Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 2024/ШЦТ/400

 

 

 

 

 

 

 

 

 

      2024         05         17                                      2024/ШЦТ/400

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам хөтлөн,

улсын яллагч М.Эрдэнэзаяа,

шүүгдэгч Л.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх  хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Г овогт Л-н Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ** дугаартай хэргийг 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

     

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ** оны ** дүгээр сарын *-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, ** настай, бүрэн дунд боловсролтой, хувиараа хоолны газар ажиллуулдаг гэх, ам бүл **, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн ** дүгээр хороо, **/** дугаар байрны ** тоотод оршин суудаг, урьд 2002 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн шүүхийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 2 жил, 8 сарын хугацаагаар хорих ялаар, 2003 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн шүүхийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар, 2006 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар, 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *** дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдсэн, Г овогт Л-н Г /регистрийн дугаар ***/.

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Л.Г- нь 2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн ** дүгээр хороо,  ** хороолол ** дугаар байрны ** тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай насанд хүрээгүй М.М-г зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Л.Г- Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Г-н “...Тухайн өдөр архи уусан байсан тул ийм асуудал үүсгэсэн. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна...” гэв.

 

           Мөн хавтаст хэргээс мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтуудаас:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд М.М-н насанд хүрээгүй хохирогчоор өгсөн: “...2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр гэртээ байж байхад аав Г- гэртээ пиво уучихсан, согтуу байсан. Аав ээж рүү утсаар залгахад ээж утсаа авахгүй байсан чинь намайг ээж рүү залгаад орж ирэхдээ пиво аваад ир гээд хэлчих гэж хэлэхээр нь би ээж рүү залгахад утсаа аваагүй. Тэгэхээр нь би аавыг “та өөрөө залга” гэж хэлсэн. Аав над руу “би чамаас гуйгаагүй, шаардаж байна” гэж хэлэхээр нь би өмнөөс нь уурлаад миний нүүрэн тус газар 2 удаа гараараа цохисон. Миний уруулаас цус гарсан, би өмнө нь сагсан бөмбөг тоглож байгаад уруулаа бага зэрэг язалсан байсан. Аав нэмж цохиод цус гарсан. Өөр цохиж зодсон зүйл байхгүй. Би гэрээсээ гараад шууд ээж дээр очсон. Ээж цагдаад дуудлага өгсөн... Надад гомдол, санал байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10-11 дэх тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.С-н гэрчээр өгсөн: “...Манай нөхөр Г- одоо машины наймаа хийж байгаа.... 2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр ажилдаа явахаасаа өмнө нөхөр Г-тай ажлаас болж маргалдсан. 11 цаг өнгөрөөд миний картнаас мөнгө гарахаар нь хальт харчихаад 12 цагийн үед хүү М- рүү залгаад аав нь юу хийж байна гэж асуухад архи ууж байна гэж хэлэхээр нь ярьж  дуусчихаад нөхрийгөө архи ууж байгааг мэдэж байгаа болохоор хүүхдүүддээ санаа зовоод залгасан чинь утсаа авахгүй байсан. Тэгээд байж байгаад хүүтэйгээ ярьж ажил дээрээ дуудсан... Надтай хамт ажил дээр байж байгаад дүүдээ хоол оруулаад ир гэж хэлээд гэр рүү оруулахад манай хүү 30 минутын дараа цус болчихсон ирсэн. Юу болсон талаар нь асуухад аав зодсон гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13, 103-104 дэх тал/,

 

Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2024 оны *** дүгээр сарын ***-ны өдрийн *** дугаартай М.М-н биед дээд уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, 1 шүдний сулрал, буйл, баруун чихний дэлбэнд цус хуралт, зөөлөн эдийн хяцрал, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 16-17 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Д-н өгсөн: “...М.М-н биед учирсан уруулд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах ба бусад гэмтлүүд дан дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй... М.М-н чихний дэлбэнд үүссэн гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой... Олон удаагийн үйлчллэлээр гэдэг нь буюу түүнээс дээш удаагийн үйлчлэлийг хэлнэ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 96-97 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Л.Г-н яллагдагчаар өгсөн: “...Өмнө нь сэжигтнээр мэдүүлэг өгөхдөө дэлгэрэнгүй мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 49-50, 107-108 дахь тал/,

Шүүгдэгч Л.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр өгсөн: “...Би 2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 12 цагт дэлгүүрээс 0.5 литрийн хэмжээтэй архи авч ганцаараа уусан. Намайг гэртээ архи уугаад байж байсан чинь манай хүү М- ээжийнхээ ажил дээр байж байгаад орой 22 цагийн үед орж ирсэн. Би өглөө нь эхнэр С-тай хэрүүл маргаан хийсэн байсан. Би М-г ээж рүүгээ залгаад ирэхдээ 2 пиво аваад ирээрэй гэж хэлсэн. М- би ээж рүү залгахгүй гэж хэлэхээр нь М-г чамайг гуйгаагүй байна, ээж рүүгээ залгачих гэж хэлсэн чинь М- яах гээд хэрүүл өдөөд байгаа юм гэж хэлэхээр нь би “М- би чамтай тоглоогүй байна, чи зүгээр залга” гэж хэлсэн. Гэтэл М- “үгүй” гэж хэлэхээр нь би уурандаа нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохисон. Би орон дээрээ хэвтэж байтал М- “би том болж байгаад чамайг зодно, одоо зодолдсон яах вэ” гэж хэлээд бид хоёр маргалдсан. Гэтэл М- өмнөөс хэрүүл хийгээд байхаар нь уурандаа барьж аваад нүүрэн тус газар нь 3-4 удаа гараараа цохиж, цээжин тус газар нь нэг удаа өшиглөсөн. М- миний нүүр рүү 2 удаа гараараа цохьчихоод гараад явсан. Удалгүй ээжийгээ дагуулж орж ирсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21-22 дахь тал/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд болох иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 23 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 25 дахь/ зэрэг болно.

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журмыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Л.Г- гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай болох нь:

 

Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогч М.М-, гэрч Б.С-н мэдүүлэг, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн *** дугаартай шинжээчийн дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Хэргийн насанд хүрээгүй хохирогч М.М-н эрүүл мэндэд учирсан шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч Л.Г-н  түүний нүүр хэсэгт гараараа цохисон шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас дүгнэхэд насанд хүрээгүй хохирогч М.М- шүүгдэгч Л.Г- нар нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дахь заалтад зааснаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс байна.

 

Хэргийн шүүгдэгч нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж  үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтад маргаагүй болно.

 

Шүүгдэгч Л.Г-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байна гэж шүүх дүгнээд шүүгдэгч Л.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Л.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал дүгнэлт гаргав.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудаар мөн шүүгдэгч Л.Г-д Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал зэргийг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Л.Г-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол хор уршгийн шинж чанар буюу хохирогчийн зөрчигдсөн эрх бүрэн сэргээгүй байгаа байдал зэргийг тал бүрээс нь харгалзан шүүхээс шүүгдэгч Л.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

 

Бусад асуудлын талаар:

 “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

 

Насанд хүрээгүй хохирогч М.М-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т “…Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй...” гэж, Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д ... Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус хуульчилжээ.

 

Насанд хүрээгүй хохирогч М.М-, түүний хууль ёсны төлөөлөгчөөс  хавтаст хэрэгт болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирлын баримт гаргаж өгөөгүй байх ба “...гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10-11 дэх тал/ авагдсан байх тул шүүгдэгч Л.Г-г бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

         Энэ хэргийн улмаас Л.Г- цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.4.2, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

                                                   

ТОГТООХ нь:          

1. Шүүгдэгч Г овогт Л-н Г-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Шүүгдэгч Л.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 /зургаан зуун/  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох  ял оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар Л.Г-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 90 /ер/ хоногийн хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд сануулсугай.

 

4. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Л.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Хэрэгт Л.Г- нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч нар, хохирогч нар, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Л.ОДОНЧИМЭГ