Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 101/ШШ2021/00983

 

 

 

 

 

 

 

 

                       2021        03          29   

         101/ШШ2021/00983

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Завхан аймаг, Тосонцэнгэл сум, 3 дугаар баг, Улаантолгой баг, хаяггүй гудамж, 0 тоот хаягт оршин суух Хариад овогт Манжилжавын Болд /Регистрийн дугаар ИЦ60060916/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө 16, Засгийн газрын IX байранд байрлах “З ” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд холбогдох,

            Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх  олговор гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Нандинцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

   Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

“Иргэн М овогтой Б миний бие 2005 оноос “З ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдож 15 жил үр бүтээлтэй ажилласан билээ. Энэ хугацаанд дээд удирдлагатай гэрээ байгуулан, сахилгын болон бусад зөрчилгүй ажиллаж ирсэн. Миний бие эрүүл мэндийн шалтгааны улмаас Улаанбаатар хотод байрлах Интермэд эмнэлэгт К746 оноштойгоор 2020 оны 05 сарын 21-ний өдрөөс 06 сарын 01-ний өдөр хүртэл эмнэлгийн магадлалаар ажлаас түр чөлөөлөгдөн эмчилгээ хийлгэж байхад “З ” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2020 оны 05 сарын 18-ны өдрийн 05 тоот тогтоолоор намайг ажлаас чөлөөлж 2020 оны 06 сарын 08-ны өдөр миний ажлыг хүлээн авсан. Тус тогтоолоор иргэн М.Б  намайг ажлаас чөлөөлөхдөө урьдчилан мэдэгдээгүй эмчилгээтэй байхад маань ямар нэг шалтгаангүй ажлаас шууд чөлөөлөх тогтоол гарсан нь миний Үндсэн хууль болон Хөдөлмөрийн тухай хуулиар олгогдсон хөдөлмөрлөх хууль ёсны эрхийг маань зөрчиж байна. Хөдөлмөрийн тухай хуульд контрактын гэрээгээр ажил үүрэг гүйцэтгэх талаар тусгайлан зохицуулсан. З ” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2020 оны 05 сарын 18-ны өдрийн 05 дугаар тогтоолд Хөдөлмөрийн тухай хуульд заасан тусгайлсан зохицуулалтаар контрактын гэрээг цуцалсан талаар ямар нэгэн үндэслэл заагаагүй, харин контрактын гэрээ дуусгавар болж байгаа тул гүйцэтгэх захирлаас чөлөөлсүгэй гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн байдаг. “З ” ТӨХК нь М.Б той 2018 оны 04 сарын 14-ний өдөр контрактын гэрээ байгуулсан байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн ерөнхий заалтаар аль нэг талаас хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох санаачилга гаргаагүй бол гэрээ байгуулагдсан хугацаагаар үргэлжлэх ёстой. 2018 оны 04 сарын 14-ний өдөр байгуулсан гэрээ 2019 оны 04 сарын 14-ний өдөр дуусна. Хугацаа дуусах үед аль нэг талаас гэрээг цуцлах санал гаргаагүй. М.Б ын зүгээс эвлэрэхгүй гэсэн байр суурьтай байдаг. Учир нь бид хууль ёсыг дээдэлж шүүх дээр хууль ярих ёстой боловч “З ” ТӨХК-ийн зүгээс нэхэмжлэгчид хүнлэг бус, хүний үндсэн эрх болох хөдөлмөрлөх эрхэд халдсан үйлдэл гаргасан. 2020 оны 06 сарын 08-ны өдөр М.Б ын 60 насанд хүрч тэтгэвэрт гарах байсан. 15 жил ажиллаад салбарын 3 удаагийн аварга болсон, 2018-2019 онуудад ямар нэгэн зөрчилгүй ажиллаж байсан. 2020 оны 06 сарын 08-ны өдөр 60 нас хүрээд тэтгэвэртээ гаръя, тухайн шийдвэрээ 20 хоногоор хойшлуулж өгөөч гэж гуйсан боловч хүсэлтийг нь хүлээж аваагүй. М.Б ын гомдоод эвлэрэхгүй байгаа шалтгаан нь 20 наснаасаа хойш 40 жил улсад ажилласан, нутаг орны хүмүүс намайг алдаа зөрчил гаргаад ажлаасаа хөөгдөөд гарчихлаа гэдэг байдлаар харна, ажлын хамт олны зүгээс ч намайг буруугаар ойлгож байна. Ийм байдлаар ажлаасаа гармааргүй байна, заавал шүүхээр үнэн зөвийг тогтоолгож, би ямар нэгэн алдаа дутагдал гаргаагүй гэдгээ нотолж, 40 жил ажилласан учраас тэтгэвэрт гарахдаа ажлын хамт олноосоо хадаг аваад гарчихмаар байна гэсэн хүн ёсны хүнлэг чанар хүсэж байгаа юм.  “З ” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2020 оны 05 сарын 18-ны өдрийн 05 дугаар тогтоолоор ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн гэдэг шалтгаанаар нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан контрактын гэрээтэй холбоотой журмыг баримтлаагүй. Ажлаас чөлөөлөх болсон үндэслэлээ гэрээ дуусгавар болсон гэж үзсэн боловч Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар контрактын гэрээг 2020 оны 04 сарын 14-ний өдрөөс 2021 оны 04 сарын 15-ны өдөр хүртэл сунгагдсан гэж хууль зүйн хувьд үзэхээр байхад үүнийг өөрсдийнхөөрөө тайлбарлаж ажлаас чөлөөлсөн нь хууль бус байна. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас гаргасан шийдвэр нь хуулийг давсан шийдвэр байх ёсгүй гэж үзэж байна. Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар иргэн эрүүл мэндийн мэндээ сахин хамгаалах үүрэгтэй. М.Б ын эрүүл мэндийн шалтгаантай нөхцөл байдлыг ашиглаж өөрийг нь байхгүйд хурал дээр үг хэлэх боломж олгохгүйгээр шууд ажлаас нь халж байгааг хүнлэг бус хандаж байна гэж үзэж байна. Ямар ч хурлын шийдвэр Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлчилж байгаа хуулиас давуу эрхтэй байх ёсгүй. Бүх зүйл хуулийн дагуу байх ёстой. М.Б  тухайн байгууллагад 15 жил ажиллаж, 2016, 2018 онуудад контрактын гэрээ нь автоматаар сунгагдаж байсан. Түүний бие өвдөж, хорт хавдар тусаж, хоёр ч удаа хагалгаанд орсон байхад нь ажлаас нь чөлөөлсөн нь хууль бус юм. Хөдөлмөрийн тухай хуульд эрүүл мэндийн шалтгаантай бол ажил, албан тушаал нь хэвээр хадгалагдана. Гэтэл өвдсөн байх үед нь өөрийг нь байхгүйд ажлаас чөлөөлсөнд туйлын гомдолтой байна. Хүнлэг бус хууль бус шийдвэр гаргасан. Иймд ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоож “З ” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн гаргуулж өгнө үү” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

“З ” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд холбогдуулан гаргасан М.Б ын нэхэмжлэлтэй танилцаад дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. 1/. Компанийн Төлөөлөн удирдах зөвлөл 2020 оны 05 сарын 18-ны өдөр хуралдаж, 05 дугаар тогтоолоор М.Б ыг гүйцэтгэх захирлын үүрэгт ажлаас чөлөөлсөн. М.Б  нь энэ шийдвэр гарснаас хойш 3 хоногийн дараа буюу 2020 оны 05 сарын 21-ний өдөр эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн байна. Иймд Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэр гарсны дараа эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн нь Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй. 2/. М.Б  нь 2020 оны 06 сарын 01-ний өдрийг хүртэл эмнэлэгт эмчлүүлсэн гэж нэхэмжлэлдээ дурдсан байна. Гэтэл гүйцэтгэх захирлын ажил хүлээлцэх ажлын хэсэг 2020 оны 06 сарын 09-ний өдөр ажил хүлээлцсэн. М.Б  өөрийн биеэр байлцаж, ажил хүлээлцэх актад гарын үсэг зурсан. Иймд М.Б ыг эмнэлгээс гарсны дараа ажил хүлээлцэх ажиллагаа явагдсан тул Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй. 3/. “Завхан-АЗЗА” ТӨХК нь 100 хувь төрийн өмчит компани юм. Засгийн газрын 2016 оны 80 дугаар тогтоолын 2.10 дахь заалтын дагуу тус компанийн хувьд хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч нь Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар байдаг. Компанийн тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д зааснаар хувьцаа эзэмшигчдийн хурлын чөлөөт цагт компанийн эрх барих байгууллага нь төлөөлөн удирдах зөвлөл байдаг. Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.8-д зааснаар “компанийн гүйцэтгэх удирдлагыг сонгох, өөрчлөх, түүний бүрэн эрхийг тогтоох”, 76.1.9-д зааснаар “компанийн гүйцэтгэх удирдлагатай байгуулах гэрээний нөхцөл, түүнд олгох шагнал, урамшуулал, хариуцлагын хэмжээг тогтоох” нь Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэн эрх. Төлөөлөн удирдах зөвлөл М.Б тай 2018 оны 05 сарын 23-ны өдөр 1 жилийн хугацаатай контракт байгуулсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т “Хөдөлмөрийн хугацаатай гэрээний хугацаа дуусмагц талууд түүнийг цуцлах санал тавиагүй бөгөөд ажилтан ажлаа гүйцэтгэсээр байгаа бол уг гэрээг анх заасан хугацаагаар сунгагдсанд тооцно” гэсэн заалтын дагуу М.Б тай байгуулсан контракт сунгагдаж явсаар ирсэн. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2020 оны 05 сарын 05-ны өдрийн 231 дүгээр тогтоолоор “З ” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд төрийн өмчийн төлөөлөл хэрэгжүүлж буй гишүүдэд контрактын гэрээний хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан контрактыг цуцлах удирдамж, чиглэл өгсний дагуу Төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж, шийдвэрээ гаргасан. Төлөөлөн удирдах зөвлөл Контрактын гэрээний 5.2.2-т заасан “контрактын хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон” үндэслэлээр М.Б той байгуулсан контрактыг дуусгавар болгосон. Хөдөлмөрийн тухай хуульд контрактыг дуусгавар болгохдоо мэдэгдэх үүрэг хэн аль нэг талд хүлээлгээгүй. Иймд М.Б ыг ажлаас чөлөөлсөн шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй тул М.Б ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

   Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтууд, зохигчдын гаргасан тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.Б  нь “З ” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд холбогдуулан “З ” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх  олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч нь контрактын гэрээний 5.2.2-т контрактын хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон бол кантрактыг дуусгавар болгохоор заасны дагуу М.Б ыг ажлаас чөлөөлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв. 

 

М.Б  нь Төрийн өмчийн хорооны 2005 оны 365 дугаар тогтоолоор “З ” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар 2005 оны 09 сарын 08-ны өдрөөс томилогдон ажиллаж байгаад, “З ” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2020 оны 05 сарын 18-ны өдрийн 05 дугаартай тогтоолоор 2020 оны 05 сарын 23-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаасаа чөлөөлөгджээ.

 

Нэхэмжлэгч нь 2020 оны 05 сарын 18-ны өдрийн ажлаас чөлөөлсөн шийдвэрт 2020 оны 06 сарын 04-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасныг нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй үндэслэлээр шүүгчийн захирамжаар хүлээн авахаас татгалзсан баримт хэрэгт авагдсан байх тул нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацаанд гомдлоо гаргасан гэж үзнэ.

 

“З ” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2020 оны 05 сарын 18-ны өдрийн 05 дугаартай тогтоолоор Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.8, 80 дугаар зүйлийн 80.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.7, контрактын гэрээний 5.2.2, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2020 оны 05 сарын 05-ны өдрийн 231 дүгээр тогтоолоор өгсөн удирдамжийн 1.1 дэх хэсэгт заасныг үндэслэн 2020 оны 05 сарын 23-ны өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. /хх-81/

 

Нэхэмжлэгч М.Б  нь 2018 оны 04 сарын 14-ний өдөр 02 дугаартай “З ” ТӨХК-ийн гүйцэтгэх захиралтай байгуулах контрактын гэрээг 2018 оны 04 сарын 14-ний өдрөөс 2019 оны 04 сарын 14-ний өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай байгуулсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. /хх-72-80/

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 25 дугаар зүйлд контрактын гэрээ байгуулах болон түүний агуулгыг тодорхойлсон бөгөөд зохигчдын хооронд байгуулсан дээр дурдсан контрактын гэрээ нь хуульд нийцсэн байна.

 

“З ” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2020 оны 05 сарын 18-ны өдрийн 05 дугаартай тогтоолоор М.Б ыг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.7-д заасныг үндэслэсэн байх бөгөөд  контрактад заасан үндэслэл бий болсон тохиолдолд хөдөлмөрийн харилцааг ажил олгогчийн санаачлагаар цуцалж болохоор заасан. Мөн хуулийн 41 дүгээр зүйлд контрактыг цуцлах үндэслэл журмыг заасан.

 

2018 оны 04 сарын 14-ний өдөр байгуулсан 02 дугаартай “З ” ТӨХК-ийн гүйцэтгэх захиралтай байгуулах контрактын гэрээний 5.2-т контракт дуусгавар болох нөхцөлүүдийг заасан байх бөгөөд 2020 оны 05 сарын 18-ны өдрийн 05 дугаартай тогтоолд гэрээний 5.2.2-т заасныг үндэслэсэн байна.

 

Хөдөлмөрийн тухай 25 дугаар зүйлийн 25.4-т “Контрактыг дүгнэх үед ажилтан үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэж үзвэл цаашид сунгаж болно” гэж заасан бөгөөд “З ” ТӨХК-ийн төлөлөн удирдах зөвлөлийн 2020 оны 04 сарын 16-ны өдрийн 03 дугаартай тогтоолоор М.Б той байгуулсан контрактын гэрээний биелэлтийг дүгнэж 94,2 оноо буюу сайн гэж дүгнэсэн байх ба М.Б  нь гэрээ дүгнэснээс хойш ажил үүргээ гүйцэтгэсээр байсан болох нь хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд 2018 оны 04 сарын 14-ний өдөр контрактын гэрээ байгуулснаас хойш дахин гэрээ байгуулааагүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх бөгөөд гэрээний талууд тухайн гэрээний хугацаа дууссан өдөр болох 2019 оны 04 сарын 14-ний өдрөөс цааш сунгаагүй боловч нэхэмжлэгч М.Б  гүйцэтгэх захирлын үүрэгт ажлаа гүйцэтгэж, цалин хөлс, урамшуулал авч, зохих шимтгэл, татварыг төлж байсан үйл баримтааас дүгнэхэд ажил олгогч түүнийг цааш ажиллуулахыг зөвшөөрч контрактын гэрээ өмнөх нөхцөлөөр сунгагдан үргэлжилж байсан гэж үзэхээр байна. Хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т заасныг баримтлан М.Б той байгуулсан гэрээг анх заасан хугацаагаар сунгагдаж ирсэн талаар хариу тайлбартаа дурджээ.

 

Хариуцагч контрактын гэрээний 5.2.2-т “контрактын хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон бол кантрактыг дуусгавар болгох”-оор заасны дагуу М.Б ыг ажлаас чөлөөлсөн байх боловч гэрээний хугацаа хэзээ дуусгавар болсон гэж дүгнэсэн болох нь тодорхойгүй байна. Хариуцагч нь тайлбартаа М.Б той 2018 оны 05 сарын 23-ны өдөр контрактын гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсан гэж дурдан контрактын гэрээний хугацааг тухайн өдрөөр тодорхойлж байх боловч тайлбарт дурдсан 2018 оны 05 сарын 23-ны өдрийн гэрээ хэрэгт нотлох баримтаар авагдаагүй, хариуцагч уг тайлбараа баримтаар нотлоогүй.

 

2018 оны 04 сарын 14-ний өдөр байгуулсан 02 дугаартай “З ” ТӨХК-ийн гүйцэтгэх захиралтай байгуулах контрактын гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсан боловч гэрээ дахин байгуулалгүй М.Б оор ажил үүргийг нь гүйцэтгүүлж байсан болох нь тогтоогдсон бөгөөд 2020 оны 05 сарын 18-ны өдрийн 05 дугаартай тогтоолоор ажлаас чөлөөлөхдөө М.Б той байгуулсан контрактын гэрээний хугацааг хэзээ байгуулсан ямар гэрээг үндэслэн тодорхойлж байгаа нь тодорхой бус байна.

 

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2019 оны 06 сарын 04-ний өдрийн 260 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн өмчит үйлдвэрийн газар, төрийн өмчит компанийн захиралтай контракт байгуулах, дүгнэх журам”-д заасны дагуу төрийн өмчит компанийн гүйцэтгэх захиралтай тухайн компанийн Төлөөлөн удирдах зөвлөл нь контракт байгуулах, гэрээний биелэлтийг дүгнэх эрхтэй боловч дээр дурьдсан нөхцөл байдлаас дүгнэж үзэхэд М.Б ыг ажлаас чөлөөлсөн “З ” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол үндэслэлгүй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлд ажил үүргээ гүйцэтгээгүй үед ажил, албан тушаалыг хэвээр хадгалах нөхцөлүүдийг заасан бөгөөд М.Б ыг ажлаас чөлөөлөх шийдвэр гарах үед тэрээр эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан болох нь эмнэлгийн магадлагаа, эмнэлгийн хуудсаар тогтоогдож байна. Мөн “З ” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2020 оны 05 сарын 18-ны өдрийн хурлаар түүнийг ажлаас чөлөөлөх асуудлыг хэлэлцэхдээ Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдээс эрүүл мэндийн чөлөөтэй байхад ажлаас чөлөөлж болохгүй талаар яригдсан болох нь хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна. М.Б ыг ажлаас чөлөөлөхөөр шийдвэрлэсэн 2020 оны 05 сарын 18-ны өдрийн 05 дугаартай тогтоол нь Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3-т заасныг зөрчсөн, хуульд нийцээгүй шийдвэр байна.

 

Иймд М.Б ыг “З ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч М.Б  нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны олговрын хэмжээний талаар тоон илэрхийлэл гаргаагүй нь нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхэд саад учруулахгүй.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д“энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж заасан.

 

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын дагуу тооцож М.Б ын сарын цалин хөлсийг 1,450,000 төгрөгөөр тооцон тодорхойлж, ажилгүй байсан 2020 оны 05 сарын 23-ны өдрөөс 2021 оны 03 сарын 29-ний өдрийг хүртэл 10 сар 2 хоногийн цалинтай тэнцэх олговорт 14,628,888.88 төгрөгийг “З ” ТӨХК-аас гаргуулж нэхэмжлэгч М.Б од олгох үндэслэлтэй.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д “ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй”, мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т “ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй” гэж заасан тул нэхэмжлэгч М.Б ын ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд даатгуулж, дэвтэрт бичилт хийх үүргийг “З ” ТӨХК-д даалган шийдвэрлэх нь зүйтэй.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй, нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан М.Б /-ыг “З ” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын ажилд эгүүлэн тогтоож, “З ” ТӨХК-аас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 14,628,888.88 /арван дөрвөн сая зургаан зуун хорин найман мянга найман зуун наян найман төгрөг наян найман мөнгө/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Б од олгосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч М.Б ын ажилгүй байсан бүх хугацаанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд даатгуулж, холбогдох даатгалын дэвтэрт бичилт хийхийг  “З ” ТӨХК-д үүрэг болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч “З ” ТӨХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 231,094 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Д.ЦЭРЭНДОЛГОР