| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намжилцэрэнгийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 170/2023/0141/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/44 |
| Огноо | 2024-05-06 |
| Зүйл хэсэг | 24.8.1., |
| Улсын яллагч | Э.Мөнх-Оргил |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 2024/ШЦТ/44
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг шүүгч Н.Дэлгэрмаа даргалж,
Нарийн бичгийн дарга М.Баярмэнд
Улсын яллагч Э.*******
Шүүгдэгч Д.*******
Шинжээч С.*******
нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.*******ид холбогдох эрүүгийн 2323001000157 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Д.******* нь зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамал болох 28 шуудай, 654 килограмм хуурамч хонин арцыг 2023 оны 07 дугаар сарын 09-ний өдөр худалдан авч Завхан аймгийн сумын ******* багийн ******* хэсгийн тоотод байрлах өөрийн гэртээ 28 шуудай, 654 килограмм хуурамч хонин арцыг хадгалж, байгаль экологид 114.973.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Түүний холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарч байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүх хуралдаанд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.
1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар:
*******ийн ******* 2023 оны 07 дугаар сарын 09-ний өдөр үл таних хүнээс 28 уут арц худалдан авч арцаа Завхан аймгийн сумын ******* багийн ******* хэсгийн тоот хашаанд байрлах амбаарт /агуулах/ хадгалсан хэргийн үйл баримт нь хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар тогтоогджээ. Тухайлбал:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.ын “...Д.******* нь зохих зөвшөөрөлгүйгээр нэн ховор төрлийн ургамал болох “Арц” хадгалсан асуудалд миний хувийн зүгээс нэхэмжлэх зүйл байхгүй. Харин энэ хэрэгт сумын газрыг төлөөлөн оролцож байгаа тул шинжээчийн гаргасан экологи эдийн засгийн үнэлгээгээр нөхөн төлбөрийг нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлгээр,
Арц худалдан авсан талаар мэдүүлсэн гэрч Н.гийн “...2023 оны 07 дугаар сарын 09-ний өдөр би ойрхон хөдөө явчхаад, гэртээ иртэл миний аав Д.******* нь 28 шуудай, 654 кг арц худалдаад авчихсан байсан. Тэгээд би та хэзээ, хаанаас ийм арц худалдаад авсан вэ? гэж асуухад танихгүй машинтай залуу гадаа ирээд, та арц авах уу гэхээр нь хэд юм бэ? гэхэд 1 кг нь 3.000 төгрөг гэхээр худалдаад авчихлаа гэсэн тэгээд байж байтал орой 19 цагийн орчимд цагдаа нар ирээд арцыг хураасан юм... танихгүй хүнээс худалдан авсан гэж хэлсэн...” гэсэн мэдүүлгээр,
Энэ талаар мэдүүлсэн гэрч Т.ын “...Нэг өглөө гэртээ байж байтал 11 цагийн орчимд миний аав Д.******* нь танихгүй хүнээс арц аваад оруулж байхыг нь харсан. Тэгээд байж байтал орой нь цагдаа нар ирээд нөгөө арцыг хурааж авсан юм. ...Цагаан өнгийн машинтай хүн ирж хашааны хаалганы үүдэнд зогсон шуудайтай арц буулгаж, жинлээд амбаарт оруулж байсан...” гэсэн мэдүүлгээр,
Гэрч Н.ын “...2023 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Завхан аймгийн сумын ******* багт айлын хашаанд ховор ургамал болох ногоон арцыг хууль бусаар бэлтгэж, тээрэм байна гэх мэдээллийг шалгаж тухайн айлд очиж уулзахад ...арц тээрэмдсэн зүйл байхгүй жаахан арц худалдаж авсан, амбаарт байна гэсэн. Тэгээд амбаарт нь очиж үзэхэд 28 шуудайтай 600 гаруй кг арц хадгалсан байсан. Тэгэхээр нь би энэ арцыг хэзээ, хаанаас, хэн гэдэг хүнээс худалдаж ав талаар асуухад ******* гэдэг хүн нь уурлаад өөр яаж амьдрах юм бэ? жаахан хүн гуйгаад байхаар нь авчихсан юм гээд уурлаад байсан...” гэсэн мэдүүлгээр,
Гэрч Ч.ийн “...2023 онд сумын газарт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ирүүлсэн арцыг иргэдэд худалдан борлуулсан одоогоор Д.******* гэдэг хүн манайхаас арц худалдан аваагүй...” гэсэн мэдүүлгээр,
Гэрч Э.ын “...Сүүлийн 4 жилийн байдлаар тус аймгийн нутаг дэвсгэрээс арц түүж, бэлтгэх зөвшөөрөл олгогдоогүй. Энэ жил мөн л арц түүх зөвшөөрөл олгоогүй. Ер нь манай аймагт Хонин арц, Хуурамч хонин арц зэрэг нэн ховор, ховор ургамлын жагсаалтад орсон арц ургадаг бөгөөд иргэд хууль бусаар түүж бэлтгэх, асуудал нэлээдгүй байдаг. ...арцны нөөц тогтоох судалгаа хийгдсэн бөгөөд судалгааны үр дүнд Хонин арц, Хуурамч хонин арцыг түүж бэлтгэх зөвшөөрөл олгох боломжгүй гэж дүгнэсэн...” гэсэн мэдүүлгээр болон 28 шуудай арцыг эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг хэрэгт цугларсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.*******ийн үйлдлийн улмаас байгаль экологид хохирол учруулсан ба хуурамч хонин арц болох нь Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 3112 дугаартай “...1.Cupressaceae-Агарууны (Арц) овог, Juniperus L-Арцны төрөл, Juniperus pseudosabina Fisch.et С.А.Меу-Хуурамч хонин арц байна. 2.Шинжилгээнд ирүүлсэн ургамлууд нь бүгд нэг овог, төрөл, зүйлийн Juniperus pseudosabina Fisch.et C.A.Mey-Хуурамч хонин арц байна. 3.Монгол улсын засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралт ховор ургамлын жагсаалтад багтсан 4.Juniperus pseudosabina Fisch.et C.A.Mey- Хуурамч хонин арц нь Тагийн бүслүүрийн нутагхад, ойн захын хушин ой, ширэнгэд ургана. Ургамал- газарзүйн Хөвсгөл /Хотон/, Хэнтий, Хангай, Монгол- Дагуур /Ноён/, Монгол-Алтай, Дундах Халх /Яргайт/, Говь-Алтай /Их богд/ тойрогт тархдаг. 5.Шинжилгээнд ирсэн арцны дундаж чийг нь 10-13,8%-н байх тул хуурай байна. 6.Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/603 дугаар тушаалын хавсралтад тусгаснаар 1 кг хуурай Хуурамч Хонин арц ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээ нь 175800 төгрөг байна. Мөрдөгчийн тогтоолд дурдсаны дагуу 654 кг ургамлын үндэсний экологи- эдийн засгийн үнэлгээг тооцвол 175,800 төгрөг х 654 кг = 114,973,200 төгрөг байна... 7.Тухайн ургамлыг түүж бэлтгэх зөвшөөрөл гаргадаг чиг үүргийн байгууллагаас тодруулах шаардлагатай. 8.Шинжилгээнд ирүүлсэн ургамал нь байгальд дахин шинээр ургах боломжгүй юм...” гэсэн дүгнэлтээр,
Шүүгдэгчийн худалдан авсан хадгалсан арц нь хуурай хуурамч хонин арц болох нь Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны дүгээр сарын 19-ний өдрийн 1370 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн 28 ширхэг ууттай ургамал нь Cupressaceae-Агарууны (Арц) овог, Juniperus L-Арцны төрөл, Juniperus pseudosabina Fisch.et С.А. Меу-Хуурамч хонин арц байна.Шинжилгээнд ирүүлсэн 28 ууттай ургамлууд нь бүгд нэг төрөл, нэг зүйлийн Juniperus pseudosabina Fisch.et С.А. Меу-Хуурамч хонин арц байна. 2.Cupressaceае-Агарууны (Арц) овог, Juniperus L- Арцны төрөл, Juniperus pseudosabina Fisch.et C.A.Mey-Хуурамч хонин арц нь Монгол улсын засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралт "Ховор ургамлын жагсаалт"-д багтсан. 3. Шинжилгээнд ирүүлсэн ургамлыг хуурай, нойтон аль нь болохыг тогтоох зорилгоор уут тус бүрээс дээж авч жинлэн, хатаах зууханд 105°С-ийн температурт 5 цагийн турш хатаан хэмжиж, жингийн алдагдлыг тооцож үзэхэд дундаж чийг 10.6% байх тул хуурай байна. Ургамлын жинг 20 хувиас доош байхад хуурай, 20 хувиас дээш байхад нойтон гэж үзнэ. 28 ууттай ургамлын тус бүрийн чийгийг хүснэгт №1-ээс харна уу. 4.Juniperus pseudosabina Fisch.et C.A.Meу- Хуурамч хонин арцыг MNS 1976:1985 стандартад заасан нөхцөлд хадгалаагүй тохиолдолд нь хатаж, хөгцөрч муудна. Ямар нөхцөлд хадгалснаас шалтгаалан тухайн ургамал нь жингээ алдаж хөнгөрөх магадлалтай. 5. Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/603 дугаар тушаалын хавсралтад тусгаснаар 1 кг хуурай Хуурамч Хонин арц ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээ нь 175,800 төгрөг байна. Мөрдөгчийн тогтоолд дурдсаны дагуу 654кг ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг тооцвол 175,800 төгрөгх654 кг=114,973,200 төгрөг байна. 6.Тухайн ургамлыг түүж бэлтгэх зөвшөөрөл гаргадаг чиг үүргийн байгууллагаас тодруулна уу.7.Шинжилгээнд ирүүлсэн ургамал нь байгальд дахин шинээр ургах боломжгүй. 8.Шинжилгээний явцад нэмэлт нөхцөл байдал тогтоогдоогүй болно...” гэсэн дүгнэлтээр тогтоогдож байна.
Дээрх шинжээчийн дүгнэлтүүд нь хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас авсан мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж, цуглуулсан мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогчийн мэдүүлэг нь энэ хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон хууль ёсны баримтууд учир шүүх шийдвэрийнхээ үндэслэл болголоо.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан гэж дүгнэлээ.
Байгалийн ургамлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт “Монгол Улсын нутаг дэвсгэрийн хуурай газар, усны бүх зүйлийн гуурст ургамал, хөвд, замаг, хаг, мөөг болон бичил биетнээс ургамлын сан бүрдэнэ”, 2 дахь хэсгийн 2-д “Ургамлыг түүний нөөц, нөхөн сэргэх чадварыг нь харгалзан дараах байдлаар ангилна: “...ховор...” гэж, 4 дэх хэсэгт “ховор” ургамалд байгалийн жамаар нөхөн сэргэх чадваргүй, тархац нэн хязгаарлагдмал, устаж болзошгүй ургамал хамаарна” гэж тус тус хуульчилсан.
Шүүгдэгч Д.*******ийн Байгалийн ургамлын тухай хуулийн 11, 12 дугаар зүйлүүдэд заасныг зөрчиж зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамал болох хуурамч хонин арцыг худалдан авсан, хадгалсан үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүрээлэн байгаа орчны эсрэг ургамлын аймагт халдаж, Байгалийн ургамлын тухай хуулийг зөрчиж зохих зөвшөөрөлгүй, хуульд зааснаас өөр зорилгоор буюу худалдан борлуулах, ашиг олох зорилгоор ховор ургамлыг худалдаж авсан, хадгалсан шинжээрээ Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй.
Шүүгдэгч Д.*******ийн 28 уут /шуудай/ хуурай хуурамч хонин арцыг худалдан авсан хадгалсан хэргийн үйл баримт нь дээрх нотлох баримтуудаар тогтоогддог бөгөөд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамлыг худалдан авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй.
Шүүгдэгч Д.******* хууль бусаар зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамал болох хуурамч хонин арцыг худалдан авч, хадгалсан гэсэн гэм буруугийн шууд санаа, шунахайн сэдэлт нь тухайн гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон.
Хохирлыг тооцсон талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж, 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж тус тус хуульчилсан байна.
Тухайн үед буюу мөрдөн шалгах ажиллагааны явцад эд мөрийн баримтаар хураагдсан 28 уут /шуудай/ хуурамч хонин арцыг анх жинлэхэд 654 килограмм байсан байна. Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч талуудын хүсэлтээр уг арцыг TСS загварын №361014-н №054 лацаар битүүмжлэгдсэн 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл хүчинтэй улсын баталгаажуулалтын гэрчилгээ олгосон электрон жингээр нэг бүрчлэн жинлэхэд:
1 дэх шуудай-15,7 кг, 2 дахь шуудай-14,2 кг, 3 дахь шуудай-14,9 кг, 4 дэх шуудай-14,6 кг, 5 дахь шуудай-15,6 кг, 6 дахь шуудай-14,2 кг, 7 дахь шуудай-14,8, 8 дахь шуудай-15,2 кг, 9 дэх шуудай- 16,1 кг, 10 дахь шуудай-15,4 кг, 11 дэх шуудай- 15,7 кг, 12 дахь шуудай-15,7 кг, 13 дахь шуудай-14,8 кг, 14 дэх шуудай-11,6 кг, 15 дахь шуудай-11,6 кг, 16 дахь шуудай-13,9 кг, 17 дахь шуудай-12,2 кг, 18 дахь шуудай-13,2 кг, 19 дэх шуудай-13,2 кг, 20 дахь шуудай-13,8 кг, 21 дэх шуудай-19,5 22 дахь шуудай-12,8 кг, 23 дахь шуудай-15,6 кг, 24 дэх шуудай-11,4 кг, 25 дахь шуудай-12,5 кг, 12 дахь шуудай-11,9 кг, 17 дахь шуудай-15,7 кг, 28 дахь шуудай-8,3 кг буюу нийт 28 уут буюу 405,2 килограмм болж биологийн чийгээ алджээ.
Өмгөөлөгч болон шүүгдэгчийн шүүх хуралдаанд гаргасан “...тухайн арцыг худалдан авахдаа 28 уут /шуудай/ бүрийн жинг 100 граммаар тооцон хасаж худалдан авсан учир 405,2 кг арцнаас 2,8 кг-ыг хасаж тооцуулмаар байна...” гэсэн хүсэлтийг талуудын саналыг харгалзан хасаж тооцоход 405,2кг-2,8кг=402,4кг байна.
Харин шүүгдэгчийн өмгөөлөгчийн “...шүүгдэгч Д.*******ийн худалдан авч хадгалсан арц нь нойтон арц байсан, шинжээчийн “хуурай” гэсэн дүгнэлт эргэлзээтэй учир нойтон арцны үнэлгээ 98500 төгрөгөөр тооцон шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг гаргасныг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.
Учир нь:Шинжээчийн дүгнэлтэд “...шинжилгээнд ирүүлсэн ургамлыг хуурай, нойтон аль нь болохыг тогтоох зорилгоор уут тус бүрээс дээж авч жинлэн, хатаах зууханд 105°С-ийн температурт 5 цагийн турш хатаан хэмжиж, жингийн алдагдлыг тооцож үзэхэд дундаж чийг 10.6% байх тул хуурай байна... ...Ургамлын жинг 20 хувиас доош байхад хуурай, 20 хувиас дээш байхад нойтон гэж үзнэ...” гэж шүүгдэгч Д.*******ийн худалдсан авсан арцыг хуурай гэж дүгнэсэн. Уг арц нь хуурай болох нь тогтоогдсон. Шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд дүгнэлтээ гаргасан. Дээрх дүгнэлтүүд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүх шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан ба дүгнэлтэд эргэлзээ төрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А/677 дугаар тушаалын хавсралтад Ургамлын экологи эдийн засгийн үнэлгээг гаргахдаа килограммаар тооцож хуурамч хонин арц 1 /нэг/ килограмм нь 175,800 төгрөгөөр үнэлэхээр заасан. Экологи эдийн засгийн үнэлгээг тогтоохдоо тухайн ашигт ургамлын хэрэгцээний нийт жинг хэрхэн тогтоох талаар нарийвчлан тодорхойлоогүй ба ургамлын биологийн чийгийн хэмжээг харгалзан тогтоох, эсхүл биологийн чийгээ алдсан үеийн бодит жинг харгалзан тогтоох эсэх талаар тодорхой зохицуулалтгүй учир шүүгдэгчид ашигтай байдлаар буюу 2024 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар жинлэсэн хэмжээгээр хохирлын хэмжээг тогтоож, шүүгдэгчийн үйлдлийн улмаас нийт 402,4 кг х 175,800 =70,741,920 төгрөгийн хохирол учирсан гэж үзэх үндэстэй.
Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3-т “...иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас байгаль орчин болон байгалийн нөөц баялагт учруулсан хохирлын нөхөн төлбөрийн орлого” гэж заасны дагуу шүүгдэгч Д.*******оос 70,741,920 төгрөгийг гаргуулж, Байгаль, орчин уур амьсгалын санд хохирлыг төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Д.*******ийг Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүйгээр хуульд зааснаас өөр зорилгоор хуурамч хонин арцыг худалдан авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.*******ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“ гэж тус тус заасныг үндэслэв.
Шүүгдэгч Д.*******ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Д.*******ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Д.******* нь Завхан аймгийн сумын ******* багийн *******ын 2 дугаар гудамж тоотод оршин суух хаягтай болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Д.*******ийг 1 жилийн хугацаагаар Завхан аймгийн сумаас гадагш зорчих эрхийг хязгаарлах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.******* дээрх тогтоосон чиглэлээр зорчих эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүргийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хүлээлгэх нь зүйтэй.
Шүүгдэгч Д.*******ид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан 28 уут /хорин найман шуудай/ хуурамч хонин арцыг худалдан борлуулж үнийг улсын орлого болгох нь зүйтэй.
Шүүгдэгч Д.******* нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүний хувьд ногдох хөрөнгөнөөс битүүмжлээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзээд
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.7, 1.8 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ийг Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүйгээр хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамал хуурамч хонин арцыг худалдан авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******ид 1/нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******ийг Завхан аймгийн сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчихыг 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчихыг хориглож, шүүгдэгч тогтоосон чиглэлээр зорчих эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүргийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хүлээлгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн *******ид зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялыг нэг хоногоор тооцож солихыг түүнд анхааруулсугай.
5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар шүүгдэгч *******ийн *******ид зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан хугацаанд хяналт тавьж ажиллахыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3-т зааснаар шүүгдэгч Д.*******оос 70,741,920 төгрөгийг гаргуулж, Байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай.
7.Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 5 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 28 уут /шуудай/ хуурамч хонин арцыг худалдан борлуулж үнийг улсын орлого болгосугай.
8.Шүүгдэгч Д.*******ид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
9.Шүүгдэгч Д.******* нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүний хувьд ногдох хөрөнгөнөөс битүүмжлээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.
10.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, түүний шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ДЭЛГЭРМАА