ орон сууцыг 2020 оны 03 сард бусдад зарсан. Б.Ч  нь надтай хамтран амьдарч байх хугацаандаа удаа дараа надад шалтгаангүйгээр уурлаж, намайг элдвээр хэлж, доромжилж, миний биед халдаж, зодож, танхайрч байсан. Б.Ч ын эхнэр буюу надад дээрэнгүй, хүндэтгэлгүй ханддаг, харилцдаг байдалд түүний эх И.Ж ын хатгалга, нөлөө их байсан. Энэ мэт нөхрийнхөө болоод хадам эхийнхээ гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйлдлүүдийг хүүхдүүдээ, өөрийн болон тэдний нэр төр, алдар хүндийг бодож, бусдаас нууж, энэрэнгүй сэтгэлээр хандаж, засрах байх гэж найдаж, уучилсаар ирсэн. Б.Ч , И.Ж  нарын зүй бус үйлдэл, харилцааг удтал тэвчсэний эцэст таслан зогсоох зорилгоор цагдаагийн байгууллагад ганц нэг удаа гомдол мэдүүлж байсан ч тухай бүр тэд надаас уучлалт гуйж, гомдлоосоо татгалзахыг хүсэж, намайг гомдлоосоо татгалзуулдаг байсан. Хамгийн сүүлд 2020 оны 07 сарын 16-ны өдөр гэртээ Б.Ч  намайг зодож танхайрсан ба энэ үйл явдал одоо Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтэст шалгагдаж байгаа болно. Өдгөө миний бие энэ асуудлаас болоод 2020 оны 07 сараас хойш өөрийн төрүүлсэн гурван хүүхдээсээ хол тусдаа амьдарч байна. Мөн 2016, 2019 онуудад Ч.Ч надаас гэрлэлтээ цуцлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан. Тодруулбал, хамгийн сүүлд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Б.Ч  надад холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох, эх байх эрхийг хасуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан ч тэрбээр нэхэмжлэлээсээ татгалзсан учир тус шүүхийн шүүгчийн 2019 оны 12 сарын 30-ны өдрийн 102/ШШ2020/00063 дугаар захирамжаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон. Дээр өгүүлсэнчлэн Б.Ч тай хамтран амьдарч байх хугацаанд манай гэр бүлийн амьдралд хадам эх И.Ж ын оролцоо, нөлөө их байсан бөгөөд үүний нэг илрэл нь танай шүүхэд манай гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгийг өмчирхөж, нэхэмжлэл гаргаж буй явдал хэмээн үзэж байна. Түүнчлэн Б.Ч  нь И.Ж ын нахэмжлэлд дурдсан болон өөр бусад хөрөнгүүдээ эх И.Ж ыхаа нэр дээр шилжүүлж, надаас нуудаг байсан ба энэ нь тэд ирээдүйд Б.Ч  бид хоёрын дунд .үүсэж болзошгүй гэр бүлийн хөрөнгийн маргаанд нөлөөлөх оролдлого, санаа байжээ гэж хожим бодоход хүргэж байна. Нэхэмжлэлтэй танилцахад бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах хоёр үндэслэлээр шаардаж байна гэж ойлгосон. Нэгдүгээрт анх орон сууцыг хүч хэрэглэж, дарамталж байгаад байрыг авсан, хоёрдугаарт хүүхдийн бичлэг хийлээ гэж уурлаж, гэрээсээ хөөсөн гэсэн хоёр хууль зүйн үндэслэл хэлж байна гэж ойлгосон. Энэ тайлбар, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. 2019 оны 12 сарын 20-ны өдөр маргаан бүхий байрыг анх нэхэмжлэгч И.Ж аас хоёр хариуцагчид бэлэглэсэн. Тухайн үед Б.Ч  гэрлэлт цуцлуулна гээд Баянгол дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг бөгөөд энэ хэрэг нь шийдвэрлэгдээгүй, шүүх хуралдаан нь болох дөхчихсөн байх үед Б.Ч  Э.Б д хоёулаа эвлэрье, гэрлэлт цуцлуулахаа болъё, би ээжийн нэр дээр байгаа байраа өөрсдийнхөө нэр дээр шилжүүлж авъя гэж хэлсэн байдаг. Үүнийг Э.Б  зөвшөөрөөд бэлэглэлийн гэрээгээр байр шилжүүлж авсны дараа хоёулаа хамтдаа очоод шүүхээс гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлээ татаж авсан. Нэхэмжлэгч, хариуцагч хоёр хамт амьдраад Э.Б  ээжээсээ байр ав гэж Б.Ч ыг дарамталсан гэсэн тайлбар худал гэдэг нь нотлогдож байна. Учир нь 2019 оны 12 сард хариуцагч нар тусдаа амьдарч байсан. Б.Ч  2019 оны 02 сард шүүхэд нэхэмжлэл өгснөөс хойш Э.Б  байр хөлсөлж амьдарч байсан. Яаж хариуцагч нар хамтдаа амьдраад бие биенийгээ дарамталсан юм бэ, нэхэмжлэгч нэхэмжлэлдээ Э.Б  гэрлэлт цуцлуулаад хүүхдүүдтэй уулзуулахгүй гэж хэлсэн гэж бичсэн. Гэвч энэ нь худал. Б.Ч  2016 онд шүүхийн эвлэрүүлэн зуучлалд хандаж байсан. Дараа нь 2019 оны 02 сард дахин Б.Ч  шүүхэд гэрлэлтээ цуцлуулах нэхэмжлэл гаргасан байдаг. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс Э.Б  хүүхдүүдээ уулзуулахгүй, Б.Ч аас сална гэж дарамталж байгаад байрыг авсан гэж бичсэн байдаг. Хэрэгт нотлох баримтаар авагдсан үйл баримт нэхэмжлэгчийн тайлбар, хариуцагч Б.Ч ын тайлбараас зөрж, худал гэдэг нь тогтоогдож байна. Бичлэг хийсэн гээд гэрээсээ хөөсөн гэж ярьж байгаа боловч энэ талаар нотолсон нотлох баримт хэрэгт авагдаагүй. Нэхэмжлэгчийн дүүгийн мэдүүлэгт эгч маань салсан эхнэрийн оёдлын газарт амьдарч байхдаа бэртэйгээ муудалцаад ингэж амьдарч байна гэж хэлсэн гэж мэдүүлсэн. Гэвч тухайн хүн нэхэмжлэгч, хариуцагч нарын хоорондоо муудалцаад Э.Б  гэрээсээ хөөсөн үйл баримтыг мэдэхгүй, нотлоогүй. И.Ж  анхнаасаа бэртэйгээ муудалцаад намайг хөөсөн гэдэг зүйл ярьж байгаа. Тэр гэрч ингэж хэлснийг нь мэдүүлж байгаа. Хамгийн сүүлд худалдаж авсан .. тоот орон сууцыг авахдаа Б.Ч ын хөрөнгөөр авсан орон сууц гэж үзэж байна. Учир нь анх 2008 онд авсан амины орон сууцыг Б.Ч  худалдан борлуулаад Голомт банкны дансаараа 90 сая төгрөг авсан байдаг. Энэ мөнгөөрөө Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны орон сууцыг Б.Ч  авсан байдаг. Бүх гэрээ, хэлцэл И.Ж ын нэр дээр хийгддэг боловч  37 тоот орон сууцыг худалдаж авдаг өдөр Б.Ч  Төрийн банкинд байсан 70 сая төгрөгийн хадгаламжийн сертификатаа цуцлаад торгууль төлөөд мөнгөө авсан байдаг. Тэр өдөр нь 37 тоот орон сууцыг худалдаж авч байгаа юм. 37 тоот орон сууцыг авсны дараа .. тоот орон сууцыг худалдаж авсан байдаг. Энэ мөнгө Б.Ч ын хөрөнгө байсан гэж үзэж байна. Нотлох баримтуудаар нотлогдож байна. Нэхэмжлэгч И.Ж  байгаа боловч цаана нь мөнгийг авах сонирхолтой хүн нь Б.Ч  гэж үзэж байна. Бэлэглэлийн гэрээ байгуулснаараа И.Ж ад шаардах эрх үүснэ гэж тайлбарлаж байгаа боловч Б.Ч  Э.Б аас тодорхой хэмжээний хөрөнгө, мөнгө салгаж авахын тулд энэ нэхэмжлэлийг И.Ж аар гаргуулж байна гэж үзэж байна. Энэ хоёр нэгдмэл ашиг сонирхолтой хүмүүс. Яагаад гэвэл хэрэгт авагдсан баримтаар Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны сургуулийн хэсгийн гудамжид байрлах үл хөдлөх хөрөнгийн газрыг хамгийн анх Эрдэнэчимэг гэдэг хүнээс 2009 онд Б.Ч  худалдаж аваад ээждээ шилжүүлсэн. Мөн пробокс, маяти машиныг Б.Ч  худалдаж аваад ээждээ үнэгүй өгчихдөг. Нотлох баримтуудаас харахад маш олон удаа ээж, хүү хоёр хоорондоо юмаа бэлэглээд үнэгүй шилжүүлдэг нь нотлогдож байна. Хавтаст хэрэгт ээж тэгсэн, ингэсэн гээд хүүхдэд үг зааж өгөөд, гараар бичүүлсэн байна. Энэ нь юугаар нотлогдож байна вэ гэхээр 2019 онд Баянгол дүүргийн шүүх аав, ээжийнхээ хэнтэй нь амьдрах вэ гэдэг саналыг асуусан байдаг. Хүүхдүүд аав ингэж хэл гээд бичүүлсэн гэж хэлдэг. Гэтэл хүүхдийн санал асуусан шүүгчтэй заргалдаж, гомдол гаргасан. Хүүхдийн санал асуусан тэмдэглэл 201-203 дугаар хуудаст авагдсан. Хүүхдүүд аавтайгаа хамт байхдаа ямар байдалтай байдаг вэ, ээжтэйгээ хамт байхдаа ямар байдалтай байдаг вэ гэдэг талаар шүүхээс томилсон шинжээч нар дүгнэлт гаргасан. Уг дүгнэлт хавтаст хэргийн ..5-..9 дүгээр хуудаст нотлох баримтаар авагдсан. Мөн хүүхдийн гар бичмэлүүд авагдсан. Б.Ч ын зүгээс Э.Б  намайг хүчирхийлдэг гэж ярьж байна. Гэхдээ хүчирхийлүүлсэн талаар нотолсон нотлох баримт хэрэгт авагдаагүй. Харин Э.Б ыг Б.Ч  хүчирхийлж байсан гэдэг нотлох баримт хавтаст хэргийн 204-230 дугаар хуудаст авагдсан. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харахад сүүлд авсан .. тоот байрыг И.Ж  өөрөө төлж авсан гэдэг баримт хэрэгт харагдахгүй байна. 2011 онд худалдаж авсан байрныхаа мөнгийг төлсөн баримтыг байхгүй гээд гаргаж өгөхгүй байна. Бид энэ байрыг И.Ж  мөнгөөрөө аваагүй, Б.Ч ын мөнгөөр авсан гэж үзээд байхад И.Ж  өмгөөлөгчтэй байж 37 тоот байрыг ийм байдлаар авсан гэдгийг нотолсон баримт байхгүй байна. Мөн .. тоот байрыг шилжүүлсэн баримт байхгүй байна. Дансанд 31 сая төгрөг шилжүүлсэн хуулга байдаг. Тухайн өдөр хэнээс хийж байгаа нь мэдэгдэхгүй 31 сая төгрөг И.Ж ын дансанд орлогоор орж ирсэн, тэр мөнгөөр байр авсан байдаг. Тухайн мөнгийг Б.Ч  И.Ж ын дансанд хийгээд байр худалдаж авсан гэсэн байр суурьтай байна. Шүүх хуралдааны явцад тайлбарлаад байгаа зүйлүүд нь нотлох баримтаар давхар нотлогдохгүй байна. Хариуцагч Э.Б ын бичгээр гаргаж өгсөн бүх тайлбар нотлох баримтаар нотлогдож байгаа. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхиж өгнө үү” гэв.

Шүүх хуралдаанд зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч И.Ж  нь нь хариуцагч Б.Ч , Э.Б  нарт холбогдуулан 2019 оны 12 сарын 20-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах, бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн орон сууцыг бусдад худалдан борлуулсан үндэслэлээр 59,500,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

 

Хариуцагч Б.Ч  нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргаж, хариуцагч Э.Б  нь бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн орон сууц нь Б.Ч ын хөрөнгөөр худалдан авсан хөрөнгө гэх тайлбарыг гарган нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

И.Ж , Б.Ч , Э.Б  нарын хооронд 2019 оны 12 сарын 20-ны өдөр Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээ байгуулагдсан байх бөгөөд уг гэрээгээр И.Ж  нь өөрийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2205  дугаарт бүртгэгдсэн, 000747003 дугаар гэрчилгээтэй, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, ... дугаар байр, .. тоот хаягт байршилтай 20 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцны зориулалттай  үл хөдлөх эд хөрөнгийг Б.Ч , Э.Б  нарт хариу төлбөргүй шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна. Гэрээ байгуулсан, болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зохигчид маргаагүй. /хх1-16, 17/

 

Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1-д “Бэлэглэлийн гэрээгээр бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчийн зөвшөөрснөөр түүний өмчлөлд тодорхой хөрөнгө хариу төлбөргүй шилжүүлнэ”, мөн хуулийн 276.2-т “Эд хөрөнгө шилжүүлснээр бэлэглэлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч И.Ж  нь өөрийн өмчлөлийн орон сууцыг хариуцагч нарт хариу төлбөргүй шилжүүлж, хариуцагч нар нь орон сууцыг өмчлөлдөө шилжүүлэн авч үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулан авч тэдний хооронд бэлэглэлийн гэрээ байгуулагджээ.

 

Нэхэмжлэгч И.Ж  нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч нарын зүгээс дарамт шахалт үзүүлэн хүч хэрэглэсний улмаас тухайн бэлэглэлийн гэрээг байгуулсан, бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн орон сууцанд хариуцагч нарын хамт амьдардаг байсан боловч хүүхэд зодсон талаарх бичлэгийг дур мэдэн хийсэн гэх шалтгаанаар хэрүүл хийж гэрээсээ хөөсөн, өвлийн хүйтэнд очих газаргүйн улмаас подвальд хоёр сар амьдарч, улмаар байр түрээслэн амьдарч байгаа тул хариуцагч нар түүнийг ноцтой гомдоосон үндэслэлээр 2019 оны 12 сарын 20-ны өдрийн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулахаар шаардлага гаргасан гэж тайлбарлаж байна.

 

Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1, 280.1.1-т бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн бол бэлэглэгч бэлэглэлийг хүчингүй болгохоор бэлэг хүлээн авагчаас шаардах эрхтэй гэж заасан.

 

Хариуцагч Э.Б  нь бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн орон сууц нь нэхэмжлэгч И.Ж ын нэр дээр бүртгэлтэй боловч хариуцагч Б.Ч ын хөрөнгөөр худалдан авсан орон сууц гэх тайлбарыг гарган мэтгэлцсэн.

 

Маргааны зүйл болох Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, ... дугаар байрны .. тоот хаягт байршилтай 20 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцны зориулалттай  үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч И.Ж  нь 2019 оны 04 сарын 10-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээгээр Н.Баасандоржоос худалдан авсан болох нь баримтаар тогтоогдож байна. /хх1-14-.../

 

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч И.Ж  нь дээр дурдсан гэрээгээр худалдан авсан орон сууцыг 2019 оны 08 сарын 13-ны өдрийн бэлэглэлийн гэрээгээр Б.Ч т хариу төлбөргүй шилжүүлсэн, Б.Ч  нь 2019 оны 11 сарын 05-ны өдрийн бэлэглэлийн гэрээгээр И.Ж ад хариу төлбөргүй буцаан шилжүүлсэн, И.Ж  нь 2019 оны 12 сарын 20-ны өдрийн бэлэглэлийн гэрээгээр Б.Ч , Э.Б  нарт хариу төлбөргүй шилжүүлсэн, хариуцагч нар нь 2020 оны 03 сарын ..-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээгээр орон сууцыг Э.Энхсайхан, А.Намуун нарт 59,500,000 төгрөгөөр худалдсан болох нь хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна. /хх1-50-51, 52, 16-17, 19-20/

 

Нэхэмжлэгч И.Ж  нь 2020 оны 02 сард Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, 5 дугаар хороолол, 14а байрны подвальд оёдлын цехийн зориулалтаар ашиглаж байсан байранд амьдарч байсан болох нь, мөн 2020 оны 03 сарын 06-ны өдөр Централ рийл эстэйт ХХК-тай мөнгө зээлдүүлж байранд суух, буцаан мөнгөө бүтнээр нь авах нөхцөлтэй орон сууц түрээслэхэд зуучлуулах гэрээ байгуулж, мөнгө шилжүүлсэн, одоо Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны 22 дугаар байрны 64 тоотод түр оршин сууж байгаа болох нь хэрэгт авагдсан баримт болон гэрч И.Э ын мэдүүлгээр тогтоогдож байна. /хх1-21-22, 23, 25, 240-242/

 

Хариуцагч Э.Б  нь бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн орон сууц нь хариуцагч Б.Ч ын хөрөнгөөр бий болсон хөрөнгө, нэхэмжлэгч И.Ж ыг гэрээс нь хөөж явуулаагүй  гэх тайлбар, татгалзлыг гаргаж байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, түүний тайлбар нь баримтаар тогтоогдохгүй байна. Хариуцагч Б.Ч  нь хариуцагч Э.Б ын тайлбар үндэслэлгүй, тухайн орон сууцыг худалдан авах санхүүгийнн чадавхи түүнд байхгүй, байгаагүй, ээжийнхээ өмчлөлийн орон  сууцыг бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн авч бусдад худалдсан гэх тайлбарыг гарган, ээж И.Ж  нь гэрээсээ хөөгдөж бусдын түрээслэсэн подвальд амьдарч байсан гэх тайлбарыг гарган бэлэглэгч буюу нэхэмжлэгч И.Ж ыг амьдрах газаргүй болгон гомдоосон гэдгийг хүлээн зөвшөөрсөн.

 

Хэргийн үйл баримтаар нэхэмжлэгч И.Ж  нь 2020 оны 02 сард хариуцагч Э.Б  хүүхдээ зодсон талаарх бичлэгийг хийсэн нь тогтоогдож байх боловч өөрийн амьдарч байсан орон сууцыг хариуцагч нарт бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн, тухайн орон сууцанд хамт амьдарч байгаад гэрээс хөөгдсөний улмаас амьдрах орон сууцгүй болсон нөхцөл байдал үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Бэлэглэгч нь бэлэглэлийн гэрээгээр тодорхой хөрөнгө шилжүүлсний улмаас өөрөө суурь хэрэгцээгээ хангаж чадахааргүй нөхцөлд хүрсэн бол бэлэглэлийг хэрэгжүүлэх үндэслэлгүй юм. Амьжиргааны үндсэн шаардлагыг хангах хөрөнгөгүй болох аюул нүүрлэсэн тохиолдолд бэлэглэгч бэлэглэлийн гэрээг хүчингүйд тооцуулан бэлгийг буцаан шаардах эрхтэй бөгөөд нэхэмжлэгч И.Ж  нь өөрийн өмчлөлийн орон сууцны өмчлөх эрхийг хариуцагч нарт шилжүүлсний дараа гэрээсээ хөөгдөж амьдрах газаргүй болсныг бэлэглэгч өөрийн амьжиргааны нэн тэргүүний хэрэгцээт хөрөнгийг бусдад бэлэглэсэн гэж үзэхээр байна.

 

Нэхэмжлэгч нь 2019 оны 12 сарын 20-ны өдөр хийсэн бэлэглэлийг хүчингүй болгуулахаар 2020 оны 08 сарын 19-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулахаар шаардах эрхтэй, тэрээр Иргэний хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 280 дугаар зүйлийн 280.1.1-д заасныг үндэслэн шаардлага гаргажээ.

 

Иргэний хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д “Нөгөө тал, эсхүл гуравдагч этгээдийн зүгээс хүч хэрэглэн буюу хүч хэрэглэхээр заналхийлэн хэлцэл хийлгэсэн бол хэлцэл хийгч этгээд уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй бөгөөд зохигчдын хооронд 2019 оны 12 сарын 20-ны өдөр бэлэглэлийн гэрээг байгуулсан үйл баримтад Иргэний хуулийн 60 дугаар зүйлд заасан үндэслэл байсан гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлийг нэгтгэн дүгнэж хариуцагч Б.Ч , Э.Б  нар нь нэхэмжлэгч И.Ж аас түүний амьжиргааны нэн тэргүүний хэрэгцээт хөрөнгө буюу амьдрах орон сууцны өмчлөх эрхийг нь шилжүүлэн авсан боловч тухайн орон сууцнаас хөөж амьдрах орон сууцгүй болгож бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдлийг хийсэн гэж үзэн И.Ж , Б.Ч , Э.Б  нарын хооронд байгуулагдсан 2019 оны 12 сарын 20-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох үндэслэлтэй.

 

Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.2-т бэлэглэлийн гэрээ хүчингүй болсон бол бэлэглэлийн зүйлийг бэлэглэгчид буцаан олгохоор заасныг баримтлан  бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн эрхийн улсын бүртгэлийн Ү-2205  дугаарт бүртгэгдсэн, 000747003 дугаар гэрчилгээтэй, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, ... дугаар байр, .. тоот хаягт байршилтай 20 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцны зориулалттай  үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Б.Ч , Э.Б  нар нь бусдад 59,500,000 төгрөгөөр худалдсан үйл баримт тогтоогдсон тул тухайн орон сууцны үнэ 59,500,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулан нэхэмжлэгч И.Ж ад олгох үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1... дугаар зүйлийн 1....1, 1....2.1, 116, 1.. дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1, 280 дугаар зүйлийн 280.2-т заасныг баримтлан И.Ж , Б.Ч , Э.Б  нарын хооронд байгуулагдсан 2019 оны 12 сарын 20-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож, хариуцагч Б.Ч , Э.Б  нараас 59,500,000 /тавин есөн сая таван зуун мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч И.Ж ад олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 525,650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Ч , Э.Б  нараас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 525,650 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч И.Ж ад олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Д.ЦЭРЭНДОЛГОР