| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбын Мөнхтулга |
| Хэргийн индекс | 164/2024/0087/Э/ |
| Дугаар | 2024/ШЦТ/82 |
| Огноо | 2024-05-21 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Ө.Манзушир |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 2024/ШЦТ/82
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Мөнхтулга даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь,
улсын яллагч Ө.Манзушир,
шүүгдэгч Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ө.Манзуширын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Д-д холбогдох 2416000480082 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, халх, **** оны **** дүгээр сарын ****-ны өдөр Говь-Алтай аймгийн ****** сумд төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, “***********”ХХК-д автобусны жолооч ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг, Говь-Алтай аймгийн **** сумын ********* багийн ********** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ********** регистрийн дугаартай, Ж овогт Б-н Д.
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.Д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:
Шүүгдэгч Б.Д нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Наран багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулдаг “***********”ХХК-д ээлжийн жолоочоор ажиллаж байхдаа тус компанийн өмчлөлийн ******УБЭ улсын дугаартай автобуснаас 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн хооронд 114 (нэг зуун арван дөрөв) литр түлш авч, бусдад худалдан 516,420 (таван зуун арван зургаан мянга дөрвөн зуун хорь) төгрөгийн хохирол учруулсан болох нь:
1.Шүүгдэгч Б.Д-н мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн “... Би 110-115 литр орчим түлш ******УБЭ улсын дугаартай автобуснаас авсан... ХААН банкны дансны хуулга дээр түлш зарсан өдөр нь тодорхой байгаа. Би завшиж авсан түлшээ 1 литрийн 3,000 төгрөгөөр бодож худалдсан... Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Би байгууллагад учруулсан хохирлоо бүрэн барагдуулсан ...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 95-96 дугаар хуудас/
2. Гэрч Г.А-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би найзтайгаа *********** дугаарын утсаар холбогдоод түлш байгаа юу гэж асуусан тэгтэл надад ********** гэх дугаараар холбогдоод асуу наад хүнд чинь түлш байгаа гэж хэлсэн. Тэгээд би тухайн хүнтэй холбогдоод түлш байгаа гээд авахаар болсон. Тэгээд байж байтал манай хашаанд ногоон Истанатай хүн ирж түлш өгсөн тухайн үед би яг хэдэн литр түлш авсан талаараа мэдэхгүй байна. 1 литр түлшийг 3,000-3,500 төгрөгөөр авсан байх тухайн үед түлш 4,000 төгрөгтэй байсан ... 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр л нэг удаагийн байдлаар авч байсан. Өөр байдлаар авч байгаагүй ...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 143-144 дүгээр хуудас/
3. “Ашид Билгүүн” ХХК-н 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн ТХҮ-921/115 дугаартай 1 литр евро дизель түлшний үнийг 4,530(дөрвөн мянга таван зуун гуч) төгрөгөөр тогтоосон шинжээчийн дүгнэлт. /хавтаст хэргийн 169-171 дүгээр хуудас/
4. Шүүгдэгч Б.Д-н ХААН банк дахь **********, ********** тоот данснуудын дэлгэрэнгүй хуулганууд. /хавтаст хэргийн 83-101 дүгээр хуудас/
5. Мөрдөгчийн 2024 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Хаан банк ХХК дахь Б.Д-н эзэмшлийн **********, ********** тоот харилцах данснуудад үзлэг хийсэн “... Б-н Д-н эзэмшлийн ********** дугаартай дансанд:
2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр ************* дугаарын данснаас “tulsh” гэх гүйлгээний утгаар 500,000 төгрөгийн орлогын гүйлгээ,
2023 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ********** дугаарын данснаас “tulsh 1818” гэх гүйлгээний утгаар 217,000 төгрөгийн орлогын гүйлгээ
2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр *********** дугаарын данснаас “D teewrin huls 12.06” гэх гүйлгээний утгаар 200,000 төгрөгийн орлогын гүйлгээ,
2024 оны 02 дугаар сарын 17-ны өдөр ******** дугаарын данснаас “D teewrin huls 2.1” гэх гүйлгээний утгаар 200,000 төгрөгийн орлогын гүйлгээ,
Б-н Д-н эзэмшлийн ********** 5 дугаартай дансанд:
2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр ***************** дугаарын данснаас “tulsh” гэх гүйлгээний утгаар 342,000 төгрөгийн орлогын гүйлгээ хийгдсэн …” гэх агуулга бүхий тэмдэглэл /хавтаст хэргийн 105-106 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Б.Д нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч “***********”ХХК-д 516,420 (таван зуун арван зургаан мянга дөрвөн зуун хорь) төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч хохирлыг нөхөн төлсөн болох нь ХААН банкны 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн шилжүүлгийн мэдээллийн баримт /хавтаст хэргийн 225 дугаар хуудас/-аар тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан шүүгдэгч Б.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр үйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг оногдуулахгүйгээр 6(зургаа) сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирол төлөгдсөн, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.9, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ж овогт Б-н Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан шүүгдэгч Б.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг оногдуулахгүйгээр 6(зургаа) сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавих эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг тэнссэн хугацаанд шүүгдэгч Б.Д-д хүлээлгэсүгэй.
4. Тэнссэн хугацаанд дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн, шүүхээс хүлээлгэсэн үүргийг зөрчсөн тохиолдолд тэнссэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, энэ хэрэгт ял оногдуулахыг шүүгдэгч Б.Д-д сануулсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирол төлөгдсөн, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА