Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 2024/ШЦТ/360

 

 

 

 

 

 

 

 

 

     2024          05         06                                      2024/ШЦТ/360

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Батцэцэг хөтлөн,

улсын яллагч Д.Агар,

шүүгдэгч С.Ө-, түүний өмгөөлөгч Э.Амархүү нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

 

Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Х овогт С-н Ө-ыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

     

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ** оны **дүгээр сарын **-ны өдөр * аймагт төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл **, эхнэр, эхийн хамт Баянзүрх дүүргийн * дугаар хороо, ** дугаар хороолол, * дүгээр байрны ** тоотод оршин суух хаягтай, урьд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны ** дугаар сарын **-ны өдрийн ** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдсэн, Х овогт С-н Ө- /регистрийн дугаар **/.

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч С.Ө- 2024 оны 2 дугаар сарын 07-ны өдөр 09 цаг 50 минутын орчимд Баянгол дүүргийн 5 дугаар хороо, ** дугаар эмийн сангийн баруун хойд талын явган хүний гарцан дээр “Тоёота Приус-30” маркийн **-**  улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.1-д заасан “Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигч, унадаг дугуйн зам буюу эгнээний огтлолцлоор хөндлөн гарч яваа унадаг дугуй, мопедод зам тавьж өгнө” мөн дүрмийн 10.1-т “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул осол үүсэхгүй байх бүх нөхцлийг хангана” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Ш.Ц-ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Ө-ын “...Би мөрдөн шалгах ажиллагаанд үнэн, зөв мэдүүлэг өгсөн, нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,  

 

           Мөн хавтаст хэргээс мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтуудаас:

 

           Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 8-10 дахь тал/, Зам тээврийн осол, хэргийн газрын үзлэгээр тогтоосон байдал, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 5-6 дэх тал/, Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хавтаст хэргийн 11 дэх тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Ш.Ц-ын хохирогчоор өгсөн: “...2024 оны 2 дугаар сарын 7-ны өдөр 25 дугаар эмийн сангийн уулзвар буюу явган хүний гарц дээр “Тоёота Приус-30” маркийн **-** улсын дугаартай тээврийн хэрэгсэлд мөргүүлж, 4, 5 хавирга хугарсан байсан. Машины жолооч Гэмтлийн эмнэлэгт намайг хүргэж өгсөн. Тухайн жолооч миний данс руу 6.000.000 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14 дэх тал/,

 

           Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар /хавтаст хэргийн 15 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Ш.М-н гэрчээр өгсөн: “...2024 оны 02 дугаар сарын 7-ны өдөр би 7 цагаас 14 цаг 30 минут хүртэл Баянгол дүүргийн нутаг дэвсгэр 25 дугаар эмийн сангийн уулзварт замын хөдөлгөөн зохицуулалт, хяналт шалгалт хийж байхад өглөөний 9 цагийн үед 25 дугаар эмийн сангийн уулзвар замын голд замын хөдөлгөөн зохицуулалт хийгээгүй зүүн зүг явах чиглэлд авто машинууд явахгүй байсан болохоор гэрэл дохиогоор авто машинууд багтаж орохгүй байвал хязгаарлалт хийх санаатай зогсож байтал уулзварын баруун хойд тал явган хүний гэрэл дохиотой гарц дээр “Тоёота Приус-30” маркийн машин хүн мөргөх үед явж очсон. Жолооч бууж ирэх үед нь би 102, 103 руу залгаж дуудлага өг гэж хэлсэн. Гэтэл нөгөө жолооч хэрэггүй, би шууд эмнэлэг аваад явлаа гээд машиндаа суулгаад аваад явсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18 дахь тал/,

 

Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн *** дугаартай шинжээчийн “Ш.Ц-ын биед зүүн талын 5, 6, 7, 8-р хавирганы хугарал, баруун, зүүн өвдөгт зулгаралт, баруун шилбэнд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 38-39 дэх тал/,

 

Баянзүрх дүүргийн Техникийн хяналтын үзлэгийн төвийн 2024 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн *** дугаартай шинжээчийн “...Уг тээврийн хэрэгсэл нь ерөнхий байдал иж бүрдлийн хувьд улсын дугаарын гэрлийн ламп хоёулаа зэрэг эвдрэл гэмтэлтэй нь стандартын шаардлага хангахгүй байна. Уг авто тээврийн хэрэгслийг Швед улсад үйлдвэрлэгдсэн EWJ тоног төхөөрөмж дээр шалгаж үзэхэд урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ 0.6 мм /стандарт 0-5 мм/ стандартын шаардлага хангаж байна. Урд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 1.8 кН, баруун талдаа 1.5 кН зөрүү нь 17.0 % /стандарт<20%/, хойд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 1.2 к, баруун талдаа 1.1 кН, зөрүү нь 8.0 % /стандарт <30%/ тоормос стандартын шаардлага хангаж байна. Зогсоолын тоормос бүрэн зогсож байна. Зүүн гар талын гэрлийн тусгалын чадал ойр дээрээ 10000 сd, хол дээрээ 23700 cd, баруун гар талын гэрлийн тусгалын чадал ойр дээрээ 10000 cd, хол дээрээ 18100 cd /стандарт 10000-225000 cd/ байгаа нь гэрлийн тусгалын хүч стандартын шаардлага хангаж байна.

Уг тээврийн хэрэгсэл нь ерөнхий байдал, иж бүрдлийн хувьд улсын дугаарын гэрлийн ламп хоёулаа асахгүй зэрэг эвдрэл гэмтэлтэй байгаа нь стандартын шаардлага хангахгүй байна. Шингэн дамжуулгат АВS тоормосны системтэй. Үзлэгийн тоног төхөөрөмжөөр шалгаж үзэхэд урд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 1.8 кН, баруун талдаа 1.5 кН зөрүү нь 17.0% /стандарт<20%/, хойд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 1.2 кН, баруун талдаа 1.1 кН, зөрүү нь 8.0 % /стандарт<30%/,  тоормос стандартын шаардлага хангаж байна. Зогсоолын тоормос бүрэн зогсож байна. Техникийн хяналтын үзлэг 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр орж тэнцсэн байна. Техникийн хяналтын үзлэгийн хугацаа 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр дуусна. Шинээр нөхцөл байдал илрээгүй болно...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 48-50 дахь тал/,

 

Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардал төлсөн  талаарх баримт /хавтаст хрэгийн 79-80 дахь тал/,

 

Хохирогч Ш.Ц-ын “...6.000.000 төгрөг хүлээн авсан, надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх баримт /хавтаст хрэгийн 82-83 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд С.Ө-ын яллагдагчаар өгсөн: “...Би 2024 оны 2 дугаар сарын 7-ны өдөр 10 цагийн орчим найзынхаа гэрт очоод өөрийн эзэмшлийн “Тоёота Приус-30” маркийн *** улсын дугаартай машиныг жолоодож 25 дугаар эмийн сангийн уулзварын хойд зүгээс урд зүг чиглэлд явж байгаад гэрэл дохиогоор баруун гар буюу баруун зүг эргэх гэж гэрэл дохио дээр зогсож байсан. Тухайн үед замын голд замын цагдаа хөдөлгөөн зохицуулалт хийж байгааг хараад миний явж байсан замыг яв гэж байна гэж ойлгоод машинаа хөдөлгөөд явах үед явган зорчигч миний жолоодож явсан машины баруун талын баганын цаанаас харагдахгүй гэнэт гарч ирсэн. Тэр үед цусны цагаан эсийн хорт хавдартай гэсэн оношоо бодоод нүдэндээ жаахан нулимстай байсан. Тэгээд явган хүний гэрэл дохиотой гарцаар явган зорчигч ногоон гэрэл дохиогоор явж байгааг хараагүй, машинаараа мөргөж зам тээврийн осол гаргасан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 96 дахь тал/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 61 дэх тал/, иргэний үнэмлэхийн хуулбар /хавтаст хэргийн 24 дэх тал/  зэргийг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

Нэг.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч С.Ө- 2024 оны 2 дугаар сарын 07-ны өдөр 9 цаг 50 минутын орчимд Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 25 дугаар эмийн сангийн баруун хойд талын явган хүний гарцан дээр “Тоёота Приус-30” маркийн **-**  улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний дүрмийн 15.1-д заасан “Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигч, унадаг дугуйн зам буюу эгнээний огтлолцлоор хөндлөн гарч яваа унадаг дугуй, мопедод зам тавьж өгнө”, мөн дүрмийн 10.1-т “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул осол үүсэхгүй байх бүх нөхцлийг хангана” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Ш.Ц-ыг мөргөж, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь:

 

Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ш.Ц-ын мэдүүлэг, гэрч Ш.М-н мэдүүлэг, “Авто тээврийн Үндэсний төв” ТӨҮГ, Баянзүрх дүүргийн Техникийн хяналтын үзлэгийн төвийн 2024 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн *** дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 48-50 дахь тал/,  Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн *** дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 38-39 дэх тал/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүгдэгч С.Ө- Замын хөдөлгөөний дүрмийн 15.1-д заасан “Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигч, унадаг дугуйн зам буюу эгнээний огтлолцлоор хөндлөн гарч яваа унадаг дугуй, мопедод зам тавьж өгнө”, мөн дүрмийн 10.1-т “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул осол үүсэхгүй байх бүх нөхцлийг хангана” гэж тус тус заасан дээрх заалтыг зөрчсөн байна.

 

Шүүгдэгч нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтад маргаагүй болно.

 

Иймд шүүгдэгч С.Ө-од холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байх тул шүүгдэгч С.Ө-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч С.Ө-ыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,

мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч С.Ө-ийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол хор уршгийн шинж чанар буюу хохирогчийн зөрчигдсөн эрх бүрэн сэргээгүй байгаа байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч С.Ө-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч С.Ө-од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Гурав. Бусад асуудлын талаар:

 “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тодорхойлж хуульчилсан.

 

Хохирогч Ш.Ц-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

Хавтас хэрэгт сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар /хавтаст хэргийн 15 дахь тал/ авагдсан байх боловч хохирогч Ш.Ц-ын “...6.000.000 төгрөг хүлээн авсан, надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх баримт /хавтаст хрэгийн 82 дахь тал/  авагдсан байх тул шүүгдэгч С.Ө-ыг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

Түүнчлэн Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардал төлсөн баримт /хавтаст хэргийн 79-80 дахь тал/ авагдсан байх тул шүүгдэгч С.Ө- нь Эрүүл мэндийн даатгалын санд нийт 250.000 төгрөг төлсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч С.Ө- энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

                                                    ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х овогт С-н Ө-ыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Шүүгдэгч С.Ө-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар  хасаж, 2.700 /хоёр мянга долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ө-од оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд тайлбарласугай. 

 

4. Шүүгдэгч С.Ө-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

 

5. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол С.Ө-од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6.  Шүүгдэгч С.Ө- цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч нар, хохирогч нар, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Л.ОДОНЧИМЭГ