Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 2024/ШЦТ/324

 

 

 

 

 

 

 

    2024          05            07                                        2024/ШЦТ/324

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн ХХ овогт Г.А-д холбогдох эрүүгийн 00000 0000 0000  дугаартай хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 09-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч С.Алтай, шүүгдэгч Г.А нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга М.Солонго шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Г.А нь 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо “Ибиза” нэртэй караокед Б.М-тай таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар толгой, нүүрэн тус газарт хундага буюу хатуу биетээр цохиж, эрүүл мэндэд нь “зүүн чамархайн, зүүн хөмсөг, зүүн дээд зовхи, хамрын үзүүр, зүүн хацарт шарх, духанд зулгаралт, зүүн дээд, зүүн доод зовхинд цус хуралт, зүүн зовхи, зуун хацрын төвгөрт зөөлөн эдийн гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүгдэгч Г.А нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

1. Шүүгдэгч Г.А-оос шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“...Тухайн өдөр манай 10 жилийн 2 хүүхэд уулзаад сууж байгаад хоорондоо хэрэлдээд байсан. Би “боль” гэж зөндөө хэлсэн. М. нь хэл амаар доромжилсон. Тэр ярианаас болж муудалцаад, барьж байсан хундагаараа цохисон. Тус Ибиза караокед ороод 1 шил архи авч хувааж уусан. Болсон үйл явдлыг санаж байгаа. Гэм буруу дээрээ маргах зүйл байхгүй. Хохирол төлбөр нэхэмжлээгүй. Архины хундагаар цохиж гэмтлийг учруулсан. 1 удаа цохисон. Их наяд төвийн хажуу талын караокед болсон. Би маш их уурласандаа ийм зүйл хийсэн байсан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэсэн мэдүүлэг,

 

Гурав. Эрүүгийн 00000 0000 0000 дугаартай хэргээс:

1. Гэмт хэргийн талаарх дуудлагын лавлагааны хуудас (хэргийн 3 дахь тал),

 

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.М-ын хохирогчоор өгсөн:

“...Би 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 21 цагийн орчимд Д. гээд найзтайгаа “Их Наяд”-ын зогсоол дээр уулзсан. Тэгээд найзтайгаа уулзсан чинь бараг шал согтуу ирсэн байсан ба надтай уулзаад, надад согтуурхаад намайг түлхээд байсан.

Тэгэхээр нь би “чи болиоч яаж байгаа юм” гэж хэлсэн чинь “би нэг барилгын компани ажиллуулж байгаа, чи надтай юм ярих болоогүй” гээд байсан. Тэгээд бид хоёр Ибиза караоке дотор сууж байсан чинь Д-ын найз А. ирсэн.

Ингээд гурвуулаа байж байхад А. намайг стаканаар цохиж зодсон. Шууд л намайг цохиж зодсон. Тэгээд миний хөмсөг задарсан, хамрын хажуу талаас цус гарсан. Намайг цохиж зодохоор нь би Цагдаагийн байгууллагад хандах болсон.

... Миний биед учирсан гэмтлийг А. надад учруулсан. Д-той юм яриад байж байхад А. ууж байсан архины хундагаар миний нүүрний зүүн хэсэгт нэг удаа цохиж учруулсан. Тухайн хэрэг гарсан өдөр Д. миний биед халдаж цохиж зодсон зүйл байхгүй, харин тоглоомоор шилэн хүзүүний ар хэсэг рүү дагздаж байсан. Тэрэнд гомдоод байх юм байхгүй. Одоо миний биеийн байдал хэвийн, зүүн нүдний дээд доод хэсэг, шанаа хэсэгт нийт 12 ширхэг оёдол тавиулсан. Эмчилгээний зардал төлбөр авсан зүйл байхгүй. Надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй цаашид цагдаагийн байгууллагаар шалгуулаад байх зүйл байхгүй. Надад эмнэлгийн баримт байхгүй, сэтгэцэд учирсан хохирлын зэрэг тогтоолгох шаардлагагүй. Хэргийг хялбаршуулж шийдүүлэх хүсэлтэй байна. ” гэсэн мэдүүлэг  (хэргийн 6, 9-10, 12 дахь тал),

 

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад М.Д-ын гэрчээр өгсөн:

“...Би 2024 оны 02 дугаар сарын 04-ний өдөр гэртээ байж байгаад орой хоёр найзын хамтаар гадуур уулзаад сууж байсан. Тэгсэн орой 20 цагийн үед багын найз Б. залгаад “хүрээд ир” гэж дуудсан. Тэгэхээр нь “би одоо амжихгүй, дараа болъё” гэхэд “хүрээд ирээ, багын найзтай чинь уулзуулъя” гэж хэлсэн. Тэгэхээр нь би дуудсан газар нь болох Их Наяд төвийн зогсоол дээр очсон. Намайг очиход Б., М. нар байсан ба би М-тай уулзаад тэврэлдээд, дагзных нь араас тоглоомоор 2-3 удаа цохичихсон. Тэгсэн М. уурлаад, гомдоод байсан. Нэг их юм бодолгүй бид 3 тэндээсээ Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо “Ибиза” караоке орсон.

Караокед ороод ууж байхад М. надад гоморхоод, “чи надтай ингэж харьцах болоогүй шүү” гэх мэтчилэн дорд үзсэн маягаар яриад байсан. Тэр үед манай найз А. “одоо болио” гээд намайг татаж холдуулаад, бид хоёрын голд суусан.

М. мөн А-д томроод байсан. Тэгээд сүүлдээ маргаад нэг мэдсэн цохичихсон. Гэтэл М-ын нүүрнээс нь цус гарчихсан байсан. маргаан болох үед М., А. бид гурав байсан.” гэсэн мэдүүлэг (хэргийн 15-16 дахь тал),

 

4. Нийслэлийн Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмчийн 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2372 дугаартай:

“1. Б.М-ын биед зүүн чамархай, зүүн хөмсөг, зүүн дээд зовхи, хамрын үзүүр, зүүн хацарт шарх, духанд зулгаралт, зүүн дээд, доод, зовхинд цус хуралт, зүүн зовхи, зүүн хацрын төвгөрт зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт (хэргийн 19-20 дахь тал),

 

5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Г.А-ын сэжигтэн, яллагдагчаар өгсөн:

“...Б.М. гэх залуу нь бага ангидаа манай ангид байсан гэж ярьдаг. Манай ангийн Д., Б. нарын найз Б-ын үеэл гэж ярьдаг зүс таних төдий. Өчигдөр буюу 02 дугаар сарын 04-ний өдөр манай найз Б. над руу залгаад “арван жилийн найзууд уулзаж байна, чи Ибиза караокед хүрээд ирээч” гэж хэлсэн. Тэр үед нь би гэртээ буюу ХХ дүүргийн 0 дугаар хороо, 00 тоотод байсан ба над руу орой 21 цаг өнгөрч байхад /хххххххх/ дугаараас залгасан. Би караокед 22 цагийн үед очсон ба намайг очих үед караокед Б., Д., М. нар байсан. Намайг яваад орох үед Д., М. нар хэрэлдчихсэн, муудалцаад байж байсан.

Ороод удаагүй байхад Б-ыг эхнэр нь ирээд аваад явсан. Тэгээд Д., М., бид 3 үргэлжлүүлэн уусан. Ууж байхдаа тэр 2 хоорондоо багынхаа явдлаас болоод муудалцаад байсан. Эхлээд би салгаж байсан, тэгээд сүүлдээ М. нь надтай хэрэлдээд, намайг хэл амаар доромжлоод байхаар нь би баруун гартаа барьж байсан хундагаар нүүр лүү нь нэг удаа цохисон. Цохих үед хундага хагарсан. Тэгээд удалгүй цагдаа дуудсан. Би өмнө нь М-тай огт уулзаж байгаагүй, таньдаггүй байсан. Цаашид гарах эмчилгээний зардал төлбөрийг нь нөхөн төлж барагдуулна.

Шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэмтлийг надаас өөр М-д учруулсан хүн байхгүй. Төлбөр мөнгө төлсөн зүйл одоогоор байхгүй байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна.” гэсэн мэдүүлэг (хэргийн 24-25,  31-32 дахь тал) болон шүүгдэгч Г.А-ын  хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа (хэргийн 43 дахь тал), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хэргийн 44 дэх тал), хуулийн этгээд бүртгэлгүй тухай лавлагаа (хэргийн 45 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт (хэргийн 46-47 дахь тал), жолоочийн лавлагаа (хэргийн 48 дахь тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хэргийн 49 дэх тал), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хэргийн 50 дахь тал), шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт (иргэн) (хэргийн 51 дэх тал), иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт (хэргийн 52 дахь тал), иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт (хэргийн 53 дахь тал), Хан-Уул дүүргийн Эрүүгийн Хэргийн анхан шатны 2004 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 157 дугаартай шийтгэх тогтоол (хэргийн 72-75 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий шинжээч эмч гаргасан байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Г.А-ын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

 

Дөрөв. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Г.А нь 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо “Ибиза” нэртэй караокед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа Б.М-тай таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүр, толгой хэсэгт архины хундагаар цохиж биед нь “зүүн чамархайн, зүүн хөмсөг, зүүн дээд зовхи, хамрын үзүүр, зүүн хацарт шарх, духанд зулгаралт, зүүн дээд, зүүн доод зовхинд цус хуралт, зүүн зовхи, зуун хацрын төвгөрт зөөлөн эдийн гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан дээрх бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалтай.

 

Хэргийн хохирогч Б.М-ын эрүүл мэндэд учирсан, шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан “зүүн чамархайн, зүүн хөмсөг, зүүн дээд зовхи, хамрын үзүүр, зүүн хацарт шарх, духанд зулгаралт, зүүн дээд, зүүн доод зовхинд цус хуралт, зүүн зовхи, зуун хацрын төвгөрт зөөлөн эдийн гэмтэл” гэмтэл нь шүүгдэгч Г.А. нь түүний нүүр толгой хэсэгт архины хундагаар цохиж зодсон үйлдлийн улмаас үүссэн ба шүүгдэгчийн шууд санаатай гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хооронд шалтгаант холбоо тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч Г.А-ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

            Хэргийн шүүгдэгч Г.А нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй болно.

            Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Г.А-ын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь  хуулийн үндэслэл бүхий бөгөөд зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй. 

   “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

 

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвар алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй гарсан бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заасан.

 

Энэ хэргийн хохирогч Б.М. нь Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй.

 

Хохирогч Б.М-ын эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол нь энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох ба учирсан гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ сувилгаа хийлгэхтэй холбоотой гарсан болон бусад зардал нь хохирол учруулсны улмаас шууд үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдох юм.

 

Хэргийн хохирогч Б.М. нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тэрээр хохирогчоор тахин өгсөн мэдүүлэгт: “...Надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй, цаашид цагдаагийн байгууллагаар шалгуулаад байх зүйл байхгүй. ...эмнэлгийн баримт байхгүй, сэтгэцэд учирсан хохирлын зэрэг тогтоолгох шаардлагагүй. Хэргийг хялбаршуулж шийдүүлэх хүсэлтэй байна.” хэмээн  (хэргийн 6, 9-10, 12 дахь тал) мэдүүлж,  баримт бүхий мөнгөн дүнгээр илэрхийлсэн нэхэмжлэл, гомдлын шаардлага гаргаагүй,хэргийн материал танилцуулсан баримтад “гомдол санал байхгүй” болохоо илэрхийлсэн (хэргийн 77 дахь тал) баримттай байх тул шүүгдэгч Г.А-оос гаргуулах хохирол төлбөргүй гэж үзнэ.

 

Хэргийн шүүгдэгч Г.А. нь Хан-Уул дүүргийн шүүхийн 2004 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 157 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар Г.А-ыг 251 цаг албадан ажил хийлгэх ял шийтгүүлж, уг ялыг бүрэн биелүүлснээр Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2004 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 148 дугаар тогтоолоор дуусгавар болгосон тухай хэргийн 80 дахь талд авагдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны 2024 оны 03 сарын 26-ны өдрийн 10-01/740 дугаартай албан бичиг баримт авагдсан ба “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааж хуульчилсан тул шүүгдэгчийн урьд гэмт хэрэг үйлдэн ял шийтгүүлж байсан нөхцөл байдал нь түүний эрх зүйн байдлыг дордуулах, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болохгүй юм.

 

Шүүх, шүүгдэгч Г.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, мөн гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршигт нөхөн төлөх төлбөргүй, хэргийн хохирогч Б.М нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан, улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын саналд үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор Г.А-д 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэсэн болно. 

 

Энэ хэрэгт Г.А нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.М нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон                                                                                    

           

                                                            ТОГТООХ нь:

1. ХХ овогт Г.А-ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Г.А-ыг 800 /найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Г.А нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт шүүгдэгч Г.А нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэргийн хохирогч Б.М нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

6. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Г.А-ыг урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                С.БАЗАРХАНД