Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 2024/ШЦТ/358

 

 

 

 

 

 

 

 

 

    2024          05         06                                      2024/ШЦТ/358

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Батцэцэг хөтлөн,

улсын яллагч Д.Батзаяа,  

шүүгдэгч Г.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт Г-.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ** оны ** дугаар сарын *-ны өдөр **л аймагт төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хүргэлтийн ажил эрхэлдэг гэх, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн ** дугаар хороо, **дүгээр гудамжны ** тоотод оршин суух хаягтай одоо Сонгинохайрхан дүүргийн * дугаар хороо, * дугаар гудамжны ** тоотод оршин суух, урьд Хөвсгөл аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ** оны **дугаар сарын **-ний өдрийн ** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ** оны ** дугаар сарын **-ны өдрийн ** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнссэн, Б овогт Г-н Э /регистрийн дугаар ***/.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Э 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн *** дугаар хороо, *** дүгээр гудамжны ***тоотод хохирогч Д.Нын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Г.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Шүүгдэгч Г.Эын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

           “...Би мөн нь сэжигтнээр өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байхгүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирол төлбөр төлж барагдуулсан...” гэх мэдүүлэг,

 

          Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр өгсөн: “...Тухайн хэрэг гарсан өдөр 20 цагийн үед Н надтай фэйсбүүк хаягаар холбоо бариад “хаана байна, гэрт чинь очьё” гэж хэлсэн. Ингээд Н манай гэрт ирсэн. Гэрт ороод юм ярьж байгаад надаас уух юм нэхээд байхаар нь шүүгээнд байсан нэг шил архиа гаргаж ирээд хоёр удаа хийж өгөөд буцаагаад далд хийсэн. Тэгээд  архиа гаргаад ирээч гээд байхаар нь би нөгөө архийг нь гаргаж өгөөд би нэг, хоёр удаа уусан. Н дахин архи нэхээд байхаар нь би байхгүй гэж хэлсэн. Н маргаан хийгээд байсан. Тухайн үед би гэртээ 2 настай хүүхэдтэй хамт байсан бөгөөд Н-д “би охин хүүхэдтэй хамт амьдардаг тул хүн цуглуулж архи уухгүй” гэж хэлсэн. Би гадаа гараад тамхи татчихаад гэртээ ороход Н манай охиныг тэвэрчихсэн, үнсэж байхаар нь уурласан. Ингээд бид хоёр муудалцаж байгаад би Ныг “одоо манай гэрээс яв” гэж хэлэхэд явахгүй байхаар нь шар ясан иштэй хутга аваад түүнийг “гараад яв” гэж хэлээд наанаас нь чичиж айлгаж байгаад гаргаж явуулсан. Түүнийг гараад явсаны дараа би гэрээ цэвэрлэж байтал манай гэрт хэд хэдэн дусал цус ганц нэг газар харагдсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27-29 дэх тал/,

 

Хохирогч Д.Нын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Би гэртээ харих гээд явж байгаад манай дүү нартай хамт ажилладаг байсан Э гэх залуутай таараад мэнд мэдээд явах гэж байсан чинь нөгөө залуу надад “манай гэрт оръё” гэж хэлэхээр нь би зөвшөөрөөд хамт гэрт нь явж орсон. Бид хоёр гэрт нь байхдаа бага зэрэг юм яриад сууж байхад Э гэртээ задалсан байсан нэг архи гаргаж ирээд надтай хувааж уусан. Бид хоёр энгийн, сайхан хууч хөөрөөд уулзаагүй удсан байна гэх мэт яриад байж байтал гэнэт над руу “чи надад архи авч өгөхгүй, архи авахгүй орж ирж байгаа юм уу” гэж хэлсэн. Би түүнд “архи авна шүү дээ, одоо дэлгүүр хаахаас өмнө гарах уу” гэж хэлээд байж байтал гэнэт нэг хутга гаргаж ирээд ар ишээр нь намайг энд тэнд хатгаад байсан. Би түүнийг хараад тоглоод байгаа юм байна гэж бодоод байж байтал гэнэт зүүн хөлийн булчин болон зүүн гарын шууны орчим тус бүр нэг удаа хутгалсан. Би түүнд “би чамайг яасан юм” гэж хэлэхэд “чи намайг басаад байгаа юм уу” гэж хэлээд согтуурхаад байсан. Тэгээд би өөрөө цамцаа тайлаад гараа боогоод гэрээс нь гарч гэмтэл орж гуяндаа 3, гар дээрээ гурван оёдол тавиулсан...

Надад нэхэмжлэх зүйл байхгүй, бид хоёр эвлэрсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16, 104-105 дахь тал/,

 

Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн *** дугаартай шинжээчийн “...Д.Нын биед зүүн шуу, гуянд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх өдөр үүсгэгдсэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 17-18 дахь тал/,

 

Шүүгдэгч Г.Эын хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 60 дахь тал/ болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Шүүгдэгч Г.Э гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, түүнд хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна прокурорын хүлээлгэх хариуцлагын талаарх саналыг шүүгдэгчид танилцуулсан нь хуульд нийцсэн байна.

 

Иймд шүүх шүүгдэгчид холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч Г.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хэрэгт хохирогч Д.Н “...гомдол, саналгүй, хохирол төлбөрт нийт 700.000 төгрөг хүлээн авсан...” гэх тэмдэглэл /хх-ийн 128 дахь тал/ авагдсан байх тул шүүгдэгч Г.Эыг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар прокурорын гаргасан санал, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 /нэг мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж, уг торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хураан авсан 1 /нэг/ ширхэг “Nike” гэх бичиглэлтэй, зүүн гуя хэсгээрээ цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон хар өнгийн биеийн тамирын өмд, урд гуя хэсгээрээ цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон саарал өнгийн дотуур өмд 1 /нэг/ ширхэг эд зүйл шүүхэд ирээгүй болно.

 

Шүүгдэгч энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Б овогт Г-н Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э-ыг 1000 /нэг мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.   

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Г.Эт оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 /нэг мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хураан авсан 1 /нэг/ ширхэг “Nike” гэх бичиглэлтэй, зүүн гуя хэсгээрээ цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон хар өнгийн биеийн тамирын өмд, урд гуя хэсгээрээ цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон саарал өнгийн дотуур өмд 1 /нэг/ ширхэг эд зүйл шүүхэд ирээгүйг дурдсугай.

 

6. Шүүгдэгч Г.Э энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Л.ОДОНЧИМЭГ