Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 1516

 

МАГАДЛАЛ

 

2018.06.29                                                     Дугаар 1516                                Улаанбаатар хот

 

 

 

 

Ц.Э-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2018/00729 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ц.Э-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч ЗТН ОНӨААТҮГ-т холбогдох,

 

Тушаал хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,  

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.З нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Ц.Э нь 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Б/168 дугаар тушаалаар ЗТН ОНӨААТҮГ-ын 3-р баазын жолоочоор ажилд орсон бөгөөд ажиллаж байх хугацаандаа ямар нэг алдаа зөрчил гаргаж байгаагүй болно. Гэтэл 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр ЗТН ОНӨААТҮГ-ын захирлын Б/988 тушаалаар ажлаас халагдсан. 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр өглөөний ээлжинд гараад 14 цагийн орчимд ажлаа тараад ойрын хэдэн жил уулзаагүй найзтайгаа таараад, 0,33 литрийн архи хувааж уусны дараа баазруу өөрийн жижиг тэргээ архи уугаагүй эрүүл найзаараа бариулахаар очтол баазын дарга Сүхбаатар намайг архи уусан байна гэж загнаж драйгер үлээлгэсэн, тухайн үед ажлын цагаар ажлын байранд уугаагүй болохоор тоогоогүй ажлаа үргэлжлүүлээд хийж байсан. Гэтэл 10-аад хоногийн дараа захирал таараад “Чи ажлын байранд архи согтууруулах ундаа хэрэглэн ирж ноцтой зөрчил гаргасан тул захирлуудын хурлаар орно гэж хэлсэн бөгөөд хурлын дараа архи уусан үндэслэлээр ажлаас халагдлаа, өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж өг тэгвэл дараа нь өөр ажилд ороход чинь хэрэгтэй гэж” хэлсний дагуу хүсэлтээ бичиж өгсөн. Надад ажлаас өөрийн хүсэлтээр гарах үндэслэл шаардлага байгаагүй тул 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Б/988 дугаар тушаалыг хүчингүй болгож, Зорчигч тээврийн нэгтгэлийн 3 дугаар баазын тээвэрлэлт, үйлчилгээний албаны 2 дугаар хэсгийн нийтийн тээврийн автобусны жолоочийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэл хугацаагаар тооцож гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Манай байгууллагын зүгээс нэхэмжлэгч Ц.Э-ийг дарамталсан, хүчээр өргөдөл бичүүлсэн зүйл байхгүй. Өөрөө л байгууллагад эхлээд өргөдлөө гаргасан, өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтэй байна гэсэн. Бид түүний хүсэлтийн дагуу л тушаалаа гаргасан. Хурлаас өмнө нэхэмжлэгч нь өргөдлөө байгууллагад ирүүлсэн байсан. Тухайн хурлаас Ц.Э-ийг дарамталж, өргөдөл бичүүлсэн гэж нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбарлаад байгаа нь үндэслэлгүй юм. Ц.Э-ийн өргөдлөө гаргах болсон шалтгаан нь өөрөө байгууллагадаа ажлын цагаар архи уучихаад ирсэн, мөн автобусны жолооны ард согтуу сууж байсантай холбоотой юм. Энэ нь хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журамд заасан ноцтой зөрчилд тооцогдоно. Өөрөө ч үүнийгээ мэдэж байсан учраас өргөдлөө гаргасан байх, түүнээс нөлөөлсөн, дарамталсан зүйл байхгүй. Хурлаас өмнө ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн, хурал дээр ч уг хүсэлтээ дэмжиж, хүсэлт гаргасан учраас бид түүний хүсэлтийн дагуу л ажил олгогчийн санаачилгаар биш ажилтны хүсэлтээр нь ажлаас чөлөөлөх тушаал гаргасан юм. Тухайн үед хүсэлтээ гаргачихаад дараа нь ингэж гомдол гаргаж байгаад гайхаж байна. Тиймээс тушаал үндэслэлгүй гараагүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар нэхэмжлэгч Ц.Э-ийн хариуцагч ЗТН ОНӨААТҮГ-т холбогдуулан гаргасан тушаал хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан      хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Хариуцагчийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн хурлын тэмдэглэлийн дэвтрийг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсны дараа хариуцагч ЗТН ОНӨААТҮГ-т буцаан олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: 2017 оны 10 дугаар сарын 31-ны өдөр ээлжнээсээ буучихаад амарч байх үедээ найзтайгаа архи хувааж уусан нь байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 7 дугаар зйүлийн 7.6.1.7, Хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.8 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй. Түүнчлэн ажилдаа ажил үүрэг гүйцэтгэхээр согтуу ирээгүй, өөрийн хувийн машинаа байгууллагын хашаанд тавьсан байснаа найзаар бариулж харихаар ирсэн байдаг. Түүнчлэн шүүхийн дүгнээд байгаа шиг "Өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг хурлаас өмнө буюу 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр гаргаагүй харин 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн хурлаар нэхэмжлэгчийг ажлаас халахаар шийдвэрлэсний дараа бичиж өгсөн гэдэг хэргийн үйл баримттай нийцдэг бөгөөд уг хурлын шийдвэрээр халахаар шийдвэрлэснээр өөрийн хүсэлт байгаагүй гэдэг нь тодорхой байдаг. Түүнчлэн хурлаар ажлаас халахаар шийдвэрлэснээр ажил олгогч нь нэхэмжлэгчид дарамт шахалт үзүүлсэн, өөрийн хүсэлтээр ажлаас халагдах өргөдөл өгвөл буцаагаад ажилд авна гэж зүй бусаар нөлөөлсныг шүүхэд асуугдсан гэрч нотолдог болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг хуульд нийцүүлэн үнэлсэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Ц.Э нь хариуцагч ЗТН ОНӨААТҮГ-т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхээр нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, Ц.Э нь өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн гэж тайлбарлан маргасан.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Ц.Э нь 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр ажлын цагаар архи уусан үедээ ажлын байранд ирсэн, талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 5-д ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчлийг нэрлэн заасны 5.1.8-д байгууллагын тээврийн хэрэгсэл дотор, “...гаднаас согтууруулах ундаа хэрэглэж ирсэн, хөдөлмөрийн дотоод журмын 7.6.1.7-д дээрх зөрчлийг хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчилд тооцохоор заасан байна. 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Ц.Э ажлын байранд согтуу байсан үйл баримтын талаар талууд маргаагүй. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ажилтныг ажлаас чөлөөлөх үндэслэл байсан байна.

Нэхэмжлэгч Ц.Э нь өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр гаргасан нь өргөдөл, гомдол бүртгэх дэвтэрт тэмдэглэгджээ. Ц.Э нь бусдын дарамтанд орж, ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргахад хүрсэн гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй тул шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2018/00729 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах жрмаар гомдол гаргахад төлөх улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

      

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                     ШҮҮГЧИД                                           Ч.ЦЭНД

                                                                     М.НАРАНЦЭЦЭГ