Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 98

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 171/2017/0114/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг, Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Энхтуяа, Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баттунсаг, Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар шүүгдэгч *******т яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн эрүүгийн 201709000107 дугаартай хэргийг 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн,  *******, 1988 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, *******-нд төвийн бүсийн салбарт эрлийн хамгаалагч автоматын инженер ажилтай, ам бүл ганцаараа Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг*******тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ******* регистрийн дугаартай. Холбогдсон хэргийн талаар /яллагдагчаар татах тогтоолд бичигдсэнээр/: Шүүгдэгч ******* нь 2017 оны 02 дугаар сарын 03-ны орой 21 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар багийн******* тоотод эхнэр *******ыг ээж, дүү нартай маргалдсан гэх шалтгаанаар зодож биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Шүүгдэгч*******ын хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр манай эхнэр ******* ажлынхаа газрын цасны баярт оролцсон. Орой 17 цагийн үед утсаар ярьсан чинь ажлынхаа газрын хүмүүстэй караокед сууж байгаад 19 цагийн үед очъё гэж хэлсэн. Би охин *******ийг цэцэрлэгээс нь аваад бид хоёр билльярданд хүлээж байя гэж хэлсэн. Тэгээд би 20 цаг хүртэл эхнэрийнхээ гар утас руу залгасан чинь утсаа ерөөсөө аваагүй. Би охин *******ийг 13 дугаар байранд ээжийнд хүргэж өгчихөөд буцаж гарах үедээ эхнэрлүүгээ залгасан чинь эхнэр утсаа авсан архи уусан согтуу байсан. Тэгээд бид 2 утсаар хэрэлдэж байгаад утсаа таслаад ажлынхан дээрээ очсон. Тэгээд 21 цагийн үед манай ээж ******* над руу утсаар яриад эхнэр чинь ирээд агсан тавиад *******тай маргалдаад барилцаж аваад бөөн юм болж байна гэхээр нь аавындаа очсон. *******, ******* 2 зочны өрөөний буйдан дээр бие биенийхээ үснээс зулгаагаад дээр доороо ороод байж байхаар нь салгаад дүү *******г эгчтэйгээ хэрүүл зодоон хийлээ гэж загнаад эхнэр *******ыг гэрлүүгээ явъя гэж хэлээд коридор луу чирээд явсан. Тэр үед эхнэр *******танай муу новшийн удмаас би зайлна чамаас би сална 9, 10 жил надаар тэжээлгэчихээд миний урдаас ингэх эрх байхгүй шүү миний засвар хийсэн байранд та нар амьдарч байгаа гээд орилж чарлаад байсан. Би *******д гэртээ хариад учраа олъё гэж хэлэхэд чамаас би сална чи зайл гээд явахгүй байсан. Би гэрээс чирээд орц руу гарсан чинь орцонд өнхөрч унаад явахгүй гээд байхаар нь буцаад аавынд оруулсан. Гэрт орчихоод янз бүрийн үгээ хэлээд доромжлоод байхаар нь би нэг удаа шанаа хацар орчимд нь алгадсан. Тэр үед эхнэр ухаан алдаад муужирч унасан. Тэгэхээр нь хацар луу нь зөөлөн алгадаж сэгсэрч сэрээсэн. ******* босож ирээд эцэг, эх рүүгээ явна гэж хэлээд гарахаар нь хүргэж өгсөн. Миний буруу хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэх мэдүүлэг, Хохирогч ******* хэрэг бүртгэлтэд өгсөн: 2017 оны 02 дугаар сарын 03-ны орой 20 цагийн үед хоёр хүүхдээ авах гээд хадам аав *******гийн гэрт орсон. Тэгтэл хадам ээж ******* архичин авгай гуйлгачин гээд янз бүрийн үгээр хэлээд байхаар нь би таниас өнөөдрийг хүртэл юу ч гуйгаагүй. Өнөөдөр миний босгосон амьдрал дээр та нар амьдарч байгаа шүү гэж хэлсэн. Хадам дүү******* битгий хуц яагаад миний ээж рүү дайраад байгаа юм гээд шууд миний үснээс зулгааж доош нь дараад газарт унагаасан. Тэгэхээр нь зөрүүлээд би *******гийн үснээс зулгаасан. Хадам ээж нөхөр *******луу утсаар ярьж дуудсан чинь удалгүй *******орж ирээд намайг татаж аваад газарт унагааж миний дээр гарч байгаад гараараа толгой, нүүр, шанаа руу маш олон удаа цохьсон. Нэг гараараа ам, хамар дараад нөгөө гараараа хоолой боогоод ухаан алдуулсан. Нүүр рүү гараа атгаж байгаад цохиж сэрээсэн. Тэгээд би тэндээс арай гэж зугтааж төрсөн аавындаа орсон. Манай ээж цагдаа дуудсан гэх мэдүүлэг /хх-ийн 11-12/, Гэрч *******гийн хэрэг бүртгэлтэд өгсөн: 2017 оны 02 дугаар сарын 03-ны орой гэртээ байж байсан чинь гаднаас охин *******ам орчимд нь цус болсон уйлсан орж ирсэн. Араас нь нөхөр ******* нь орж ирсэн. ******* наадах чинь ээж, дүү нартайгаа нийлээд намайг зодчихлоо гэж хэлэх хооронд гараад явсан. Би араас нь *******ын гар утас руу залгасан чинь утсаа аваагүй. Тэгээд *******ын ээжийн утас руу залгаж та нар нийлж хүүхэд зодлоо гэж ярьсан. Би та нарыг цагдаад өглөө гэсэн чинь чаддаг юм бол өг өг гэхээр нь би цагдаад дуудлага өгсөн. Би охин *******ыг дагуулаад *******гийн гэр лүү явсан. Орц руу нь орж явах үед хоёр цагдаагийн албан хаагч явж байхаар нь би сая дуудлага өгсөн хүн байна та нар дуудлагаар ирж байна уу гэсэн чинь тийм гээд тэр хоёр цагдаатай хамт гэрийх нь хаалгыг нүдсэн чинь онгойлгож өгөхгүй нилээн удаж байж хаалга онгойлгож өгсөн. Би гэрт нь орсон чинь *******, ******* 2 байхаар нь та нар хүүхэд ийм болтол нь зодоод байхдаа яадаг юм бэ гэсэн чинь ******* наадах чинь газарт унаад ийм болсон, *******болохоор хаалга мөргөөд ийм болсон гэж хэлсэн. *******ыг согтуу ирсэн гэхээр нь би *******ын амыг үнэрлэж үзэхэд ямар ч архи дарсны үнэр байхгүй байсан. Тэгээд тэнд хэрэлдэж байгаад цагдаа нар боль гээд би *******ыг аваад эмнэлэг орсон гэх мэдүүлэг /хх-ийн 15/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 192 тоот дүгнэлт: "1.*******ын биед тархи доргилт, нүүр, зүүн бугалга, баруун шуун дахь цус хуралт, зүүн хацар, хүзүү хоолойны өмнө хэсгийн зулгаралтын гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрхи зулгаралт нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Уг зулгаралт нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. 4.*******д учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй" гэжээ /хх-ийн 18/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 32-33/, эвлэрлийн гэрээ /хх-ийн 18/ зэрэг болно. Шүүгдэгч ******* нь 2017 оны 02 дугаар сарын 03-ны шөнө 21 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар багийн ******* тоотод эхнэр *******ыг эх, дүү нартай маргалдсан гэх шалтгаанаар зодож бие махбодид нь тархи доргилт, нүүр, зүүн бугалга, баруун шуун дахь цус хуралт, зүүн хацар, хүзүү хоолойны өмнө хэсгийн зулгаралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хэрэг бүртгэлтэд гэрч, хохирогч нарын өгсөн мэдүүлэг болон бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. Гэсэн хэдий ч хохирогч ******* нь шүүгдэгч *******тай шүүхийн шатанд сайн дураараа эвлэрсэн болох нь шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байх бөгөөд энэ нь хохирогч шүүгдэгчийн эрхшээлд байгаагаас эсхүл бусад шалтгааны улмаас өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж чадахгүй байгаа нөхцөл байдал тогтоогдоогүй, нөгөө талаар шүүгдэгч ******* нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т зааснаар хохирогч нь шүүгдэгчтэй эвлэрснээр хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-т зааснаар шүүгдэгч *******ыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй байна гэж үзлээ. Энэ хэрэгт битүүмждлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдав.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 298, 299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь

1.Шүүгдэгч *******ыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т зааснаар Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн хэргийг хохирогч нь шүүгдэгчтэй эвлэрснээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-т зааснаар шүүгдэгч *******ыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дүгээр зүйлийн 306.1-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Т.БАТЖАРГАЛ