Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 1554

 

МАГАДЛАЛ

 

2018.07.02                                                     Дугаар 1554                              Улаанбаатар хот

 

 

 

 

А.Г-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж, шүүгч Ч.Цэнд, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 183/ШШ2018/0870 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч А.Г-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч А.Г-т холбогдох,

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 8 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.И,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Ч нар оролцов.  

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: 2015 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр анх хариуцагч М.Г-ийн охин н.Г-О-той уулзаж, түүний дараа М.Г-тэй уулзаж Ургах наран дунд сургуультай хамтран ажиллахаар гэрээ байгуулсан. Гэрээнд "Ургах наран дунд сургуулийн гэрээ байгуулснаас хойших орлого зарлагыг хуваая, Ургах наран дунд сургуулийн өмнө нь хийсэн түрээсийн гэрээний асуудал хамаагүй" гэж тохирсон ба надад "...манай сургуулийн цахилгааны төлбөр 12 000 000 төгрөг гарсан байна. Үүний 8 000 000 төгрөгийг өгөөч, түүнийг чамд дараа өгнө гэж гэсэн тул түр зээлүүлсэн. Гэтэл манай хамтрагч найз болон М.Г нарын хооронд маргаан гарч М.Г-тэй хамтран ажиллах боломжгүй болсон тул хамтран ажиллах гэрээг цуцлахад М.Г надад 8 000 000 төгрөгөө жилийн дараа авна уу, одоо манай санхүүгийн байдал тааруухан байна. Дараа жилийн сургуулийн элсэлтийн орлогоосоо өгнө гэсэн. Миний зээлсэн 8 000 000 төгрөг түрээсийн төлбөр биш түрээсийн болон хамтран ажиллах гэрээтэй хамааралгүй. Хамтран ажиллах гэрээ 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр байгуулаад 2015 оны 9 дүгээр сарын 30 ны өдөр цуцласан. Хамтран ажиллах гэрээ хэрэгжээгүй бөгөөд гэрээг цуцласнаар Ургах наран бүрэн дунд сургуулийн асуудал А.Г-д хамаагүй гэж тохиролцон харилцан гарын үсэг зурсан байдаг. Иймд хариуцагч хүлээн зөвшөөрсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.  

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Ургах наран бүрэн дунд сургууль 2011 онд байгуулагдсан. 2015 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Э Т ХХК-тай 5 жилийн хугацаатай түрээсийн гэрээ байгуулж, тус компанийн үп хөдлөх хөрөнгийг сургалтын зориулалтаар нэг сарын 12 645 000 төгрөгөөр түрээслэсэн. Тухайн түрээсийн байранд Ургах наран бүрэн дунд сургууль хөрөнгө оруулалт хийн, анги танхим бий болгон ажиллаж байсан. Түрээсийн төлбөр өндөр байсан болохоор түрээсийн төлбөрөө төлж чадахгүй байдалд орсон бөгөөд түрээсийн гэрээ байгуулснаас хойш эхний сарын түрээсийн төлбөр 12 645 000 төгрөгийг төлсөн байдаг. А.Г-тай хамтран ажиллах гэрээг 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр байгуулсан бөгөөд энэ гэрээний нэг тал нь М.Г биш Ургах наран бүрэн дунд сургууль байсан. Энэ хамтран ажиллах гэрээ байгуулагдсанаас хойш 5 000 000 төгрөг түрээсийн гэрээний төлбөрт төлөгдсөн байсан ба үндсэндээ 6, 7, 8, 9 сарын түрээсийн төлбөр төлөгдөөгүй байсан. А.Г нь өөрөө "Ургах наран бүрэн дунд сургуульд хамтран ажиллая, элсэлтийн асуудлыг бид хариуцна" гэсэн байдлаар санал тавиад талууд тохиролцоонд хүрч хамтран ажиллах гэрээг 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр байгуулсан. А.Г 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 1 500 000 төгрөгийг бэлнээр өгсөн бөгөөд 2015 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр н.Г-О-ын данс руу 5 100 000 төгрөгийг шилжүүлсэн. Тиймээс 5 100 000 төгрөгийг М.Г аваагүй нь баримтаар тогтоогдож байна. Түрээсийи төлбөрийг нэхэмжлэгч тал зээлсэн гэж тайлбарлаж байгаа боловч хамтран ажиллах гэрээний дагуу гэрээний үүргээ биелүүлж сургуулийн түрээсийн төлбөрийг төлсөн гэж үзэж байна. Хамтран ажиллах гэрээний 7 дугаар зүйлийн 7а2 дахь хэсэгт зааснаар А тал нь А.Г болон н.С гэж байгаа ба хамтран ажиллах гэрээний 7 дугаар зүйлийн 7.3а дахь хэсэгт "А тал нь эхний жилдээ 100-300 сурагчийг нэмэлт элсэлтээр авч түрээсийн төлбөрийг төлөх бөгөөд сурагч нарын төлбөрөөр сургуульд шаардлагатай байгаа эд хөрөнгийг худалдан авна" гэж зааснаар Ургах наран бүрэн дунд сургууль түрээсийн төлбөрт А.Г 8 000 000 төгрөг төлсөн бөгөөд А.Г-ын 8 000 000 төгрөгийг нийлүүлээд Ургах наран бүрэн дунд сургууль түрээсийн төлбөрт нийтдээ 49 035 000 төгрөгийг Э Т ХХК-д төлсөн байсан. Хамтран ажиллах гэрээний 4 дэх заалтанд талууд цаашид бий болох ашиг алдагдалыг 50%, 50%-иар хариуцана гэж заасан байгаа ба түрээсийн гэрээ цуцлагдсантай холбоотойгоор Э Т ХХК нь Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд Ургах наран бүрэн дунд сургуульд холбогдуулан      9 000 000 төгрөгийг нэхэмжлэн нэхэмжлэл гаргасан. Түүний дагуу Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс 31 000 000 төгрөгийг Ургах наран дунд сургууль хариуцах шийдвэр гарсан тул хамтран ажиллах гэрээний дагуу үүний 50%-ийг А.Г хариуцах ёстой байсан. Гэтэл А.Г 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр хамтран ажиллах гэрээ байгуулсан байж 6 хоногийн дараа гэрээг цуцласан. Тэгэхээр энэ нь А.Г нарын хариуцлагагүй үйлдэл харагдаж байгаа. Эдгээр мөнгийг зээл гэж тайлбарлах хууль зүйн үндэслэл байхгүй. Энэ бол Иргэний хуулийн 476 дугаар зүйлд заасан хамтран ажиллах гэрээний дагуу А тал буюу А.Г, н.С нар түрээсийн гэрээний төлбөрт 8 000 000 төгрөг шилжүүлснийг түрээсийн төлбөрт зарцуулсан. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээ талуудын хооронд байгуулагдаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч М.Ганцэцэгээс зээлийн гэрээний үүрэгт 8 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн А.Г-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 142 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Цаг хугацааны хувьд хамтран ажиллах гэрээ байгуулахаас өмнө бэлнээр 1 900 000 төгрөг, гэрээ байгуулсаны маргааш өдөр нь дансаар 5 100 000 төгрөг шилжүүлсэн, гэрээнд өмнөх түрээсийн төлбөрийг төлөх ямар нэгэн заалт байхгүй байгаа нь хамтран ажиллах гэрээний дагуу гэрээний үүргээ биелүүлж сургуулийн түрээсийн төлбөрийг төлсөн гэж үзэх үндэслэлгүй, харин түрээсийн төлбөрөө төлөхийн тулд зээлсэн зээл гэдгийг нотолж байна. Хариуцагчийн дээрх тайлбараас дүгнэлт хийхэд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээ талуудын хооронд байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй бөгөөд харин бичгээр байгуулаагүй учир хүү авах эрхгүй юм. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг хуульд нийцүүлэн үнэлсэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч А.Г нь хариуцагч А.Г-т холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 8 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч зээлийн гэрээ байгуулагдаагүй, түрээсийн гэрээний төлбөрт 8 000 000 төгрөг шилжүүлсэн гэж маргажээ.

Зохигчид Ургах наран дунд сургуулийн элсэлт болон хэвийн үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулахад хамтран ажиллахаар 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хамтран ажиллах гэрээ байгуулж, уг гэрээгээр цаашид бий болох ашиг, алдагдлыг тэнцүү хувааж авахаар тохиролцсон. /хх-ийн 18-21/

Түүнчлэн, хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбараар хариуцагч нь өөрөө хүлээлгэн өгсөн болон дансаар түрээсийн төлбөр гэх 8 000 000 төгрөг шилжүүлэн төлсөн, нэхэмжлэгч нь түрээсийн төлбөрт хүлээн авсан үйл баримт тогтоогдож байна.

/хх-ийн 6,7,28/

Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан, хариуцагч нь уг гэрээний дагуу 8 000 000 төгрөгийг төлөх үүрэгтэй гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байна. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь зээл гэх 8 000 000 төгрөгийг хариуцагчид зээл болгон хүлээлгэн өгснөө баримтаар нотлоогүй учир зохигчдын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй.

Шүүх нэхэмжлэлийн үндэслэл шаардлага, хариуцагчийн татгалзал, түүнд холбогдох нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт нийцүүлэн дүгнэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй тул шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 183/ШШ2018/0870 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт тус тус зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Б.НАРМАНДАХ

                 ШҮҮГЧ                                      Ч.ЦЭНД

                                                                                 М.НАРАНЦЭЦЭГ