Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 1553

 

МАГАДЛАЛ

 

2018.07.02                                                     Дугаар 1553                                Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

А.А-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж, шүүгч Ч.Цэнд, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 181/ШШ2018/00901 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч А.А-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Д.О-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 3 500 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагч: Д.О ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Ч нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: 2016 оны 2 дугаар сарын 26-ны өдөр А.А-аас 10 хоногийн хугацаатай хүү, алданги тооцохгүй гэж итгэлцлийн үүднээс тохиролцож 3 500 000 төгрөг зээлсэн. Гэтэл ямар нэгэн шалтаг хэлж зээлж авсан мөнгөө эргүүлэн өгөхгүй байгаа тул Д.О аас 3 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: 2016 оны 2 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэгч А.А-тай газар эзэмших гэрчилгээг харилцан тохиролцсоны үндсэн дээр /3 500 000/ төгрөгөөр зарахаар тохирсон. Гэвч тэр үед газар эзэмших гэрчилгээ нь миний хүү О.Б-ын нэр дээр байсан тул харилцан шилжүүлэх хүртэлх хугацаанд зээл авсан мэтээр тохиролцож бичиг баримт бүрдүүлсэн юм. Үүний дараа тохирсон ёсоор газар эзэмших гэрчилгээг өгсөн. Гэвч Сүхбаатар дүүргийн газрын алба кадастрын зурагт өөрчлөлт оруулснаар уг газрыг авахгүйгээр мөнгөө эргүүлж авна гэсэн шаардлага тавьж байгаа юм байна гэж би ойлгож байна. Хэрэв газрыг авахгүй мөнгөө эргүүлэн авна гэж байгаа бол миний хувьд газрын гэрчилгээгээ эргүүлж авч тухайн газрыг зарсны дараа л мөнгийг нь эргүүлж өгөх боломжтой гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.О аас 3 500 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.А-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 71 000 төгрөгөөс 70 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 50 төгрөгийг улсын төсвийн орлогоос, хариуцагч Д.О аас 70 950 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож, Шүүхийн шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд төлбөр гаргуулах ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан иргэнээс төлбөр гаргуулах журмын дагуу гүйцэтгэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх хуралдааны тов гараагүй таньд утсаар мэдэгдэе гэхдээ баримтад гарын үсгээ зураад явчихуу гэсний дагуу зураад явсан боловч утсаад хуралдааны товыг надад мэдэгдэлгүйгээр хурал хийсэн байна. Мөн “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ” нь тухайн хэрэгт хамааралгүй байна гэсэн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь нэхэмжлэгч А.А-г би огт танихгүй, зөвхөн газар эзэмших гэрчилгээг харилцан амаар худалдахаар тохирсоны үндсэн дээр газар эзэмших гэрчилгээг А.А-ийн нэр дээр шилжих хүртэл хүүгүй зээл мэтээр 3 500 000 төгрөг авсан. Энэ нь ямарч хүн танихгүй хүнд хүүгүй зээлдүүлэхгүйг нотолж байна. Миний хүү О.Б , охин О.О нар нь үнийн тохиролцоо хийлгүйгээр танихгүй хүнд өөрийн эзэмших эрх бүхий газрыг шилжүүлж өгөхгүй. Охин О.О , А.А нарын хооронд тохиролцон хийгдсэн “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ” хамааралгүй гэдгийг үгүйсгэж байгаа байдал юм. Нэхэмжлэгч тал энэ бүгдийг авч үзэхгүй байгаа нь газар эзэмших эрхийг шилжүүлэн авсан мөртлөө, дахин худалдан авсан мөнгөө гаргуулан авах гэсэн бусармаг санаа гаргаж байна гэж үзэж байна. Хүүгийн нэр дээр байсан газар эзэмших гэрчилгээг мөнгөө буцаан авч болно шүү дээ. Хэрэв газар эзэмших гэрчилгээг буцаах бол 2016 оноос хойших газрын төлбөрийг төлсөн байхыг шаардах болно гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг хуульд нийцүүлэн үнэлсэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч А.А нь хариуцагч Д.О-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3 500 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Зохигчид 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч 3 500 000 төгрөгийг зээлдүүлэх, хариуцагч уг мөнгөн хөрөнгийг 10 хоногийн хугацаанд хүүгүй зээлэх мөн 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүртэлх хугацаанд төлөх нөхцөлтэй байгуулсан байна. /хх-ийн 22/

Түүнчлэн, хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбараар нэхэмжлэгч Д.О  нь өөрөө гарын үсэгээ зурж баталгаажуулан 3 500 000 төгрөгийг хүлээн авсан үйл баримт тогтоогдож байна.

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй тул гэрээний үүргийн гүйцэтгэлийг нэхэмжлэгч шаардах эрхтэй.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заасан. Талуудын байгуулсан гэрээг хариуцагч нь “3 500 000 төгрөг хүлээн авахдаа газар эзэмших эрхийг худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр зээлийн гэрээг байгуулсан” гэж тайрбарласан байна. Хариуцагч зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг аваагүй гэж маргасан боловч тэрээр уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.

Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болох нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдсон тул анхан шатны шүүх хариуцагчаас зээлийн төлбөр 3 500 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

Хариуцагч Д.О-д шүүх хуралдааны товыг 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр мэдэгдсэн, тэрээр уг баримтад гарын үсэг зурсан боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт нийцсэн байна.

/хх-ийн 48/

Шүүх нэхэмжлэлийн үндэслэл шаардлага, хариуцагчийн татгалзал, түүнд холбогдох нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт нийцүүлэн дүгнэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь зөв болжээ.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй тул шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 181/ШШ2018/00901 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт тус тус зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Б.НАРМАНДАХ

                 ШҮҮГЧ                                      Ч.ЦЭНД

                                                                                 М.НАРАНЦЭЦЭГ