| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригоогийн Нандинцэцэг |
| Хэргийн индекс | 170/2024/0046/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/45 |
| Огноо | 2024-05-07 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Б.Төрболд |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 2024/ШЦТ/45
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Нандинцэцэг даргалж,
Нарийн бичгийн дарга М.Пүрэвдорж
Улсын яллагч Б.Төрболд
Шүүгдэгч Н.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Б-д холбогдох ......... дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 2000 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Завхан аймгийн ..... сумд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, программист мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 7, ээж, 5 дүүгийн хамт амьдардаг, Завхан аймгийн Улиастай сумын ...... багийн ..... хэсгийн .... тоотод оршин суух хаягтай, урьд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн .... оны ... дугаар сарын ...-ны өдрийн ..... дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн .... оны ... дугаар сарын ...-ны өдрийн ...... дугаар шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэгдэж байсан .... овогт Н-ийн Б /регистрийн дугаар: ......./
Шүүгдэгч Н.Б нь 2023 оны 11 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Завхан аймгийн ..... сумын ..... багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “.....” зочид буудлын .... тоот өрөөнд хууль бусаар нэвтэрч хохирогч Ц.А, Ц.Ө, М.Ш нарын “samsung, J6, S9, A20 plus” загварын 3 ширхэг гар утсыг эзэмшигчид нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Ц.А-д 200.000 /хоёр зуун мянга/, Ц.Ө-д 280.000 /хоёр зуун наян мянга/, М.Ш-т 180.000 /нэг зуун наян мянга/ нийт 660.000 /зургаан зуун жаран мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Түүний холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан” гэмт хэрэгт хамаарч байна. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт “Тухайн байгууллагын албан ёсны харилцаа холбооны хэрэгсэл ашиглан оролцогчийг дуудаж болно” гэж заасан журмын дагуу хохирогч Ц.А, Ц.Ө, М.Ш нарт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна. Хохирогч Ц.А, Ц.Ө, М.Ш нар шүүх хуралдаанд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хохирогч ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй” гэж заасан учир хохирогч нарыг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.
1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар:
Шүүгдэгч Х овогт Н.Б нь 2023 оны 11 дүгээр сарын 11- нээс 12-нд шилжих шөнө Завхан аймгийн ..... сумын .... багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “......” зочид буудлын ... тоот өрөөнд хууль бусаар нэвтэрч хохирогч Ц.А, Ц.Ө, М.Ш нарын “samsung-J6, samsung-S9, samsung-A20 plus” загварын 3 ширхэг гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогджээ. Тухайлбал:
Зочид буудлын өрөөнөөсөө гар утсаа алдсан тухайгаа шууд тусган мэдүүлсэн хохирогч Ц.Ө-гийн “... ..... буудалд байрлаж байгаа. Би буудлын өрөөнд А, Ш нартай хамт амьдардаг байсан. 2023 оны 11 дүгээр сарын 11-ны орой бид нар өрөөндөө байж байгаад хаалгаа түгжихээ мартаад шөнийн 02 цагийн орчимд унтаж амарцгаасан. Маргааш өглөө нь буюу 2023 оны 11 дүгээр сарын 12-ны өглөө босоод гар нүүрээ угаачхаад ажилдаа гарах гээд гар утаснуудаа хайсан чинь А, Ш бид гурвын утас байхгүй байсан. Өрөөнөөс хайсан боловч олдоогүй... Би ягаан өнгөтэй Samsung S-9 Plus нэртэй гар утсаа хулгайд алдсан. Би хулгайд алдсан гар утсаа 2021 оны 10 дугаар сард Улаанбаатар хотын Tedy төвөөс 700.000 төгрөгөөр худалдаж авсан. Дэлгэц болон ар талын шил нь хагарсан гэмтэлтэй. Би өөрөө барилгын ажил хийдэг болохоор гар утсаа унагаад эвдэлчхээд байдаг. Би хулгайд алдсан гар утсаа 300.000 төгрөгөөр үнэлнэ....” гэсэн мэдүүлгээр, /хавтаст хэргийн 72-73 дугаар хуудас/,
хохирогч Ц.А-ийн “…2023 оны 11 дүгээр сарын 11-ээс 12-нд шилжих шөнө Ө ах, Ш бид 3 “......” буудлын ... тоот өрөөнд ажлаа дуусгаж ирээд амарч байсан. Бид 3 буудлынхаа өрөөний хаалгыг түгжихээ мартаад шөнийн 01 цагийн орчимд гар утсаа оролдож тоглоом тоглож байгаад унтаж амарцгаасан. Маргааш өглөө нь 2023 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр өглөө босоод ажилдаа гарах гээд бүгдээрээ гар утаснуудаа хайсан чинь Ш, Ө ах бид 3-н гар утас байхгүй байсан... Би ягаан өнгөтэй Samsung J-06 загварын гар утсаа хулгайд алдсан. Би хулгайд алдсан гар утсаа 2023 оны 07 дугаар сард Увс аймгийн Улаангом сумын зах дээрээс 350.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Миний гар утасны дэлгэц нь доод хэсэгтээ бага зэрэг хагарсан. Мөн ард талд нь худалдаж авах үед наалттай байсан IMEI код болон маркийг нь бичсэн 2 ширхэг цагаан өнгийн наалт байгаа. Мөн миний гар утас нь хар өнгөтэй хэр нь ард талдаа шоонуудын зураг бүхий кейстэй байгаа...” гэсэн мэдүүлгээр, /хавтаст хэргийн 76-77 дугаар хуудас/,
хохирогч М.Ш-ын “... Ө ах А бид гурав ...... буудлын .... тоот өрөөнд 2023 оны 11 дүгээр сарын 11-ний орой ажлаа дуусгаж ирээд амарч байсан. Бид нар буудлынхаа өрөөний хаалгыг түгжихээ мартаад шөнийн 02 цагийн үед гар утсаа оролдож байгаад амарцгаасан. Маргааш өглөө буюу 2023 оны 11 дүгээр сарын 12-ны өглөө босоод гар нүүрээ угаагаад, өглөөнийхөө цайг уучхаад ажилдаа гарах гээд гар утаснуудаа хайсан чинь А, Ө ах бид гурвын гар утас байхгүй байсан. Өрөөгөө нэгжээд хайсан боловч гар утас олдоогүй. Бид нарыг унтаж байхад хулгайч орж ирээд гар утаснуудыг хулгайлсан байх гэж бодож байна. Би хар өнгөтэй Samsung A-20 нэртэй гар утас хулгайд алдсан. Би хулгайд алдсан гар утсаа 2023 оны 06 дугаар сард Улаанбаатар хотын Хархорин худалдааны төвөөс 400.000 төгрөгөөр худалдаж авч байсан…” гэсэн мэдүүлгээр, (хавтаст хэргийн 79-80 дугаар хуудас),
Н.Б ...... зочид буудлаас гурван утас авсан тухай мэдүүлсэн гэрч Э.Э-ын “…бид хоёр ... баарнаас 2023 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 03 цаг өнгөрч байхад гарч явсан. ... баарнаас гараад Б-г гэрт нь хүргэж өгөхөөр явж байтал Б би “......” буудал орчхоод ирье...гэж хэлээд 2023 оны 11 дүгээр сарын 12-ны 04 цагийн үед ..... буудал руу Б орсон. Би гадаа нь хүлээж байгаад дотогшоо ороод 1 давхарт нь хүлээж байсан чинь Б ........ буудлын 2 давхраас бууж ирсэн. Тэгээд бид 2 Б-н гэрт нь очоод унтаж амарсан. Маргааш нь Б надад ахаа би урд шөнө тасарчихсан байна. ...... буудалд ороод гарахдаа буудал дотроос нь 3 ширхэг гар утас хулгайлаад авчихсан байна гэж хэлсэн. Б өмсөж явсан хар өнгийн куртикнийхээ халааснаас 2 ширхэг ягаан өнгөтэй гар утас, 1 ширхэг хар өнгийн гар утас гаргаж ирсэн. Бүгд Samsung гэх бичиглэлтэй гар утас байсан. Тэгээд би Б-д 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр ахынх нь гар утас эвдрээд гацаад байна гэж хэлсэн чинь Б надад хандаж та тэгвэл нөгөө ...... буудлаас хулгай хийсэн гурван гар утасны нэгийг нь авчих гэж хэлээд надад ягаан өнгөтэй ар тал нь хагарсан Samsung гэх бичиглэлтэй гар утсыг өгсөн. Би нэг гар утсыг нь одоо ашиглаж байна...” гэсэн мэдүүлгээр /хавтаст хэргийн 82-83 дугаар хуудас/,
Н.Б-н түр амьдарч байгаа байранд үзлэг хийх явцад 2 ширхэг утас илэрч хураан авсан тухай тэмдэглэсэн 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэлийн “... хар өнгөтэй Samsung A-20 маркийн гар утас, ягаан өнгөтэй Samsung J-06 маркийн гар утас өрөөний урд хэсэгт цонхны доод талд байрлах модон орны дээд хэсгийн гудсан доор байв.” гэсэн хэсгээр, Гэрч Ц.Э-с гаргаж өгсөн ягаан өнгөтэй Samsung S-9 Plus маркийн гар утсыг хохирогч Ц.Ө өөрийн алдсан гар утас мөн байна гэж таньсан тухай бичсэн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн таньж олуулах ажиллагааны тэмдэглэлээр, Н.Б-н гэрээс хураан авсан Samsung J-06 маркийн гар утсыг хохирогч Ц.А өөрийн алдсан гар утас мөн байна гэж, Samsung A-20 маркийн гарт утсыг хохирогч М.Ш өөрийн алдсан гар утас мөн байна гэж таньсан таньж олуулах ажиллагааны тэмдэглэлүүдээр, Ц.Ө, Ц.А, М.Ш нарт гар утсыг нь хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлүүдээр тус тус нотлогдсон байна.
Шүүгдэгч Н.Б-н үйлдлийн улмаас хохирогч Ц.А-д 200.000 /хоёр зуун мянга/, Ц.Ө-д 280.000 /хоёр зуун наян мянга/, М.Ш-т 180.000 /нэг зуун наян мянга/ нийт 660.000 /зургаан зуун жаран мянга/ төгрөгийн хохирол учирсан болох нь “БУФА ҮНЭЛГЭЭ” ХХК-ны хөрөнгийн үнэлгээчин Х.С-ийн 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 00 дугаартай “...Шинжилгээний явц, үр дүнг үндэслэн 2023 оны 11 сарын байдлаар Самсунг Жи6, А20, Эс9 Плюус маркийн гар утаснууд зах зээлийн үнэлгээг нийт 660.000 /зургаан зуун жаран мянга/ төгрөгөөр тогтоолоо…” гэсэн дүгнэлтээр тогтоогдсон байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогч, гэрчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.
Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.
“Хулгайлах” гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууц далд аргаар авахыг ойлгодог бөгөөд гэмт этгээд хулгайлсан эд хөрөнгийг эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоог бий болгодог.
Хулгайлах гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ нь иргэний шударгаар өмчлөх үндсэн эрх, эрх чөлөөг зөрчсөн байдаг. Шүүгдэгч Н.Б нь бусдыг амарч байх цагаар буудлын өрөөнд сэм гэтэн орж Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхэд халдаж иргэн Ц.А, Ц.Ө, М.Ш нарын өмчлөлийн Samsung j-6, А20, S-9 Plus маркийн гар утаснуудыг өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр нууц далд аргаар авч хохирогч нарт 660.000 төгрөгийн хохирол учруулсан нь хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байна. Шүүгдэгч нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдэж хохирол хор уршигт зориуд хүргэж, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор шунахайн сэдэлттэй, шууд санаатайгаар гэмт үйлдэлдээ хандсан гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.
Монгол Улсын нэгдэн орсон Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 12 дугаар зүйлд зааснаар хэн боловч бусдын орон байранд халдах эрхгүй бөгөөд өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр түүний байнга оршин суудаг орон байранд нэвтрэх нь хууль бус үйлдэл юм. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлд заасан аутентик тайлбарт орон байр гэж хүн байнга, түр амьдрахад зориулагдсан төрөл бүрийн орон сууц байшин, гэр, урц, зочид буудал, амралт сувиллын газар, зуслангийн байр, майхан зэргийг ойлгохоор заасан ба орон байранд хууль бусаар нэвтрэн орж бусдын эд хөрөнгийг хулгайлсан бол Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинж болгон хуульчилжээ. Хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинж болох хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдэх гэдэг нь шүүгдэгчийн хувьд нэвтрэхийг зөвшөөрөгдөөгүй, эсвэл тухайн цаг хугацаанд нэвтрэхийг хориглосон орон байр байх ба уг хориглолтыг эвдэн эсхүл сэм орох нь хууль бус нэвтрэлт болно. Өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахын тулд эзэмшигч, өмчлөгчийн орон байр, агуулахад түлхүүр тааруулж, багаж хэрэгсэл ашиглах, хаалга, цонх, түгжээг эвдэх, цуургыг сугалах, онгорхой байхад сэм орох, нуугдах зэрэг бусад аргаар нэвтрэн орсныг хууль бусаар нэвтэрсэн гэж үзнэ.
Шүүгдэгч Н.Б нь зочид буудлын өрөөнд хохирогч нар унтаж байгааг мэдсээр байж тэднийг сэрээлгүйгээр сэм орж гар утсыг нь хулгайлсан байх тул түүнийг хүн байнга оршин суух зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрсэн гэж үзнэ.
Шүүгдэгч Н.Б нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхэд халдаж эд хөрөнгийг өмчлөгчид мэдэгдэхгүйгээр нууц далд аргаар авах нь хууль бус болохыг ухамсарлаж, түүний үйлдлийн улмаас бусдын өмчлөх эрхэд хохирол учирч болохыг мэдэж хүсэж үйлдсэн нь хулгайлах гэмт хэргийн субъектив шинжийг, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авсан нь “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэргийн объектив шинжийг тус тус хангажээ.
Иймд шүүгдэгч Н.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хэсэгт заасан хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй. Шүүгдэгч нь хохирогч нарт Samsung j-6, А20, S-9 Plus маркийн гар утаснуудыг биет байдлаар буцаан өгсөн болох нь эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлээр тогтоогдож байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Н.Б нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн бөгөөд түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бус аргаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн. Прокурорын шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах санал гаргасан байна.
Шүүгдэгч хэдийгээр өмнө 2 удаа ял шийтгүүлж байсан боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “ Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж заасан байх тул шүүгдэгчид прокурорын сонсгосон ял нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчмыг зөрчөөгүй байна.
Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилготой нийцэж байгаа тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй байна.
Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг нь харгалзан шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүх шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзээд.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3. 1.5 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Н-н Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Н.Б-г 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-д оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Шүүгдэгчид 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
5. Шүүгдэгч Н.Б-аас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй хохирогч нарт төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт зааснаар прокурор, оролцогчид гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.НАНДИНЦЭЦЭГ