Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 128/ШШ2022/0616

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дамдинсүрэн би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “С*********” ХХК,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Х*********,

Хариуцагч: Ашигт малтмал газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Ж*********

Маргааны төрөл: “С*********” ХХК-ийн эзэмшиж байсан МV-********* дугаар тусгай зөвшөөрлийг цуцалсан нь хуульд нийцсэн эсэх маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х*********, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ж*********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.У********* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “С*********” ХХК-иас Ашигт малтмал газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргад холбогдуулан “Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 135 дугаар шийдвэрийн “С*********” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргажээ.

2. Өмнөговь аймгийн Гурвантэс сумын “Дундгол” нэртэй газарт орших 28 гектар талбайд ашигт малтмал ашиглалтын МV-********* дугаар тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын албаны даргын 1999 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 29 дүгээр шийдвэрээр 04 дүгээр сарын 20-ны өдөр ашигт малтмал ашиглах лицензийн гэрчилгээг 60 жилийн хугацаагаар олгосон ч 2007 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс 30 жилийн хугацаагаар “С*********” ББН-д эзэмшүүлжээ.

Ашигт малтмал, газрын тосны газрын 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 8/1879 дүгээр албан бичгээр 23 дахь жилийн төлбөрөө төлсөн тухай баримтаа ирүүлээгүй тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлах талаар мэдэгджээ.

Нэхэмжлэгч нь ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр төлж, хөл хорионд байсан тул 2021 оны тусгай зөвшөөрлийн төлбөрөө хугацаа хэтрүүлэн төлсөн болохыг харгалзан үзэхийг хүсэж 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 21/06 дугаар албан бичгийг Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлжээ.

Мөн Өмнөговь аймгийн Онцгой комиссын 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 476 дугаар албан бичгээр нэхэмжлэгчийн үйл ажиллагааг 2020 оны 11 дүгээр сараас хойш хязгаарлаж, хөл хорионд байсан нь үнэн болохыг тодорхойлсон байна.

Гэвч Ашигт малтмал, газрын тосны газрын 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 8/2954 дүгээр албан бичгээр боломжгүй болохыг мэдэгдсэн тул дахин Ашигт малтмал, газрын тосны газарт 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 21/07 дугаар албан бичгээр тусгай зөвшөөрлийг бүртгэхийг хүсчээ.

Улмаар Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 135 дугаар шийдвэрээр тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт төлөөгүй үндэслэлээр МV-********* дугаар тусгай зөвшөөрлийг цуцалсан байна.

3. Ашигт малтмал, газрын тосны газрын 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 8/1506 дугаар албан бичгээр нэхэмжлэгчийн МV-********* дугаар тусгай зөвшөөрлийг цуцалсан тухай мэдэгдлийг нэхэмжлэгч хүлээн авч 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 22/7 дугаар албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст гомдол гаргахад Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 8/2262 дугаар албан бичгээр тус гомдлыг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй талаар мэдэгдсэнийг хүлээн авч, 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ:.

4. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:

2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс хойш Ковид-19 цар тахлын улмаас хатуу хөл хорионд орж Өмнөговь аймаг “Эко ногоон бүс” болох зорилт тавьж орох, гарах хөдөлгөөн хаасан. Монгол Улсад Ковид-19 цар тахлын вакцинжуулалт эхэлж 2 тун вакцин хийлгэсэн хүн 14 хоног өнгөрсний дараа орох, гарах эрхээ 2021 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс авсан.

Үүний улмаас 2021 оны ашигт малтмалын ашиглалтын /A/ дугаартай тусгай зөвшөөрлийн лицензийн төлбөрийг 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 10 хоног хэтрүүлэн төлсөн.

“С*********” ХХК нь 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр тус газарт дахин албан бичгээр хандан хүсэлт гаргасан боловч хариу өгөөгүй. Иймд манай зүгээс төлбөрийг хугацаа хэтрүүлэн төлсөн нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан /цар тахал/ байсан, ашигт малтмалын газраас тусгай зөвшөөрөл цуцалсан талаар албан ёсоор шийдвэрлэсэн эсэх талаар мэдэгдээгүй цар тахлын хязгаарлалт сулармагц боломжит хэмжээнд үйл ажиллагаагаа цааш үргэлжлүүлэн явуулж эхэлсэн.

Гэтэл тусгай зөвшөөрлийн төлбөрийн төлснөөс хойш 9 сар гаруй хугацаа өнгөрсний дараа Ашигт малтмал, газрын тосны газрын 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн “Шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх” тухай 8/1506 дугаар албан бичгээр Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 34.7-д заасан хугацаанд алдангийн хамт төлөөгүй, 31 дүгээр зүйлийн 31.1-д заасан үүргээ зөрчсөн тул мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг үндэслэн Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 135 дугаар шийдвэрээр тусгай зөвшөөрлийг цуцалсан болохыг мэдэгдсэн.

Тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлснөөс хойш манай компанийн зүгээс төлбөрийг хугацаа хэтрүүлсэн үндэслэлийн талаар болон төлбөр төлсөнтэй холбоотой хүсэлтүүдийг удаа дараа хариуцагчид гаргаж байсан боловч тусгай зөвшөөрөл цуцлах талаар бидэнд мэдэгдээгүй. Улмаар энэ 9 сарын хугацаанд тусгай зөвшөөрөл цуцлаагүй тул үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн /зардал-мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх, баримтаар нотлогдох/ хэмжээний зардал гаргасны дараа тусгай зөвшөөрлийг цуцалж байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан хууль ёсны итгэлийг хамгаалах зарчимд нийцэхгүй байна.

Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 135 дугаар шийдвэрийн “С*********” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, “С*********” ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын /*********/ дугаартай тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээж өгнө үү.” гэжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “2021 оны 05 дугаар сарын 20-ны өдөр гэхэд ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг төлөх сүүлийн хугацаа байсан. Тухайн хугацаанд төлбөрөө төлөөгүй учраас тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдэж байгаа гэж тайлбарлаж байгаа боловч тусгай зөвшөөрлийг цуцалж буй маргаан бүхий акт 10 сарын дараа нь гарч байна. Энэ хугацаанд нэхэмжлэгч компанийн эрх ашиг хөндөгдөхгүй байх ёстой. Захиргаанаас цуцалсан шийдвэр гаргаагүй, тусгай зөвшөөрлийг сунгах боломжтой гэх ойлголттой байсан учраас үйл ажиллагаа явуулж, тодорхой хэмжээний зардал гаргаж, ажилчид авч ажиллуулаад цалин олгоод, татварын тайлан зэргийг гаргаад явж байсан. 

Хариуцагчаас хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэж тайлбарлаж байна. 2022 оны 03 дугаар сарын 15-ы өдөр гарсан мэдэгдлийг хүргүүлсэн. Уг мэдэгдлийг хүлээж аваад 30 хоногийн дотор тухайн актыг гаргасан эрх бүхий албан тушаалтны дээд шатны байгууллагад гомдол гаргасан. Гомдол гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 92 зүйлд заасан захиргааны актад гомдол гаргах ерөнхий журамтай нийцэж байна. Гомдлын хариуг 04 дүгээр сард авснаас хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргасан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн зүйл байхгүй.

Нэхэмжлэгч компанид 1999 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр анх тусгай зөвшөөрлийг олгосон. Тусгай зөвшөөрөл олгосон мэдэгдлийг гаргаад тусгай зөвшөөрлийн төлбөрөө 04 дүгээр сарын 20-ны өдрийн дотор төлж байхыг үүрэг болгож танилцуулсан. Үүнээс хойш тусгай зөвшөөрлийг 2007 оны 05 дугаар сарын 21-ний өдөр дахин олгосон. Анх “С*********” БНН байсан бол 2007 онд “С*********” ХХК болж өөрчлөгдсөн. Ийнхүү олгох үедээ тусгай зөвшөөрлийн төлбөрөө 04 дүгээр сарын 20-ны өдөр эсхүл 05 дугаар сарын 21-ний өдөр төлнө шүү гэдэг талаар мэдэгдэл хүргүүлж байгаагүй. “С*********” ХХК энэ талаарх мэдэгдлийг аваагүй ч гэсэн жишиг байдлаар 04 дүгээр сарын 20-ны өдөр төлж байсан болохоос тусгай зөвшөөрлийн төлбөрийг яг хэзээ төлөх талаар хугацаа эргэлзээтэй. Хариуцагч тайлбарлахдаа 04 дүгээр сарын 20-ны өдөр төлөх ёстой гэж 1999 оны мэдэгдлийг үндэслэл болгоод байдаг. 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 8/1879 дугаартай албан бичгээр цуцлах үндэслэл бүрдсэн талаарх мэдэгдлийг хүргүүлсэн гэж тайлбарладаг. 8/1879 дугаартай албан бичгийг хэнд хүргүүлсэн талаарх баримтыг ирүүлсэн боловч хэн хүлээж авсан нь тодорхой байдаггүй. Нэхэмжлэгчээс тухайн цуцлах үндэслэл бүрдсэн талаарх албан бичгийн талаар огт мэддэг зүйл байхгүй. Гэтэл өнөөдрийн нөхцөл байдалд 10 сарын дараа тусгай зөвшөөрлийг цуцалсан. Энэ хүрээнд Захиргааны ерөнхий хуульд заасан зарчмууд хөндөгдөж байна. Уг шийдвэрийг 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр гаргах үедээ “С*********” ХХК тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлсөн байна уу гэдэг асуудалд дүгнэлт хийх боломж байсан. Маргаан бүхий акт гарах үед “С*********” ХХК тусгай зөвшөөрлийн төлбөрөө төлсөн байсан. Тусгай зөвшөөрлийн төлбөрөө төлсөн байхад акт гаргаж нэхэмжлэгчийн эрхийг хөндөж байгаа нь хууль бус юм.” гэв.

6. Хариуцагч татгалзал болон түүний үндэслэлээ тайлбарлахдаа:

“Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т заасны дагуу "С*********" ХХК нь тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс өмнө төлөөгүй байна. Ашигт малтмалын тухай хуулийн 34.6, 34.7-д зааснаар “С*********” ХХК-ийн зүгээс тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт төлөөгүй байна.

Төрийн захиргааны байгууллагаас тус компанид ашиглалтын MV-********* тоот тусгай зөвшөөрлийг олгохдоо тодорхой эрх үүргийг хүлээж ажиллах тухай мэдэгдлийг компанийн захирал С.О*********-т гардуулсаныг 1999 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч гарын үсгээ зурж баталгаажуулсан байдаг.

Тодруулбал “лицензийн төлбөрийг жил бүрийн 4 дүгээр сарын 20-ны өдрөөс өмнө төлсөн байна”, "хууль тогтоомжоор хүлээсэн бусад үүргийг биелүүлж ажиллана" гэж мэдэгдлийг хүлээн зөвшөөрсөн байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасан хугацаанд гаргаагүй, гомдол гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасан дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байна.

Иймд Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 135 тоот шийдвэрийн “С*********” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: ”Тусгай зөвшөөрлийн төлбөрийг хаанаас ч төлөх боломжтой. Иймд хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэхгүй байна. Мөн тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх, цуцлах нөхцөл бүрдсэн талаарх мэдэгдлийг өмнө нь хүргүүлсэн. Тухайн шийдвэр гаргасан талаар хүргүүлсэн байгаа. Анх тусгай зөвшөөрлийг авахдаа тодорхой хуулийн дагуу ажиллана гэдгийг н.О********* хүлээн зөвшөөрч, баталгаажуулж гарын үсэг зурсан байдаг. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т заасан хугацаанд гомдлоо гаргаагүй. Гомдол гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байна. гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн хүрээнд хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ. 

  1. Ашигт малтмалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.“Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн дагуу жил бүр төлнө”, 34 дүгээр зүйлийн 34.2.“Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө.”, 34 дүгээр зүйлийн 34.6.Энэ хуулийн 34.2-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алданги ногдуулна.”, 34.7.“Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30  хүртэл байх бөгөөд ...” гэж зааснаар нэхэмжлэгч нь МV-********* дугаар тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс өмнө төлөх байсан боловч хуульд заасан боломжит хугацаа дууссаны дараа 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлжээ.
  2. Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 135 дугаар шийдвэрээр тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт төлөөгүй үндэслэлээр МV-********* дугаар тусгай зөвшөөрлийг цуцалсан байна.

Нэхэмжлэгч Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7-д заасан төлбөр төлөх “боломжит хугацаа”-г 11 хоногоор хэтрүүлснийг нь зөвтгөх боломжгүй ч, хариуцагч Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2.“Тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн 34.7-д заасан хугацаанд бүрэн төлөөгүй” гэсэн хуулийн урьдчилсан нөхцөл буюу төлбөр төлөөгүй бол цуцлах нөхцөл арилснаас хойш 9 сар 10 гаруй хоног өнгөрсний дараа буюу 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 135 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийг цуцалсан нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5. “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэж заасан зарчимд нийцээгүй гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл, “тусгай зөвшөөрлийн төлбөр төлөгдсөн” бодит нөхцөл байдал бий болсон буюу зөрчил арилсан, 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр тусгай зөвшөөрлийн төлбөрийг алдангийн хамт төлсний дараа 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 135 дугаар шийдвэрээр тусгай зөвшөөрлийг нь цуцалсан нь бодит байдалд нийцэхгүй, захиргааны шийдвэрийн үндэслэл болсон үйл баримт үгүйсгэгдэж байна.

Тодруулбал, тусгай зөвшөөрөл эзэмшигчээс төлбөрийг төлөөгүй байх тохиолдолд Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан үндэслэлээр тусгай зөвшөөрлийг цуцалсан захиргааны шийдвэр гаргах нь зүйтэй юм.

Нөгөөтэйгүүр, хэрэв хариуцагч нэхэмжлэгчийг тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх хугацааг хэтрүүлэн төлсөн гэж буруутгаж байгаа бол төлбөр төлөх хуульд заасан хугацаа дуусмагц Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан үүргээ хэрэгжүүлэх ёстой/ боломжтой байсан. Гэтэл бодит байдалд төлбөр төлөгдөж, зөрчил арилснаас хойш тусгай зөвшөөрлийн төлбөрийг хугацаанд нь төлөөгүй гэх үндэслэлээр цуцалсан хариуцагчийн шийдвэрийг зөвтгөх боломжгүй юм.

Иймд  “С*********” ХХК-иас Ашигт малтмал газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хангаж, Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 135 дугаар шийдвэрийн “С*********” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.2, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасныг тус тус баримтлан “С*********” ХХК-иас Ашигт малтмал газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хангаж, Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 135 дугаар шийдвэрийн “С*********” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

            3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Н.ДАМДИНСҮРЭН