Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 184/ШШ2021/01283

 

 

 

 

 

 

 

 

 

                         2021        06         02

                            184/ШШ2021/01283

              

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн би даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Б.А,

 

Нэхэмжлэгч: Б.В

 

Нэхэмжлэгч: И.Б нарын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: НШШГГ-т холбогдох

 

хөрөнгө үнэлгээ болон хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай гомдолтой иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.И, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Золжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.А, Б.В, И.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: ... шийдвэр  гүйцэтгэх ажиллагаагаар Сонгинохайрхан дүүргийн 28-р хороо сансар 11 гудамж 30 тоотод байрлах 123 м.кв талбайтай хувийн сууц, 216 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний  газар зэрэг үл хөдлөх хөрөнгө, газрыг хураан авч албадан дуудлага худалдаа явуулсан. Анхны дуудлага худалдаанд ялагч тодроогүй тул хоёр дахь дуудлага худалдааг 2020.10.02-ны өдөр явуулж Хас банк ялагчаар тодорч дээрхи үл хөдлөх хөрөнгийг худалдан авсан байна. Нэхэмжлэгч нарын зүгээс үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ тогтоосон үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаас гадна анхны албадан дуудлага худалдаа нь Иргэний хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нийцүүлэн явагдаагүй гэж үзэж нэхэмжлэл гаргаж байна. Төлбөр төлөгч нараас шүүхийн шийдвэр гарснаас хойш 10,000,000 хүртэл төлбөрийг төлөөд цаашид төлөхөө илэрхийлсээр байтал хүлээж авалгүй албадан гүйцэтгүүлэхээр НШШГГт хандсанаар 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тогтоол гарч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн. Ингээд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж эхэлсэн бөгөөд шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 20390161/09, 20390161/12 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 20390161/13 тоот эд хөрөнгө хураах тогтоолууд гарч хөрөнгүүд хураагдаж, хөрөнгийн үнэлгээ хийгдсэн ... НШШГГ үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг “Мөнх-Оргил трейд” ХХК, Виннэр Вэй ХХК-аар хийлгэсэн ба уг үнэлгээг төлбөр төлөгч нар эс хүлээн зөвшөөрч гомдлоо бичгээр 2020.06.17-ны өдөр гаргасан боловч хүлээн аваагүй шууд анхны албадан дуудлага худалдаанд оруулсан бөгөөд тухайн үнэлгээний байгууллагууд үл хөдлөх эд хөрөнгүүдийг  зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн, үнэлгээг хийхдээ зах зээлийн мэдээлэл судалгааг үнэн бодитой, үндэслэлтэй хийгээгүй, үнэлгээ хийсэн судалгааны арга нь тухайн хөрөнгийг үнэлэхэд тохиромжгүй тул үнэлгээ хэт доогуур үнэлэгдсэн. Үл хөдлөх эд хөрөнгийг түрээслэн орлого олдог байдлыг харгалзаж үзээгүйгээс гадна шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр төлөгч болон авагчаас үнийн санал авах ёстой байтал огт аваагүй, энэ талаар актуудад тусгагдаагүй. Иргэний хуулийн 177 дугаар зүйлд зааснаар хоёр дахь албадан дуудлага худалдаанд тухайн үл хөдлөх хөрөнгүүдийг оруулж байгаа үнэлгээний 50 хувиар оруулдаг бөгөөд төлбөр төлөгч нарын эд хөрөнгийг хэт үнэгүйдүүлж, эрх ашгийг нь ноцтой зөрчиж байна. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хийгдсэн “Мөнх-Оргил трейд” ХХК, Виннэр Вэй ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү...

... Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 26.1-д иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд сөргөөр нөлөөлөхөөргүй бол гүйцэтгэх баримт бичгийн гүйцэтгэлийг баталгаажуулах шаардлагатай арга хэмжээ авсны үндсэн дээр төлбөр авагч, эсхүл төлбөрөө сайн дураар төлж барагдуулахаар гаргасан төлбөр төлөгчийн хүсэлтийг үндэслэн гүйцэтгэх баримт бичгийг гүйцэтгэх хугацааг 30 хүртэл хоногоор хойшлуулж болно гэж заасан байгаа боловч энэ боломжийг огт санал болгоогүй. Мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63.1-д зааснаар төлбөр төлөгчид болон өөрийн эрх ашиг сонирхол нь хөндөгдөж буй этгээдэд өөрийн эд хөрөнгийг худалдан борлуулах боломж олгох ёстой байтал огт олгоогүй. Хүн бүр хууль шүүхийн өмнө тэгш байх ёстой. ... Иймд шүүх дээрхи алдааг засч залруулан банкны өндөр хүүний өмнө сөхөрсөн, цар тахлын үед татвар төлөгч аж ахуйн нэгжийн олон жилийн хүч хөдөлмөр, хичээл зүтгэлээр бий болсон хөрөнгийн үнэлгээний бодит байдлыг тогтоох боломж олгон хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү ... гэжээ.

 

Хариуцагч НШШГГ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 184/ШШ2019/02902 дугаар захирамжаар Б.А Б.В И.Б  нараас 201,972,863 төгрөгийг гаргуулж Хас банк ХХК-нд олгохоор шийдвэрлэжээ. Хэрэв дурдсан хугацаанд төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлд барьцаалсан барьцаа үл хөдлөх хөрөнгүүдээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ ... 2020.03.23-ны өдөр төлбөр төлөгч Б.Атэй Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 412 тоотод уулзаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, 14.6 дах хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийг сайн дураар буюу 2020.03.30-ны өдрийн дотор биелүүлэх мэдэгдлийг гардуулж төлбөр төлөгч И.Б, Б.В нарт мэдэгдэж нэг хувийг хүлээлгэж өгсөн. 2020.03.31-ний өдөр төлбөр төлөгч Б.А, И.Б, Б.В нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй байсан тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх хөрөнгүүдийг 2020.03.31-ний өдрийн 20390161/09, 20390161/12 тогтоолоор битүүмжилж хадгалалт хамгаалалтыг төлбөр төлөгч Б.Ат хариуцуулан үлдээж, Б.В, И.Б нарт мэдэгдэж, тогтоолын 1 хувыг хүлээлгэн өгнө гэснийг тэмдэглэлд тусгасан. Мөн шүүхийн шийдвэрийг 2020.04.06-ны өдрийн дотор биелүүлэх мэдэгдлийг гардуулсан. Шүүхийн шийдвэрийг тогтоосон хугацаанд  сайн дураар биелүүлээгүй байсан тул 2020.05.13-ны өдрийн 20390161/13, 20390161/14 тогтоолоор хөндлөнгийн гэрч Ө.Т, Б.Н, Ш.А, Д.Н нарыг оролцуулан үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх хөрөнгүүдийг хурааж, хадгалалт хамгаалалтыг төлбөр төлбөг Б.Ат хариуцуулан үлдээж, төлбөр төлөгч И.Б, Б.В, Б.А нарын оршин суух хаягаар үл хөдлөх хөрөнгийн үнийн саналаа 2020.05.18-ны өдрийн дотор ирүүлэх мэдэгдлийг төлбөр төлөгч Б.Вид гардуулан өгөхөд 2020.05.15-ны өдөр төлбөр төлөгч нар Баянзүрх дүүргийн 2-р хороо, дарь эх 8 дугаар гудамж 8 тоотыг 400,000,000 төгрөгөөр, Сонгинохайрхан дүүргийн 28-р хороо, сансар 11-р гудамж 30 тоотод байрлах хувийн сууц газрыг 75,000,000 төгрөгөөр үнэлсэн байсан. Төлбөр авагч, төлбөр төлөгч нар хоорондоо харилцан тохиролцоогүй байсан тул төлбөр авагч Хас банк ХХК 2020.05.26-ны өдөр барьцаалсан хөрөнгүүдийг хөрөнгийн шинжээч томилж, зах зээлийн бодит үнэлгээг тогтоож өгнө үү гэснийг хүлээн авч 2020.06.08-ны өдрийн 6/323 дугаартай шинжээч томилох тогтоолоор Виннэр Вэй ХХК, Мөнх-Оргил трейд ХХК нарыг томилж 2020.06.10-ны өдөр үнэлгээний тайланг хүлээлцэж хөрөнгийн шинжээчийн үнэлсэн үнэлгээнээс багагүй үнээр өөрсдөө худалдан борлуулах хүсэлт гаргасныг хүлээн авч 2020.07.17-ны өрийн дотор буюу 1 сарын хугацаанд худалдан борлуулж төлбөр төлөх мэдэгдлийг гардуулсан. ... Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан хугацааг шийдвэр гүйцэтгэгч нар зөрчиж үнэлгээний талаар гомдлоо хуульд заасан хугацаанд гаргах эрхээ хэрэгжүүлээгүй. Мөн төлбөр төлөгч нар шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэлд заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй байсан тул 2020.07.31-ний өдөр төлбөр төлөгч Б.Атэй уулзаж 2020.09.04-ний өдөр зохион байгуулах анхны албадан дуудлага худалдаанд оруулахыг мэдэгдэж, дуудлага худалдаа болохоос өмнө төлбөрөө төлж үүргийн гүйцэтгэлд барьцаалсан хөрөнгүүдийг дуудлага худалдаанаас чөлөөлж болохыг мэдэгдсэн. Анхны албадан дуудлага худалдаагаар хөрөнгүүд худалдан борлогдоогүй байсан тул 2020.09.24-ний өдөр төлбөр төлөгч Б.Атэй уулзаж анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй болохыг мэдэгдэж мөн 2020.10.02-ны өдөр зохион байгуулагдах хоёр дахь албадан дуудлага худалдаагаар шинжээчийн үнэлсэн үнэлгээний 50 хувиар бууруулж оруулахыг мэдэгдэж, мэдэгдлийг төлбөр төлөгч нарын оршин суух хаягаар баталгаат шуудангаар хүргүүлсэн. Хоёр дахь албадан дуудлага худалдаагаар үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх хөрөнгүүд худалдан борлогодоод байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.  

 

Гуравдагч этгээд “ХБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: ... Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ НШШГГ үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг “Мөнх оргил трейд” ХХК, “Виннэр вэй” компаниудаар хийлгэсэн ба уг үнэлгээний дүнг төлбөр төлөгч нар эс зөвшөөрч гомдлоо бичгээр 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдөр гаргасан боловч хүлээн авалгүй шууд анхны албадан дуудлага худалдаанд оруулсан гэжээ. Хөөн хэлэлцэх хугацаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу нэхэмжлэгч нь хөрөнгийн үнэлгээтэй холбоотой гомдлоо хуульд заасан хугацаанд шүүхэд хандаж гаргах боломжтой байсан бөгөөд нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ дурдаж буй гомдлыг хэнд хэрхэн, ямар журмаар  гаргасан гэдэг нь тодорхой бус байх бөгөөд шийдвэр гүйцэтгэх байгууллагад хандаж бичгээр гомдлоо гаргасан хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаантайгаар хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл болохгүй юм. Нэхэмжлэгч нь үнэлгээний арга буруу байсан эсэх, үнэлгээний аль аргыг хэрэглэх ёстой байсан гэж үзэж байгаа, үнэлгээний байгууллагын дүгнэлтээс тодорхой хэсэг нь үндэслэлгүй байсан аль нь болохыг тодорхойлолгүйгээр үнэлгээг хүчингүй болгуулахаар шаардаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Мөн нэхэмжлэлд хуулийн 26.1-д заасан боломжийг огт санал болгоогүй гэжээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 26.1 дэх хэсэгт Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд сөргөөр нөлөөлөхөөргүй бол гүйцэтгэх баримт бичгийн гүйцэтгэлд баталгаажуулах шаардлагтай арга хэмжээ авсны үндсэн дээр төлбөр авагч, эсхүл төлбөр сайн дураар төлж барагдуулахаар гаргасан төлбөр төлөгчийн хүсэлтийг үндэслэн гүйцэтгэх баримт бичгийн хугацааг 30 хүртэл хоногоор хойшлуулах хүсэлтэй байсан хүсэлтээ бичгээр гаргах боломжтой байсан боловч хүсэлтээ гаргаагүй атлаа санал болгоогүй гэж тайлбарлаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. Иргэний хуулийн 178 дугаар зүлйинй 178.2 дах хэсэгт дуудлага худалдаагаар худалдсан зүйлийн үнийг бүрэн төлсөн үеэс худалдан авагч тухайн зүйлийн өмчлөгч болно гэж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.14 дэх хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлсэн шийдвэрт гомдол гаргаагүй тохиолдолд худалдан авагч үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч болно гэж тус тус заасан буюу дуудлага худалдааны төлбөрийг бүрэн шилжүүлсэн үеэс эд хөрөнгө банкны өмчлөгч болохоор хуульчилсан байна. Гэтэл ХБ ХХК нь шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаанд зохих журмын дагуу оролцож эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдан авч, төлбөрийг хуульд заасан хугацаанд шилжүүлсэн атлаа өнөөдрийг хүртэл хугацаанд хуульд заасны дагуу хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авч чадаагүй байгаа болно. Нэхэмжлэлийн шаардлага болох дуудлага худалдааг хүчингүй болгох үндэслэлийн талаар хууль тогтоомжид тусгагдаагүй, нэхэмжлэгч ч мөн тодорхой хуулийн үндэслэл дурдаагүйгээр нэхэмжлэл гаргасан ... Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээд ХБ ХХК-ийн барьцааны эрхийг хөндөлгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.А, Б.В, И.Б нар нь хариуцагч НШШГГт холбогдуулж хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах, хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан гэж маргажээ.

 

            Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 184/ШШ2019/02902 дугаар “Зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамж, мөн дүүргийн шүүхийн шүүгчийн 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн №00036 дугаар “Гүйцэтгэх хуудас”, шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэг материал зэрэг бичгийн баримтаар хариуцагч Б.А, Б.В, И.Б нараас зээлийн гэрээний үүрэгт 201,972,863 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Хас банк” ХХК-нд олгохоор шүүх шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болж хариуцагч шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй учир гүйцэтгэх хуудсыг үндэслэн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн №20390161 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэн болох нь тогтоогдож байна.

 

            Шүүх хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан бичгийн баримт, зохигчдын тайлбар зэргийг үндэслэн дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэг. Хөрөнгө үнэлгээг хүчингүй болгох шаардлагын талаар

 

Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгч Б.Аийн өмчлөлийн                    Ү-2204057938 улсын бүртгэлийн дугаартай, Баянзүрх дүүргийн 2-р хороо, дарь эх 8 гудамж 8 тоот хаягт байрлах 408 м.кв талбай бүхий хувийн сууц, мөн хаягт байрлах Г-2204018248 улсын бүртгэлийн дугаартай, 216 м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, И.Бгийн өмчлөлийн Ү-2201036050 улсын бүртгэлийн дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 28-р хороо, сансар 11 гудамж 30 тоот хаягт байрлах 123 м.кв талбай бүхий хувийн сууц, мөн хаягт байрлах             Г-2201022034 улсын бүртгэлийн дугаартай, газар өмчлөх эрхийн №000115271 дугаар гэрчилгээтэй, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 700 м.кв газрыг тус тус битүүмжлэн, хураан авах ажиллагаа хийсэн тухай хавтаст хэрэгт шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн №2039016/09, №1039016/12 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 2039016/13, 20390161/14 дугаар тогтоол баримтаар авагдсан байна.

 

Хөрөнгө битүүмжлэх, хураан авах ажиллагаа Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49, 54 дүгээр зүйлд заасан журмын дагуу явагдсан, хуульд нийцсэн бөгөөд энэ ажиллагааны талаар талууд маргаагүй.   

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /цаашид хуулийн гэх/ 55 дугаар зүйлийн 55.1 “Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн битүүмжлэгдсэн, барьцаалагдсан, хураагдсан хөрөнгийг гүйцэтгэх баримт бичгийн шаардлагын гүйцэтгэлд суутгах бол тухайн хөрөнгийг битүүмжилсэн, барьцаалсан, хурааснаас хойш 1 сарын дотор түүний чанар, эрэлт, элэгдлийн байдал болон хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж, энэ тухай оролцогч талуудад мэдэгдэж, тэмдэглэл хөтөлнө” гэжээ.

 

Төлбөр төлөгч, төлбөр авагч нар хөрөнгийн үнэлгээний талаар харилцан тохиролцоогүй тул шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн шинжээч томилох тухай №6/323 дугаар тогтоолоор хөрөнгө үнэлгээний “Виннэр Вэй” ХХК-ийг, мөн өдрийн №6/324 тогтоолоор “Мөнх оргил трейд” ХХК-ийг тус тус шинжээчээр томилсон, “Виннэр Вэй” ХХК-ийн үнэлгээний тайлан 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдөр, “Мөнх оргил трейд” ХХК-ийн үнэлгээний тайлан 2020 оны 6 дугаар сарын 11-ны өдөр тус тус гарсан, хуулийн 55.3-д заасан журмын дагуу үнэлгээг оролцогч талуудад мэдэгдэж, санал хүсэлтийг авсан байна. /хх175-182/

 

Төлбөр төлөгч нар 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдөр дээрх хоёр үнэлгээтэй танилцаж, улмаар үнэлгээг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул өөрсдөө худалдан борлуулах хугацаа авах тухай хүсэлтээ 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад тус тус бичгээр гаргаж байжээ. /хх175-188/

 

Нэхэмжлэгч нар “ ... үнэлгээний байгууллагууд үл хөдлөх эд хөрөнгүүдийг зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн, үнэлгээг хийхдээ зах зээлийн мэдээлэл судалгааг үнэн бодитой, үндэслэлтэй хийгээгүй ... “ гэсэн үнэдэслэлээр шинжээч “Мөнх оргил трейд” ХХК, “Виннэр Вэй” ХХК-ийн үнэлгээнд гомдол гаргасан боловч гомдлоо зохих журмын дагуу буюу хуульд заасан хугацаа хэтрүүлж гаргасан нь хуулийн 55.7 “Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэснийг зөрчсөн.

 

Тодруулбал нэхэмжлэгч нар үнэлгээтэй холбоотой гомдол, нэхэмжлэлийг анх шүүхэд 2020 оны 10 дугаар сарын 7-ны өдөр гаргасан нь Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 10 дугаар сарын 7-нй өдрийн 184/ШЗ2020/12888 дугаар “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” захирамж болон талуудын тайлбараар тогтоогдож байх ба үүнээс өмнө хуульд заасан журмын дагуу үнэлгээтэй холбоотой гомдлыг шүүхэд гаргаагүй байна.

 

Нэхэмжлэгч нар ийнхүү үнэлгээний талаар гомдол гаргахдаа хугацаа хэтрүүлсэн нь хүндэтгэн үзэх шалтгаантай болох нь баримтаар нотлогдоогүй, энэ талаар хариуцагчийн татгалзал үндэслэлтэй.

 

Иймд нэхэмжлэгч Б.А, Б.В, И.Б нарын гаргасан хариуцагч НШШГГт холбогдох шинжээч “Мөнх оргил трейд” ХХК, “Виннэр Вэй” ХХК-ийн гаргасан эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хоёр. Хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай

 

            Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч нарын хөрөнгийг битүүмжлэх, хураан авах, үнэлгээ тогтоох ажиллагаа явуулж ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн №9/11 дугаар тогтоолоор анхны албадан дуудлага худалдааг, 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн №10/10 дугаар тогтоолоор хоёр дахь албадан дуудлага худалдааг явуулж, улмаар хоёр дахь албадан дуудлага худалдаанаас төлбөр төлөгч Б.Аийн өмчлөлийн Ү-2204057938 улсын бүртгэлийн дугаартай, 408 м.кв хувийн сууц, мөн хаягт байрлах Г-2204018248 улсын бүртгэлийн дугаартай, 216 м.кв газар, төлбөр төлөгч И.Бгийн өмчлөлийн Ү-2201036050 улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй хувийн сууц, газар өмчлөх эрхийн №000115271 дугаар гэрчилгээтэй, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 700 м.кв газрыг төлбөр авагч “ХБ” ХХК худалдан авчээ.

 

Нэхэмжлэгч нар нь хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах нэхэмжлэлдээ шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хууль зөрчсөн, төлбөр төлөгч нарын эрхийг хангаагүй гэсэн үндэслэл заасан.  

 

Хуульд зааснаар эрх бүхий этгээдээс шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тохиолдолд үндэслэлийг тухайн хүн, хуулийн этгээдэд мэдэгдэх, уг ажиллагаатай холбогдон үүсэх эрх, үүргийг тайлбарлах, хүндэтгэлтэй харьцах, өөрийн шаардлагыг үндэслэлтэй, ойлгомжтой хэлбэрээр илэрхийлэх үүрэгтэй.

 

            Гэвч хавтаст хэрэгт авагдсан баримт, талуудын шүүхэд гаргасан тайлбараар хариуцагч нь албадан дуудлага худалдаа явуулахтай холбоотой хуульд заасан үүргээ биелүүлээгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төлбөр төлөгч нарын эрхийг бүрэн хангаагүй, хууль зөрчсөн үйл баримт, нөхцөл байдал тогтоогдож байна.

 

            Хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 “Шийдвэр гүйцэтгэгч дуудлага худалдаа явуулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг улсын бүртгэлийн байгууллагад болон төлбөр төлөгчид хүргүүлнэ.” гэж заасан. Гэтэл анхны, хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолуудыг төлбөр төлөгч Б.В болон улсын бүртгэлийн байгууллагад зохих журмын дагуу хүргүүлсэн гэж үзэх боломжгүй байна.

 

            Албадан дуудлага худалдаа явуулах тогтоолуудад төлбөр төлөгч Б.А гарын үсэг зурж “1 хувийг хүлээн авлаа, нөхөр Б.Вид танилцуулна”, “Нэг хувийг хүлээн авлаа, нөхөр Б.Вид хүлээлгэн өгч танилцуулна” гэх тэмдэглэл үйлдсэнийг тогтоолыг хуульд заасан журмаар хүргүүлсэн гэж үзэхгүй.

 

            Ийнхүү дуудлага худалдаа явуулах тогтоолыг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч, холбогдох бусад этгээдүүдэд хүргүүлж, танилцуулаагүй, тэдний эрхийг бүрэн хангаагүй нь албадан дуудлага худалдаа явуулах ажиллагаа хуульд нийцсэн гэж үзэх үндэслэлгүй.

 

            Мөн хуулийн 62.4 “Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчид шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийсэн тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг тайлбарлаж, хөрөнгө худалдан борлуулсны төлбөрийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дансанд шилжүүлэх тухай сануулж, энэ тухай тэмдэглэлд гарын үсэг зуруулна.”, хуулийн 13.1 “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үйл явц, үр дүнг баталгаажуулах зорилгоор тэмдэглэл үйлдэнэ” гэснийг тус тус зөрчжээ.

 

            Хөрөнгө албадан худалдан борлуулах ажиллагаатай холбоотой шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр төлөгч тус бүртэй уулзаж хуульд заасан дээрх ажиллагааг хэрэгжүүлэхээр заасан байх атал төлбөр төлөгч Б.В шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд биечлэн оролцоогүй, түүнд хуульд заасан эрх, үүргийг тайлбарлах, танилцуулах ажиллагаа хийгдээгүй.

 

            Тодруулбал албадан дуудлага худалдаа явуулах тогтоол гарсан хугацаанд шийдвэр гүйцэтгэгч нь зөвхөн төлбөр төлөгч Б.Атэй хоёр удаа уулзалт хийж, тэмдэглэл үйлдсэн боловч бусад төлбөр төлөгч болох Б.В, И.Б нартай уулзаж тэмдэглэл үйлдээгүй, тэдэнд ажиллагааны үйл явц, үр дагавар, хүлээх хариуцлага зэргийг тайлбарлаж, танилцуулаагүй байна.

 

             Хуулийн 14.3 “Шийдвэр гүйцэтгэгч мэдэгдэх хуудсыг дуудан ирүүлж гардуулах бөгөөд боломжгүй тохиолдолд биечлэн, эсхүл баталгаат шуудангаар хүргүүлнэ”, хуулийн 14.6 “Мэдэгдэх хуудсыг гардуулан өгвөл зохих хүн оршин суугаа газар, эсхүл ажлын байрандаа байхгүй бол мэдэгдэх хуудсыг түүний хамт амьдардаг арван найман насанд хүрсэн хүн, эсхүл сум, баг, хорооны Засаг дарга, түүний ажлын албанд, эсхүл ажлын газрын захиргаанд хүлээлгэн өгч, тэмдэглэл үйлдэн гарын үсэг зуруулна” гэжээ.

 

            Шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр төлөгч нарыг дуудан ирүүлж тайлбар авах, гаргасан шийдвэр болон түүнийг зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагын талаар танилцуулах ажиллагаа явуулахын тулд тэднийг дуудан ирүүлэх ажиллагааг зохих журмын дагуу хийгээгүй байна. Өөрөөр хэлбэл төлбөр төлөгч нарын оршин суугаа газар, ажлын газрын хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлээгүй, зөвхөн бусад төлбөр төлөгчийн тайлбарт тулгуурлан, мэдэгдэх ажиллагааг тэднээр дамжуулах байдлаар хэрэгжүүлсэн нь  хуульд нийцэхгүй юм.

 

            Иймд нэхэмжлэгч Б.А, Б.В, И.Б нарын нэхэмжлэлийг хангаж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн №10/10 дугаар “Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол”-ын дагуу явагдсан хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзэв.

                     

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 66 дугаар зүйлийн 66.3, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.А, Б.В, И.Б нарын гаргасан хариуцагч НШШГГт холбогдох хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, ахлах шийдвэр шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн №10/10 дугаар тогтоолын дагуу явагдсан хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгосугай.

 

           2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч нарт  олгосугай.

 

           3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Ж.ЛХАГВАСҮРЭН