Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 101/ШШ2021/01610

 

 

 

 

 

 

 

 

                        2021        05          28   

         101/ШШ2021/01610

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ц.А /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б.М  /-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 62,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х, хариуцагч Б.М , хариуцагчийн өмгөөлөгч Ц.Г, шинжээч У.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Сэндэнхорол нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

   Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

“Ц.А  миний бие 2019 оны 06 сарын 27-ны өдөр Б.М тай Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасны дагуу зээлийн гэрээг байгуулсан. Зээлийн гэрээгээр 50,000,000 төгрөгийг 2019 оны 07 сарын 01-ний өдрөөс 2020 оны 07 сарын 01-ний өдөр хүртэл 1 жилийн хугацаатай, нэг сарын 6 хувийн хүүтэйгээр зээлдүүлэхээр харилцан тохиролцсон. Дээрх гэрээний дагуу 50,000,000 төгрөгийг Б.М д 2019 оны 07 сарын 01-ний өдөр бэлнээр өгсөн бөгөөд тэрээр зээлийн гэрээнд заасны дагуу хүлээн авч, бэлэн мөнгө хүлээлцсэн баримтыг үйлдэн авсан болно. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т заасны дагуу зээлийн гэрээг байгуулсан. Б.М  нь зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 3-т заасны дагуу зээлийн хүүг 5 сарын хугацаанд төлсөн боловч түүнээс хойших төлбөрийг төлөлгүй 4 сарын хугацаа өнгөрсөн. Зээлдэгч Б.М аас зээлсэн мөнгөө шаардахад өгөх боломжгүй тухайгаа илэрхийлсний зэрэгцээ бусад этгээдээс мөнгө зээлж түүнийгээ өгөхгүй байгаа нөхцөл байдлыг үүсгэсэн тул Иргэний хуулийн 284.1-д заасны дагуу зээлийг буцаан шаардахаас өөр аргагүй нөхцөл байдалд хүрч шүүхэд нэхэмжлэл гаргасан. Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийн хүүд сар бүр нийт төлбөрийн 6 хувиар буюу сард 3,000,000 төгрөгийн хүүг төлөх үүрэгтэй байгаа. Зээлийн хүүг сар бүрийн 01-ний өдөр Хаан банкны 5011350990 гэсэн Ц.А гийн данс руу шилжүүлнэ гэж харилцан тохиролцсон. Зээлийн хүүг 2020 оны 07 сарын 01-ний өдрөөс хойш төлөх үүрэг хүлээсний дагуу хүүг төлж байсан. Зээлийн хүүг тооцоолоход 2020 оны 07  сарын 01-ний өдрөөс 30-ны өдрийн хүү 3,000,000 төгрөгийг Б.М  08 сарын 02-ны өдөр буюу нэг хоног хэтрээд хүүгээ төлсөн. 4,500,000 төгрөг, 3,000,000 төгрөг гэсэн ийм байдлаар төлсөн. 1,500,000 төгрөг нэмж шилжүүлсэн байгаа. Энэ бол 08 сарын хүүнд бодогдож байгаа. 2019 оны 10 сарын 01-ний өдөр 3,000,000 төгрөг н.Тамираагаас гэж шилжүүлсэнийг өөрөө хүлээн зөвшөөрч байна. 2019 оны 11 сарын 06-ны өдөр Б.М  өөрийнхөө данснаас 3,000,000 төгрөг шилжүүлсэн. Ингээд хүүгээ төлж явж байгаад 2019 оны 12 сарын хүүг төлөөгүй. 2020 оны 1, 2, 3 сарын хүүг төлөөгүй байгаа. Нэхэмжлэл дээр 2020 оны 01 сараас 2020 оны 04 сар гэж бичсэн, энэ дээр техникийн шинжтэй алдаа гарсан байна. Өөрөөр хэлэх юм бол бид шүүхэд хандах хүртэл хугацааны хүүг нэхэмжилье гээд бичсэн байгаа. Тэгэхээр 2019 оны 12 сарын хүү, 2020 оны 01-03 сар хүртэл нийт 4 сарын хүү буюу сарын 3,000,000 төгрөгийн хүү гэж бодохоор нийт 12,000,000 төгрөгийн хүүг нэхэмжилж байгаа. Зээлийн гэрээ хүчин төгөлдөр байгуулагдсан уу үгүй юу гэдэг дээр талууд маргасан. Хоосон цаасан дээр гарын үсэг зуруулаад авсан, би мөнгө аваагүй, энэ миний гарын үсэг биш гэж хариуцагч тал маргадаг. Мөн зээлийн гэрээний ард бичээд байгаа бичгийн хэв, гарын үсэг минийх биш гэж маргадаг. Гэтэл Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч зээлийн гэрээний өмнө болон ард талд зурсан гарын үсэг нь Б.М ын гарын үсэг мөн гэдэг дүгнэлт гаргасан. Ард нь бичээд байгаа мөнгөн дүнг хүлээн авсан гээд бичсэн бичвэрт бас маргаан үүсгэдэг. Үүнийг үгүйсгэх баримт нь дээр нь байж байгаа. Тэр нь юу вэ гэхээр Ц.Б.М , Ц.А  нар иргэний үнэмлэхээ өгөөд зээлийн гэрээний ард талд хавсаргаад хэвлэсэн баримт байгаа. Зээлдүүлэгч нь мөнгийг шилжүүлэх, зээлдэгч нь мөнгийг хүлээн авч түүний  хүү төлж талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсэж, хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан. Хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа бол сөрөг нэхэмжлэл гаргаад явах боломжтой байсан. Бид зээлдэгчийг зээл төлөх боломжгүй болсон учраас аргагүйн эрхэнд шүүхэд хандсан. Мөнгө өгсөн үү авсан уу гэдэг асуудал яригдаж байгаа. Өмнө нь төлөөлөгчөөр оролцож байсан хүн Б.М  нэг ч төгрөг аваагүй гэдэг тайлбар өгсөн байдаг. Өнөөдрийн нөхцөл байдлаар дансны хуулгаар харах юм бол Б.М  нь эхний 4 сарын хүүг шилжүүлсэн байдаг. Би зөвхөн Р.Р.Н  эн гэдэг хүнээс авлагатай, Ц.А  гэдэг хүнд мөнгө шилжүүлж байсан мөнгөө авч чадахгүй байна гэж тайлбарладаг. Гэтэл энэ хэргийн хүрээнд ямар ч сөрөг нэхэмжлэл гаргаагүй. Өөрөөр хэлэх юм бол зээлийнхээ хүүг төлөөд зээлийн гэрээг хүлээн зөвшөөрөөд явж байгаа. Б.М  50,000,000 төгрөгийг хүлээж авсан гээд гарын үсэг, он сар өдөр нэртэйгээ бичсэн байдаг. Ингэж бичихээс өөр яаж энэ хүнд мөнгө өгсөн гэдгийг нотлох юм бэ. Р.Р.Н  эн гэрчийн мэдүүлэг өгөхдөө энэ мөнгийг хаана аваачиж өгсөн бэ гэхэд цэцэрлэгт хүрээлэнгийн ард пабдаа өгсөн, тэр үед миний төрсөн дүү н.Эрдэнэбулган гэж хүн байсан гэж тайлбарладаг. Яагаад мөнгийг бэлнээр өгсөн юм бэ гэдэг асуудал гарсан. Б.М  тухайн үед дансаар авч болохгүй байна, миний данс болохгүй байгаа та надад бэлнээр зээлээч гэсэн байдаг. Б.М  нь анхнаасаа мөнгийг бэлэн авах зорилготой байсан гэдэг нь харагдаж байна.. Нотариат дээр хийгдсэн үйлдлийг П.Х  өөрөө ирээд тайлбарлахдаа хүмүүс орж ирж зээлийн гэрээ байгуулдаг, гэрээ байгуулж байгаа тохиолдолд бүртгэлийн дэвтэр дээр бүртгэл хийгддэг, мөнгө авч байгаа хүмүүс нь яаран сандарч гарын үсэг зураагүй явах тохиолдол байдаг, Ц.А  гэдэг хүн  нотариатын бүртгэлийн дэвтэр дээр өөрөө гарын үсэг зураад энэ зээлийн гэрээг баталгаажуулсан гэж хэлсэн. Б.М  ямар санаа зорилготойгоор энэ дэвтэр дээр гарын үсэг зураагүйг мэдэхгүй. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт гарснаар энэ зээлийн гэрээ байгуулагдсан юм уу, энэ хүний гарын үсэг мөн юм уу гэдэг асуудалд хариулт авсан. Эндээс харах юм бол зээлийн гэрээ болон зээлийн гэрээний ард талд зурсан гарын үсэг хоёулаа Б.М ын гарын үсэг мөн юм. Ингээд нотолсон асуудлыг үгүйсгээд байгаад гайхаж байна. Ц.А , Б.М  нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн, мөнгийг шилжүүлснээр зээлийн гэрээ байгуулагдсанд тооцогдох нөхцөл байдал шууд үүссэн. Б.М  гэдэг хүн мөнгө аваад хүүгээ төлчхөөд, зээлийн гэрээ байгуулагдаагүй, би мөнгө аваагүй гээд сууж байгаа нь харамсалтай байна. Зээлийн гэрээний 8 дугаар зүйлд алдангийн заалт байгаа ч алданги нэхэмжлээгүй. 2019 оны 12  сараас 2020 оны 03 сар хүртэл 4 сарын хүүг нэхэмжилж байна. Иймд хариуцагч Б.М аас зээл 50,000,000 төгрөг, түүний хүү 12,000,000 төгрөг, нийт 62,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгч нар шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Ц.А  гэдэг хүнтэй зээлийн гэрээ байгуулж, нотариат дээр очиж бэлэн мөнгө авсан зүйл байхгүй. Р.Р.Н  эн гэдэг хүн би паб ажиллуулах гэж байна, энэ пабдаа засвар хийх шаардлагатай байгаа учраас надад мөнгө хэрэгтэй байна. Би ажлаасаа гарсан, энэ пабыг ажиллуулахгүй бол ерөөсөө болохгүй байна гээд үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хойно паб ажиллуулахаар болсон. Тэгээд ажлынхаа газрын хүнээс 50,000,000 төгрөг зээлж байгаа гэдгийг хэлж байсан. Р.Р.Н  эн бид хоёр найз нөхдийн холбоотой, бие биенээсээ мөнгө байна уу, байвал өгөөч гээд өгч авалцдаг байнгын ийм харилцаатай явдаг байсан. Гэтэл Ц.А  гэдэг хүнд өөрөө авч байгаа юм шиг биш намайг авч байгаа юм шиг ойлгуулаад мөнгө зээлсэн байсан. Р.Р.Н  эн нь надаас байнга мөнгө авдаг байсан. Би энэ хүнээс мөнгөө нэхэмжлэхээр Чингэлтэй дүүргийн шүүхэд хандсан байгаа. Энэ мөнгийг Р.Р.Н  эн авсан байдаг. П.Х  гэдэг нотариатч дээр Р.Р.Н  эн очиж уулзсан байдаг. 2021 оны 03 сарын 12-ны өдөр Ц.А  бид хоёр уулзахад Ц.А  нь Р.Р.Н  эн намайг нотариат ороод гарын үсэг зураад өг, Б.М  одоогоор завгүй байна гэж хэлсэн гэдэг тайлбар хэлдэг. Тэгээд би чамгүйгээр нотариат орсон. Чамайг завгүй байгаа, завтай болохоороо ирээд гарын үсэг зураад өгье гэж Р.Р.Н  эн хэлсэн, тийм болохоор би очиж гарын үсэг зурсан гэж тайлбарласан. Р.Р.Н  энтэй гурвуулаа уулзъя гэсэн боловч Р.Р.Н  эн тэр өдөр ирээгүй. Р.Р.Н  эн цаана нь юу яриад явж байсныг би мэдэхгүй байна, яг болсон процессын тухайд таниас мөнгө зээлж байгаа талаар Р.Р.Н  эн надад хэлж байсан. Та өөрөө Р.Р.Н  энд бэлэн мөнгөө өгсөн байж яагаад надаас нэхээд байгаа юм бэ гэдэг асуудлаар бид хоёр хоорондоо ярьсан. Би энэ нэхэмжилж байгаа мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй. Нэгдүгээрт, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулагдана. Гэтэл Ц.А  нь Б.М д мөнгө өгөөгүй, Б.М  мөнгө аваагүй гэдэг асуудал яригдаж байгаа. Хоёрдугаарт, зээлийн гэрээг баталгаажуулах ёстой. Б.М  нотариат дээр биечилж очоогүй ийм нөхцөл байдал харагдаж байгаа. Эндээс гэрээ хууль бус гэсэн асуудал яригдана. Гуравдугаарт, нэхэмжлэгч Ц.А гийн шүүхэд гаргаж өгсөн зээлийн гэрээний арын хуудсан дээр 50,000,000 төгрөгийг авлаа гэдэг энэ бичиг нь Б.М ын гарын үсэг, бичгийг хэвлэгч машинаар хэвлэсэн байх гэсэн үндэслэл бүхий эргэлзээ байгаа. Нотариат дээр хадгалагдаж байгаа зээлийн гэрээн дээр Б.М  гарын үсэг зурсан. Өөр гэрээ байхгүй. Үүний дагуу Ц.А гаас ямар нэгэн мөнгө аваагүй. Ц.А , Р.Р.Н  эн хоёр нотариат дээр очоод хууль бусаар дахиж үүнийг олшруулж батлуулсан  асуудал гарч байгаа. Өөрөөр хэлбэл нотариатын дэвтэр дээр бүртгэгдээгүй, Ц.А  цэнхэр өнгийн балаар гарын үсэг зурсан байхад өөр өнгөөр Б.М ын гарын үсгийг зурсан байна. Нэг дор сууж байгаа хүмүүс нэг өнгөөр л гарын үсэг зурна шүү дээ. Нотариатч П.Х  би мэдэхгүй гэдэг тайлбар хэлдэг. Мэдэхгүй гэдэг үг нь өөрөө мянган үгний таглаа болоод байна. Зөндөө олон хүн ирдэг, зарим нь бүртгэлийн дэвтэр дээр гарын үсэг зурдаггүй, ширээн дээр ямар ч хамаагүй бол байхад нь нэг нь цэнхэр өнгөөр нөгөөх нь хар өнгөөр зурчихдаг гэж тайлбарладаг. Тэгэхээр энэ дээр дэндүү олон зүйл давхардаад байна. Өөрөөр хэлбэл Р.Р.Н  эн, Ц.А  хоёр нийлээд хийсэн хууль бус үйлдлийг нь нотариат гэрчилсэн. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаагүй ноцтой асуудал ярьж байна. Тэр нь Б.М ын данснуудыг хаагдсан гэж байна. Энэ талаар нотолсон баримт хэрэгт байхгүй. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй гэж байна. Энэ бол хариуцагчид хуулиар олгогдсон эрх. Шинжээчийг шүүх хуралдаанд оролцуулсан. Гэтэл тухайн бичвэрийг 45 дахин өсгөж харахаар хэвлэж олшруулсан уу үгүй гэдгийг хардаг юм. Ийм учраас 45 дахин өсгөж харсан чинь хэвлэж олшруулсан шинж тэмдэг гараагүй гэдэг тайлбар өгч байна. Ямар шинж тэмдэг илэрдэг юм бэ гэж асуухаар даралтын шинж тэмдэг илэрдэг гэж хариулсан. Шүүхэд ирүүлсэн дүгнэлтийн хаана нь байгаа вэ гэхээр энэ бол онолын асуудал, арга аргачлал нь нууц байдаг гэж хэлсэн. Шүүхийн шинжилгээний тухай хуульд томилогдсон шинжээч дүгнэлт гаргаад дүгнэлт гаргахдаа хэрэглэсэн арга аргачлал тэдгээрийн үр дүнг харуулсан гэрэл зургийн үзүүлэлт, шинж тэмдгийн боловсруулалт бүхий материалыг дүгнэлтээ хавсаргана гэж байгаа. Гэтэл өнөөдөр байгууллагын нууц гээд хуулиас том юм яриад явж байна. Тэгэхээр шинжээчийн дүгнэлтэд үндэслэл бүхий эргэлзээ төрөхөөр байна. Өнөөдөр шүүхийн шийдвэрийн үндэслэл болгохдоо ямар арга аргачлал хэрэглэсэн юм, үндэслэл бүхий гарч уу үгүй юу гэдгийг хэрхэн яаж тогтоох юм бэ. Нууц юм бол хэн ч мэдэх боломжгүй шүү дээ. Иймд шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй гэж харж байна. Нэхэмжлэгчийн төлөөлөгч тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагаа 2020 оны 01 сараас 2020 оны 04 сар хүртэл гэж байна. 04 сар хүртэл гэдэг маань яаж ч бодсон 04 сар өөрөө орохгүй. Тэгэхээр 1, 2, 3 сарын хүү яригдаад 4 сарын хүү бол яригдахгүй. Нэхэмжлэл гаргахдаа хүртэл ингэж бичсэн байсан, бас нэхэмжлэгчийн төлөөлөгч нь ингэж ярьж байна. Тэгэхээр гурван сарын хүүний асуудал яригдаж байна. Хариуцагч тал үндсэн зээл, зээлийн хүүг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

            ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.А  нь хариуцагч Б.М д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 50,000,000 төгрөг, хүү 12,000,000 төгрөг, нийт 62,000,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

 

            Хариуцагч нь нэхэмжлэгчээс зээлийн гэрээний дагуу мөнгө аваагүй гэх тайлбарыг гарган нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

 

            Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч нь 2019 оны 06 сарын 27-ны өдөр 50,000,000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй, 2019 оны 07 сарын 01-ний өдрөөс 2020 оны 07 сарын 01-ний өдөр хүртэл 1 жилийн хугацаатайгаар олгох, хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөх нөхцөлтэй байгуулсан зээлийн гэрээг нотлох баримтаар ирүүлэн, зээлийн гэрээний үүргийг хариуцагчаас шаардсан байна. /хх-4/

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ц.А , Б.М  нарын хооронд 2019 оны 06 сарын 27-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг бүртгэж, баталгаажуулах үйлдлийг хийсэн нотариатч П.Х ын бүртгэлийн дэвтэр, архивт хадгалсан зээлийн гэрээнд үзлэг хийж, баримтыг нотлох баримтаар гаргуулсан. Тус нотариатчийн архивт хадгалагдаж буй зээлийн гэрээнд зээлдүүлэгч Ц.А , зээлдэгч Б.М  нар цэнхэр өнгийн балаар гарын үсэг зурсан, зээлийн гэрээний ар талд ямар нэгэн бичвэр байхгүй, бүртгэлийн дэвтэрт Ц.А  гарын үсэг зурж, Б.М  гарын үсэг зураагүй байна. /хх-31, 32, 61-69/

 

Хариуцагч Б.М  нь нэхэмжлэлд хавсарган ирүүлсэн зээлийн гэрээнд гарын үсэг зураагүй, мөн уг зээлийн гэрээний ард 50,000,000 төгрөгийг хүлээн авсан гэх бичиглэлийг бичээгүй, нотариат дээр хадгалагдаж байгаа зээлийн гэрээн дээр гарын үсэг зурсан боловч гэрээний дагуу мөнгө аваагүй гэх тайлбарыг гарган мэтгэлцсэн.

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 11 сарын 09-ний өдрийн 4134 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...1. Шинжилгээнд ирүүлсэн нэхэмжлэгч Ц.А , хариуцагч Б.М  нарын хооронд байгуулагдсан 2019 оны 06 сарын 27-ны өдрийн Зээлийн гэрээ гэх баримтын эхний нүүрний баруун доод хэсэгт Зээлдэгч гэсний доор байх шинжилж буй гарын үсэг, арын нүүрний баруун доод хэсэгт Б.М  гэсний доор байх шинжилж буй гарын үсгүүд нь Б.М ын гэх гарын үсгийн загваруудтай тохирч байна. 2. Нэхэмжлэгч Ц.А , хариуцагч Б.М  нарын хооронд байгуулагдсан 2019 оны 06 сарын 27-ны өдрийн Зээлийн гэрээ гэх баримт дээрх хариуцагч Б.М ын гарын үсгийг хэвлэн олшруулах төхөөрөмж болон механик арга ашиглан хуулбарласан, хэвлэсэн шинж илрээгүй болно” гэжээ. /хх-122-145/

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ”, мөн  хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заасан.

 

Нэхэмжлэгч Ц.А  нь 2019 оны 06 сарын 27-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу 50,000,000 төгрөгийг 2019 оны 07 сарын 01-ний өдөр Р.Р.Н  энгээр дамжуулан хариуцагч Б.М д бэлнээр өгсөн гэх тайлбарыг гаргасан бөгөөд хариуцагч Б.М  нь нэхэмжлэгчээс мөнгө хүлээн аваагүй гэх тайлбарыг гаргасан боловч өөрийн тайлбар татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3-т зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлж, нотлоогүй.

 

Хариуцагч Б.М  нь 2019 оны 06 сарын 27-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан талаар маргаагүй, нотариатчийн архивт буй зээлийн гэрээнд гарын үсэг зурсанаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд хэрэгт нэхэмжлэгчээс нотлох баримтаар ирүүлсэн зээлийн гэрээнд зурсан гарын үсэг түүнийх биш гэж татгалзаж буй үндэслэлээр зохигчдын хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй гэж үзэх үндэслэл болохгүй юм. Хэрэгт зохигчдын хооронд байгуулагдсан, нотариатчийн архивт байгаа зээлийн гэрээ нотлох баримтаар авагдсан болно. /хх-32, 61-71/

 

Зохигчдын хооронд 2019 оны 06 сарын 27-ны өдөр байгуулсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэсэн заалтад нийцсэн, тэдний харилцан тохиролцсон мөнгө зээлэх, зээлдүүлэх хэлцлийн зорилгыг хангасан байна.

 

            Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч Б.М  нь нэхэмжлэгч Ц.А гийн Хаан банкин дахь 5011350990 дугаартай данс руу 2019 оны 08 сарын 02-ны өдөр 2,700,000 төгрөг, 1,800,000 төгрөг, 2019 оны 10 сарын 01-ний өдөр 3,000,000 төгрөг, 2019 оны 11 сарын 06-ны өдөр 3,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн болох нь тогтоогдож байх бөгөөд хариуцагч нь Р.Р.Н  энгийн гуйлтын дагуу нэхэмжлэгчийн данс руу мөнгө шилжүүлсэн гэх тайлбарыг гаргасан боловч уг тайлбараа баримтаар нотлоогүй. Нэхэмжлэгч Ц.А  нь эдгээр мөнгөн шилжүүлгийн талаар маргаагүй бөгөөд тухайн мөнгийг хариуцагчаас зээлийн гэрээний дагуу төлөх зээлийн хүүнд төлсөн мөнгө гэж тайлбарласныг хариуцагч баримтаар үгүйсгэж няцаагаагүй. /хх-81-83/

 

Зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээг 2019 оны 07 сарын 01-ний өдрөөс 2020 оны 07 сарын 01-ний өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай байгуулсан боловч нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1-д “Зээлдэгчийн эд хөрөнгийн байдал доройтож зээлийг буцаан төлөх чадваргүй болох нөхцөл байдал бий болсон бол зээлдүүлэгч зээлийг нэн даруй буцаан шаардах эрхтэй” гэж заасны дагуу зээлийн гэрээний үүргийг шаардсан нь хуульд нийцэх бөгөөд нэхэмжлэгч нь 2019 оны 06 сарын 27-ны өдрийн зээлийн гэрээнд заасны дагуу 2019 оны 07 сарын 01-ний өдрөөс 50,000,000 төгрөгийн зээлийн хүүг сарын 6 хувиар тооцож хариуцагчаас шаардах эрхтэй.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчийн 4 удаагийн шилжүүлгээр шилжүүлсэн нийт 10,500,000 төгрөгийг 2019 оны 07 сараас хойших хүүнд тооцон, 2020 оны 01 сараас 04 сар хүртэлх хугацааны хүү 12,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан.

 

Зээлийн хүү гэж зээлийг ашигласан хугацаанд заасан хэмжээгээр тооцсон зээлдэгчийн хариу төлбөр буюу зээлийн үнийг хэлэх бөгөөд нэхэмжлэгч нь 2020 оны 04 сард шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх тул 04 сарын хүүг тооцон гаргуулах үндэслэлгүй. Зээлийн гэрээнд сарын 6 хувийн хүүтэй байхаар тохиролцсон тул 50,000,000 төгрөгийг 2020 оны 01, 02, 03 сарын хүү 9,000,000 төгрөгийн хамт хариуцагч нь нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй.

 

Зохигчид анз тогтоосон зээлийн гэрээг Иргэний 232 дугаар зүйлийн 232.3-т зааснаар бичгээр байгуулсан байх ба зээлийн гэрээний 8-д гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алдангийг төлөхөөр тохиролцсон байх бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчаас алданги шаардаагүй болно.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Б.М аас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 50,000,000 төгрөг, 3 сарын хүүгийн төлбөрт 9,000,000 төгрөг,  нийт 59,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.А д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

 

   1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д  заасныг баримтлан хариуцагч Б.М аас зээлийн гэрээний үүрэгт 59,000,000 /тавин есөн сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.А д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,000,000 /гурван сая/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 467,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.М аас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 452,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.А д олгосугай.         

 

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Д.ЦЭРЭНДОЛГОР