Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 99

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 171/2017/0119/Э/

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шүрэнчимэг, Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндаг, Хохирогч С.Жамъянгарав, Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа, Шүүгдэгч Ж.Мөнхбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Боржигон Жирэнхүүгийн Мөнхбатад холбогдох эрүүгийн 201709000095 дугаартай хэргийг 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Боржигон Жирэнхүүгийн Мөнхбат, 1979 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 38 настай, яс үндэс халх, эрэгтэй, боловсрол, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн Сэргэлэнгийн 4 дүгээр гудамжны 74 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ТВ79051079 регистрийн дугаартай. Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: Шүүгдэгч Ж.Мөнхбат нь 2017 оны 01 дүгээр сарын 30-ны орой 19 цагийн орчим 62-26 ДАХ улсын дугаартай Сонота-5 маркийн автомашиныг жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1-д заасан “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл хөдөлгөөний үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөнөөс Дархан сумын 7 дугаар багийн Хангамжийн 4-69 тоот хашааг мөргөж 181 000 төгрөгний хохирол учруулсан зам тээврийн осол гаргаж осол гарсан газрыг санаатайгаар орхиж зугтаасан хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Шүүгдэгч Ж.Мөнхбатын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Залуус хотхоны хажуугийн гагнуур дээр машинаа засварлаж байгаад дуусгаад орой 21 цагийн орчим гэртээ ирсэн. Гэртээ ирээд гар утсаа хайгаад олохгүй болохоор нь гагнуур дээр үлдээсэн байна гэж бодоод буцаад машинаа асаагаад явах гэхэд миний машин асахгүй байсан. Тэгэхээр нь Цогтбаярын машины аккумляторыг машиндаа тавьж машинаа асаагаад явсан бөгөөд миний машин явж байгаад гэнэт унтарчихсан. Тэгээд дахиад асаах гэсэн чинь асахгүй байсан. Тэгэхээр нь би машинаа өнхөрүүлж асаах гэж байгаад хаазан дээрээ хүчтэй гишгээд замын хажуу руу ороод айлын хашаа мөргөчихсөн. Би хашаа мөргөснийхөө дараа машинаасаа бууж харахад хашаан дотор байсан байшинд хүн байхгүй гэрэл нь унтраастай байсан. Тэгэхээр нь би хашааны буланд байсан зарна гэсэн зар дээрээс хашааны эзний утсыг тэмдэглэж аваад явсан гэх мэдүүлэг, Хохирогч С.Жамъянгаравын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өглөө Улаанбаатар хотоос ирэхэд манай гэрийн бетонон угсармал хашаа машинд мөргүүлсэн байдалтай байсан. Манай хашааны нэг шон, найман ширхэг хавтан хугарсан байсан. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн. Шүүгдэгч миний хохирлыг төлж барагдуулсан тул надад гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг /хх-ийн 18/, Шинжээчийн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 65 дугаартай дүгнэлт: "1.Sonata-5 маркийн 6226 ДАХ улсын дугаартай автмашины жолооч Жирэнхүүгийн Мөнхбат нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 9-р бүлгийн 9.1-д “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг зөрчиж Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн Хангамжийн 4-69 тоот хашааг мөргөсөн хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч буюу ослын схем зураг дээрээс тогтоогдож байна. 2.Sonata-5 маркийн 6226 ДАХ улсын дугаартай автмашины жолооч Жирэнхүү овогтой Мөнхбат нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 2-р бүлгийн 2.5/В-д “2.5 Зам тээврийн осолд холбогдсон жолооч зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага /ажилтан/-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан Цагдаагийн байгууллагын аижлтанг иртэл хүлээх үүрэг хүлээнэ гэсэн заалтыг зөрчсөн” гэжээ /хх-ийн 21/, 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 05 дугаартай тээврийн хэрэгслийн техникийн байдал шалгасан шинжээчийн дүгнэлт: “Автотээврийн үндэсний төвийн Дархан салбарын техник оношилгоонд 2016.01.06-нд техникийн үзлэгт орсон байдал, автомашин дээр нь үзлэг хийхэд осол үйлдэгдэхээс өмнө автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага MNS4598:2011 улсын стандартын 5.5 дахь заалтын шаардлагыг хангасан тээврийн хэрэгслээр зам, тээврийн хөдөлгөөнд оролцсон байна. /зураг №12-02/ Техникийн хувьд бүрэн байна. /зураг№02-03/ Техникийн хувьд бүрэн, нөлөөлсөн зүйлгүй байна. /зураг №01/ 6226 ДАХ улсын дугаартай Sonata-5 маркийн автомашин нь осол үйлдэхээс өмнө эвдрэл, гэмтэлгүй байсан, ажлын болон зогсолтын тоормос ажиллагаатай, дугуй өвлийн улирлын дугуйтай, осол гарахад нөлөөлсөн зүйлгүй. /зураг №02-03/ Осол үйлдэгдсэн шалтгаан нь техникийн бүрэн бус байдлаас шалтгаалаагүй байна. /зураг №02/ Автомашины хурдыг тогтоох боломжгүй” гэжээ /хх-ийн 25-27/, 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан: “Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн Хангамжийн 4 дүгээр гудамжны 69 тоотын угсардаг бетонон хашааны хоёр самбар буюу бетонон хавтан хашаа 8 ш, бетонон шон 1 ш зэрэг эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2017 оны 02 дугаар сарын 02-ны байдлаар 181 000 /нэг зуун наян нэгэн мянга/ төгрөг байна” гэжээ /хх-ийн 33/, Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 29 дугаартай шинжээчийн дүгнэлт: "Шинжилгээнд хүргүүлсэн тээврийн хэрэгслийн мөр нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд тэнцэж буй тээврийн хэрэгслийн мөр нь тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанд байгаа 62-26 ДАХ улсын дугаартай Sonata-5 маркийн автомашины зүүн урд талын дугуйны мөртэй тохирч байна” гэжээ /хх-ийн 40-41/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-11/, зам тээврийн ослын газарт хийсэн тэмдэглэл, бүдүүвч зураг /хх-ийн 13-14/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, хөрөнгө битүүмжилсэн тухай тэмдэглэл /хх-ийн 101-102/, Тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан шинжээчийн дүгнэлт /хх-ийн 25-27/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 57/, эд хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 33/ зэрэг болно. Шүүгдэгч Ж.Мөнхбат нь 2017 оны 01 дүгээр сарын 30-ны орой 21 цагийн орчим 62-26 ДАХ улсын дугаартай Sonata-5 маркийн автомашиныг жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9-р бүлгийн 9.1 “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, 2-р бүлгийн 2.5/в “Зам тээврийн осолд холбогдсон жолооч зам тээврийн ослын тухай Цагдаагийн байгууллага /ажилтан/-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх үүрэг хүлээнэ" дэх хэсэгт заасныг тус тус зөрчиж зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан болох нь шүүдэгчийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, мөрдөн байцаалтад хохирогч, гэрч нарын өгсөн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Гэмт хэргийн улмаас бусдад 181 000 төгрөгийн хохирол учирсныг шүүгдэгч нь төлж барагдуулсан болох нь шүүгдэгч болон хохирогчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ. Шүүгдэгч Ж.Мөнхбатад ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэргийг хөнгөрүүлэх нөхцлөл байдалд тооцов. Шүүгдэгчид хорих ял оногдуулж дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдал болон үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал зэргийг харгалзан оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Ж.Мөнхбатын эзэмшлийн Голомт банкны 4335101146 тоот дансанд байгаа 702 835.20 төгрөг, мөн банкны 4335100918 тоот дансанд байгаа 455 493.75 төгрөг бүхий данснуудын зарлагыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 3-р сарын 23-ны өдрийн тогтоолыг /хх-ийн 101/ шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ. Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 298, 299 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Боржигон Жирэнхүүгийн Мөнхбатыг зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар шүүгдэгч Ж.Мөнхбатыг 1 жил 6 сар /нэг жил зургаан сар/ хорих ялаар шийтгэсүгэй. 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч Ж.Мөнхбатад оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т заасныг журамлан шүүгдэгч Ж.Мөнхбатад оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг тэнсэж, 1 жилийн /нэг жил/ хугацаагаар хянан харгалзаж, хянан харгалзсан хугацаанд хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар энэ хэрэгт шүүгдэгч Ж.Мөнхбатын эзэмшлийн Голомт банкны 4335101146 тоот дансанд байгаа 702 835.20 төгрөг, мөн банкны 4335100918 тоот дансанд байгаа 455 493.75 төгрөг бүхий данснуудын зарлагыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 3-р сарын 23-ны өдрийн тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ж.Мөнхбат нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дүгээр зүйлийн 306.1-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Мөнхбатад урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Т.БАТЖАРГАЛ