Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 2024/ШЦТ/46

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Нандинцэцэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Пүрэвдорж

Улсын яллагч Б.Төрболд,

Шүүгдэгч Д.Б,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Э, Б.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Б-д холбогдох ........ дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1993 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Завхан аймгийн ...... сумд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, сантехникч, гагнуурчин мэргэжилтэй, малчин, ам бүл 5, ээж, 3 дүүгийн хамт амьдардаг, Завхан аймгийн ...... сумын ...... ...... багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ..... овогт ......-ийн Б, /регистрийн дугаар ......../

Шүүгдэгч Д.Б нь 2023 оны 01 дүгээр сард Завхан аймгийн ..... сумын нутаг дэвсгэр “....” гэх газарт бэлчээрлэж байсан хохирогч О.Н-ийн эзэмшлийн адуун сүргээс давхар сартай сэрээ тамгатай бор хээр зүсмийн гүү, сартай хүрэн зүсмийн даагыг нууц, далд аргаар, шунахайн сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч, түүнд 1.400.000 /нэг сая дөрөв зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “Олон тооны мал хулгайлах” гэмт хэрэгт хамаарч байна. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт “Тухайн байгууллагын албан ёсны харилцаа холбооны хэрэгсэл ашиглан оролцогчийг дуудаж болно” гэж заасан журмын дагуу хохирогч О.Н-д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.

Хохирогч О.Н нь шүүх хуралдаанд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хохирогч ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй” гэж заасан учир хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.

Нэг. Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох:

Шүүгдэгч Д.Б нь 2023 оны 01 дүгээр сард Завхан аймгийн ...... сумын нутаг “....” гэх газарт бэлчээрлэж байсан хохирогч О.Н-ийн эзэмшлийн адуун сүргээс давхар сартай сэрээ тамгатай бор хээр зүсмийн гүү, сартай хүрэн зүсмийн даагыг нууц, далд аргаар, шунахайн сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр авсан хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.Тухайлбал:

2 тооны адуугаа хулгайд алдсан тухайгаа мэдүүлсэн хохирогч О.Н-ийн “...2023 оны 01 дүгээр сард ... Манай адуу ..... сумын “......” гэх газарт байсан. Би адуугаа очиж үзэхэд манай адуу бүгд бүрэн байсан. Нэг хоногийн дараа адуугаа очиж үзэхэд бор хээр зүсмийн давхар сартай сэрээ тамгатай гүү, сартай хүрэн зүсмийн давхар сартай сэрээ тамгатай унага байхгүй 2 тооны адуугаа хулгайд алдсан. ...2024 оны 01 дүгээр сарын 02, 03-ны өдөр Завхан аймгийн ...... сумын “......” гэх газар адуу худалдан авч байна гэх сургаар очоод адуу шүүхэд миний тамгатай дааган шүдлэн байсан. Тэгээд миний тамгатай адуу энд байна гээд адуу авч байсан хүмүүсээс миний энэ адууг хэн авчирч өгсөн талаар асуухад ..... сумын С гэдэг залуу тухайн адууг авчирч өгсөн гэж хэлэхээр нь тэр залуутай уулзаж миний хүрэн даагыг хаанаас авсан юм гэж асуухад би “....” гэх газраас олсон гэж хэлсэн. ...Би бор хээр гүүгээ олж авч чадаагүй. Харин ..... сумын Б гэдэг хүн миний бор хээр гүүг даагатай нь хамт аваад даагыг нь С гэдэг залууд өгсөн юм байна лээ. Миний гүүг нядлаад зарчихсан гэж надад Б хэлсэн. Миний бор хээр гүү сайн гүү, хурдан удамтай, манай азарга сайн азарга байдаг. Би бор хээр гүүгээ 2.000.000 төгрөгөөр, даагаа 400.000 мянган төгрөгөөр үнэлж байна. ...Д.Б надад учирсан хохирлыг бүрэн барагдуулж өгсөн...Надад одоо яллагдагч Д.Б-с нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлгээр, /хавтаст хэргийн 48-52 дугаар хуудас/,

Д.Б-с авах авлагадаа бор хээр зүсний гүү авсан тухай шууд тусган мэдүүлсэн гэрч Д.М-ын “...2023 оны 12 дугаар сарын 10-ны үед манай ..... сумын .... багийн иргэн Д.Б нь надад 1 тооны гүү худалдан борлуулсан. Тухайн үед би Д.Б-с даага авах авцаатай байсан. Тэгээд би тэр даагаа авах гэхэд Д.Б надаас бүдүүн адуу авах уу? гэхээр нь 300.000 мянган төгрөг өгөхөөр тохиролцоод бүдүүн адуу аваад хүнсэндээ хэрэглэсэн. Бор хээр зүсмийн гүү байсан. Тамгыг нь сайн анзаарч хараагүй. Завхан аймгийн .... сумын .... багийн нутаг “....”-ийн баруун талд Б-тэй тухайн бор хээр зүсмийн гүүг нядалсан...” гэсэн мэдүүлгээр /хавтаст хэргийн 54-55 дугаар хуудас/,

Д.Б сартай хүрэн зүсний даагыг өөрт нь өгсөн тухай мэдүүлсэн гэрч Б.С-ын “...2023 оны 08 дугаар сарын 25-наас 26-ны үед .... сумын .... багийн иргэн Д.Б нь хүүхдэд адуу аваарай гэж амласан тэр адуугаа надад өгч байна гээд сартай хүрэн зүсмийн даагыг надад өгсөн. 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Э.С-ын худалдан авсан адуу “.....”-гийн баруун урд талд байсан. Тухайн адуун дээр хоёр машинтай хүн очсон байхаар нь Э.С, Д.Б хоёр тухайн адуу байсан газраа очоод Э.С 2 машинтай хүмүүсийг аваад гэр рүүгээ явсан. Д.Б миний урдаас ирээд намайг дуудахаар нь би очсон. ... би чамд өгсөн сартай хүрэн зүсмийн даагыг эзэн нь ирээд аваад явлаа чамаас асуувал тухайн сартай хүрэн зүсмийн даагыг үхэх гээд хэвтэж байхаар нь олж авч, тэжээж мал болгож авсан гэж хэлээрэй гэж Д.Б надад хэлсэн. Тэгээд сартай хүрэн зүсмийн хамар цагаан дааганы эзэн О.Н гэдэг залуу надаас асуухаар нь би тухайн даагыг замтын баруун талаас ганцаараа хэвтэж байхаар нь олж аваад тэжээж мал болгосон гэж тэр залууд хэлээд О.Н гэдэг залуу даагаа аваад явсан. Би тухайн сартай хүрэн зүсмийн хамар цагаан даагыг Э.С-д 350.000 3 төгрөгөөр худалдан борлуулсан...” гэсэн мэдүүлгээр /хавтаст хэргийн 56-57 дугаар хуудас/,

Э.С-ын Э.С-д худалдсан даагыг О.Н өөрийн алдсан даага мөн байна гэж таньсан тухай мэдүүлсэн гэрч Ч.Д-ийн “...тухайн адуун дотор Завхан аймгийн ..... сумын О.Н гэгч залуугийн хүрэн зүсмийн дааган шүдлэн адуу байсан. Тухайн адууг нэг жилийн өмнө хүрэн халзан зүсмийн гүүний хамтаар алга болсон гэж надад захиж хэлж байсан. Тэгээд тэнд байж байхад О.Н гэдэг залуу ирээд жилийн өмнө эхтэйгээ алга болсон дааган шүдлэнг хараад энэ чинь миний адуу байна гээд адуугаа барьж авах гээд байж байхад тэнд адуу худалдан авч байсан хүмүүс ирээд хоорондоо маргалдаад наад дааган шүдлэн чинь та нарын адуу биш, наад адуугаа буцаагаад авна гээд байсан...” гэсэн мэдүүлгээр /хавтаст хэргийн 58-60 дугаар хуудас/,

гэрч Э.С-н “.......сумын харьяат С гэдэг залуугаас ...сартай хүрэн зүсмийн хамар цагаан даагыг 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөгөөр худалдан аваад .... сумын харьяат О.Н гэдэг залуу миний адуу байна гэж хэлээд аваад явсан...” гэсэн мэдүүлгээр /хавтаст хэргийн 61-63 дугаар хуудас/

гэрч Э.А-ийн “...Тухайн сартай хүрэн зүсмийн даагыг ..... сумын иргэн С 2023 оны 12 дугаар сарын 27-н юм уу 28-ны өдөр ...халтар зүсмийн сарваа, хонгор зүсмийн адууны хамт авчирч өгсөн. ..... сумын О.Н гэдэг хүн сартай хүрэн зүсмийн хамар цагаантай даагыг авч явсан...” гэсэн мэдүүлгээр тогтоогдсон байна. /хавтаст хэргийн 64-66 дугаар хуудас/,

Шүүгдэгч Д.Б-ийн үйлдлийн улмаас хохирогч О.Н-д 1.400.000 /нэг сая дөрвөн зуун мянга/ төгрөгийн хохирол учирсан болох нь “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээчин Н.Э-ийн 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн №00 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогч, гэрчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шийдвэрийнхээ үндэслэл болголоо.

“Мал хулгайлах” гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа малыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч, хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууц далд аргаар авахыг ойлгодог бөгөөд гэмт этгээд хулгайлсан малаа эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоог бий болгодог. Мал хулгайлах гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ 4 нь иргэний шударгаар өмчлөх үндсэн эрх, эрх чөлөөг зөрчсөн байдагт оршино.

Өөрөөр хэлбэл мал хулгайлах гэмт хэрэг нь гэмт этгээдийн идэвхтэй үйлдлийн үр дүнд эд хөрөнгийн шилжилт хийгдсэн байдаг ба эд хөрөнгийг эзэмшигч, өмчлөгчид мэдэгдэхгүйгээр хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авах байдлаар илэрнэ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн хуульчилсан тайлбарт “олон тооны мал гэж найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгоно” гэж заасан бөгөөд олон тооны мал хулгайлсан бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан.

Шүүгдэгч Д.Б нь бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ баттай мэдсээр байж өөрт ашиг хонжоо олох зорилгоор, шунахайн сэдэлтээр, бусдын эд хөрөнгөд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Шүүгдэгч Д.Б нь бусдын 2 тооны адуу буюу олон тооны малыг хулгайлан хохирогч О.Н-ийн Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан өмчлөх эрхэд халдаж түүнд нийт 1.400.000 төгрөгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжтэй байх тул шүүгдэгчийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.Б нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгаа мөрдөн байцаалтын шатанд нөхөн төлсөн болох нь шүүгдэгч Д.Б-ийн хохирол төлсөн талаарх мэдүүлэг болон хохирогч О.Н-ийн “...Д.Б надад учирсан хохирлыг бүрэн барагдуулж өгсөн. ...Бор хээр гүүний үнэ болох 2.000.000 төгрөгийг 2024 оны 01 дүгээр сарын 22-ны орой манай эгч О.Н-ийн данс руу шилжүүлж өгсөн, мөн 30 литр түлшний үнэ өгсөн. Надад одоо яллагдагч Д.Б-с нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй...” гэж мэдүүлснээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

                          Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 Шүүгдэгч Д.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь 5 харгалзан үзнэ“ гэж тус тус заасныг үндэслэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хохирлоо нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал болон хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгааг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна“ гэж заасан шударга ёсны зарчимд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзлээ.

Шүүгдэгч Д.Б нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хувийн бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзээд

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.5, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

                                                                             ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Х овогт Д-ийн Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “бусдын олон тооны мал хулгайлсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Д.Б-ийг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-д оногдуулсан 1 жилийн хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Шүүгдэгчид 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

5. Шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд  зүйлгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

                                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.НАНДИНЦЭЦЭГ