Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 101/ШШ2021/01592

 

 

 

 

 

 

 

 

                       2021        05          27   

         101/ШШ2021/01592

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн танхимаас хэргийн оролцогчдыг цахимаар оролцуулан хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б.Ц /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: “О ” ТӨХК-ийн Туз д холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 33 720 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Ц , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.Э  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б  , шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Нандинцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

   Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

“Миний бие Б.Ц  нь “О ” ТӨХК-ийн захирлаар 2018 оны 09 сарын 18-ны өдөр 02/2018 дугаартай контрактын гэрээгээр ажиллаж байсан бөгөөд “О ” ТӨХК-ийн Туз ийн 2020 оны 03 сарын 25-ны өдрийн 02 дугаартай тогтоолоор ажлаас маань үндэслэлгүйгээр чөлөөлсөнд гомдолтой байх тул уг тогтоолыг эс зөвшөөрч дараах шаардлагыг гаргаж байна. Тус тогтоолыг 2020 оны 03 сарын 27-ны өдөр гардан авсан. Тогтоолд дурьдсанаар Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.8, 76.1.9, 80 дугаар зүйлийн 80.2, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2020 оны 03 сарын 10-ны өдрийн 54 дүгээр тогтоолоор өгсөн удирдамжийн 1.1 дэх хэсгийг тус тус үндэслэн үүрэгт ажлаас минь чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй байх бөгөөд тус тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул  дараах гомдлыг гаргаж байна. Уг тогтоолыг миний бие Б.Ц  нь 2020 оны 03 сарын 27-ны өдөр хүлээн авсан. Намайг ажлаас чөлөөлөх тогтоолд хууль зүйн ямар үндэслэлийг баримталсан нь ойлгомжгүй, тодорхойгүй байгаа. Үүрэгт ажлаас чөлөөлөхдөө Туз өөс хурал хийгээгүй ба ажил хүлээлцэхдээ хурлын тэмдэглэлийг нөхөж бичсэн болно. Намайг ажлаас чөлөөлөхдөө хуулийн дагуу мэдэгдэлгүйгээр шууд ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна. Хэн нэг нь намайг хүүхдэдээ машин унуулсан гэж хэлсэн байсан. Би хүүхдэдээ машин унуулсан асуудал байхгүй, хариуцагч байгууллагад үүнийг нотолсон баримт байхгүй, байгууллагад учирсан хохирол ч байхгүй. Тухайн үед шалгалт хийсний дараа Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн н.Анхбаяр гэдэг хүн надаар тайлан дээр гарын үсэг зуруулах үед миний нэртэй зөрчил байхгүй байсан. Гэтэл сүүлд нь 3 сараас 8 сар хүртэл хүүхдэдээ машин унуулсан гээд биччихсэн байсан. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын хурлаар баримтын шалгалтын тайланг хэлэлцэх ёстой, хуралд намайг байлцуулах ёстой байтал оролцуулаагүй. Тухайн шалгалтыг ахалж байсан н.Ган-Эрдэнэ гэдэг хүн нь баримтууд дээр огт гарын үсэг зураагүй байна. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 463 дугаар тогтоол гарсныг би мэдээгүй. 2020 оны 03 сарын 27-ны өдөр ирэхдээ надад уг тогтоолыг танилцуулсан. Би шалгалтыг ахалж ирсэн н.Ган-Эрдэнээс энэ ямар учиртай тогтоол вэ гэж асуухад би мэдээгүй гэж хариулсан. Би Туз ийн зарим гишүүдээс асуухад 3, 4 гишүүн бид нарыг дуудаж оролцуулаагүй, мэдээгүй, сүүлд нь гарын үсэг зуруулсан гэж хэлсэн. Намайг хурлын тэмдэглэл дээр гарын үсэг зурсан гэж байна, би хурлын тэмдэглэлд гарын үсэг зураагүй. Сүүлд надаар гарын үсэг зуруулах гэж ирсэн. Арай хуурамчаар гарын үсэг зурчихаагүй байх. Миний бие Б.Ц  нь авто замын инженерээр авто замын салбарт 37 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд үүнээс “О ” ТӨХК-д 32 дахь жилдээ ажиллаж байна. 2018 оны 09 сарын 18-ны өдрөөс өнөөг хүртэл “О ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар үр бүтээлтэй ажиллаж ирсэн гэж үзэж байна. Иймд “О ” ТӨХК-ийн Туз ийн 2020 оны 03 сарын 25-ны өдрийн 02 дугаартай тогтоолоор миний хийж гүйцэтгэж байсан “О ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэгт ажлаас чөлөөлснийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул ажилд маань эгүүлэн тогтоож өгнө үү. Хариуцагчийн зүгээс намайг тэтгэвэрт гаргасан гэж тайлбарлаж байгаа, миний тэтгэвэрт гарах нас болоогүй, тэтгэвэрт гарахад 6 сар дутуу байсан. 2020 оны 03 сарын 25-ны өдрийн 02 дугаар тогтоолд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т “60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх нь үүссэн бол” гэж заасан үндэслэлийг дурдаагүй байна. Контрактын гэрээний 5.2.3, 5.3.4, 5.3.5, 5.3.6-д заасныг дурдаж байна. Гэтэл контрактын гэрээний 5.3.10-т “гүйцэтгэх захиралд хүлээлгэн өгсөн хөрөнгийг үр ашигтай зарцуулах, үрэгдүүлсэн, олгосон эрх мэдлийг хэтрүүлсэн нь нотлогдсон бол” гэж заасныг ажлаас чөлөөлсөн үндэслэлдээ дурдаагүй. Тийм учраас контрактын гэрээ зөрчсөн гээд байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Контрактын гэрээ зөрчсөн гэж байгаа бол гэрээний зүйл заалтыг тогтоолд тодорхой дэлгэрэнгүй байх ёстой. 2020 оны 03 сарын 25-ны өдрийн 02 дугаар тогтоол нь хууль зүйн үндэслэлгүй, тодорхойгүй, юуг үндэслэж Б.Ц ийг ажлаас халаад байгаа юм бэ гэдэг нь тодорхойгүй байна. Нэхэмжлэгч нь үндсэн цалин, нэмэгдэл, урамшуулалтайгаа нийлээд 2,810,000 төгрөгийн цалин авдаг байсан. 2020 оны 03 сарын 25-ны өдрөөс 2021 оны 03 сарын 25-ны өдрийг хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны цалин 33,720,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

“Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч нь “О ” ТӨХК-ийн Туз ийн Б.Ц ийг ажлаас чөлөөлсөн тогтоолтой маргаагүй байна. Өөрөөр хэлбэл шууд ажилдаа томилуулъя гэсэн асуудлыг ярьж байна гэж ойлгож байна. Б.Ц ийг ажлаас чөлөөлсөн тогтоол нь Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 54 дүгээр тогтоолын 1.1 дэх заалтад үндэслэсэн байдаг. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 54 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтад Б.Ц ийг 2020 оны 03 сарын 10-ны өдрөөр тасалбар болгон хууль тогтоомжийн дагуу ажлаас чөлөөл гэж заасан байдаг. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас ямар учраас ийм удирдамж өгч байна вэ гэвэл Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5, 11.6-д дээрх эрх хэмжээ нь хуулиар олгогдсон. 54 дүгээр тогтоол нь 2019 оны 463 дугаар тогтоолыг үндэслэж гарсан байдаг. 463 дугаар тогтоолын 2.1 дэх заалтад Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-т заасан үндэслэлээр гүйцэтгэх захирал Б.Ц  нь компанийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй Ланд крузер маркийн автомашиныг өөрийн хүү Ц.Гантулгад 2019 оны 3 сараас 8 сар хүртэл унуулсан зөрчил гаргасан гэж дурдсан. Энэ зөрчлийн шинж чанар нь ажлаас нь чөлөөлсөн шийдвэрт нийцэж байгаа. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2019 оны 10 сарын 29-ний өдрийн “Шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай” 463 тоот тогтоолын 2.1 дэх заалтын дагуу Б.Цотгэрэлийн гаргасан зөрчилтэй холбогдуулан хөдөлмөрийн харилцааг цуцлахаар болсон ба уг тогтоолтой Б.Ц  нь танилцсан болно. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагатай танилцахад 2020 оны 54 дүгээр тогтоол, 463 дугаар тогтоолуудыг хүчингүй болгуулах талаар дурдаагүй. Уг тогтоолууд нь эрх зүйн үр дагаврыг шууд бий болгосон, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлд заасан захиргааны актын шинжийг агуулж байгаа. Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн үндэслэлээ нэхэмжлэлийн шаардлага гэж ойлгоод байна. Шалгалтын арга хэмжээ аваад 463 тоот тогтоолыг гаргах эрх нь Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт байгаа. Нэхэмжлэгч 02 дугаар тогтоолтой танилцсан гэдгээ тайлбарласан. Тогтоолтой танилцаж мэдэгдсэнээс хойш хуульд заасны дагуу шүүхэд мэдүүлэх эрх нь нээлттэй. Тэр эрхээ эдлээгүй нь шалгалтаар авагдсан арга хэмжээгээр тогтоогдож байна гэж үзэж байна. Хэргийн үйл баримт нэхэмжлэлийн шаардлагаас халихгүй байх ёстой. 463 дугаар тогтоолтой маргаагүй атлаа автомашиныг ашигласныг шалгаж тогтоогоогүй, үүнийг нотолсон нотлох баримт байхгүй гэж тайлбарлаж байна. Мөн Б.Ц ийн зүгээс өөрөө тодорхой хэмжээгээр “О ” ТӨХК-аас тэтгэвэртээ гарах хүсэлтэй байгаагаа илэрхийлдэг. 2020 оны 03 сарын 27-ны өдрийн “О ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын ажил хүлээлцэх хурлын тэмдэглэлд дурьдагдсанаар: “... Б.Ц  нь 2020 оны 06 дугаар сард тэтгэвэрт гарна. Энэ байгууллагаас тэтгэвэртээ гарах саналтай байна” гэжээ. Тэмдэглэлтэй танилцаад гарын үсгээ зурсан байдаг. Б.Ц  нь 1960 оны 06 сард төрсөн. Хөдөлмөрийн тухай хуульд заасан насны хязгаарт хүрсэн тохиолдолд ажлаас халах зохицуулалттай байдаг. Нэгэнт Хөдөлмөрийн тухай хуулиар тогтоосон насанд хүрсэн учраас шүүх шийдвэр гаргасан тохиолдолд биелүүлэх боломжгүй гэж хариуцагчийн зүгээс үзэж байгаа. Контрактын гэрээний 5.2.3, 5.3.4, 5.3.5, 5.3.6-д зааснаар контрактын гэрээг цуцлах үндэслэл бүрдэж байгаа. Нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан цалин хөлсийг нэхэмжилж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалтын дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүнд ажилгүй байсан бүх хугацаанд авч байсан цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг олгохоор хуульчилсан. Гэтэл нэхэмжлэгч нь тодорхой хэмжээний зөрчил гаргасан, мөн насны хязгаар хүрсэн учраас ажилд эгүүлэн томилох ямар ч боломж байхгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд ямар тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тухай заасан байдаг. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд хавтаст хэргийн материалтай бүхэлд нь танилцсан. Б.Ц ийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн шүүгчийн захирамж, улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлүүлэх тухай хүсэлт, төлбөрийн чадваргүй гэдгийг нотолсон баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна. Хуульд заасны дагуу хүлээн авах нэхэмжлэл мөн эсэх нь эргэлзээтэй байна. Б.Ц  нь контрактаар хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн тул “О ” ТӨХК-ийн Туз ийн шийдвэр нь гаргасан зөрчилд нь нийцсэн. Дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжпэлийн шаардлага бүхэлдээ үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

   Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтууд, зохигчдын гаргасан тайлбарыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Ц  нь “О ” ТӨХК-ийн Туз д холбогдуулан “О ” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 33 720 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Хариуцагч нь Б.Ц  компанийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй Ланд крузер маркийн автомашиныг өөрийн хүү Ц.Гантулгад 2019 оны 3 сараас 8 сар хүртэл унуулсан зөрчил гаргаж Хөдөлмөрийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-д заасан үндэслэлээр түүнийг ажлаас чөлөөлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв. 

 

Б.Ц  нь “О ” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад “О ” ТӨХК-ийн Туз ийн 2020 оны 03 сарын 25-ны өдрийн 02 дугаартай тогтоолоор 2020 оны 03 сарын 25-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн байна. /хх-63/

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т “Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь “О ” ТӨХК-ийн Туз ийн 2020 оны 03 сарын 25-ны өдрийн 02 дугаартай тогтоолд хуульд заасан хугацааны дотор буюу 2020 оны 04 сарын 22-ны өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргажээ.

 

Нэхэмжлэгч Б.Ц  нь “О ” ТӨХК-ийн Туз ийн даргатай байгуулсан контрактын дагуу тус компанийн Гүйцэтгэх захирлын үүрэгт ажлыг гүйцэтгэж байсан талаар зохигчид маргаагүй.

 

Хэрэгт “О ” ТӨХК-ийн Туз ийн дарга болон Б.Ц  нарын хооронд 2018 оны 09 сарын 18-ны өдөр байгуулсан 02/2018 дугаартай 2018 оны 09 сарын 18-ны өдрөөс 2019 оны 09 сарын 18-ны өдрийг дуустал 1 жилийн хугацаатай байгуулсан “О ” ТӨХК-ийн гүйцэтгэх захиралтай байгуулах контракт, 2018 оны 10 сарын 01-ний өдөр 02/2018 дугаартай 2018 оны 10 сарын 01-ний өдрөөс 2019 оны 04 сарын 25-ны өдрийг дуустал 6 сарын хугацаатай байгуулсан “О ” ТӨХК-ийн гүйцэтгэх захиралтай контракт нотлох баримтаар авагдсан. Мөн “О ” ТӨХК-ийн Туз ийн дарга болон Б.Ц  нарын хооронд 2018 оны 09 сарын 18-ны өдөр байгуулсан 3/2018 дугаартай Эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэх гэрээ нотлох баримтаар авагдсан. /хх-2-10, 160-168, 11-12/

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 25 дугаар зүйлд контракт байгуулах болон түүний агуулгыг тодорхойлсон бөгөөд зохигчдын хооронд байгуулсан дээр дурдсан контракт нь хуульд нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд 2018 оны 09 сарын 18, 2018 оны 10 сарын 01-ний өдөр контракт байгуулснаас хойш дахин гэрээ байгуулаагүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх бөгөөд гэрээний талууд тухайн контрактуудад заасан хугацаа дууссан өдрөөс хойш сунгаагүй боловч нэхэмжлэгч Б.Ц  гүйцэтгэх захирлын үүрэгт ажлыг 2020 оны 03 сарын 25-ны өдрийг хүртэл гүйцэтгэж, цалин хөлс авч байсан үйл баримтааас дүгнэхэд ажил олгогч түүнийг цааш ажиллуулахыг зөвшөөрч контракт өмнөх нөхцөлөөр сунгагдан үргэлжилж байсан гэж үзэхээр байна. Хариуцагч нь хариу тайлбартаа нэхэмжлэгчтэй 2018 оны 09 сарын 18-ны өдөр контракт байгуулан ажиллуулж байсан талаар дурдсан байх бөгөөд контракт байгуулсан болон контрактын хугацааны талаар маргаагүй.

 

 “О ” ТӨХК-ийн Туз ийн 2020 оны 03 сарын 25-ны өдрийн 02 дугаар тогтоолоор Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.8, 76.1.9, 80 дугаар зүйлийн 80.2, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2020 оны 03 сарын 10-ны өдрийн 54 дүгээр тогтоолоор өгсөн удирдамжийн 1.1-д заасныг үндэслэн “О ” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ц ийг  үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. /хх-63/

 

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2020 оны 03 сарын 10-ны өдрийн 54 дугаартай “Удирдамж болгох тухай” тогтоолд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 9, 21 дүгээр зүйлийн 6, Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2019 оны 463 дугаар тогтоолыг тус тус үндэслэн “О ” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ц ийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүнтэй байгуулсан контрактыг 2020 оны 03 сарын 10-ны өдрөөр тасалбар болгон цуцлах талаар дурджээ. /хх-15/

 

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2019 оны 10 сарын 29-ний өдрийн 463 дугаартай “Шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай” тогтоолд “О ” ТӨХК-ийн 2017, 2018 оны санхүү, эдийн засгийн үйл ажиллагаанд хийсэн баримтын шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах арга хэмжээний хүрээнд “О ” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ц  нь компанийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй 00-21 ОРО улсын дугаартай Ланд круйзер-100 маркийн автомашиныг өөрийн хүү Ц.Гантулгад 2019 оны 3 дугаар сараас 8 дугаар сар хүртэл унуулан, төрийн өмчийн эд хөрөнгийг дур мэдэн, зориулалтын бусаар ашиглаж байсан нь шалгалтаар тогтоогдсон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн харилцааг цуцлах талаар дурджээ. /хх-181-182/

                 

Хариуцагч нь Б.Ц ийг ажлаас чөлөөлсөн тогтоол нь Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2019 оны 10 сарын 29-ний өдрийн 463 дугаар тогтоол, тус тогтоолын дагуу гаргасан 2020 оны 03 сарын 10-ны өдрийн 54 дүгээр тогтоолын холбогдох заалтыг үндэслэн Б.Ц ийн гаргасан зөрчилд нь нийцсэн гэх тайлбарыг гарган мэтгэлцсэн.

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 11, 21 дүгээр зүйлд зааснаар Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар нь төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд төрийн өмчийн төлөөлөгчийг томилох, түүний үйл ажиллагаанд хяналт тавих, төрийн мэдлийн хувьцаа эзэмшигчээс баталсан удирдамж, зааврыг зөрчсөн буюу зохих ёсоор биелүүлээгүй нь түүнийг томилсон шийдвэрийг хүчингүй болгох эрхтэй бөгөөд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2020 оны 03 сарын 10-ны өдрийн 54 дугаартай “Удирдамж болгох тухай” тогтоолыг хуулийн дээр дурдсан заалтуудыг үндэслэн гаргажээ.

 

 “О ” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ц ийг 2019 оны 03 сараас 08 сарын хооронд төрийн өмчийн эд хөрөнгийг дур мэдэн, зориулалтын бусаар ашигласан гэх үйлдэлд нь арга хэмжээ авсан гэх Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2019 оны 10 сарын 29-ний өдрийн 463 дугаар тогтоол, 2020 оны 03 сарын 10-ны өдрийн 54 дугаар тогтоол, “О ” ТӨХК-ийн Туз ийн 2020 оны 03 сарын 25-ны өдрийн 02 дугаар тогтоол нь  Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т “сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна” гэж заасантай нийцээгүй байна. Б.Ц ийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх үндэслэл болгосон 2019 оны 03 сараас 08 сар хүртэл компанийн өмчийн автомашиныг хувийн хэрэгцээнд унуулан төрийн өмчийн эд хөрөнгийг дур мэдэн, зориулалтын бусаар ашигласан гэх үйлдэлд сахилгын шийтгэл ногдуулах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад ажлаас чөлөөлөх шийдвэрийг гаргасан байна.

 

2018 оны 09 сарын 18-ны өдөр байгуулсан 02/2018 дугаартай “О ” ТӨХК-ийн гүйцэтгэх захиралтай байгуулах контрактын 5 дугаар зүйлд контрактыг дуусгавар болгох нөхцөлүүдийг заасан байх бөгөөд хариуцагч нь контрактын 5.2.3, 5.3.4, 5.3.5, 5.3.6-д заасан нөхцөл бий болсон тул  Б.Ц ийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн гэж тайлбарлаж байх боловч 2020 оны 03 сарын 25-ны өдрийн 02 дугаартай тогтоолд контрактад заасан дуусгавар болгох үндэслэлийг тусгаагүй, контрактыг цуцлах үндэслэл, журмыг заасан Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийг үндэслэн ажлаас чөлөөлж буй талаар тусгаагүй байгаа болохыг дурдах нь зүйтэй. 

 

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2019 оны 06 сарын 04-ний өдрийн 260 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн өмчит үйлдвэрийн газар, төрийн өмчит компанийн захиралтай контракт байгуулах, дүгнэх журам”-д заасны дагуу төрийн өмчит компанийн гүйцэтгэх захиралтай тухайн компанийн Туз  нь контракт байгуулах, гэрээний биелэлтийг дүгнэх эрхтэй боловч дээр дурьдсан нөхцөл байдлаас дүгнэхэд Б.Ц ийг ажлаас чөлөөлсөн “О ” ТӨХК-ийн Туз ийн 2020 оны 03 сарын 25-ны өдрийн 02 дугаар тогтоол нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.7, 41 дүгээр зүйлийн 41.1-д заасныг баримтлаагүй, хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Иймд Б.Ц ийг “О ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.Ц  нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т зааснаар 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх нь үүссэн байх боловч хөдөлмөрийн харилцааг уг үндэслэлээр дуусгавар болгох эрх нь ажил олгогчид хуулиар олгогдсон тул нэхэмжлэгчийг эрхэлж байсан үүрэгт ажилд нь шүүхийн журмаар эгүүлэн тогтооход нэхэмжлэгч Б.Ц  өндөр насны тэтгэвэр авах эрх үүсэх насанд хүрсэн нь саад болохгүй.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж заасан.

 

Нэхэмжлэгч Б.Ц  нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулахаар нэхэмжилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн шаардсан байх бөгөөд нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны олговрын хэмжээний талаар тоон илэрхийлэл тодорхой гаргаагүй нь нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхэд саад учруулахгүй.

 

Хэрэгт авагдсан Б.Ц ийн нийгмийн даатгалын дэвтэр, түүний цалин хөлстэй холбоотой баримтуудыг үндэслэн Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын дагуу тооцож Б.Ц ийн сарын цалин хөлсийг 2,810,000 төгрөгөөр тооцон тодорхойлж, ажилгүй байсан 2020 оны 03 сарын 25-ны өдрөөс шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоох хүртэл хугацаагаар цалинтай тэнцэх олговрыг гаргуулах үндэслэлтэй боловч нэхэмжлэгч нь 2020 оны 03 сарын 25-ны өдрөөс 2021 оны 03 сарын 25-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 33 720 000 төгрөгийг гаргуулахаар шаардлага гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хариуцагч “О ” ТӨХК-аас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 33 720 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Ц д олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д “ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй”, мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т “ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй” гэж заасан тул нэхэмжлэгч Б.Ц ийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд даатгуулж, дэвтэрт бичилт хийх үүргийг “О ” ТӨХК-д даалган шийдвэрлэх нь зүйтэй.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 326 550  төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь хуульд нийцнэ. 

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2020 оны 11 сарын 24-ний өдрийн 116 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Иргэний хэргийн хөдөлгөөний түр аргачлал”, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын даргын 2020 оны 12 сарын 01-ний өдрийн А/74 дугаар тушаалаар батлагдсан “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ажиллах түр журам”-д тус тус зааснаар Zoom программ ашиглан хэргийн оролцогчдыг цахимаар шүүх хуралдаанд оролцуулан, хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Б.Ц /-ийг “О ” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын ажилд эгүүлэн тогтоож, “О ” ТӨХК-аас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 33 720 000 /гучин гурван сая долоон зуун хорин мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Ц д олгосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Ц ийн ажилгүй байсан бүх хугацаанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд даатгуулж, холбогдох даатгалын дэвтэрт бичилт хийхийг  “О ” ТӨХК-д даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, “О ” ТӨХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 326 550 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Д.ЦЭРЭНДОЛГОР