| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдонгийн Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 101/2021/00541/и |
| Дугаар | 101/ШШ2021/01092 |
| Огноо | 2021-04-06 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 04 сарын 06 өдөр
Дугаар 101/ШШ2021/01092
| 2021 04 06 | 101/ШШ2021/01092
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.С /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ж.Э /-д холбогдох,
25,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.С , нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Д, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Нандинцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
“Ж.Э 2018 оны 06 сарын 06-ны өдөр жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас зээл авах гэж байгаа, бараг бүх зүйл бүтсэн банкинд байгаа зээлээ хаавал зээлээ авахаар боллоо. 10,000,000 төгрөг зээлвэл удахгүй хүүгийн хамт өгнө гэж хэлэхэд нь би өөрийн Хаан банкны данснаас шилжүүлэн өгсөн. Мөн үүний дараа 2018 оны 10 сарын 21-ний өдөр Ж.Э нь өөрийн үүсгэн байгуулсан “Идэр ивээлт” ХХК-д хөрөнгө оруулалт хийгээд хамтран ажиллаач гэсэн аман хэлцэл хийгээд 15,000,000 төгрөгийг өөрийн Хаан банкны дансаараа шилжүүлэн авсан. Жижиг дунд үйлдвэрийн зээл авахад янз бүрийн бичиг баримт бүрдүүлэх шаардлагатай байгаа учраас хойшлоод байна гэсээр 2018 оны 09 сар хүрсэн. 2018 оны 10 сард жижиг дунд үйлдвэрлэлийн зээл бүтэхээ больчихлоо, та надад хөрөнгө оруулалт хийгээд өмнө нь өгсөн 10,000,000 төгрөг дээрээ нэмээд хөрөнгө оруулалт маягаар аваад, бараа оруулж ирээд хамтарч ажиллая гэсэн санал тавьсан. Би нэмж 15,000,000 төгрөг өгсөн. Тухайн үед надад хөрөнгө оруулалтаар мөнгө зээлэх шалтгаан байсан. Би энэ шалтгааныг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэж байна. Учир нь би 2018 оноос 92 настай хэвтэрт байдаг ээжийгээ болон хавдартай эгчийгээ сахиж байсан. Энэ амьдралыг маань Ж.Э мэддэг байсан бөгөөд надаас хөрөнгө оруулалт хийхийг хүсэхдээ таны амьдралыг би сайн мэдэж байна, та хоёр хүн сахиад ар гэрийн чинь амьдрал хэцүү байгаа учраас би бүх ажлыг зохион байгуулъя. 50-60 компанитай гэрээ, хэлцэл хийчихсэн, одоо бараа, бүтээгдэхүүнээ оруулаад ирэх юм бол захиалгынхаа дагуу бүх бүтээгдэхүүнийг өгөх гэж байна, та надад хөрөнгө оруулах юм бол би эргэлтийн хөрөнгөтэй болоод хоёулаа ашиг авна гэж хэлсний дагуу би мөнгө өгсөн. Хөрөнгө оруулалт хийсэн гэдгийг батлах бидний хоорондоо бичиж байсан мессеж байгаа, бараа, бүтээгдэхүүн авчраад кодлоод захиалгатай газар нь өгчихсөн, санаа зоволтгүй гэсэн мессеж бичиж байсан. Би үүнээс хойш Ж.Э тай 2020 оны 12 сар хүртэл уулзаж зүй бусаар харьцаж байгаагүй. Учир нь 2020 оны 10 сарын 27-ны өдөр эгчийгээ, 2020 оны 11 сарын 02-ны өдөр ээжийгээ алдсан. Би сүүлийн 3 сар огт гэрээсээ гараагүй. Ж.Э аас юу болж байгаа талаар асууж, тодруулахад хариу өгдөггүй, утсаа авдаггүй. Ж.Э ын ээж бид хоёр үй зайгүй найз байсан. Ээжээс нь асуухад манай гэрийн ойролцоо байр түрээсэлсэн байгаа, чи ирээд уулз гэж хэлсэн. Би нэг удаа очиж уулзахад Э.Энхбат өөрөө байхгүй, нөхөр нь хүүхэдтэйгээ байсан бөгөөд Ж.Э тай уулзъя гэхэд шөнө дунд 4 цагийн үед л гэртээ ирдэг, ер нь ирдэггүй гэж хэлсэн. Ж.Э ын ажлын газар нь манай гэрийн хойд талд байж байгаад нүүчихсэн учраас би ажлын газрыг нь мэддэггүй байсан. Нөхөрт нь Ж.Э тай уулзмаар байна гэж хэлчхээд явсны дараа шөнө 3 цагт Ж.Э согтуу утасдаад гэрт ирдэг нь юу вэ, Баяраа танаас мөнгө авсан юм уу, уулзах хүнтэйгээ уулзаарай гэж хашхичаад, харин ч намайг миний нөхөр, үр, хүүхдүүдийн хажууд янз бүрээр зүй бусаар дайрч, гутаан доромжилсон. Би цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байсан. Ж.Э 2018 онд компаниа үүсгэн байгуулж байсан бөгөөд нэг ч төгрөгийн орлогогүй, контейнерт үйл ажиллагаа явуулж байсан. Одоо эргэлтийн хөрөнгө нь хэдэн зуун саяар эргэлдэж байгаа. 2017, 2018 онд миний дүүгийн компаниас сард 20-30 сая төгрөгийн захиалга авч хийж байсан. Хамгийн сүүлд 2020 оны 10 сард Хил хамгаалах ерөнхий газраас 140 сая төгрөгийн тендерийн ажил авч хийж байсан. Бид хөрөнгө оруулалт хийсэн учраас ашиг орлогоо хуваая гэж үзэж байсан бол өөр байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулаад Ж.Э ын компаниас хөрөнгө оруулсан мөнгөндөө оногдох хэсгээ нэхэмжлэх боломж байсан. 2018 оны 06 сарын 06-ны өдөр өгсөн 10,000,000 төгрөгийг тухайн үед хөрөнгө оруулалт гэж зээлсэн нь үнэн. Дараа нь 2018 оны 10 сарын 21-ний өдөр 15,000,000 төгрөгийг нэмж өгсөн. Яагаад ийнхүү дахин дахин мөнгө өгөөд байсан бэ гэвэл ээжтэй нь найз нөхдийн холбоотой, байнга мөнгө, төгрөг авч, өгөлцөж байсан байдалдаа үндэслээд өгсөн. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т гэрээ хийхэд тавигдах хэлбэрийн шаардлагыг журамласан. Гэхдээ мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-т “Амаар хийх хэлцлийг дараахь тохиолдолд хийсэн гэж үзнэ: 43.1.1.хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон” гэж заасан. Тийм учраас зээлийн гэрээг хуулийн дагуу хийсэн. 2018 оны 04 сарын 09-ний өдөр зээлсэн 15,000,000 төгрөгийг 10 хувийн хүүтэй буюу сард 1,500,000 төгрөг төлөхөөр тохиролцож байсан боловч уг зээлсэн мөнгөний эргэн төлөлт үргэлжилж явсаар байгаад саяхан төлж дууссан. 25,000,000 төгрөг дээр нэмж хүү, алданги нэхэмжлээгүй. Хэрэгт авагдсан дансны хуулгын дагуу нийт төлөгдсөн 26,087,000 төгрөгийг 2018 оны 04 сарын 09-ний өдөр зээлсэн 15,000,000 төгрөгийн төлбөр, хүүнд төлөгдсөн мөнгө гэж үзэж байгаа. Нэхэмжлэгчийн зүгээс хөрөнгө оруулалт хийсэн гэсэн асуудлыг хөндөхгүй, зөвхөн өгсөн мөнгөө авъя гэж байгаа. Нэхэмжлэлийг гаргасны дараа би өмгөөлөгчийн хувьд шаардлагатай бол Ж.Э ын компанийн тайланг хэрэгт авахуулъя гэхэд Ж.С хэрэггүй, зээлсэн 25,000,000 төгрөгөө аваад дуусгая гэж хэлсэн учраас энэ асуудлыг хөндөөгүй. Хариуцагчаас 25,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.
Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
“Б.С гаас 2018 оны 04 сарын 09-ний өдөр 15,000,000 төгрөг, 2018 оны 06 сарын 06-ны өдөр 10,000,000 төгрөг, 2018 оны 10 сарын 21-ний өдөр 15,000,000 төгрөг, нийт 3 удаагийн гүйлгээгээр 40,000,000 төгрөг авсан. Энэ талаар ямар нэгэн маргаан байхгүй. 40,000,000 төгрөгийг төлж байх хугацаанд Б.С гийн зүгээс увайгүй, сонин үйлдэл гаргаж, Ж.Э ын гэрт болон ажил дээр нь очиж хашхичаад чамайг ингэнэ, тэгнэ гэж янз бүрээр сүрдүүлэх, харааж загнах, үгээр доромжлох гэх мэт үйлдлүүдийг удаа дараа гаргаж байсан. Ж.Э анх тохирсон ёсоор мөнгөө өгөөд явж байсан боловч эдгээр үйлдлүүдийн улмаас өгч байсан мөнгөө өгөхөө больсон. Сүүлдээ Б.С шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн зүгээс хөрөнгө оруулсан гэж ярьж байна. Ж.Э зээл аваад буцааж өгнө гэсэн бодолтой байсан. Зээлж авсан мөнгөө өнөөдрийг хүртэл хугацаанд хэрэгт авагдсан дансны хуулгын дагуу нийт 27,470,000 төгрөгийг буцааж төлсөн. 40,000,000 төгрөгөөс 27,470,000 төгрөгийг хасаад 12,530,000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байгаа гэсэн тооцоо гарч байгаа. 2018 оны 04 сарын 09-ний өдөр зээлсэн 15,000,000 төгрөг нэхэмжлэлийн шаардлагад ороогүй. Нэхэмжлэгчийн зүгээс 2018 оны 04 сарын 09-ний өдөр 10,000,000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй зээлж авсан гэж тайлбарлаж байна. Гэвч 10 хувийн хүүтэй мөнгө зээлсэн ямар нэгэн гэрээ байгуулаагүй. Ж.Э надад мөнгө өгөөч, би буцаагаад төлнө гэдэг байдлаар тохиролцоод авсан байдаг. Ийм учраас нэхэмжлэгч нийт 25,000,000 төгрөг нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж заасан. Зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй байж хүү тооцож авах үндэслэлгүй. Нийт төлсөн 27,470,000 төгрөгийг 2018 оны 04 сарын 09-ний өдөр авсан 15,000,000 төгрөгийн төлбөр болон хүүнд авсан гэж тайлбарлаад байна. Хүү тооцож авсан нь хууль зөрчсөн байна. Хөрөнгө оруулсан гэж тайлбарлаж байгаагийн хувьд хэрэв 40,000,000 төгрөгийг хөрөнгө оруулсан гэж үзээд байгаа юм бол ямар байдлаар хөрөнгө оруулаад, яаж ажиллахаар тохиролцсон бэ, тохиролцоо нь хэрэгжсэн үү, хэрэгжээгүй юу, хэн аль нь алдагдал хүлээсэн юм уу, хүлээгээгүй юм уу гэдэг асуудал давхар яригдах ёстой. Хөрөнгө оруулсан гэдэг үйл баримт яриад байгаа боловч ийм байдлаар хөрөнгө оруулж, ингэж ажиллана гэсэн үйл баримт тогтоогдохгүй байна. Үнэхээр хөрөнгө оруулсан бол хэн аль нь эрсдэлээ хүлээгээд хуульд заасны дагуу хөрөнгө оруулсан хэмжээгээрээ алданги, хариуцлага хүлээгээд, бие биенээсээ мөнгө нэхэмжлэх юм бол энэ асуудал дуусахгүй байх. Хэрэв хөрөнгө оруулсан гэж байгаа бол нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Ж.Э иргэн хүнийхээ хувьд 25,000,000 төгрөгийг Б.С гаас зээлж авсан бөгөөд өөрийн компанийн үйл ажиллагаанд зарцуулах зорилготой байсан. Б.С тай ямар нэгэн байдлаар хамтран ажиллах болон та ийм хэмжээний хөрөнгө оруулах юм бол би тийм хэмжээний ашиг өгье гэдэг байдлаар тохиролцоо хийсэн зүйл огт байхгүй. Зээл аваад буцааж төлөх зорилгоор мөнгө авсан. 2018 оны 04 сарын 09-ний өдөр авсан 15,000,000 төгрөгийг ямар ч байдлаар хүүтэй зээлж аваагүй, хүүтэй зээлсэн юм бол хэдэн хувийн хүүтэй зээлж авсан гэдгийг нэхэмжлэгч өөрөө нотлох ёстой, гэтэл энэ нь нотлогдоогүй. Нийт зээлсэн 40,000,000 төгрөгөөс 27,470,000 төгрөгийг нэхэмжлэгч болон түүний нөхрийн дансаар шилжүүлэн өгсөн бөгөөд 12,530,000 төгрөг өгөх үүрэгтэй байгаа тул үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.С нь хариуцагч Ж.Э ад холбогдуулан 2018 оны 06 сарын 06-ны өдөр зээлдүүлсэн 10,000,000 төгрөг, 2018 оны 10 сарын 21-ний өдөр хөрөнгө оруулалт гэж зээлдүүлсэн 15,000,000 төгрөг, нийт 25,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хариуцагч нь нэхэмжлэгчээс 2018 оны 04 сарын 09-ний өдрөөс хойш нийт 40,000,000 төгрөгийг зээлж авснаас 27,470,000 төгрөгийг төлсөн тул үлдэгдэл 12,530,000 төгрөгийг төлнө гэх тайлбарыг гарган маргажээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Б.С нь Хаан банкин дахь 5034454835 дугаартай данснаас хариуцагч Ж.Э ын 5035186782 дугаартай данс руу 2018 оны 04 сарын 09-ний өдөр 15,000,000 төгрөг, 2018 оны 06 сарын 06-ны өдөр 10,000,000 төгрөг, 2018 оны 10 сарын 21-ний өдөр 15,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна. Эдгээр мөнгөн шилжүүлгийн дүнгийн талаар зохигчид маргаагүй. /хх-5, 6, 28/
Нэхэмжлэгч нь 2018 оны 04 сарын 09-ний өдөр зээлдүүлсэн 15,000,000 төгрөгийг хариуцагч хүүгийн хамт төлж дуусгасан тул шаардаагүй, харин 25,000,000 төгрөгийг хариуцагчийн бизнесийн үйл ажиллагаанд хөрөнгө оруулалт хэлбэрээр зээлдүүлэхээр тохиролцсоны дагуу шилжүүлсэн, эргэн төлөгдөөгүй гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлж байх боловч нэхэмжлэгч Б.С нь хариуцагч Ж.Э ын компанийн бизнесийн үйл ажиллагаанд хөрөнгө оруулалт хийж мөнгө шилжүүлсэн гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 25,000,000 төгрөгийг өөрийн компанийн бизнест хөрөнгө оруулахаар зээлж авсан талаар маргаагүй боловч түүний төлсөн төлбөрийг хасч тооцох үндэслэлтэй гэх тайлбарыг гарган мэтгэлцсэн.
Хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараар нэхэмжлэгч Б.С , хариуцагч Ж.Э нарын хооронд 2018 оны 04 сарын 09-ний өдрөөс мөнгө шилжүүлж, эргэн төлөх харилцаа байсан болох нь тогтоогдож байх бөгөөд гэрээ байгуулаагүй боловч тэд мөнгө зээлж, зээлдүүлж, эргэн төлж байсан байдал нь Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэж зааснаар зохигчдын хооронд зээлийн гэрээ байгуулагдсанд тооцогдохоор байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж зааснаар зээлийн гэрээний үндсэн шинж нь тодорхойлогдох бөгөөд нэхэмжлэгч нь гурван удаагийн шилжүүлгээр нийт 40,000,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн, хариуцагч нь уг мөнгийг хүлээн авсан үйл баримт тогтоогдож байх тул нэхэмжлэгч нь шилжүүлсэн мөнгийг хариуцагчаас шаардах эрхтэй.
Хариуцагч Ж.Э нь нэхэмжлэгч Б.С гаас мөнгө зээлж авахдаа дансаар авч байсан, бэлнээр мөнгө авч байгаагүй гэх тайлбарыг гаргасан бөгөөд хариуцагч Ж.Э аас 2018.09.22-ны өдөр 2,500,000 төгрөг, 2018.10.05-ны өдөр 500,000 төгрөг, 2018.10.24-ний өдөр 2,000,000 төгрөг, 2018.11.19-ний өдөр 1,000,000 төгрөг, 2020.02.28-ны өдөр 100,000 төгрөг, 2020.03.05-ны өдөр 300,000 төгрөг, 2020.03.07-ны өдөр 480,000 төгрөг, 2020.03.09-ний өдөр 550,000 төгрөг, 2020.03.11-ний өдөр 280,000 төгрөг, 2020.04.06-ны өдөр 500,000 төгрөг, 2020.04.26-ны өдөр 200,000 төгрөг, 2020.04.30-ны өдөр 500,000 төгрөг, 2020.05.03-ны өдөр 200,000 төгрөг, 2020.05.04-ний өдөр 100,000 төгрөг, 2020.05.31-ний өдөр 1,500,000 төгрөг, 2020.08.22-ны өдөр 120,000 төгрөг, 2020.08.29-ний өдөр 700,000 төгрөг, 2020.09.01-ний өдөр 130,000 төгрөг, 2020.09.02-ны өдөр 400,000 төгрөг, 2020.09.04-ний өдөр 150,000 төгрөг, нийт 12,210,000 төгрөгийг нэхэмжлэгч Б.С гийн Хаан банкин дахь 5034454835 дугаартай данс руу шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байна. /хх-29-34, 37-41/
Мөн хариуцагч Ж.Э аас нэхэмжлэгчийн нөхөр Б.Э ы Хаан банкин дахь 5007369576 дугаартай данс руу 2019.05.07-ны өдөр 100,000 төгрөг, 2019.05.08-ны өдөр 100,000 төгрөг, 2019.05.10-ны өдөр 200,000 төгрөг, 2019.05.13-ны өдөр 100,000 төгрөг, 2019.05.16-ны өдөр 100,000 төгрөг, 2019.05.20-ны өдөр 550,000 төгрөг, 2019.05.21-ний өдөр 110,000 төгрөг, 2019.05.31-ний өдөр 700,000 төгрөг, 2019.06.04-ний өдөр 200,000 төгрөг, 2019.06.06-ны өдөр 150,000 төгрөг, 2019.06.08-ны өдөр 150,000 төгрөг, 2019.06.11-ний өдөр 200,000 төгрөг, 2019.06.13-ны өдөр 400,000 төгрөг, 2019.06.14-ний өдөр 200,000 төгрөг, 2019.06.16-ны өдөр 100,000 төгрөг, 2019.06.24-ний өдөр 1,500,000 төгрөг, 2019.06.25-ны өдөр 100,000 төгрөг, 2019.06.27-ны өдөр 200,000 төгрөг, 2019.07.03-ны өдөр 500,000 төгрөг, 2019.07.10-ны өдөр 500,000 төгрөг, 2019.08.01-ний өдөр 1,500,000 төгрөг, 2019.09.11-ний өдөр 1,500,000 төгрөг, нийт 9,160,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан 5007369576 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байна. /хх-35-36/
Хариуцагч Ж.Э нь Хаан банкин дахь 5005828104 дугаартай данснаас Б.Э ы Хаан банкин дахь 5007369576 дугаартай данс руу 2019.05.23-ны өдөр 200,000 төгрөг, Хаан банкин дахь 5035467446 дугаартай данснаас Б.С гийн Хаан банкин дахь 5034454835 дугаартай данс руу 2018.06.01-ний өдөр 1,500,000 төгрөг, 2018.11.22-ны өдөр 1,500,000 төгрөг, 2018.12.06-ны өдөр 2,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн болох хэрэгт авагдсан Хаан банкин дахь 5005828104 болон 5035467446 дугаартай данснуудын депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байна. /хх-58-60, 68/
Дээрх дансны хуулгуудаар хариуцагч Ж.Э нь нэхэмжлэгч Б.С болон түүний нөхөр Б.Э ы данс руу нийт 26,570,000 төгрөгийн мөнгөн шилжүүлэг хийсэн болох нь тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Б.С нь хариуцагчаас дээр дурдсан мөнгөн шилжүүлгүүдийг хийсэн талаар маргаагүй боловч дансаар 26,087,000 төгрөгийг шилжүүлэн авсан гэх тайлбарыг гаргаж, 2018 оны 04 сарын 09-ний өдөр 15,000,000 төгрөгийг зээлэхдээ сарын 10 хувийн хүүтэй зээлсэн тул хариуцагчийн шилжүүлсэн 26,087,000 төгрөгийг 15,000,000 төгрөгийн зээл, түүний хүүнд тооцсон гэж тайлбарыг гаргасан.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т зааснаар хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийх, энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдахаар заасан бөгөөд зохигчдын хооронд хүү тохирсон гэрээг бичгээр байгуулаагүй тул нэхэмжлэгч нь хүү шаардах эрхгүй, 15,000,000 төгрөгт хүү тооцсон нь үндэслэлгүй байна.
Хариуцагч Ж.Э нь нэхэмжлэгчээс гурван удаагийн шилжүүлгээр нийт 40,000,000 төгрөгийг шилжүүлэн авснаас 26,570,000 төгрөгийг төлсөн байх тул 13,430,000 төгрөгийн үлдэгдэлтэй байна.
Хариуцагч нь нэхэмжлэгчид нийт 27,470,000 төгрөгийг буцааж төлсөн гэх тайлбарыг гаргасан боловч хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон 26,570,000 төгрөгөөс гадна 900,000 төгрөгийг төлсөн болох нь баримтаар тогтоогдохгүй байх бөгөөд хариуцагч уг тайлбараа баримтаар нотлоогүй. Мөн нэхэмжлэгч нь 26,087,000 төгрөгийг шилжүүлэн авсан гэх тайлбарыг гаргасан боловч 483,000 төгрөгийг аваагүй болохоо баримтаар нотлоогүй.
Дээр дурдсан үндэслэлүүдийг нэгтгэн хариуцагч Ж.Э аас зээлийн гэрээний үүрэгт 13,430,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.С д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 11,570,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Хариуцагч Ж.Э шүүх хуралдааны товыг мэдсэн бөгөөд шүүх хуралдаанд биечлэн оролцохгүй, өмгөөлөгчийг оролцуулан түүний эзгүйд хянан шийдвэрлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч Ж.Э аас зээлийн гэрээний үүрэгт 13,430,000 /арван гурван сая дөрвөн зуун гучин мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.С д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 11,570,000 /арван нэгэн сая таван зуун далан мянган/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Э аас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 225,100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.С д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР