Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 128/ШШ2022/0602

 

20**оны 08 сарын 18 өдөр

Дугаар 128/ШШ2022/0602

Улаанбаатар хот

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: О.Б*******   

Хариуцагч: Баянзүрх дүүргийн Засаг дарга   

Нэхэмжлэлийн шаардлага: “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн дугаар А/8* тоот газар эзэмшүүлэх захирамжийн 321 м.кв, ********* талбарын дугаартай газрын иргэн Г.У******** т эзэмшүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах, 321 м.кв газрын эзэмших эрхийн гэрчилгээг надад олгохыг даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.Б******* , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж, гуравдагч этгээд Г.У******** , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Энхжаргал оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

1. Нийслэлийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн А/7** дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн **дугаар хорооны ****** дугаар гудамжны *** тоот хаягт 246 м.кв газрыг О.Б******* д өмчлүүлсэн.

2. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн А/8* дүгээр захирамжаар Г.У******** т Баянзүрх дүүргийн 22-р хороо, ****** дугаар гудамжны *****тоот 321 м.кв газрыг эзэмшүүлсэн.

3. Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 13/33*** дугаар албан бичгээр О.Б******* д “гомдлыг шийдвэрлэх боломжгүй байх тул шүүхэд хандана уу” гэсэн хариу өгсөн.

4. О.Б******* аас 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр нийслэлийн засаг даргад гаргасан гомдолд мөн оны 12 дугаар сарын 13-ны өдөр “... газар эзэмших эрхийг хүчингүй болгох үндэслэлгүй” гэж мэдэгдсэн.

5. О.Б******* 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн А/8* дүгээр захирамжийн Б.Г.У******** т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, 321мкв газрын эзэмших эрхийн гэрчилгээг надад олгохыг даалгах” тухай нэхэмжлэл гаргасан.

 

           Хоёр.Нэхэмжлэлийн үндэслэл:

            2.1 Нэхэмжлэгч О.Б******* тус шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “...Очирдамба овогтой Баярсайхан миний бие Баянзүрх дүүргийн 22-р хороо Баруун Алтай өлгийн *** гудамж *** тоотыг 2009 онд худалдан авч 2013 онд газар өмчлөх гэрчилгээ авсан. Тухайн үед Баянзүрх дүүргийн газрын албанд газраа 0,07 га болгох талаар хүсэлт өгсөн боловч баруун талаар үерийн шуудуутай далантай тул өгөх боломжгүй гээд 2019 онд үл хөдлөх газрын гэрчилгээг 246 м.кв гарган өгсөн. Гэтэл уг олгох боломжгүй газар дээр 2021 оны 3 сарын 3-ны өдөр Ганболд овогтой Г.У******** т Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны А/8* дугаартай захирамжаар 321 м.кв газрыг эзэмшүүлсэн байна. Миний зүгээс уг газрыг 2013 надад эзэмшүүлж өгнө үү хэмээн удаа дараа газрын албанд хүсэлт гаргасан боловч хуулийн дагуу шийдвэрлээгүй бөгөөд мөн түрүүлж өмчлөх, эзэмших эрх надад үүссэн атал өөр этгээдэд газрыг олгосон нь үндэслэлгүй байна” гэжээ.

            2.2 Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би тус газрыг өмчилж авсан. Тэгэхэд энэ айл сүүлд нь ирж бууж өмчилж авна гэсэн хүсэлт өгсөн байсан. Манай гэрийн хаяагаар кадастрын зураг гаргуулаад гэрчилгээ гаргуулсан. Ингээд би иргэний шүүхэд хандсан. Яагаад иргэний шүүхэд хандаад байгаа вэ? тус айл тэр газар буух эрхгүй, манай хажуугаар далан явсан гэдэг утгаар манай газрыг татсан. Гэтэл манай гэрийн хаяагаар  газрыг татаж өгсөн байдаг. Би ингээд гомдол өгч шүүхэд хандсан. Нэхэмжлэгч: Нэхэмжлэл гаргаад хүчингүй болгоод энэ айлд өгөхгүй гэж байна. Ганцхан дээрээс ирэх үерийн ус манайхаар орж байна. Ашиг сонирхлын зөрчлөөр авах гээд байна гэсэн. Би авна гэж хэлээгүй, ганцхан дээрээс үерийн ус орж ирээд манайх өртөөд байна гэсэн. Зам явж байгаа учир манай газар урд талаасаа маш их жижигхэн болсон байгаа” гэв.

 

Гурав. Хариу тайлбар, татгалзал:

3.1 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “...Иргэн О.Б******* д Нийслэлийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн А/7** дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн **дугаар хорооны ****** дугаар гудамжны *** тоот хашааны 246 м2 газрыг өмчилсөн байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа Баянзүрх дүүргийн **дугаар хороо, ****** дугаар гудамжны *** тоот хашааны зүүн талд байрлах газрыг эзэмшүүлж өгөх талаар 2013 онд өргөдөл хүсэлт өгч байсан талаар дурдсан бөгөөд өргөдөл гомдлын бүртгэлийн дэвтэрт 2013 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 12 дугаар сарын 27-ны өдрийг дуустал шалгаж үзэхэд тус иргэний газар эзэмшихийг хүссэн өргөдөл бүртгэгдээгүй, газар эзэмших хүсэлт гаргасан талаар баримтгүй байна. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т /эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно. 3.Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно/ гэж заасан. Нэхэмжлэгчээс уг газрыг эзэмшихээр хүсэлт ирүүлж байгаагүй учраас газар зохион байгуулалтын алба болон дүүргийн Засаг даргын зүгээс тухайн хүсэлтийг шийдвэрлээгүй орхигдуулсан эс үйлдэхүй байхгүй, газар эзэмших эрх олгохыг даалгах төрлийн шаардлагыг шүүхэд гаргах хууль зүйн үндэслэлгүй юм. Иймд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн А/8* дүгээр захирамжаар иргэн Г.У******** т газар эзэмших эрх олгосон нь хэн нэгний эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул тус захирамжийн иргэн Г.У******** т холбогдох хэсгийг хүчингүй болгох үндэслэлгүй байна” гэжээ.

3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж***** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байна. О.Б******* гэдэг хүн бол Нийслэлийн Засаг даргын 2016 оны 11 сарын 07-ны өдрийн А7** дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн **дугаар хорооны Баруун Алтан Өлгий *** тоот хашааны 246 м.кв газрыг өмчилж авсан хүн байгаа. Газар өмчлөх нь Монгол Улсын иргэнд нэг удаа газрыг өмчлүүлдэг зохицуулалттай. Гуравдагч этгээдэд эзэмшүүлсэн газрыг О.Б******* эзэмших асуудлыг даалгаж өгнө үү гэдэг үндэслэлгүй зүйл юм. Нэхэмжлэл гэж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д "нэхэмжлэл" гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг хэлнэ гэж заасан. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1.3-д заасан шаардлагыг хангахгүй байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.1-д захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох гэж заасан. Нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн зүйл байхгүй. н.Г.У******** т газар эзэмших эрх олгосон, А/8* дүгээр захирамжийг хүчингүй болгуулснаар нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхол сэргэх зүйл байхгүй. Зөрчигдсөн ашиг сонирхол байхгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Гурав. Гуравдагч этгээдийн тайлбар:

Гуравдагч этгээд Б.Г.У******** аас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би тэр газрыг хуулийн дагуу хүсэлтээ өгөөд авсан. Хаяагаар кадастрын зураг хийлгэсэн зүйл байхгүй. Хуучин кадастр залгаад кадастраа хийлгэсэн. Одоо ч энэ айл хажуугаар хашаагаа татсан. Би шилжүүлэх гээд дүүрэгт өгсөн чинь түр хүлээж байгаарай гэсэн. Манайх буугаад ус орж ирсэн зүйл байхгүй. Хойд талын хашаагаар дамжиж ус ордог. Шууд үер орж ирдэг зүйл байхгүй” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч О.Б******* 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн А/8* дүгээр захирамжийн Б.Г.У******** т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, 321 м.кв газрын эзэмших эрхийн гэрчилгээг надад олгохыг даалгах” тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ, “Баянзүрх дүүргийн **дугаар хороо, баруун Алтан-Өлгийн *** дугаар гудамжны *** тоот хаягт байрлах газрын өмчлөхөөр, мөн газрын хэмжээг нэмэгдүүлэхээр хүсэлтүүд гаргах үед үерийн аюултай бүс хэмээн тайлбарлан 0,07 га хэмжээг багасгаж 246мкв талбайтайгаар өмчлүүлсэн атлаа уг газрыг Б.Г.У******** т эзэмшүүлсэн нь хууль бус” гэх агуулгаар тайлбарлан маргасан.

2. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах зарчим”-ыг газрын харилцаанд баримтлахаар заажээ.

3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад,

3.1. Маргаан бүхий актаар гуравдагч этгээд Б.Г**************-ын эзэмшиж буй ... *****тоот хаягт байрлах 321 м.кв газар нь нэхэмжлэгч О.Б******* ы өмчилж буй ... *** тоот хаягт байрлах 246 м.кв газрын зүүн талд Баянзүрх дүүргийн **дугаар хорооны баруун Алтан-Өлгийн *** дугаар гудамжны зүүн захад хөрш зэргэлдээ байрлаж байх ба өөр хоорондоо заагласан хашаагүй, уг газруудын урд болон зүүн талаар автомашин явдаг шороон замтай болох нь шүүхийн үзлэгээр,

3.2. О.Б******* 2014, 2018 онуудад газрын асуудлаар өргөдөл, хүсэлт гаргаж байсан нь Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2014 оны “Өргөдөл гомдлын бүртгэлийн дэвтэр”-ийн 2969 дугаарт, 2018 оны “Өргөдөл гомдлын бүртгэлийн дэвтэр”-ийн 3776 дугаарт байснаар бүртгэгдсэн”/хх: 69-75 дахь талд/-ээр,

3.2. Дээрх 2969 дугаар бүртгэгдсэн О.Б******* ы хүсэлт нь шийдвэрлэгдсэн болох нь “2014.10.31-2 тоот хаав” гэсэн бичигдсэнээр, 3776 дугаарт бүртгэгдсэн өргөдөл нь шийдвэрлэгдээгүй болох нь “Хэзээ, хэрхэн шийдвэрлэсэн” гэсэн хүснэгт нь бичилтгүй, хоосон байгаагаар, 

3.3. Мөн нэхэмжлэгч О.Б******* аас ... *** тоот хаягт байрлах газрыг эзэмших, өмчлөх хүсэлт гаргахдаа газрын хэмжээг 0,07га хэмжээтэй байхаар хүсэлт өгсөн, 246мкв-аар өмчлүүлсэн тул газрын хэмжээг нэмэгдүүлэх хүсэлт гаргаж байсан гэж тайлбарлах боловч уг хүсэлтүүд нь хадгалагдаагүй болох нь тус шүүхийн 20**оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 1/34**, 06 дугаар сарын 22-ны 1/55**тоот албан бичгүүдээр “Баянзүрх дүүргийн **дугаар хороо, баруун Алтан-Өлгийн ***-*** тоот хаягт байрлах, нэгж талбарын ********** дугаартай 246 мкв газрыг иргэн О.Б******* д анх эзэмшүүлсэн газар баталгаажилтын хувийн хэргийг гаргуулахаар хандахад Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын 2 дугаар албаны 20**оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 16/1**, мөн сарын 30-ны өдрийн 16/207 тоот албан бичгүүдээр “О.Б******* аярсайхны манай байгууллагад хандаж анх гаргасан газар эзэмших хүсэлтийн хувийн хэрэг архивын сан хөмрөгт хадгалагдаагүй” гэсэн тайлбарыг ирүүлснээр тус тус тогтоогдов.

4. Түүнчлэн Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын 20**оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 10/24** тоот албан бичигт “... иргэн Б.Г.У******** ын эзэмшлийн ********* тоот нэгж талбарын дугаар бүхий газар нь нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 63 дугаар тогтоолоор батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд Улаанбаатар хотын төлөвлөлтийн хойд бүс “Шархад” нэгж хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний амины орон сууцны бүсэд хамаарч байгаа бөгөөд төлөвлөлтийн автозамын трасс, ус цуглуулах талбай, цахилгаан түгээх шугамын трасст өртөж байна” гэжээ.

6. Хууль тогтоомжийн дээрх зохицуулалт болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдож буй дээрх нөхцөл байдлууд, түүнчлэн маргаан бүхий газар нь 2017 онд “Шархад” нэгж хорооллын төлөвлөгөөнд авто зам, ус цуглуулах талбайгаар төлөвлөгдсөнөөс үзвэл, нэхэмжлэгчийн “...*** тоот хаягт байрлах газрыг өмчлөхөөр хүсэлт гаргах үед үерийн аюултай бүс хэмээн тайлбарлан 0,07 га хэмжээг багасгаж 246мкв талбайтайгаар өмчлүүлсэн атлаа уг газрыг Б.Г.У******** т эзэмшүүлсэн нь хууль бус” гэх тайлбар үгүйсгэгдэхгүй байна.

7. Хэдийгээр нэхэмжлэгч О.Б******* 2014 онд газар өмчлөх талаар гаргасан хүсэлтэд газрын хэмжээ бичигдээгүй, 2018 онд Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд гаргасан хүсэлт нь хадгалагдаагүй байх боловч өргөдөл хүсэлтийг шийдвэрлэж хариу өгөх, архивлаж хадгалах нь захиргааны байгууллагын хуулиар хүлээсэн үүрэг тул энэ нөхцөл байдалд нэхэмжлэгчийн буруутгах боломжгүйн дээр маргаан бүхий газар нь нийслэлийн газар зохион байгуулалтын 2017 оноос хэрэгжих “Шархад” нэгж хорооллын төлөвлөгөөнд авто зам, ус цуглуулах талбайгаар төлөвлөгдсөн, хариуцагч дүүргийн Засаг дарга нь нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөнд санал өгөх эрх хэмжээтэй, ... *** тоот хаягт байрлах газрыг нийслэлийн Засаг даргын 2016 оны А/7** дугаар захирамжаар 246мкв талбайтайгаар өмчлүүлсэн зэргээр нэхэмжлэгчийн “үерийн аюултай бүс хэмээн тайлбарлан 0,07 га хэмжээг багасгаж 246мкв талбайтайгаар өмчлүүлсэн” гэсэн тайлбар давхар нотлогдож байх тул маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгчийн “тэгш байх” эрх зөрчигдсөн гэж үзнэ.

8. Өөрөөр хэлбэл, нийслэлийн Засаг даргын 2016 оны А/7** дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн **дугаар хорооны Баруун Алтан-Өлгийн *** гудамжны *** тоот хаягт 246 м.кв газрыг О.Б******* д өмчлүүлэхдээ уг газрын зүүн талд бусдын эзэмшил ашиглалтад олгогдоогүй газар/одоогийн *****тоот газар байрлаж буй/ байсаар байхад Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд заасан иргэнд нэг удаа үнэ төлбөргүй өмчлүүлж болох 0,07га хэмжээгээр бус 246мкв хэмжээгээр газрыг өмчлүүлэх болсон шалтгаан нь “Шархад” нэгж хорооллын төлөвлөлтөөс хамаарсан байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгч О.Б******* ы эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй” гэх тайлбарыг хүлээж авах үндэслэлгүй байна.

9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...Трасст өртөөд чөлөөлөх нөхөн олговор олгох асуудлыг эрх бүхий этгээд шийдэх ёстой болохоос биш энэ асуудлаар нэхэмжлэгч нэхэмжлэл гаргах эрхгүй” хэмээн тайлбарлах боловч хариуцагч дүүргийн Засаг дарга нь *** тоот газрыг О.Б******* д 246мкв талбайтайгаар өмчлүүлснээс цаг хугацааны хувьд хойно төдийгүй 2017 онд “Шархад” нэгж хорооллын төлөвлөгөө батлагдсаны дараа зэргэлдээ *****тоот 321мкв газрыг Б.Г***** эзэмшүүлж шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгчийн “би өмчилж авахдаа гол нь биш, анхнаасаа би 0,07га газар авах байхад үерийн далан явна гэж хэлээд 246мкв газрыг өгсөн. Энэ айлд яагаад эзэмшүүлэхээр өгөөд байгаа вэ гэдэг талаар яриад байна” гэсэн тайлбар үндэслэлтэй, нэхэмжлэгч нь хууль хэрэгжүүлэхэд баримтлах тэгш байдлын зарчмыг хэрэгжүүлэхийг шаардах эрхтэй байна.

10. Иймд маргаан бүхий А/8* дүгээр захирамжийн Б.Г******* холбогдох хэсэг нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т “Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, сум, нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна” гэсэн газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлагыг хангахгүйн зэрэгцээ маргаан бүхий газар нь нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 63 дугаар тогтоолоор батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд автозамын трасс, ус цуглуулах талбай, цахилгаан түгээх шугамын трассаар төлөвлөгдсөн байх тул нэхэмжлэгч О.Б******* ы нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн дугаар А/8* тоот захирамжийн Г.У******** т холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.13-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 31 дүгээр зүйлийн 31.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч О.Б******* ы нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн А/8* дүгээр захирамжийн Б.Г.У******** т холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгсоугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.МӨНХЗУЛ