Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2023 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 001/ХТ2023/00175

 

Н.Эгийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Баярмаа, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 142/ШШ2023/00411 дугаар шийдвэртэй,

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 207/МА2023/00048 дугаар магадлалтай,

Н.Эгийн нэхэмжлэлтэй

Д.Ч, “БХ” ХХК нарт холбогдох  

“Зээлийн гэрээний үүрэгт 167,100,00 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг

Хариуцагч Д.Ч, түүний өмгөөлөгч С.Ч, А.Д нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Н.Баярмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.С, М.М, хариуцагчийн өмгөөлөгч С.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Нэхэмжлэгч Н.Э нь Д.Ч, “БХ” ХХК-д холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэгт 167,100,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 142/ШШ2023/00411 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1., 282 дугаар зүйлийн 282.3., 282.4., 232 дугаар зүйлийн 232.8.-д заасныг баримтлан хариуцагч Д.Чоос 88,075,960 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.Эд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 79,024,040 төгрөг, “БХ” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 993,450 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Д.Чоос 598,330 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.Эд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.-д заасныг баримтлан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсан 2023.02.03-ны өдрийн 966 дугаар шүүгчийн захирамжийг энэ хуулийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

3. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 207/МА2023/00048 дугаар магадлалаар: Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 142/ШШ2023/00411 дугаар шийдвэрийн 1 дэх заалтанд “...Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.2., 527 дугаар зүйлийн 527.1., 535 дугаар зүйлийн 535.1.1” гэсэн нэмэлт оруулж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгч Н.Эгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 482,950 төгрөг, хариуцагчийн өмгөөлөгч Д.Чийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 598,330 төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

4. Хариуцагч Д.Ч, түүний өмгөөлөгч С.Ч, А.Д нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4.1. Хэргийн маргаан бүхий үйл баримтыг шүүх буруу дүгнэсэн, дүгнэвэл зохих асуудлыг орхигдуулснаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хуулийг зөрүүтэй хэрэглэсэн талаар.

Анхан шатны шүүх энэхүү хэргийг шийдвэрлэхэд нэхэмжлэгч нэхэмжлэлдээ нэхэмжлэгч, хариуцагчийн хооронд 23 удаагийн зээл олгосон талаар дурдаж, зээл, зээлийн хүүгийн төлбөр тооцоог зөвхөн нэхэмжлэлд дурдсан нэхэмжлэгчийн зээл, хүү төлсөн гэж тайлбарласныг үндэслэн зээл, хүүгийн төлбөрийн тооцоог үндэслэж зөвхөн нэхэмжлэгч талын шаардлага, үндэслэлд нийцүүлэн шийдвэрлэсэнд гомдолтой байна. Шүүх нэгэнт нэхэмжлэгч, хариуцагч талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг тогтоох, энэ талаарх маргааныг хянан шийдвэрлэх гэж байгаа бол талуудын өгсөн, авсан үндсэн зээл болон түүний хүүг тооцсон байдал, цаг хугацаа зэргийг анхаарч үзэх ёстой байсан. Учир нь зээлийн гэрээ байгуулсан гэх хариуцагч нь 2022.02.11-ний өдөр нас барж, гэрээнээс гарсан, амьд сэрүүн ахуйдаа олон удаагийн зээлийн мөнгөний талаар тооцоо үйлдсэн баримт байхгүй, хариуцагчаар түүний өв залгамжлагч нь оролцож байгаа хэргийн зохигчийн онцлогийг харгалзан зээл, хүүгийн тооцооллыг 23 удаагийн зээл тус бүрт хийсэн бол хариуцагч зээл авсан эсэх, зээл, зээлийн хүүгийн хэмжээ тодорхой болж хэргийн нөхцөл байдал бодит байдлаар тогтоогдох бүрэн боломжтой байсан.

Түүнчлэн мөнгөний шилжүүлэг бүрийг зээлийн мөнгөн хөрөнгө гэж үзэх эсэх асуудал хүртэл эргэлзээтэй байхад шүүх хэргийг шийдвэрлэсэн нь шүүхээс дүгнэвэл зохих асуудлыг орхигдуулсан, улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрэглэх хуулийг харилцан адилгүйгээр тайлбарлаж хэрэглэх үр дагаварт хүрч байна. Гэтэл нэхэмжлэгчээс хариуцагчийн, хариуцагчаас нэхэмжлэгчийн харилцах дансанд гүйцэтгэсэн олон удаагийн мөнгөн шилжүүлгийг зээлийн гэрээний зүйлд тооцож, зарим гэрээний төлбөрийг төлсөн, зарим хэсгийг нь төлөөгүй гэж мэтгэлцэх, өмнө олгосон зээлээс ямар хэмжээний төлбөрийн үлдэгдэлтэй байсан, ямар гэрээний хугацаа нь дуусгавар болсон, өмнөх зээлийг нэмж, нэгтгэж гэрээг байгуулсан тохиолдолд ямар шалтгаантай байсанд шүүх зайлшгүй дүгнэлт хийх шаардлагатай байсан. Гэтэл шүүх хэргийг шийдвэрлэхдээ энэ талаар ямар ч тооцоо хийгээгүй, дүгнэлт өгөөгүйгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч гаргадаг бөгөөд зохигчийн маргааны зүйлд шүүхээс үйл баримт, хууль зүйн талаар дүгнэлт хийснээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны мэтгэлцэх зарчим хангагдах хуулийн заалт хэрэгжсэнгүй. Иймд хяналтын шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хэмжээнд нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой тул хэргийг шийдвэрлэсэн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож өгнө үү.

4.2 Анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн талаар: Анхан шатны журмаар хэргийг шийдвэрлэхэд 23 удаагийн зээл өгсөн гэсэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсанаар бичгээр байгуулсан 4 зээлийн гэрээ хэргийн баримтад авагдсан байдаг. Үүнд:

2019.07.02-ны өдрийн 40,000,000 сая төгрөгийг 24 сарын хугацаатай, 5 хувийн хүүтэй олгоно гэж тохирсон зээлийн гэрээ,

2020.04.24-ний өдрийн 12 сарын хугацаатай, 5 хувийн хүүтэй олгоно гэсэн 14,000,000 төгрөгийн гэрээ,

2020.10.02-ны өдрийн 12 сарын хугацаатай, 5 хувийн хүүтэйгээр олгох 25,000,000 төгрөгийн гэрээ,

2021.02.05-ны өдрийн 50,000,000 төгрөгийн сарын хугацаатай, 5 хувийн хүүтэй олгох талаар тохирсон зээлийн гэрээ.

Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт “Хугацааг ямар нэг үүрэг гүйцэтгэхийн тулд тогтоосон бөгөөд хэлцэлд өөрөөр заагаагүй бол хугацааны эцсийн өдрийн 24 цагийн дотор уг үүргийг гүйцэтгэсэн байна” 72.7 дахь хэсэгт “Хугацааг сунгах тохиолдолд хугацаа дууссан үеэс шинэ хугацааг тоолно” гэж заасныг үндэслэвэл гэрээ тус бүрийн хугацаа маш чухал ач холбогдолтой. Энэ талаар бичгээр байгуулсан гэх 4 гэрээний хувьд огт дүгнэлт хийсэнгүйд гомдолтой байна. Эдгээр 4 гэрээнээс нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай нь  2019.07.02-ны өдрийн 40 сая төгрөгийн 24 сарын хугацаатай, 5 хувийн хүүтэй зээлтэй холбоотой болон 2021.02.05-ны өдрийн 50 сая төгрөгийн 6 сарын хугацаатай, 5 хувийн хүүтэй олгосон гэх 2 зээлийн гэрээ болно. Үлдсэн 2 гэрээ нь нэхэмжлэлийн шаардлагад үл хамаарна. Үлдсэн зээлийн гэрээтэй гэж мэдүүлсэн зээлийн асуудалд ямар нэгэн гэрээ байдаггүй, мөнгөн шилжүүлгийн баримт байх боловч зээлтэй холбогдсон үг, үсэг төлбөр гүйцэтгэсэн баримтад байдаггүй.

4.3. Түүнчлэн нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай бичгээр байгуулсан гэх 2 гэрээ нь хуульд нийцсэн эсэх нь ч эргэлзээтэй. Тухайлбал: Зээлийн гэрээ байгуулж, зээл, зээлийн хүү тохирсон гэж нэхэмжлэлд дурдсан 2019.07.02-ны өдрийн 40 сая төгрөгийн 24 сарын хугацаатай, 5 хувийн хүүтэй олгосон зээлийн гэрээний маргааныг шүүх шийдвэрлэхдээ “...Н.Э, Д.Б нар зээлийн гэрээг нөхөж байгуулсан байна” гэж дүгнэсэн /Анхан шатны шүүхийн шийдвэрийн 11 дүгээр хуудас/. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн зээлийн гэрээ байгуулахаас өмнө буюу 2019.05.08-ны өдөр, 2019.05.22-ны өдрийн хооронд Д.Бийн эзэмшлийн ХХХХ банкны ....... тоот дансанд 47,000,000 төгрөг шилжүүлсэн нь тогтоогдож байна, үүнээс хариуцагчаас төлснийг хасаж тооцоод үлдсэн хэсэгт нь энэхүү гэрээг нөхөж байгуулсан гэж дүгнэснийг бодитой байгуулсан зээлийн гэрээ биш гэж хариуцагч давж заалдах гомдол гаргасан боловч энэ талаарх гомдлыг хэрэгсэхгүй болгосон. Анхан шатны шүүх 2019.07.02-ны өдрийн 40,000,000 төгрөгийн зээлийн гэрээг нөхөж байгуулсан гэж дүгнэсэн атлаа зээлийн гэрээ байгуулагдсан мөн талууд зээлийн хүү тохиролцсон гэж энэхүү гэрээний үүрэгт хариуцагчаас үндсэн зээлд 37,093,000 төгрөг,түүний хүүгийн хэмжээг 24 сараар тооцон, 26,706,960 төгрөг, нийтдээ 63,799,960 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь тухайн харилцааг зохицуулсан Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйл 282.4-т заасантай нийцэхгүй байгаа болно. Анхан шатны шүүхийн хуулийг зөв хэрэглээгүй алдааг давж заалдах шатны шүүх засаж, залруулж чадаагүйгээс энэхүү хяналтын гомдол гаргах үндэслэл бий болсон болно.

4.4. Хоёр шатны шүүх 2019.07.02-ны өдрийн 40,000,000 төгрөгийн зээлийн гэрээний мөнгийг хариуцагчид бодитойгоор шилжүүлэн өгснөө нэхэмжлэгч нотолж чадаагүй, энэ талаарх баримтыг хэрэгт гаргаж өгөөгүй байхад зээлийн мөнгийг хариуцагч ашигласан гэж үзэж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Хариуцагч Б.Баттөгсийн өмчлөлд зээлийн мөнгийг шилжүүлж өгсөн гэж үзэх үндэслэл нэхэмжлэгчийн тайлбар болон хэргийн үйл баримтаар тогтоогдохгүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2. 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотлох үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүй байхад нэхэмжлэлийн энэхүү гэрээтэй холбогдсон шаардлагыг ханган шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Учир нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь /зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо. чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж. мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж тус тус заажээ. Өөрөөр хэлбэл зээлийн гэрээний гол шинж бол зээлдүүлэгч нь гэрээний зүйл болох эд хөрөнгийг тодорхой хугацаанд ашиглуулах зорилгоор зээлдэгчийн өмчлөлд шилжүүлсний дагуу зээлдэгч нь хөрөнгийг хүлээн авч захиран зарцуулсан байхыг ойлгох ба Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээ нь мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр байгуулсанд тооцно. Үүнээс үзэхэд зээлдэгч Д.Б нь гэрээний зүйл болох зээлийн мөнгийг зээлдүүлэгч Н.Эгаас шилжүүлэн аваагүй тохиолдолд мөнгийг эргүүлэн төлөх үүрэг үүсэхгүй гэж үзэж байгаа болно. Давж заалдах шатны шүүх магадлалынхаа 21 дүгээр хуудсанд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсгийн заалтыг зөв хэрэглэсэн гэж дүгнэхдээ талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн, талууд байгуулсан гэрээндээ хугацаа, хүүгийн талаар тохролцож, гарын үсэг зурж баталгаажуулан гэрээг хуульд заасан хэлбэрээр буюу бичгээр байгуулсан байх тул нэхэмжлэгч гэрээгээр тохиролцсон хугацааны хүү шаардах эрхтэй гэж” дүгнэж, шийдвэрийн тогтоох хэсгийг хэвээр үлдээхдээ мөн л анхан шатны шүүхийн гэрээ тус бүрийн тооцоолбор, .. “нөхөж хийсэн” гэрээний асуудлыг хуульд зааснаар үнэлж чадаагүй тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна. Мөн түүнчлэн давж заалдах шатны шүүх гэрээний хугацааг талууд харилцан тохирч сунгасан. Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3-т зааснаар гэрээ хийхийг шаардахгүй гэсэн дүгнэлтийг магадлалд заахдаа үндэслэлээ тодорхой гаргаж чадсангүй. Анхан шатны шүүх хуулийн энэ заалтад дүгнэлт хийгээгүй болно.

4.5. Хариуцагчаас 258,472,500 төгрөгийг нэхэмжлэгчийн дансанд шилжүүлсэн талаарх хариуцагчийн тайлбар, түүнийг нотолсон бичмэл нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байна. Монгол Улсын Дээд шүүхийн 2020.04.16-ны өдрийн 01 дугаартай “Зээлийн гэрээний харилцаанаас үүссэн маргааныг шийдвэрлэсэн шүүхийн практик, анхаарах зарим асуудал” зөвлөмжийн “Зээлийн гэрээний дагуу зээлдэгчийн хүлээх үүргийн хэмжээг тогтоохын тулд тухайн гэрээний хугацаа, төлбөр тооцоо хийсэн огноо тус бүрийг харгалзан үзэхээс гадна төлөгдсөн төлбөр чухамхүү гэрээний аль үүрэгт хамаарахыг тодорхой болгох шаардлагатай гэж заасныг авч үзэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэнд гомдол гаргаж байна. Хяналтын гомдлын нэг гэсэн хэсэгт ч энэ талаар тодорхойлсон бөгөөд хариуцагчийн нэхэмжлэгчид шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг хэрхэн тооцсон нь огт тодорхойгүйгээс шүүхийн шийдвэр үнэн зөв байх хуулийн шаардлагад нийцээгүй болно. Энэ нь хяналтын журмаар гомдол гаргах Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.2.3-т “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” гэсэн үндэслэлд нийцэж байгааг анхаарч үзнэ үү?

4.6.Хэргийн хариуцагчийг зөв тодорхойлсон эсэх, хууль хэрэглээний талаар: Нэхэмжлэгч хариуцагчийг зөв тодорхойлсон эсэх талаар хариуцагч эргэлздэг. Нэхэмжлэгч нь тус хэргийн хариуцагчаар иргэн Д.Бийг тодорхойлж, улмаар зээлийн гэрээг иргэн Д.Бтэй байгуулсан гэжээ. Миний дүү Д.Б 2022.02.11-ний өдөр нас барж, түүний “БХ” ХХК-ийн 6,000 энгийн хувьцааг Д.Ч миний бие өвлөн авснаар 2022.05.15-ны өдөр хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлсэн. “БХ” ХХК-ийн дүрмийн гурав. компанийн үүрэг. 3.6 Компанийн тухай хуулийн 84.1, 84.2 дахь хэсэгт заасны дагуу Дагвадорж овогтой Чулуунцоож-ыг компанийн эрх бүхий албан тушаалтанд тооцохоор ч болсон юм /1хх.117х/ Компани нь Компанийн тухай хуулийн 9.1 дэх хэсэгт заасан хариуцлага хүлээнэ. 4.4 Компанийн эрх бүхий албан тушаалтан нь Компанийн тухай хуулийн 84, 85 дугаар зүйлд заасан хариуцлагыг хүлээнэ. 4.5.Компани нь Монгол Улсын хуульд заасан бусад хариуцлагыг хүлээнэ. /1хх. 119х/ гэж тус тус заасан. Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.2-т “Өвлөгч өвлөн авсан өвийн хэмжээгээр өвлүүлэгчийн үүргийг гүйцэтгэнэ.” 535 дугаар зүйлийн 535.1-д ”Өв хүлээн авсан өвлөгч буюу энэ бүлэгт заасан журмаар эд хөрөнгийг шилжүүлэн авсан төрийн байгууллага нь өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээнд хүлээнэ.” гэж хуульд заасан үүрэг хариуцлагын хүрээнд өвлөгч хариуцагч би 205,487,301 сая төгрөгийн эд хөрөнгө /1хх 189х/ нэг бүр нь 1000 төгрөгийн үнэ бүхий зургаан мянган ширхэг энгийн хувьцаа буюу 6 сая төгрөгийн хувьцаа өвлөж, ”БХ” ХХК-ийн өр, зээлийн төлбөр, зээлийн хүү нийт 261,040,839.17 төгрөг төлөх өвлүүлэгчийн үүргийг хүлээсэн ба энэ талаарх бүхий л баримт хэрэгт авагдсан.

Өнөөдрийн байдлаар “БХ” ХХК нь татварын албанд 82,943,393.08 төгрөгийн /1хх 143-188х/, ХХХХ БАНК-д 178,097,746.09 төгрөгийн зээлийн өр төлбөрийн тооцоотой. Төлбөр тус бүрийг төлөх үүргийг хариуцаж байна. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.2-т “Өвлөгч өвлөн авсан өвийн хэмжээгээр өвлүүлэгчийн үүргийг гүйцэтгэнэ.” 535 дугаар зүйлийн 535.1-д “Өв хүлээн авсан өвлөгч буюу энэ бүлэгт заасан журмаар эд хөрөнгийг шилжүүлэн авсан төрийн байгууллага нь өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээнд хүлээнэ.” гэж тус тус заасныг үндэслэвэл дээрх олон заалтыг миний бие компанийн хувьцааг өвлөсөн тохиолдолд өвлөсөн хөрөнгийн хэмжээнд компанийн өр төлбөрийг бусдын өмнө хариуцах, мөн түүнчлэн иргэн Д.Бийн бусдын өмнө хүлээсэн төсөвлөсөн хөрөнгөд үл хамаарах үүргийг хариуцах хууль зүйн үндэслэлгүй гэж мэтгэлцсэн боловч хоёр шатны шүүх хуулийн энэхүү заалтыг авч үзэлгүй, тодорхой дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний хувьд алдаа гаргасныг харуулж байна.

Шат шатны шүүх нэхэмжлэгч хариуцагчийн хооронд зээлийн харилцаа үүссэн гэж дүгнэж, тодорхойлж, зээлдэгч нь иргэн Д.Б мөн гэж хариуцагчаа өөрөө тодорхойлсон атлаа хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигчийг хамаатуулан хэргийг шийдвэрлэсэн нь ойлгомжгүй ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дах заалттай нийцэхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийг зөв тодорхойлох үүргээ нэхэмжлэгч эс биелүүлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил ч бий болсон байгаа болно. Иймд дээр дурдсаныг тус тус үндэслэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

5. Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын Нийт шүүгчдийн хуралдааны 2023.09.21-ний өдрийн 001ШХТ2023/00972 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлийг хангасан гэж дүгнэн, хариуцагч Д.Ч, түүний өмгөөлөгч С.Ч, А.Д нарын гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тус тус тогтжээ.

ХЯНАВАЛ:

6. Хариуцагч Д.Ч, түүний өмгөөлөгч С.Ч, А.Д нарын хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй байна.

7. Нэхэмжлэгч Н.Э нь хариуцагч Д.Ч, “БХ” ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 167,100,00 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Тэрээр хариуцагч Д.Чид холбогдуулан гаргасан шаардлагын үндэслэлээ хариуцагчийн төрсөн ах Д.Бтэй байгуулсан 23 удаагийн зээлийн гэрээнээс төлөгдөөгүй үлдсэн 5 удаагийн зээл, зээлийн хүү 167,100,000 төгрөгийг Д.Бийн өв залгамжлагч болох хувьд нь Д.Чоос гаргуулна гэж тайлбарласан. Харин хариуцагч “БХ” ХХК нь түүний Д.Бтэй байгуулсан зээлийн гэрээний хамтран зээлдэгч тул мөнгөн хөрөнгийг гаргуулахаар шаардсан гэжээ. Нэхэмжлэгч дор дурдсан зээл бүрийг хүүтэй олгосон боловч эдгээрээс бичгээр байгуулсан хоёр гэрээний үндсэн төлбөрийг хүүгийн хамт, бусад гэрээний гагцхүү үндсэн төлбөрийг нэхэмжилнэ гэж тайлбарласан байна. Үүнд:

6.1. 2019.07.02-ны өдөр бичгээр зээлийн гэрээ байгуулж 40,000,000 төгрөгийг нэг сарын 5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлдүүлсэн тул 88,000,000 (40,0+48,0) төгрөг;

6.2. 2020.10.25-ны өдөр 5,000,000 төгрөг;

6.3. 2021.02.05-ны өдөр бичгээр зээлийн гэрээ байгуулж, 50,000,000 төгрөгийг, 15 сая төгрөгийн хүүтэй зээлдүүлсэн тул 65,000,000 төгрөг;

6.4. 2021.11.25-ны өдөр 6,000,000 төгрөг;

6.5. 2022.01.14-ний өдөр 3,100,000 төгрөгийг зээлдүүлсэн тул нийт 161,000,000 төгрөг гаргуулна гэж тайлбарласан байна.

7. Хариуцагч бөгөөд хариуцагч “БХ” ХХК-ийг итгэмжлэлгүй төлөөлөх эрх бүхий этгээд Д.Ч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, “талийгаач Д.Б нь “Батмонгол” ХХК-ийн нэг бүр нь 1000 төгрөгийн үнэтэй, 6000 ширхэг хувьцааг эзэмшдэг байсныг би өвлөж авсан ба энэ хөрөнгийн хэмжээгээр хариуцлага хүлээх хуулийн зохицуулалттай, ... дээр дурдсан зээлүүдийг Д.Б хувиараа авсан, “БХ” ХХК нь зээлдэгч биш. Зээлдэгч Д.Б нь нийт 204,870,000 төгрөгийн зээл авч, 258,472,500 төгрөгийг буцааж төлсөн байх тул зөрүү хэмжээгээр илүү төлөлттэй гэж үзнэ. Би зарим зээлийг өөрийн дансаар авсан ч энэ бүхнийг ах Д.Бийн зааврын дагуу үйлдсэн, би зээлийн мөнгөнд хамааралгүй, хувьцааг нь шилжүүлж авснаас хойш “БХ” ХХК-ийн банк, хувь хүмүүс, татварын зээлийн өрийг барагдуулж байна” гэх агуулгаар хариу мэтгэлцсэн.  8. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 281.1, 282.3, 282.4, 232.8-д заасныг удирдлага болгон хариуцагч Д.Чид холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас 88,075,960 төгрөгт холбогдох хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгожээ. Шийдвэрт маргаан бүхий 5 зээлийн харилцаа нь зээлдүүлэгч Н.Э, зээлдэгч Д.Б нарын хооронд үүссэн бөгөөд энэ нь Иргэний хуулийн 281.1-д заасан зээлийн гэрээ байх ба хугацаандаа төлбөрөө төлөөгүй бол анз, хүү нэхэмжлэх эрх үүрэг гүйцэтгүүлэгчид бий. Шүүх хүү ба алдангийн хэмжээ илт их байвал багасгаж болох тул 2019.07.02-ны өдрийн зээлийн гэрээнд үндсэн зээл 37,093,000 төгрөг, 24 сарын 3 хувийн хүүгийн төлбөрт 26,706,960 төгрөг, нийт 63,799,960 төгрөгийг, 2021.02.05-ны өдөр бичгээр зээлийн гэрээний дагуу 9,600,000 төгрөг шилжүүлсэн болох нь тогтоогдож байх тул энэ дүнгээс 2 сарын хугацаатай 3 хувийн хүү тооцож, нийт  10,176,000 төгрөг, 2020.10.25-ны өдрийн зээл 5,000,000 төгрөг, 2021.11.25-ны өдрийн зээл 6,000,000 төгрөг, 2022.01.14-ний өдөр 3,100,000 төгрөг, 5 зээлийн нийт дүнд 88,075,960 төгрөгийг зээлдэгч Д.Бийн өвийг залгамжлан авсан тул хариуцагч Д.Чоос гаргуулах нь зүйтэй гэж үзжээ. Харин “БХ” ХХК болон Н.Э нарын хооронд зээлийн гэрээ байгуулсан тогтоогдоогүй гэх үндэслэлээр хариуцагч  “БХ” ХХК-д холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгожээ.

9. Давж заалдах шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, Иргэний хуулийн 520.1.2, 527.1, 535.1.1 гэсэн заалтуудыг нэмсэн байх ба ингэхдээ зээлдэгч Д.Б нас барсан, түүний өвийг төрсөн дүү Д.Ч Иргэний хуулийн 527.1-д заасны дагуу хүлээн авч, мөн хуулийн 535.1-д заасны дагуу өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээнд хүлээнэ гэж заасны дагуу хариуцах ёстой гэж дүгнэсэн байна.

10. Талуудын хооронд талийгаач Д.Б, нэхэмжлэгч Н.Э нарын хооронд 2022.01.14-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 23 удаагийн зээл олгосноос өнөөдөр маргааны зүйл болж буй 5 удаагийн зээлийн харилцаа байгаа талаарх хоёр шатны шүүх үндэслэл бүхий дүгнэжээ.

Нэхэмжлэгч Н.Э хариуцагч Д.Чид холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа эдгээр зээлийн Д.Бөд зээлдүүлсэн хэдий ч түүний төрсөн дүү өвийн хөрөнгийг хүлээн авсан тул зээлийн өрийг ч мөн бүрэн хариуцах үүрэгтэй гэж тайлбарласан байна. Анхан шатны шүүх Д.Ч зээлдэгч биш боловч “БХ” ХХК-ийн хувьцаа эзэмшигч мөн тул зээлийг хариуцна гэж үзсэн нь хэргийн үйл баримтад нийцээгүй, шаардах эрхийн үндэслэлийг буруу тайлбарласан алдааг давж заалдах шатны шүүхээс залруулсан байна.

Гэвч давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 535 дугаар зүйлийн 535.1 дэх хэсэгт Өв хүлээн авсан өвлөгч буюу энэ бүлэгт заасан журмаар эд хөрөнгийг шилжүүлэн авсан төрийн байгууллага нь өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээнд хүлээнэ гэх заалтыг хэрэглэхдээ хэргийн нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй байгааг анхаарсангүй.

Тодруулбал, хариуцагч Д.Ч нэг бүр нь 1000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 6000 ширхэг энгийн хувьцааг өвлөн авах замаар БХ ХХК-ийн хувьцаа эзэмшигч болсон гэж тайлбарлаж байгаа нь түүний өвлөж авсан хөрөнгийг хэмжээг эргэлзээгүй тогтоох баримт байх боломжгүй. Хэрэгт авагдсан баримт болон зохигчийн тайлбараас “БХ” ХХК нь татварын болон бусад төрлийн үүргийн харилцаанд идэвхтэй оролцож, өндөр дүнтэй татварын өр үүсгэсэн нөхцөл байдлаас үзвэл тус компани нь үйл ажиллагаа идэвхтэй эрхэлдэг байх боломжтой, “БХ” ХХК-ийн энгийн хувьцааны нэрлэсэн үнээр тооцож, өвлөгдөх хөрөнгийн хэмжээг тодорхойлох үндэслэлгүй байна. Өвлөгчийн өвлөж авсан хувьцааны үнэ цэнийг компанийн бусад хөрөнгө, өр, үүрэгтэй уялдуулан зах зээлийн үнэ цэнээр тодорхойлох шаардлагатай.

Түүнчлэн талийгаач Д.Бийн хууль ёсны өв залгамжлагч нар түүний хөрөнгийг өвлөхөөс татгалзсан гэж талууд тайлбарлаж байх ба 2 дугаар хавтаст хэргийн 49-56 дугаар талд Д.Бийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн жагсаалт авагдсан, эдгээр хөрөнгийг хэн, хэзээ, хэрхэн өвлөсөн, уг өвлөгчдийн дунд хариуцагч нар бий эсэх зэрэг нөхцөл байдал тодорхойгүй байна. Энэ талаар хоёр шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт өгөөгүй байна.

11. Дээр дурдсанчлан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй эсэх, шүүхийн шийдвэр биелэх боломжтой эсэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлууд бүрэн дүүрэн тогтоогдоогүй байхад хуулийн холбогдох заалтыг хэрэглэн хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж үзнэ. Энэ үндэслэлээр хариуцагч Д.Ч, түүний өмгөөлөгч С.Ч, А.Д нарын хяналтын журмаар гаргасан “Иргэний хуулийн 535 дугаар зүйлийн 535.1 дэх хэсгийг зөв тайлбарлан хэрэглэж чадаагүй” гэх агуулга бүхий гомдлыг хүлээн авч, шийдвэр, магадлалыг хүчингүй болгон, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.  

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 142/ШШ2023/00411 дугаар шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 207/МА2023/00048 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх заалтыг баримтлан хариуцагч Д.Ч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023.06.23-ны өдөр төлсөн 598,330 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

                           ШҮҮГЧИД                                                        Н.БАЯРМАА

                                                                                                        П.ЗОЛЗАЯА

                                                                                                        Д.ЦОЛМОН   

                                                                                                         Х.ЭРДЭНЭСУВД