Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 101/ШШ2021/00990

 

 

 

 

 

 

 

 

                       2021        03          29   

         101/ШШ2021/00990

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: С.Б /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ц.Г /,

 

Хариуцагч:  С.Ч / нарт холбогдох,

 

Түрээсийн төлбөрийн үлдэгдэл 18 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Б , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.О, хариуцагч Ц.Г ын итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Т, хариуцагч С.Ч , шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Нандинцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

   Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

“2015 оны 07 сарын 28-ны өдөр Гурвалжингийн гүүрний ойролцоо байрлах тэхийн зогсоол дээр авто ачигч, ковш хүнд даацын техник түрээслүүлж байхад Ц.Г  ирээд Хэнтий аймгийн Батноров суманд байрлах жоншны уурхайд авто ачигч, ковш хүнд даацын техник түрээслэх санал тавьсныг зөвшөөрсөн. Би тухайн үед 22-ын товчооны авто худалдааны төвд замын ажил хийж байгаад наадмын өмнө дуусаад түр зуур завсарласан байсан. Дараа нь зуслангийн замын ажилд гарах ёстой байсан. Тэр хооронд Ц.Г  санал тавьж, өвөлжингөө ажиллана гэж хэлсэн. Би түүнд ажлаа хаяад явах нь байна, 10 000 000 төгрөгөөр түрээсэлье гэхэд зөвшөөрсөн. Талуудын хооронд бичгийн хэлбэрээр гэрээ байгуулагдаагүй бөгөөд аман хэлбэрээр гол нөхцөлөө тохиролцсон ба 1 сарын түрээсийн төлбөр 10 000 000 төгрөг байхаар тохирч нийт 5 сарын турш тухайн газарт ажиллуулсан. Тухайн газарт өөрөө ч очиж байсан. Ингээд ажил хийж байх явцад түрээсийн төлбөрийг багасгаж өгнө үү гэх саналыг хариуцагч нар тавьж эхний сарын түрээсийг 10 000 000 төгрөгөөр, сүүлийн 3 сарын түрээсийн төлбөрийг 1 сарын 5 500 000 төгрөгөөр нийт 26 500 000 төгрөг төлөхөөр тохиролцсон. 2015 оны 12 сарыг дуустал техник, жолооч ажиллуулсан. Ц.Г  нь түрээсийн төлбөрт өөрийнхөө данснаас 2015 оны 08 дугаар сараас 2019 оны 01 дүгээр сар хүртэл 8 500 000 төгрөг С.Б ийн данс руу шилжүүлсэн. Үлдэгдэл мөнгөө авч чадаагүй, сүүлдээ утсаа ч авахаа больсон. Очоод гэрээ хийнэ гэсэн боловч гэрээ хийгээгүй. Сар сард нь мөнгийг нь өгнө гэсэн боловч бараа өгчихсөн мөнгө орж ирээгүй байна, борлогдоогүй байна, дараа сард өгнө гэж хойшлуулсаар байгаад сүүлдээ зугтаагаад олдохоо больсон. Үлдэх мөнгийг төлнө гээд төлөхгүй байсан учраас Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст өргөдөл гарган хандахад хариуцагч нар нь 18 000 000 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн ч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй байна. Ковшийг ажиллуулсан нь үнэн. Ажил нь дууссан байсан бол ковшийг авчирч өгөх ёстой. Би жолоочтойгоо утсаар ярихад тэгж байна, ингэж байна гэж хэлдэг байсан. Батноров суманд оросын байгууллагад жижиг түүхий эдээ ачуулаад, том түүхий эд нь үнэтэй байдаг учраас өөр газар луу ачуулаад ажиллуулж байна гэж хэлдэг байсан. Хариуцагч нар нь ажиллаагүй, 7 хоног ажилласан, 1 сар ажилласан гэж яриад байх юм. Ажиллаагүй байсан бол машин авчирч өгөх боломжтой байсан. Авчирч өгөхгүй байсаар байгаад 12 дугаар сард авчирч өгсөн. Гэтэл Ц.Г  тэндээ байгаад байсан. Жолоочийн цалинг нь өгөхгүй байснаас хаяж явах гээд байсан учраас би сүүлдээ жолоочийн цалинг өгдөг байсан. Намайг ковшоо зарах гэж байсан гэж яриад байгаа нь худал. Ковш надад одоо хүртэл байгаа. Би зарах гэж байсан бол удалгүй зарчих байсан. Надад ковшийг зарах ямар ч шаардлага байхгүй. Зөндөө ажил хийчхээд хийгээгүй юм шиг яриад байгааг гайхаж байна. Надад араандаа орохоо больсон, дугуй нь элэгдээд халзан болсон ковш авчирч өгсөн. Би дараа нь өөрөө тус бүр 2 сая төгрөгийн үнэтэй 2 дугуй сольсон, кропыг нь сольсон, жолоочийн цалин өгсөн. Зүгээр байсан бол машин юу гэж эвдрэх юм бэ. Хариуцагч нарын татгалзал үндэслэлгүй байна. Иймд  Ц.Г , С.Ч  нараас  авто ачигч ковш хүнд даацын техникийн түрээсийн төлбөрийн үлдэгдэл 18 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Б эд олгуулж өгнө үү” гэв.

 

Хариуцагч Ц.Г  шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

“Иргэн Ц.Г  намайг 2015 оны 07 сарын 25-ны өдөр Гурвалжингийн гүүрний урд байрлах тэрхийн зогсоолоос С.Ч  захирлын Хэнтий аймгийн Батноров сумын Дэлгэрхаан дахь жоншны уурхайд түрээслүүлэхээр Хово машин зуучлаад зогсож байхад иргэн С.Б  надаас хямд ковш түрээслэхгүй юм уу гэхэд “үгүй байхаа, тэнд эксковатор байгаа” гэхэд захирлаасаа асуучих гэж хэлсэн. С.Б  нь “би хямдхан ажиллаж өгнө, миний ковш энд ажилгүй хаваржингаа байсан, та нар авч яваад ажиллуулчих” гэж гуйсан учраас би захирал руу ярьж зөвшөөрөл аваад С.Б  жолоочтойгоо ковшоо өгч явуулахаар болж би С.Б эд уурхайд очингуут С.Ч  захиралтай өөрсдөө гэрээгээ байгуулаарай гэж хэлсэн. 2015 оны 07 сарын 26-ны өдөр явж очоод 27-ны өглөө Хово машины жолооч нар С.Ч  захиралтай тэнд ажиллах гэрээгээ хийсэн. Ковшны жолоочийг бас гэрээгээ хий гэж хэлсэн. С.Ч  захирал ковшийг 7 хоног ажиллуулаад зогсоож, эксковатораар бүх ажлаа хий гээд, С.Б эд техникээ татаж ав гэж жолоочоор нь хэлүүлсэн боловч С.Б  татаж авалгүй “тэр хавьд нь өөр ажил байна уу, энд ирээд ажил олдохгүй, болж өгвөл зармаар байна” гээд техникээ авалгүй байлгаад байсан. 2015 оны 08 сарын 28-ны өдөр С.Ч  захирал надтай уулзаад цаашид ажиллах юм бол түлшний өрөнд орох юм байна гээд уурхайн ажлыг бүрэн зогсоосон. Надад наанаасаа гаргасан жоншоо борлуулаад өөрийнхөө эксковаторын хоёр сарын түрээсийн хөлс, мөн Хово машины нэг сарын түрээсийн мөнгө болон ковшны 7 хоног ажилласан хөлсийг өгөөрэй гэсэн. Түүнээс хойш буюу 2015 оны 09, 10, 11, 12 саруудад уг уурхайд ажиллаагүй. Энэ хугацаанд би гаргасан жоншоо борлуулж хотод байсан бөгөөд С.Б  надтай хамт байж уг мөнгөнөөс 8 500 000 төгрөгийг авсан үүнтэйгээ маргадаггүй. Долоо хоног ажилласнаас илүү мөнгө авчихаад ийм их түрээсийн мөнгө нэхэж байгаад гайхаж байна. Яг үнэнийг хэлэхэд намайг дарамталж илүү мөнгө авсан. Үүнд гомдолтой байдаг. С.Б  тухайн үед С.Ч  захиралтай тус уурхайд ажиллахаар очоод түрээсийн гэрээгээ байгуулж өөртөө туслаж иргэнийхээ үүргээ биелүүлээгүй. Тэгээд ч С.Б  нь өөрийн эзэмшлийн ковшоо өөр газар ажиллуулсан ба тэр газраасаа намайг хот руу авч ирж өгөөч гэж гуйхаар нь би өөрийн зардлаар авчирч өөрт нь хүлээлгэж өгсөн. Иймд иргэн Ц.Г  миний бие хариуцлага хүлээх хууль зүйн үндэс байхгүй гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага ойлгомжгүй байна. Учир нь нэхэмжлэлийн шаардлага гэдэг нь нэхэмжлэгчийн шүүхээс хүсэж байгаа эрх зүйн үр дагавар, үндэслэл гэдэг нь түүнийг гаргах болсон шалтгаан нөхцөл байдаг. Хоёр хариуцагч татаад мөнгө гаргуулна гээд байгаа. Түрээсийн гэрээний харилцаа маш ойлгомжтой харилцаа байдаг. Гэтэл ковшийг хэнд түрээсэлснээ мэдэхгүй байна. С.Ч  түрээслээд Ц.Г  мөнгө шилжүүлсэн учраас хоёуланг нь хариуцагчаар татсан гэж ойлгогдож байна. Ц.Г  нь С.Б тэй түрээсийн гэрээ байгуулаагүй, ковшийг нь ашиглаад ашиг орлого олсон зүйл байхгүй, С.Ч т ажиллаж байсан хүн С.Б ийн тээврийн хэрэгсэл түрээсэлсэн гэж үзэхэд эргэлзээтэй. 2015 оны 08 сарын 28-ны өдөр уурхайн үйл ажиллагааг бүрэн зогсоосны дараа С.Ч  нь Ц.Г т тухайн газарт байсан баяжмалуудыг худалдан борлуулаад ажиллаж байсан хүмүүст мөнгө, төгрөгийг нь өгөөрэй гэж хэлснийх нь дагуу Ц.Г  баяжмалуудыг худалдан борлуулж, ажилчдад өгөхийг нь өгөөд, С.Б эд түрээсийн төлбөрт 8 500 0000 төгрөг өгсөн. Автомашин түрээсэлсэн гэдэг үйл баримттай Ц.Г  ямар нэгэн байдлаар холбоогүй. Тийм учраас мөнгө өгөх хууль зүйн үндэслэл байхгүй. Иргэний хуульд шаардах эрхийг хэрэгжүүлэхийн тулд хуульд заасан нөхцөлийг хангах ёстой. Гэтэл шаардах эрхийг хэрэгжүүлэх ямар ч нөхцөл боломж байдаггүй, ийм харилцаа болсон гэдэг нотлогддоггүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар хэргийн оролцогч өөрийн тайлбар, татгалзлаа нотлох үүрэгтэй. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т заасан түрээсийн гэрээний харилцаа нь аж ахуйн зориулалтаар үйл ажиллагаа явуулсан байхыг шаарддаг. Уурхайн үйл ажиллагаа 08 дугаар сард зогсчхоод байхад яаж 10, 11 дүгээр сар хүртэл ковш юунд ашиглах вэ, мөн түрээсийн гэрээ зохих журмын дагуу байгуулагдсан уу, байгуулагдсан бол шаардах эрхийг хэзээ хэрэгжүүлэх боломжтой байсан бэ гэдгийг шүүх харгалзаж үзэх байх. Нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэл байхгүй байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Хариуцагч С.Ч  шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

“С.Б ийн нэхэмжлэлд ямар ч үнэн зүйлгүйгээр хүн гүтгэсэн байна. С.Б  нь 2015 оны 07 сарын 28-ны өдөр Гурвалжингийн ойролцоо тэхийн зогсоол дээр ковш, хүнд даацын техник түрээслүүлж байхад Ц.Г , С.Ч  нар нь уулзаж техник түрээслэх санал тавьсан гэжээ. Би С.Б  гэдэг хүнтэй уулзаж, учирч яваагүй, танихгүй. Энэ заасан өдрүүдэд би Улаанбаатарт биш уурхай дээрээ ажиллаж байсныг нотлох нотолгоо болох тэр өдрүүдэд тэмдэглэл хөтөлж байсан. Ц.Г , С.Б  хоёр нь 07 сарын 28-ны өдөр уулзаагүй болох нь мөн хавсаргасан бичиг баримтад бүрэн байгаа. Тэд 26-ны өдөр Улаанбаатараас уурхай руу гарч шөнө 4 цагт уурхай дээр ирсэн. 27-ны өглөө гэрийг нь барьж, өдөр ажил эхэлсэн тухай тодорхой байгаа. Ц.Г  бид хоёр 6 сараас эхлэн түрээсийн гэрээгээр ажил эхлүүлсэн бөгөөд ганц эксковатортой ажиллахад ашигтай ажиллаж байсан. 07 сарын 27-ны өдөр С.Б ийн гэх техникүүд авч ирснээр ашигтай ажиллагаа зогсож, шатахууны өрнөөс салахаа байсан. Том уурхай биш жижиг бичил уурхай учраас техник илүүдсэн, техникүүдээ буцаа гэсэн боловч С.Б  техникээ авахгүй байна гэснээс болж мөн ашигтай ажиллагаа зогсож, өрөнд орж эхэлсэн учир 08 сарын 28-ны өдөр түрээсийн ажиллагааг зогсоож, Ц.Г т гаргасан түүхий эдээ зарж зардлаа олж ав. Үүнээс чинь би хувь авахгүй гээд Улаанбаатар явсан. Ц.Г ын надад хэлснээр бол 9-10 сард түүхий эдээ зарж борлуулаад зарим газар нь авсан мөнгөө өгөхгүй, 2016 оны 02 сард сүүлийн мөнгөө авч 8 500 000 төгрөгийг С.Б эд ковшны ашиг гэж өгсөн. Ковш нь мөн чанартаа 7 хоног бүтэн ажиллаж бусад үед нь сул зогссон. Өөрөө техникээ татаж аваагүй. Ажил зогссон үеэс хойш 12 сар хүртэл С.Б   нь Баянхан уулын хайгуулын жоншны компанид техникээ түрээслүүлж ажиллуулсан гэсэн. С.Б ийн нэхэмжлэлийн дараа Ц.Г  уулзаж С.Б  надад техникээ түрээслүүлээгүй. Харин уурхай дээр техникээ ажиллуулж ашгаас нь надад 30 хувь, үлдсэн 70 хувийг Ц.Г тай хувааж авахаар тохирч ямар гэрээ, бичиг баримтгүйгээр техникээ явуулчихаад ашиг их гараагүй болохоор түрээс нэхэж байгаа юм. Түлш их зарцуулдаг болохоор ковш ч 7 хоногоос илүү ажиллаагүй, 12 сард би өөрийн зардлаар Улаанбаатарт аваачиж С.Б эд хүлээлгэж өгсөн гэсэн. Миний ажиллуулж байсан уурхай том уурхай биш жижиг уурхай байдаг. Ц.Г  уурхайн хэсэг газарт нь ажиллая гэж надтай яриад экскаватор, ковш авчирсан. Ковшийн жолоочийг эхнэр, хүүхэд, ээжтэй нь тогооч хийлгэх гээд авчирсан байсан. Гэр барьж өгөөд оруулсан. Уурхай дээр 7 хоног ажилласан. Жижигхэн талбай дээр ганцхан экскаватороор ухаад болох байтал техник олон байсан учраас илүү зардал гарч, өрөнд орсон. Тухайн үедээ би их тоогоогүй, ийм зүйл болно гэж бодсонгүй. Бага хэмжээгээр шороотой жонш гаргаад шороог нь салгаад борлуулж байсан. Тийм учраас би ажиллаад нэмэргүй юм байна, өрөнд орж байснаас ажлаа зогсооё, би явлаа, гаргасан түүхий эдээ зараад ажилласан хүмүүсийнхээ цалинг өг, техникийн түрээсийг өг гэж хэлээд явсан. 2015 оны 09 дүгээр сарын 20-ны үед буцаж ирэхэд миний амьдардаг ганц гэр үлдсэн байсан. Би эргэн тойрны малчид, найз нөхөдтэйгөө хамжаад гэрээ дулаалчхаад сард нэг удаа очиж 7 хонож уурхайгаа хардаг байсан. Бусад үед нь нутгийн малчид хардаг. Би миний уурхайн ойролцоо газар байдаг бичил уурхайд тухайн ковшийг ажиллуулж байна гэж сонссон. Үүнээс хойш юу болсныг мэдэхгүй. 1 сар ажилласан гэсэн нэр зүүж байгаа боловч 7 хоног газар ухаж, 7 хоног гаргасан шороогоо янзалж байгаад зогссон. Түүхий эдээ зараад 8 500 000 төгрөг өгсөн байна. 7 хоног ажилласан гэхэд их мөнгө өгсөн байна. Ц.Г , С.Б  нар яаж тохиролцсоныг би мэдэхгүй. Өгөх ёстой мөнгийг нь өгсөн гэж ойлгож байна. Талбай хаяад явснаас хойш хаана ямар ажил хийж, хэнтэй гэрээ хийснийг би мэдэхгүй. Надаас мөнгө нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Талбай эзгүй байхаар нь ковшоо аваад явсан байх гэж ойлгож байна. Түүнээс хойш хаана ажилласнаа өөрсдөө мэдэж байгаа. Заавал намайг оролцуулах шаардлагатай юм уу, Ц.Г тай нийлж ажилласан юм уу, эсхүл өөр хүмүүстэй ажилласан юм уу гэдэг нарийн учрыг би мэдэхгүй байна. Баяжмал зарчхаад мөнгөө авч чадахгүй хөөцөлдсөөр байгаад цагаан сарын үеэр авсан байдаг. Мөнгөө тараагаад та бид хоёр хоосон үлдлээ гэж хэлээд надад ганц ууцны үнэ 300,000 төгрөг авчирч өгсөн. Би С.Б ийн ковшийг олон сар ажиллуулчихаад худал хэлсэн зүйл байхгүй, бодит үйл явдлаа ярьж байна. 2015 оны 09 дүгээр сард талбай хаяж яваад өөр газар ажиллачхаад надаас төлбөр нэхэж байна. Дараа нь хэнтэй яаж ажилласан нь надад хамаагүй” гэв.

 

  Шүүх хуралдаанд зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.Б  нь  хариуцагч Ц.Г , С.Ч  нарт холбогдуулан түрээсийн төлбөрийн үлдэгдэл 18 000 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ. 

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв. 

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч Ц.Г  нь хариуцагч С.Ч ын уурхайд түүний өмчлөлийн ковшийг ашиглахаар түрээслэсэн тул ковшийн түрээсийн төлбөрийг хариуцагч нараас гаргуулах үндэслэлтэй гэж тайлбарлаж байна.

 

Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

- хариуцагч Ц.Г  нь нэхэмжлэгч С.Б ийн өмчлөлийн 34-88 УБ улсын дугаартай ZL50D маркийн технологийн механизм ачигч ковшийг Хэнтий аймгийн Батноров суманд байрлах хариуцагч С.Ч ын эзэмшлийн жоншны уурхайд түрээслэн ажиллуулахаар тохирч, 2015 оны 07 сарын 25-ны өдөр Улаанбаатар хотоос ковшийг жолооч О.Баасансүрэнгээр жолоодуулан Хэнтий аймагт Бэрх тосгоны орчим жоншны уурхайд очсон, /хх-95/

- 2015 оны 12 сард ковшийг жолооч Л.Хоролдагвын машинд ачуулан Хэнтий аймгийн Бэрх тосгоноос Улаанбаатар хотод авчирсан, /хх-70-72/

- хариуцагч Ц.Г  нь олборлосон баяжмалыг худалдан борлуулсан мөнгөнөөс 8 500 000 төгрөгийг нэхэмжлэгч С.Б эд өгсөн.

 

Зохигчид нь дээр дурдсан ковшийг Хэнтий аймгийн Батноров суманд байрлах хариуцагч С.Ч ын эзэмшлийн жоншны уурхайд тодорхой хугацаанд ашигласан талаар маргаагүй боловч хариуцагч Ц.Г  нь  ковшийг С.Ч ын уурхайд ашигласан тул ковшийн төлбөрийн асуудал түүнд хамааралгүй гэх, хариуцагч С.Ч  нь нэхэмжлэгчтэй түүний ковшийг түрээслэхээр уулзаж байгаагүй, Ц.Г  түүний эзэмшлийн уурхайн хэсэг газарт нь ажиллах хүсэлт гаргасны дагуу ажиллуулахдаа С.Б ийн ковшийг түрээслэн ажиллуулсан асуудал нь түүнд хамааралгүй гэх тайлбарыг тус тус гарган мэтгэлцсэн.

 

Нэхэмжлэгч нь түрээсийн төлбөрийн үлдэгдэл төлбөрийг гаргуулах гэж нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлсон байх боловч зохигчдын хооронд хийгдсэн тохиролцоо нь эд хөрөнгө хөлслөх гэрээний үндсэн шинжийг агуулсан байх тул тэдний хооронд эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна. Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д заасан эд хөрөнгө хөлслөх гэрээг байгуулахад хэлбэрийн талаар тусгайлсан зохицуулалт хуульд байхгүй ба талууд хүсэл зоригоо илэрхийлж ковш хөлсөлж, тодорхой хөлсийг төлсөн байх тул Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д зааснаар тэдний хооронд гэрээ байгуулагдсанд тооцно.

 

Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д “Эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан.

 

Нэхэмжлэгч нь ковшны нэг сарын түрээсийн төлбөр 10 000 000 төгрөг байхаар хариуцагч Ц.Г тай тохирсон, ковшоор ажил гүйцэтгэж байх явцад  төлбөрийг багасгах хүсэлт гаргасныг хүлээн авч эхний сарын төлбөрийг 10 000 000 төгрөгөөр, сүүлийн гурван сарын төлбөрийг нэг сарын 5 500 000 төгрөгөөр тохиролцсон гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсныг хариуцагч нар эс зөвшөөрч маргаж байх боловч баримтаар үгүйсгэж няцаагаагүй.

 

Мөн нэхэмжлэгч нь түүний өмчлөлийн ковшийг 2015 оны 07 сарын 25-ны өдрөөс 2015 оны 12 сар хүртэл 4 сар ашигласны төлбөрийг талуудын тохиролцсоны дагуу тооцож нийт 26 500 000 төгрөгөөс хариуцагч Ц.Г ын төлсөн 8 500 000 төгрөгийг хасч тооцон үлдэгдэл 18 000 000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар шаардсан.

 

Хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараар хариуцагч Ц.Г  нь хариуцагч С.Ч ын эзэмшлийн уурхайд жоншны баяжмал олборлох ажлыг хийж гүйцэтгэхдээ өөрийн эксковатор болон С.Б ийн ковшийг ашиглаж байсан болох нь, хариуцагч С.Ч  нь хариуцагч  Ц.Г ын Улаанбаатар хотоос авчирсан С.Б ийн өмчлөлийн ковшийг уурхайн баяжмал олборлох үйл ажиллагаанд тодорхой хугацаанд ашигласан болох нь тогтоогдож байна.

 

Хариуцагч Ц.Г  нь ковш хөлслөх болон төлбөрийн талаар нэхэмжлэгч С.Б тэй тохиролцсон байх боловч ковшийг хариуцагч С:Чулуунбаатарын жоншны уурхайд хамт ашиглаж байсан болох нь тогтоогдож байх тул  хариуцагч нарыг Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгчид гэж үзэх бөгөөд хариуцагч нар нь нэхэмжлэгчийн өмчлөлийн ковшийг ашигласан төлбөрийг төлөх үүрэгтэй байна.

 

Зохигчид ковш ажиллуулсан хугацааны талаар маргасан бөгөөд хариуцагч нар нь ковшийг уурхайд 7 хоног ажиллуулаад зогсоосон, С.Б эд техникээ татаж авахыг жолоочоор нь дамжуулан хэлүүлсэн боловч татаж аваагүй, төлбөрт 8 500 000 төгрөгийг төлсөн тул тухайн хугацаанаас ковшийг ашиглаагүй, төлбөр төлөх үүрэггүй гэж маргасан.

 

Зохигчид бичгээр гэрээ байгуулаагүй тул ковш ашиглах хугацаа болон төлбөрийн хэмжээ, төлбөр төлөх асуудлаар хэрхэн тохиролцсон талаар нарийвчлан тогтоох боломжгүй байна. Хариуцагч нар нь ковш ашигласан хугацаа, төлбөрийн асуудлаар маргаж байх боловч өөрсдийн тайлбар татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, хариуцагч нарын тайлбар, татгалзал нь баримтаар тогтоогдохгүй байна.

Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.5-д зааснаар хөлслөгч нь гэрээ дуусгавар болоход эд хөрөнгийг хөлслүүлэгчид бүрэн бүтэн буцааж өгөх үүрэгтэй, 292 дугаар зүйлийн 292.4-т хөлслөн авагч өөрийн буруугаар эд хөрөнгийг ашиглаж чадаагүй бол хөлс төлөхөөс чөлөөлөгдөхгүй гэж заасан бөгөөд хариуцагч нар нь хөлслөн авсан ковшийг 7 хоног л ашигласан гэж тайлбарлаж байх боловч нэхэмжлэгчид буцааж өгөх үүргээ 2015 оны 12 сард хэрэгжүүлсэн байна. Нэхэмжлэгч С.Б  нь ковшийг ашиглахгүй болсон даруйд буцаан авах үүрэгтэй байсан болох нь баримтаар тогтоогдохгүй байх тул түүнийг үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Хариуцагч нарын жонш олборлох үйл ажиллагаа амжилтгүй, ашиггүй болсон нь хөлсөлсэн ковшийг ашигласан төлбөрийг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй тул хариуцагч нар нь төлбөрийн үлдэгдэл 18 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй.

 

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил бөгөөд зохигчдын хоорондох эд хөрөнгө хөлслөх гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хугацаа 2018 оны 12 сард дуусахаар байна. Нэхэмжлэгч С.Б  нь Баянгол дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст өргөдөл гаргасны дагуу мөрдөн шалгах ажиллагаа явагдаж, Баянгол дүүргийн Прокурорын газрын прокурорын 2017 оны 04 сарын 18-ны өдрийн 2926 дугаартай тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан байна. Нэхэмжлэгч нь уг тогтоолтой холбогдуулан гомдол, хүсэлт гаргаж шийдвэрлүүлсэн эсэх талаар тайлбар гаргаагүй, энэ талаарх баримтыг хэрэгт ирүүлээгүй.

 

Иргэний хуулийн 79 дүгээр зүйлд хөөн хэлэлцэх хугацаа тасалдах асуудлыг зохицуулсан бөгөөд хуулийн 79.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хугацаа тасалдсан гэж үзэж, хуулийн 79.7-д “хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно” гэж заасны дагуу тухайн хугацаанаас тооцоход хөөн хэлэлцэх хугацаа 2020 оны 04 сарын 18-ны өдөр дуусахаар байна. Нэхэмжлэгч нь хариуцагч нарт холбогдуулан 18 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд 2020 оны 05 сарын 18-ны өдөр гаргасан байх тул хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна.

 

            Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Ц.Г , Б.Ч  нарт холбогдох түрээсийн төлбөрийн үлдэгдэл 18 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч С.Б ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д заасныг баримтлан, хариуцагч Ц.Г , Б.Ч  нарт холбогдох түрээсийн төлбөрийн үлдэгдэл 18 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч С.Б ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан, нэхэмжлэгч С.Б ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 248 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Д.ЦЭРЭНДОЛГОР