Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2023 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 001/ХТ2023/00184

 

          Д.Оийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Б.Амарбаясгалан, Н.Баярмаа, Д.Цолмон, нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2023/00886 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 210/МА2023/01163 дугаар магадлалтай,

Д.Оийн нэхэмжлэлтэй

Ш.Ит холбогдох

“Хашаа, байшингийн хэсгийг буулгуулах, газар чөлөөлүүлэх, учирсан хохирол болох 2,967,559 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Н.Баярмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Д.Оэ нь Ш.Ит холбогдуулан “Хашаа, байшингийн хэсгийг буулгуулах, газар чөлөөлүүлэх, учирсан хохирол болох 2,967,559 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2023/00886 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 137 дугаар зүйлийн 137.1, 497 дугаар зүйлийн 497.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Оийн хариуцагч Ш.Ит холбогдох газар чөлөөлүүлэх, хашаа байшингийн хэсгийг буулгуулах, гэм хорын хохиролд 2,967,559 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 147,582 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

3.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 210/МА2023/01163 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2023/00886 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Оийн Г-ХХХХХХХ дугаарт бүртгэгдсэн эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний дагуу өмчилж буй ...... тоот хаягт байрлах газрын кадастрын зургаар тогтоогдсон 700 м.кв талбайн хил хязгаарыг давж барьсан байшингийн арын ханын хэсгээс 2 м.кв талбай, байшингийн арын хэсгийн хаяавчаас 4 м.кв талбай, уг газарт кадастрын зургаар илүү орж хашаалсан хашааг тус тус буулгаж, нэхэмжлэгчийн газрыг чөлөөлөхийг хариуцагч Ш.Ит даалгаж, хариуцагч Ш.Иаас 227,480 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Оэд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,254,482 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж, 2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамж болон шүүхийн зардалд төлсөн 1,633,179 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.Иаас 820,472 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Оэд олгосугай. гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 147,582 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн.

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Хашаа байшингийн хэсгийг буулгуулах, газар чөлөөлүүлэх, учирсан хохирол болох 1,481,962 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг анхан шатны шүүх, Монгол улсын шүүхийн шийдвэрийн цахим санд тавигдсан буюу нийтэд ил тодоор мэдээлсэн адилхан маргаантай хэргийн шийдвэртэй, хуулийг бодит зөв хэрэглэсэн атал Нийслэлийн давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулсан нь иргэдийг шүүхэд итгэх итгэлгүй болгож байна. Нэхэмжлэгч Д.Оэ нь гэр бүлийн гишүүдийн хамтаар 2005.04.18-ны өдөр ...... тоот хаягт байрлах 700 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын өмчлөгчөөр бүртгэгдсэнийг дурдсан атал ганцхан Д.Оэ нь нэхэмжлэл гаргаад бусад гишүүдийг төлөөлсөн итгэмжлэл байхгүй байгааг анхаарах хэрэгтэй. Хөрш залгаа эд хөрөнгөтэй холбоотой маргаанд өмчлөгчийн шаардах эрх болон хөршийн эрхийн холбогдох хуулийн зохицуулалтын алийг нь сонгож хэрэглэх нь маргааны үйл баримтаас хамаарна гэжээ. Хариуцагч Ш.И нь урьдах өмчлөгч н.Г-аас уг хашаа байшинг худалдаж аваад суурийг өргөтгөөгүй дээшээ 2 давхар болгож барьсан байдаг. Д.Оэ, н.Г нар нь 1998 оноос хөршийн холбоотой байсныг нэхэмжлэгч нотолдог. Иймд уг газар нь 1998 оноос хоорондоо маргаантай байсныг илэрхийлсэн байдаг боловч гэрч н.Г нь шүүхэд санаатай худал мэдүүлдэг. Иймд хуулийг зөв хэрэглэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү...” гэжээ.

5.Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын Нийт шүүгчдийн хуралдааны 2023.09.22-ны өдрийн 001ШХТ2023/00980 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.2.1-т заасан үндэслэлийг хангасан гэж дүгнэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мын гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тус тус тогтжээ.

ХЯНАВАЛ:

6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мын хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

7.Нэхэмжлэгч Д.Оэ нь Ш.Ит холбогдуулан “Хашаа, байшингийн хэсгийг буулгуулж газар чөлөөлүүлэх, учирсан хохиролд 2,967,559 төгрөг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх ба үндэслэлээ “ ... Д.Оэ нь Улаанбаатар хот, ...... тоот хаягт байрлах, нэгж талбарын 18645319736294 дугаартай газрыг өмчилдөг. ... бетонон хашаа суулгах үедээ урд айл болох Ш.Иын хашаа, байшингийн хэсэг манай газарт нэвтэрч орсныг мэдсэн  ... энэ тухай хэлэхэд хашаа, байшингийн хэсгийг буулган газар чөлөөлөхийг зөвшөөрөөгүй тул шаардлага гаргасан, мөн хохирол учирсан.” гэж тайлбарласан. Хариуцагч Ш.И нэхэмжлэлийг эс зөвшөөрч, “...... тоот хаягт байрлах газрыг 2014 онд Д.Гаас худалдан авч өмчлөх болсон. Түүнээс газрыг авах үед хашаанд байсан, 1998 онд Д.Гын барьсан гэх байшинд давхар нэмж шинэчилсэн. ... байшингийн анхны суурь өөрчлөгдөөгүй. ... нэхэмжлэгч нь 2005 онд газар өмчлөх эрх олж авах үедээ энэ тухай мэдэх боломжтой байсан. ... шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан, зөвшөөрөхгүй.” гэж маргасан байна. 

8.Анхан шатны шүүх газар чөлөөлүүлэх болон хохирол арилгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “... хариуцагч 2014 онд байшингаа өндөрлөх үед нэхэмжлэгч мэдсэн боловч Иргэний хуулийн 137 дугаар зүйлийн 137.1-т заасны дагуу шаардлага гаргах эрхээ хэрэгжүүлээгүй тул газар чөлөөлөх боломжгүй, иймд учирсан хохиролд нийт 2,967,559 төгрөгийг гаргуулах шаардлага мөн үндэслэлгүй” гэх агуулгаар дүгнэжээ. Харин давж заалдах шатны шүүх хариуцагч нь өмчлөх эрхээ хэтрүүлсэн, нэхэмжлэгчийн өмчлөлийн газарт байшин, хашааны зарим хэсэг  нэвтрэн орсон нь тогтоогдсон тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасныг үндэслэн талбайн хил давж барьсан байшингийн арын ханын хэсгээс 2 м.кв талбай, байшингийн арын хэсгийн хаяавчаас 4 м.кв талбай, уг газарт кадастрын зургаар илүү орж хашаалсан хашааг тус тус буулгаж, нэхэмжлэгчийн газрыг чөлөөлөхийг хариуцагч Ш.Ит даалгаж, хохиролд 227,480 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж үзэн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан байна.

9.Хяналтын шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хоёр шатны шүүх хуулийг зөрүүтэй тайлбарлан хэрэглэсэн гэх агуулга бүхий гомдлын хүрээнд хэргийг хянан хэлэлцлээ.

10.Нэхэмжлэгч ба хариуцагчийн өмчилж буй газрууд хөрш залгаа бөгөөд нэхэмжлэгч  Д.Оэ нь Д.С нарын 4 иргэний хамт ...... тоот хаягт байрлах, 700 м.кв талбай бүхий, эрхийн улсын бүртгэлийн Г-ХХХХХХХ дугаартай газар өмчлөх эрхийг 2005 онд, хариуцагч Ш.И нь ...... тоот хаягт байрлах, 560 м.кв талбай бүхий, эрхийн улсын бүртгэлийн Г-2203002551 дугаартай газрын өмчлөх эрхийг 2014 онд хэлцлийн үндсэн дээр тус тус олж авсан үйл баримт тогтоогдсон.

Улмаар хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар хариуцагч Ш.Иын байшингийн газарт эзлэх талбай нь 63 м.кв, байшингийн хаяавч буюу усны хаялгын нийт талбай 8 м.кв болох нь тогтоогдсон ба байшингийн дэвсгэр талбайн арын хананаас 2 м.кв, хаяавчны хэсгээс 4 м.кв талбай нэхэмжлэгч Д.Оийн өмчлөх эрх бүхий газарт нэвтрэн орсон талаар шүүхээс томилогдсон шинжээчийн дүгнэлтэд дурджээ.

Анхан ба давж заалдах шатны шүүх эдгээр үйл баримтыг зөв тогтоон хэргийг хянан шийдвэрлэсэн байх боловч анхан шатны шүүх байшинг барьж байх үед энэ талаарх шаардлагаа гаргаагүй тул Иргэний хуулийн 137 дугаар зүйлийн 137.1-т заасны дагуу байшингийн хана ба хаяавчны хэсгийг буулгах замаар газар чөлөөлүүлэх шаардлагыг одоо гаргах эрхгүй гэж үзсэн бол давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасны дагуу нэхэмжлэгч ийнхүү шаардах эрхтэй гэж зөрүүтэй дүгнэсэн.

11.Хоёр шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв тогтоосон боловч давж заалдах шатны шүүх хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлан хэрэглэжээ. Тодруулбал, зохигчийн хооронд газар чөлөөлүүлэх буюу нэхэмжлэгч, түүний эзэмшил зөрчигдсөн гэх үндэслэлээр бусдын хууль бус эзэмшлээс өмчлөлийн зүйлээ чөлөөлүүлэхтэй холбоотой маргаан үүссэн байна. Гэтэл давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 буюу өмчлөгчийн эзэмших эрхтэй холбоогүй шаардах эрхийг заасан хуулийн заалтыг баримталж маргааныг хянан шийдвэрлэсэн нь алдаатай болсон.

Харин анхан шатны шүүх зохигчийн хооронд эзэмшлийн маргаан үүссэнийг үндэслэлтэй тогтоосны зэрэгцээ уг зөрчил нь хөрш зэргэлдээ үл хөдлөх эд хөрөнгийн эзэмшилтэй холбоотой нарийвчилсан зохицуулалтад хамаарах хөршийн эрхийн маргаан болохыг тодорхойлж, холбогдох хуулийн заалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Иргэний хуулийн 137 дугаар зүйлийн 137.1-т Газар эзэмшигч нь хөршийн зөвшөөрөлгүйгээр хил зөрчин барилга байгууламж барьсан бөгөөд хөрш нь ийнхүү хил зөрчихөөс өмнө буюу хил зөрчсөн үйлдэл эхэлсэн даруй тухайн эзэмшигчид уг үйлдлээ зогсоох шаардлага гаргаагүй бол зөрчлийг хүлээн зөвшөөрөх үүрэгтэй гэж заасан. Хэргийн баримтаас үзвэл нэхэмжлэгчийн газар өмчлөх эрх 2005 онд, хариуцагчийн газар өмчлөх эрх 2014 онд тус тус үүссэн ба хариуцагч 2014 онд түүний худалдан авсан газарт байсан байшинг ашиглан, давхар нэмж, хувийн сууцыг дээш өргөтгөн зассан нөхцөл байдал тогтоогдож байна. Ийнхүү хариуцагч хуучин байшинг засварлан сайжруулах үед нэхэмжлэгч мэдэж байсан тухайд зохигч маргаагүй бөгөөд тухайн үед нэхэмжлэгчийн газрыг хил зөрчин нэвтрэн орсныг эс зөвшөөрч шаардлага гаргаж байсан тухай баримт хэрэгт авагдсангүй. Иймд Иргэний хуулийн 137 дугаар зүйлийн 137.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчийн зөрчлийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөх үүрэг хүлээнэ. Энэ нь хөрсөнд бэхлэгдсэн зүйл хөрсөндөө үлдэх зарчмаас гажих онцгой тохиолдол гэж эх газрын эрх зүйн бүлийн орнуудад эртнээс зөвшөөрсөн зохицуулалтад тооцогддог.

12.Хариуцагч ийнхүү хөршийн эрхийг зөрчиж, бусдын эзэмшил газарт нэвтэрч байшингаа барьснаар бусдын өмчлөх эрхэд уг байшингийн орших хугацаагаар халдсанд тооцогдох тул ийнхүү бусдын эзэмшилд халдсан үйлдлийнхээ төлөө нөхөн төлбөрийн хариуцлага хүлээх үндэстэй. Энэ талаар Иргэний хуулийн 137 дугаар зүйлийн 137.2-т “Ийнхүү хөршийн эрх зөрчсөн тал нь хөршид жил бүр мөнгөн хэлбэрээр нөхөн төлбөр төлөх бөгөөд тухайн жилийн төлбөрийг өмнөх жилд багтаан урьдчилан төлөх үүрэгтэй.” гэж заасан. Уг нөхөн төлбөрийн хэмжээ, холбогдох бусад асуудлаар зохигчид нийтлэг жишгийн хүрээнд харилцан тохиролцох үүрэгтэй бөгөөд хэрэв ийнхүү тохиролцож чадаагүй бол холбогдох маргааныг шүүхээр шийдвэрлүүлэх үр дагавар үүснэ.

13.Дээр дурдсан үндэслэлээр байшингийн хана ба хаяавчны хэсгийг буулгуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн дүгнэлт үндэстэй болжээ.

14.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа газар чөлөөлүүлэх гэж тодорхойлсон байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хоёр шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг байшингийн хана, хаяавчны хэсгийг буулгуулах шаардлага гэж тодруулан мэтгэлцүүлсэн байна. Нэхэмжлэгч хариуцагчийн байшин түүний газарт нэвтэрснийг нэхэмжлэлдээ дурдсанаас гадна хариуцагчийн хашааг буулгуулах шаардлага гаргажээ. Хэрэгт авагдсан фото зургаас үзвэл хариуцагчийн байшингийн арын ханыг дагасан банзан хашаа (хавтас хэргийн 41 дүгээр тал зураг №4) нэхэмжлэгч Д.Оийн газарт нэвтэрсэн гэх байдал тогтоогдож байх ба бусдын хууль ёсны эзэмшлийн газарт хашаа барьсан бол энэ хэсгээр хашааг буулган газрыг чөлөөлөх нь зүйтэй. Хашаа барьж нэхэмжлэгчийн өмчлөх эрхэд халдсан нөхцөл байдал нь Иргэний хуулийн 137 дугаар зүйлийн 137.1 дэх хэсгийн дагуу хүлээн зөвшөөрөх үүрэгт хамаарахгүй бөгөөд хашаанд холбогдох өмчлөгчийн шаардлагыг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасны дагуу хангах нь зүйтэй.

Энэ үндэслэлээр нэхэмжлэгчийн хууль ёсны газарт барьсан хариуцагчийн өмчлөлийн хашааг буулгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэнэ.

Хэдийгээр хариуцагчийн эзэмшил газартай давхцаагүй, энэ хэргийн маргааны зүйл болоогүй боловч эрх бүхий этгээдийн хууль ёсны шийдвэрт дурдаж, эрхийн улсын бүртгэлд бүртгэн, газрын кадастрын мэдээллийн санд орсон 700 м.кв талбайгаас 248 м.кв талбайгаар хэтрүүлэн хашаагаа татаж, нийтийн эзэмшил газарт халдсан нэхэмжлэгч Д.Оэ нарын үйлдэл шүүхийн энэхүү шийдвэрийн хүрээнд хамгаалагдахгүй болохыг дурдаж байна.

15.Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ өмчлөх эрхэд халдсан хариуцагчийн хууль бус үйлдлээс болж 2,967,559 төгрөгийн хохирол учирсан гэж тодорхойлон энэ хэмжээгээр шаардлага гаргасныг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож, давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагад шүүхийн зардал болох шинжээчийн хөлсийг оруулсан тооцсон нь хууль бус болсон гэж дүгнэн нэхэмжлэгч хохиролд 1,481,962 төгрөг шаардсан гэж тодорхойлжээ. Энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна. Түүнчлэн давж заалдах шатны шүүх “Б” ХХК-аар газар хэмжүүлж эргэлтийн цэг бэхлүүлсэн зардал 75,000 төгрөг, “Лп” ХХК-аар кадастрын зураг хийлгэсэн зардал 85,000 төгрөг, кадастрын хэмжилт хийлгэж нэг цэг тогтоолгосон хөлс 25,000 төгрөг, “БӨК” ХХК-аар эргэлтийн цэг тогтоолгосон хөлс 40,000 төгрөг, шуудангийн зардал 2,480 төгрөг, нийт 227,480 төгрөгийн зардал гаргасан болох нь баримтаар тогтоогдсон тул хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор дүгнэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт нийцсэн тул буруутгах үндэслэлгүй.

Хариуцагчийн үл хөдлөх эд хөрөнгө хөршийн эрхийг зөрчин оршиж байгаа нь тогтоогдсон бөгөөд нэгэнт баригдаж байх тухайн үед энэ талаарх эсэргүүцэл, татгалзлаа гаргаагүйн улмаас хүлээн зөвшөөрөхөд хүрсэн нь зөрчилтэй нөхцөл байдлыг тогтоолгох явцад нэхэмжлэгчид учирсан хохирлыг хариуцагч арилгахад саад болохгүй.

Хохирол гаргуулах шаардлагаас 1,254,482 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.2-т заасан нөхөн төлүүлэх шүүхийн зардал болох шинжээчийн зардал 1,485,597 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд шийдвэрлэснийг буруутган энэ хэмжээгээр нэхэмжлэл гаргасан гэж үзэхгүй гэх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэстэй.

16.Эдгээр үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хоёр шатны шүүх хуулийг зөрүүтэй тайлбарлаж хэрэглэсэн гэх агуулгаар магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэр, магадлалд холбогдох өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 210/МА2023/01163 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2023/00886 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг

“Иргэний хуулийн 137 дугаар зүйлийн 137.1, 106 дугаар зүйлийн 106.1, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Оэ нарын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Г-ХХХХХХХ дугаарт бүртгэлтэй 700 м.кв талбай бүхий, ...... тоот хаягт байрлах газарт нэвтэрч барьсан хашаагаа буулгахыг хариуцагч Ш.Ит даалгаж, хохирол 227,480 төгрөгийг хариуцагч Ш.Иаас гаргуулан нэхэмжлэгч Д.Оэд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас байшин, байшингийн усны хаялга буюу хаяавчийг буулгуулах болон үлдэх 1,254,482 төгрөгийн хохирол гаргуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.” гэж тус тус өөрчлөн шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх заалтыг баримтлан хариуцагч Ш.И нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023.07.07-ны өдөр төлсөн 147,582 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                      ДАРГАЛАГЧ                                            Х.ЭРДЭНЭСУВД

     ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          Г.АЛТАНЧИМЭГ

                           ШҮҮГЧИД                                           Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                           Н.БАЯРМАА

                                                                                           Д.ЦОЛМОН