Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 2024/ШЦТ/591

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,

улсын яллагч Г.Янжиндулам,

шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2308031172139 дугаартай хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Х овогт Б-ийн Г /регистрийн дугаар ***/, Монгол Улсын иргэн, 1972 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Булган аймгийн Орхон суманд төрсөн, эрэгтэй, 51 настай, туслах малчин ажилтай, ойн үржүүлэгч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт *** тоотод оршин суудаг, урьд

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 72 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэсэн.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Г нь зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамал буюу 78,2 кг сибирь хушны цайруулсан самрыг худалдан авсан, тээвэрлэсэн гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт: Улсын яллагчаас 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Б.Г хэргийн зүйлчлэл гэм буруугийн хувьд маргахгүй, хавтаст хэргээс шинжлэн судлах нотлох баримтгүй гэв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаас дүгнэвэл:

Шүүгдэгч Б.Г нь 2023 оны 09 дүгээр 20-ны өдөр зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах эмээлтийн захаас 78,2 кг ховор ургамлын жагсаалтад багтсан “Сибирь хуш”-ны үр буюу цайруулсан самрыг худалдан авч, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эмээлтийн хяналтын цэг” хүртэл *** УБО улсын дугаартай Toyota harrier маркийн тээврийн хэрэгсэлд тээвэрлэж, улмаар экологи эдийн засгийн 38,669,900 төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.

 Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

- 2023 оны 09 сарын 20-ны өдрийн хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 12-14 дэх тал),

- “...Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ТЭЦ-6 журмын хашаанд байх *** УБО улсын дугаартай Тоёота Хариер маркийн тээврийн хэрэгслийн ар талын суудлаас 2 ширхэг цагаан өнгийн шуудайтай самар мэт зүйл байх бөгөөд ...нэгдүгээр шуудайн 39,6 кг, хоёрдугаар шуудай 38,6 кг, нийт 78,2 кг жинтэй байснаас шинжилгээнд хүргүүлэх зорилгоор шуудай тус бүрээс 1 кг дээж авав...” гэсэн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 17-22 дахь тал)

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Т-ийн “...Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7.2.3 дахь хэсэгт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас байгаль орчин болон байгалийн нөөц баялагт учруулсан хохирлын төлбөрийг Байгаль орчин уур амьсгалын санд тушаахаар зохицуулсан.  ...Шинжилгээний дүгнэлтэд тусгагдсан экологи-эдийн засгийн хохирлын үнэлгээ, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасны дагуу хохирлыг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 32-34 дэх тал),

- гэрч Э.Б-ын “...Өнөөдөр буюу 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн өглөө 09 цагийн орчим манай найз Г хамт Эмээлт орж хөдөөгөөс явуулсан юм байгаа, миний машины дугаар гарахгүй болохоор хамт яваад өг гэж залгахаар нь би зөвшөөрөөд 10 цагийн орчим эмээлтэд очсон. Замын хажууд жижиг цагаан машин ирсэн байсан ба Г очиж уулзаад 2 цагаан шуудайтай самар миний машинд оруулаад хот оруулаад буулгаж авна гээд суугаад Эмээлтийн постод дээр ирээд шалгаж байгаа цагдаад саатуулагдсан. Надад яг юуны талаар хэлээгүй, харин очоод машинаас авч байхад нь мэдсэн. *** УБО улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь манай эхнэр П-ын нэр дээр байдаг, миний эзэмшлийн машин...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 38-39 дэх тал),

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 3495 дугаар шинжээчийн дүгнэлтэд “...Дүгнэлт 1. Шинжилгээнд ирүүлсэн самрын дээж нь шинжилгээнд тэнцэж байна. 2. Сибирь хуш – Pinus sibirica Du Tour-ны цайруулсан самар байна. Самар нь ургамлын үржлийн эрхтэн буюу үр. 3. Сибирь хуш – Pinus sibirica Du Tour нь Засгийн газрын 1995 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 153 дугаар тогтоолын хавсралтын “Ховор ургамлын жагсаалт”-д орсон ургамал. 4. Шинжилгээнд ирүүлсэн Сибирь хуш – Pinus sibirica Du Tour-ийн үрийн түүсэн цаг хугацааг тодорхойлох боломжгүй. 5. Сибирь хуш – Pinus sibirica Du Tour нь уулын тайгын бүслүүрийн дээд хэсгээр ургадаг. Хөвсгөл, Хэнтий, Хангай, Монгол Алтай гэсэн ургамал газар зүйн тойрогт тархдаг. Таримал эсвэл байгалийн зэрлэг ургамал болохыг тогтоох боломжгүй. 6. Шинжилгээнд ирсэн үрийн дундаж чийг 31,4% ба 22,05% байх тул нойтон байна. 7. Хуш модны самрыг MNS 5786:2007, MNS 5364:2004 стандартын дагуу 1 жил хадгална. Стандартын дагуу хадгалаагүй тохиолдолд чанар байдлаа хурдан алдаж мөөгөнцөртөх, муудах боломжтой. 8 Хуш модны самрыг MNS 5786:2007, MNS 5364:2004 стандартын шаардлага хангасан газар хадгалаагүй тохиолдолд жинд өөрчлөлт орох боломжтой. 9. Мөрдөгчийн тогтоолд дурдсаны дагуу 78,2 сарын экологи-эдийн засгийн үнэлгээг тооцвол 98,900 төгрөг х 78,2 кг= 7,733,980 төгрөг байна. Мөрдөгчийн тогтоолд дурдсаны дагуу “Байгаль орчныг хамгаалах тухай” хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-р заалтад зааснаар ойн санд учирсан хохирлын нөхөн төлбөрийг тооцоолж үзэхэд 7,733,980 төгрөг х 3 = 23,201,940 төгрөг байна. 10. Хэрэгт ач холбогдол бүхий бусад нөхцөл байдал илрээгүй...” гэсэн (хавтаст хэргийн 52-57 дахь тал) зэрэг болно.

1.2.  Хууль зүйн дүгнэлт

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх гэмт хэргийн шинжийг “Зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтнийг түүсэн, бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн, боловсруулсан бол” гэж заасан.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 78,2 кг Сибирь хуш–Pinus sibirica Du Tour-ны цайруулсан самар /ургамлын үржлийн эрхтэн буюу үр/ нь Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолоор баталсан ховор ургамлын жагсаалтад орсон ховор ургамал болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.

Мөн Ойн тухайн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11-т "ойн баялаг" гэж ойн модны нөөц, түүний дагалт баялгийн нөөцийг” гэж, 3.1.12-т “ойн дагалт баялаг" гэж ойн сангийн газарт ургадаг жимс, жимсгэнэ, мөөг, самар, эмийн болон хүнс, тэжээл, техникийн ургамал, модны холтос, үйс, хусны шүүс, давирхай, ойн хөвд, хөвхөн зэрэг ойгоос авч ашиглаж байгаа аливаа баялгийн нөөцийг” ойлгоно гэж тус тус заасан.

Үүнээс үзвэл Сибирь хуш–Pinus sibirica Du Tour-ны цайруулсан самар /ургамлын үржлийн эрхтэн буюу үр/ нь ховор ургамал бөгөөд ойн дагалт баялгийн нөөцийн нэг хэсэг байна.

Байгалийн ургамлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...ховор ургамлыг ахуйн болон судалгаа, шинжилгээний ...зориулалтаар тус тус ашиглаж болно.” гэж заасан.

Харин Ойн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт “Хушны самрын дунд ургацтай жилд зөвхөн ахуйн зориулалтаар, их ургацын жилд аль ч зориулалтаар ашиглахыг зөвшөөрнө” гэжээ.

Зөвшөөрлийн тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.13-т зааснаар ховор ургамлыг өөрийн ам бүлийн хүнсний болон ахуйн бусад хэрэгцээг хангах зорилгоор ашиглах зөвшөөрлийг тухайн сум, дүүргийн Засаг дарга олгохоор заасан.

Ойн тухай хулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “Иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагад ойн дагалт баялгийн нөөц ашиглах эрхийн бичгийг тухайн ойн анги /байхгүй бол тухайн нутаг дэвсгэрийн байгаль хамгаалагч/ олгоно.” гэж, 38.6 дахь хэсэгт “Ойн дагалт баялгийг хамгаалах, зохистой ашиглах үйл ажиллагааг зохицуулсан журмыг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.” гэж тус тус заасан.

Гэмт хэрэг гарах үед дагаж мөрдөж байсан Байгал орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн А/155 дугаар тушаалаар батлагдсан Ойн дагалт баялгийг хамгаалах, зохистой ашиглах журмаар хуш модны самрыг ахуйн зориулалтаар ашиглах хэмжээг нэг удаа 50 кг байхаар тогтоож, 10 дугаар сарын 20-оос дараа оны 2 дугаар сарын 01-ний хооронд бэлтгэхээр заасан байна.

Дээрх хуулийн зохицуулалт, шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаар шүүгдэгч Б.Г нь 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр ховор ургамал болох  78,2 кг “Сибирь хуш”-ны үр буюу цайруулсан самрыг зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаар өөр зорилгоор /Байгалын ургамлын тухай хууль, Зөвшөөрлийн тухай хууль, Ойн тухайн хуульд зааснаар эрх бүхий байгуулга, албан тушаалтны  зөвшөөрөлгүйгээр, хуш модны самрыг ахуйн зориулалтаар ашиглах хэмжээнээс их хэмжээгээр, журамд заасан хушны модны самар бэлтгэх хугацаанаас өмнө/ худалдан авсан, тээвэрлэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

​​​​​​​1.2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг

Байгалийн ургамлын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалтад "ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээ" гэж тухайн зүйл ургамлын оршин амьдрах нөхцөл болон экологийн, эдийн засгийн, эрх зүйн, нийгмийн ач холбогдлоор нь үнэлсэн тусгай аргачлалын дагуу тооцсон нэгж жингийн мөнгөн үнэлгээг” гэж заасан.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны А/603 тушаалаар нойтон “Сибирь хуш”-ны үр буюу самрын экологи эдийн засгийн үнэлгээг 98,900 төгрөг байхаар тогтоосон.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3 дахь заалтад “ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи–эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” тогтооно гэж заасан.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 78,2 кг нойтон “Сибирь хуш”-ны үр буюу цайруулсан самрын хохирлыг тооцвол (78,2 х 98900 х 5)=38,669,900 төгрөг болж байна.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-оос 38,669,900 төгрөг гаргуулж Байгаль орчин уур амьсгалын санд олгохоор шийдвэрлэлээ.

Улсын яллагчаас гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 3495 дугаар шинжээчийн дүгнэлтийг үндэслэн Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1 дэх заалтад /ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр/ зааснаар тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй.

Учир нь шүүгдэгч Б.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлд заасан Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн, түүний худалдан авсан, тээвэрлэсэн гэх 78,2 кг “Сибирь хуш”-ны үр буюу цайруулсан самар нь ховор ургамал байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг ургамлын аймагт учирсан хохирлыг тооцох журмаар тогтоох нь зүйтэй.  

Хоёр. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

​​​​​​​2.1. Талуудын санал, дүгнэлт 

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, түүний Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглож зорчих эрхийг хязгаарлах саналтай байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 20 ширхэг мод тарих үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах саналыг гаргаж байна. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан *** УБО улсын дугаартай Toyota harrier маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 30,178,125 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлого болгох, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан 78,2 кг самрыг хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэх саналыг гаргаж байна...” гэв.

​​​​​​​2.2. Эрүүгийн хариуцлага

Хэрэгт авагдсанд шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 82 дахь тал), Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020/ШЦТ/72 дугаартай шийтгэх тогтоол (хавтаст хэргийн 84-88 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 89, 159 дэх тал), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 90 дэх тал), тээврийн хэрэгслийн лавлагаа (хавтаст хэргийн 91 дэх тал), эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа (хавтаст хэргийн 92 дахь тал), Авто тээврийн үндэсний төвийн лавлагаа (хавтаст хэргийн 94-95 дахь тал), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 160 дахь тал), Нийгмийн даатгалын ерөнхий газрын албан тоот (хавтаст хэргийн 166 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

Шүүгдэгч Б.Г-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шударга ёсны зарчмыг баримтлан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар,  шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс харгалзан үзэж улсын яллагчийн санал болгосноор шүүгдэгч Б.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-ыг Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглож зорчих эрхийг хязгаарлав.

Харин улсын яллагчийн санал болгосон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 20 ширхэг мод тарих үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авхуулах саналыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.

Учир нь шүүхээс шүүгдэгч Б.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан, шүүгдэгч Б.Г-д 20 ширхэг мод тарих үүргээ зөрчвөл үүнээс үүдэх хууль зүйн үр дагавар нь тодорхойгүй тул улсын яллагчийн саналыг хүлээн авахаас татгалзсан болно.

​​​​​​​2.3. Бусад асуудлын талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна.” гэж заасан.

Шүүхээс шүүгдэгч Б.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар түүнээс 38,669,900 төгрөг гаргуулж Байгаль орчин уур амьсгалын санд олгохоор шийдвэрлэсэн, *** УБО улсын дугаартай Toyota harrier маркийн тээврийн хэрэгсэл нь шүүгдэгч Б.Г-ын өмчлөлийн биш, гэрч Т.П-ын өмчлөлийн тээврийн хэрэгсэл байх тул шүүгдэгч Б.Г-оос  *** УБО улсын дугаартай Toyota harrier маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 30,178,125 төгрөгийг гаргуулан улсын орлого болгох хууль зүйн үндэслэлгүй байна.

Түүнчлэн Эрүүгийн хуульд заасан “тээвэрлэсэн” үйлдэл нь бүх төрлийн тээврийн хэрэгслээр буюу галт тэрэг, агаарын хөлөг онгоц, шуудан илгээмж, такси үйлчилгээ, авто тээврийн хэрэгсэл зэргийг ашиглан тухайн эд зүйлийг нэг газраас нөгөөд ил буюу далд хэлбэрээр зөөвөрлөх үйлдлийг ойлгох бөгөөд тээвэрлэсэн үйлдэлд ашигласан гэх үндэслэлээр галт тэрэг, агаарын хөлөг онгоц, авто тээврийн хэрэгсэл бүрийн үнийг гэмт хэрэг үйлдсэн этгээдээс албадан гаргуулах боломжгүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн арга, сэдэлт, урдаас төлөвлөсөн байдал, тухайн тээврийн хэрэгсэл гэм буруутай этгээдийн өмчлөлийн эд хөрөнгө мөн эсэхийг зэргийг харгалзан үзэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан Экологийн цагдаагийн албаны хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа 78,2 кг “Сибирь хуш”-ны үр буюу цайруулсан самрыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Г нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Х овогт Б-ийн Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамлыг худалдан авсан,  тээвэрлэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Б.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-ыг Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглож зорчих эрхийг хязгаарласугай.

4.  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Г-оос 38,669,900 /гучин найман сая зургаан зуун жаран есөн мянга есөн зуу/ төгрөг гаргуулж Байгаль орчин уур амьсгалын санд олгосугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан Экологийн цагдаагийн албаны хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалгаж байгаа 78,2 кг “Сибирь хуш”-ны үр буюу цайруулсан самрыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Г нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

​​​​​​​7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.               

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ц.АМАР