Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 2024/ШЦТ/359

 

 

 

 

 

 

 

 

 

     2024          05          06                                      2024/ШЦТ/359

 

 

                                                                                                               

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Батцэцэг хөтлөн,

улсын яллагч Д.Хонгорзул,

хохирогч Э.У-,  

шүүгдэгч Б.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт Б-н Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2024 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ** оны **дүгээр сарын **-ны өдөр ** аймагт төрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, барилгын засал чимэглэлчин хийдэг гэх, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянгол дүүргийн ** дугаар хороо, *** тоотод оршин суух хаягтай боловч ** дүүргийн ** дугаар хороо, ** дугаар гудамжны ** тоотод түр оршин суудаг гэх, ял шийтгэлгүй, Боржигон овогт Б-йн Т /регистрийн дугаар **/.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Т 2024 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Д” гэх нэртэй дэлгүүрийн гадна хохирогч Э.У-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

           “...2024 оны 3 дугаар сарын 14-ний өдөр гэрээсээ гараад “Д” дэлгүүр рүү орсон. Дэлгүүр орчихоод гараад тамхи татах гэтэл гал байхгүй болохоор нь буцаад орсон. Гэтэл тухайн дэлгүүрт байсан нэг үл таних эрэгтэй намайг хэл үгээр доромжлоод, хэрүүл өдөөд “гараад хүлээж бай” гэж хэлээд байхаар нь би гадаа гараад дэлгүүрийн гадаа хүлээж байхад тухайн залуу араас гарч ирээд дахиад хэл үгээр доромжлосон. Тухайн залуутай маргалдаж байгаад хэл үгээр доромжлоод байхаар нь миний уур хүрээд нүүрэн тус газарт нь гараараа 3-4 удаа цохисон. Гэтэл намайг боогоод авахаар нь би зөрүүлээд боосон бөгөөд хэсэг ноцолдож байгаад салаад тухайн газраас явсан. Би гэм буруугийн талаар маргахгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 46-47 дахь тал/,

 

Хохирогч Э.У-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

           “...Тухайн өдөр дэлгүүрээс юм авчихаад орой нь дэлгүүрийнхээ өрийг өгөхөөр дэлгүүрт зогсож байсан чинь Төгөлдөр гэх залуу орж ирсэн мөн тамхи зуусан орж ирэхээр нь би “дэлгүүрт тамхи татахгүй” гэж хэлсэн чинь надад “гадаа гараад хүлээж байя” гэж хэлсэн. Би маргалдаагүй болохоор тоохгүй дэлгүүрээс гарахад тэр залуу намайг хүлээгээд зогсож байсан. Тэгээд намайг цохисон. Би шүд хийлгэхээр эмнэлэгт үзүүлэхэд 2.130.000 төгрөг болно гэсэн...” гэх мэдүүлэг,

 

Хохирогч  Э.У-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...2024 оны 3 дугаар сарын 14-ний орой 21 цагийн үед би Баянгол дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Д” нэртэй дэлгүүрт орж өрөө өгчихөөд худалдагчтай юм яриад зогсож байхад гаднаас нэг танихгүй залуу гал асууж орж ирсэн. Би “дэлгүүрт тамхи татахгүй шүү” гэж хэлэхэд “чи хэн бэ” гэж хэлээд бид хоёр маргалдсан. Маргалдаж байгаад тухайн залуу “за би чамайг гараад хүлээж байя” гэж хэлээд гарсан, би удалгүй араас нь гарахад тухайн залуу ганцаараа зогсож байсан. Би дэлгүүрээс гараад тэр залууг холдуулах гээд цээж рүү нь түлхтэл шүд рүү гараараа нэг удаа цохисон. Би газарт унахад тухайн залуу дахин нилээд хэдэн удаа уруул, хөмсөг хэсэг рүү буюу нүүрэн тус газарт цохисон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11-12 дахь тал/,

 

Гэрч М.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...2024 оны 3 дугаар сарын 14-ний өдөр манай нөхөр Э.У- согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай дэлгүүр орж, өрөө өгнө гээд 21 цагийн үед гараад явсан. Тэгээд ирэхгүй удаад байхаар нь араас нь “Д” дэлгүүрийн гадаа яваад очиход манай нөхрийн хөмсөг нь сэтэрчихсэн цус гарчихсан, хоолойг нь боосон бололтой хоолой нь улайчихсан байсан. Намайг тухайн газарт очиход дэлгүүрийн гадаа манай нөхөр Уламбаяр бас нэг танихгүй залуу, түүний эхнэр гэх нэг эмэгтэй, нийт 3 хүн байсан. Өөр хүн байгаагүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16 дахь тал/,

 

Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны ** дугаар сарын **-ны өдрийн *** дугаартай шинжээчийн “...Э.У-ын биед үүдэн зүүн дээд 2 дугаар шүдний булгарал, 1 дүгээр шүдний сулрал, уруулд язрал, цус хуралт, зүүн хөмсөгт зулгаралт, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт, цус хуралт, баруун сарвууны чигчий хуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр 1-2 хоногийн өмнө үүссэн байх боломжтой байна, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Нэг шүдний булгарал нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 5% алдагдуулна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 21-22 дахь тал/,

 

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хавтаст хэргийн 28-35 дахь/, хохирлын баримтууд /хавтаст хэргийн 37-39 дэх тал/, Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар /хавтаст хэргийн 25 дахь тал/, хохирол төлсөн талаарх баримт /хавтаст хэргийн 69 дэх тал/,  шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 50 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 52 дахь тал/ болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Шүүгдэгч Б.Т гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, түүнд хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна прокурорын хүлээлгэх хариуцлагын талаарх саналыг шүүгдэгчид танилцуулсан нь хуульд нийцсэн байна.

 

Иймд шүүх шүүгдэгч Б.Тт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байх ба шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож шийдвэрлэв.  

Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсгийн 2.1.1-т гэмт хэргийн улмаас хохирогчийн хувь хүний сэтгэцийн хариу урвалын байдал болон гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл, хэвийн амьдрал алдагдсан байдал, шаардагдах эмчилгээний дундаж хугацаа, хөдөлмөрийн чадвар алдалт зэрэг шалгуур үзүүлэлтийг харгалзан сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох бөгөөд шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэхээр тус зүйл ангийг тусгасан байна.

Мөн тушаалын 2 дахь хэсгийн 2.3-т “Энэ журмын 2.1-т заасан хүснэгтээр сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосныг хохирогч хүлээн зөвшөөрсөн эсэхийг мөрдөгч Хууль зүйн дотоод хэргийн сайдын 2023 оны А/267 дугаар тушаалын зургаадугаар хавсралтаар баталсан “сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загварыг танилцуулан баталгаажуулж, хавтаст хэрэгт хавсаргана гэж заасан байх ба энэ талаарх баримт хавтаст хэргийн 25 дахь талд авагдсан байна.

Иймд хохирогчийн уг гэмтлийн улмаас эмчилгээ хийлгэж, хохирогчид учирсан хохирлын хэр хэмжээ, хэргийн нөхцөл байдлыг тус тус харгалзан Монгол Улсын Дээд шүүхийн Нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 25 дугаартай тогтоолын 2-т заасан нөхөн төлбөр тооцох жишиг аргачлалын дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 660.000 төгрөгийг 5 дахин нэмэгдүүлж 3.300.000 /гурван сая гурван зуун мянган/ төгрөгийг хохирогч Э.У-ын сэтгэцэд учирсан нөхөн төлбөр гэж тооцсон болно.

Хавтаст хэрэгт 56.500 төгрөгийн хохирлын баримт /37 дахь тал/ авагдсан байх тул шүүгдэгч Б.Төөс 56.500 төгрөг гаргуулж, Э.У-т олгох нь зүйтэй байна. Мөн хохирол төлбөрт 130.000 төгрөг төлсөн талаарх баримт /хх-ийн 69 дэх тал/ авагдсан байх тул шүүгдэгч Б.Т хохирогч Э.У-т 130.000 төгрөг төлсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

Хохирогч Э.У- шүүхийн хэлэцүүлэгт шүд суулгахад 2.130.000 төгрөг нэхэмжилснийг энэ шүүх хуралдаанаар бүхэлд нь хэлэлцэхгүй орхиж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дугаар зүйлийн 2-д зааснаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх боломжтойг тайлбарлан өгөх нь зүйтэй байна.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар прокурорын гаргасан санал, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж, уг торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.Т энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Б овогт Б-н Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-ийг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.   

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Б.Тт оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

4. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Тт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Монгол Улсын Дээд шүүхийн Нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 25 дугаартай тогтоолын 2-т заасан нөхөн төлбөр тооцох жишиг аргачлал, Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Т-өөс 3.356.500 /гурван сая гурван зуун тавин зургаан мянга таван зуун/ төгрөгийг гаргуулж, хохирогч Э.У-т олгосугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Э.У- гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Б.Төөс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

7. Шүүгдэгч Б.Т энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Л.ОДОНЧИМЭГ