Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 101/ШШ2021/01722

 

 

 

 

 

 

 

 

                     2021       06          08  

             101/ШШ2021/01722

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ц.А/-ийн нэхэмжлэлтэй, 

 

Хариуцагч: Э.И /-д холбогдох,

 

Барьцааны мөнгө болох 1 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.А , хариуцагч Э.И , шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Нандинцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

“Ц.А  миний бие Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо 2/40 мянгатын 3 дугаар байрны 1 тоотод байрлах 94,41 м.кв талбай бүхий кафены зориулалттай байрыг 2020 оны 08 сарын 17-ны өдөр түрээсэлсэн. Тухайн үед хариуцагчийн эгч Ж.С  гэдэг хүн надад хэлэхдээ энэ түрээслэх талбай миний төрсөн дүүгийнх, би хариуцаж ажилладаг гэж хэлж надтай гэрээ хийсэн. Би пабыг түрээслэхдээ барьцааны мөнгө 1 500 000 төгрөг, түрээсийн төлбөр 1 500 000 төгрөг өгсөн. Түрээсэлж аваад анх ажлаа эхлүүлэхэд хариуцагчийн пабын орчны нөхцөл байдал маш муу, шаардлага хангахгүй газар байсан. Би 2020 оны 08 сараас 2021 оны 01 сар хүртэл үйл ажиллагаа явуулах хугацаанд маш их дарамттай байсан, үйлчлүүлэгч нар мөнгөө төлж орж байгаа учраас надад танай пабд жоом, хулгана явж байна, ариун цэврийн өрөө чинь заваан байна, таазнаас ус дусдаг хөгцөрсөн гэж хэлдэг. Энэ талаар хариуцагчийн эгч Ж:Сүрэн гэдэг хүнд байнга хэлдэг байсан боловч Ж:Сүрэн өөрөө түрээслэгч байсан. Би яаж мэддэг юм бэ, би түрээслэгч хүн, би эзэнд нь хэлсэн, гэхдээ мөнгө байхгүй гээд байна гэж хэлсэн. Би Ж.С  гэдэг эгчид түрээсээ өгөөд байдаг боловч засвар хийдэггүй. Сүүлдээ аргаа бараад эзэнтэй нь яръя гээд Э.И тай холбогдсон. Тэр хугацаанд цар тахалтай холбоотойгоор паб хаагдаад нээгдээд явж байсан. Э.И тай уулзаж нөхцөл байдлаа хэлээд, би цаашид удаан ажиллах хүсэлтэй байна, ядаж ариун цэврийн өрөөнд засвар хийгээд агааржуулалтыг нь янзлаад өгөөч гэсэн хүсэлт гаргахад тэгье, би мөнгө орж ирэхээр засварлаад өгнө гэж хэлсэн. Миний бие Э.И тай 2021 оны 01 сарын 15-ны өдөр харилцан тохиролцож түрээсийн гэрээ байгуулсан. Гэрээний хугацаа нь 2021 оны 01 сарын 13-ны өдрөөс 2021 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл нийт 11 сарын хугацаатай, түрээсийн төлбөр сард 900 000 төгрөг гэж тохирсон. Барьцаа 1 500 000 төгрөгийг Э.И д шилжүүлсэн. Үргэлжлүүлээд пабаа ажиллуулж байтал цар тахалтай холбоотойгоор дахиад хаагдсан. Буцаад нээгдэхэд Э.И  одоо засвар хийнэ гэж хэлсэн. Би 2021 оны 01 сарын 15-ны өдрөөс хойш 20 хоног ажиллаад цар тахалтай холбоотойгоор хаагдсан. Энэ 20 хоногийн мөнгө авахгүй гэж өөрөө ч хэлсэн, нөхөр нь ч хэлсэн. Би гайгүй хүмүүс байна гэж бодоод хэл ам хийгээгүй. Дахиж нээгдээд ажиллахад хариуцагчийн хамаатан н.Пүрэвхангай засвар хийнэ гээд хүрч ирэн 2021 оны 02 сарын 28-ны өдөр хаагаад 03 сарын 01-ний өдөр засвар эхэлсэн. Засварын ажил 7 хоногийн дараа дуусчихна, дуусахаар нь ирээд цэвэрлэгээ хийгээд ажилдаа ороорой гэж хэлсэн. Тэр хооронд би юу болж байна, яаж байна гээд эргэж тойроод н.Пүрэвхангай гэдэг ахтай уулзаад байсан. Гэтэл 2021 оны 03 сарын 20-ны өдрөөс Э.И  надад би пабаа хүнд зарчихсан, байрыг чөлөөл, эд зүйл бараагаа ав гэж дарамталж эхэлсэн. Миний бие гэрээний хугацаа дуусаагүй байна, надад хохирол учирч байна гэхэд тоохгүй байсан. Би аргагүйн эрхэнд барьцаа мөнгөө авъя, хохиролтой байгаа тул үлдэгдэл шар айраг гэх мэт бараануудыг бөөний үнээр авчих гэж гуйсан боловч чиний асуудал надад хамаагүй гэж намайг илтэд үл ойшоож хохирол учруулсан. Надад байраа зарсан гээд гэрээ үзүүлж байрыг чөлөөл гэсэн шахалт шаардлагыг тавьсан бөгөөд барьцааны мөнгөө авья гэхэд өгөхгүй байна. Хариуцагчийн зүгээс түрээсийн төлбөр, урсгал зардлын мөнгийг хасаад үлдсэн мөнгөө чи ав гэсэн тайлбар хэлж байна. Надад ийм боломж байхгүй, үргэлжлүүлээд ажиллахгүй тул гэрээгээ цуцлаад барьцааны мөнгөө бүрэн авах хүсэлтэй байна. Иймд Э.И аас гэрээнд заасан барьцааны мөнгө болох 1 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үүгэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: 

Би 2018 оны 11 сард Ж Сд өөрийн эзэмшлийн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд байрлах үйлчилгээний талбайгаа түрээсэлсэн. 2 жил гаруй хугацаанд түрээсэлж байсан бөгөөд 2020 оны 11 сард цар тахал гарч Ж.С  надад би дамжуулаад өөр хүнд түрээсэлсэн, би түрээслэхгүй гармаар байна гэж надад хэлсэн. 2020 оны 12 сард Ц.А тай паб дээр уулзахад түүний зүгээс асуудлуудаа яриад яаж шийдвэрлэх талаар санал тавьсан. 2021 оны 01 сарын 15-ны өдөр Ц.А тай гэрээ байгуулж 2021 оны 01 сарын 13-ны өдрөөс 2021 оны 12 сарын 31-нийг хүртэл хугацаатай түрээслүүлсэн. Ц.А  нь кафе тзрээслэн ажиллуулж байх хугацаандаа 2021 оны 02 сарын 26-28-ны өдрүүдэд Нийслэлийн Засаг даргаас гаргасан үйлчилгээний цагийн хуваарийг хэтрүүлж ажилласан, насанд хүрээгүй хүнд согтууруулах ундаагаар үйлчилсэн, хорооны Засаг дарга, хэсгийн ахлагч, цагдаа, үйлчлүүлэгч нартай харилцааны соёлгүй харьцсан зэрэг зөрчлүүд гаргасан. Иймд гэрээний 2.3-т заасны дагуу түрээсийн гэрээг цуцалсан. Ц.А  нь 2021 оны 01 сарын 15-ны өдрөөс өмнө кафег давхар түрээслэж ажиллуулж байсан ба энэ үеийн 2020 оны 11 сарын түрээсийн байрны ашиглалтын зардал болох 305 260 төгрөгийг төлөөгүй байсан ба миний бие 2021 оны 03 сарын 24-ний өдөр барьцаа мөнгөнөөс төлсөн. Цар тахал гараад хэн хэндээ хэцүү байгаа учраас 20 хоног ажиллахаас өмнөх 2 долоо хоногийн түрээсийг авахгүй гэж хэлж байсан. 2 долоо хоногоос хойш 20 хоног ажилласан бөгөөд 2021 оны 01 сараас 02 сар хүртэл хугацааны түрээсийн төлбөрийг төлөөгүй байсныг суутгаж авсан. Ц.А гийн барьцааны төлбөрөөс сарын түрээсийн төлбөр 900 000 төгрөг, ашиглалтын зардалд төлсөн 305 260 төгрөгийг тус тус хасаж үлдсэн 294 740 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна” гэв.  

г

 

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

           

Нэхэмжлэгч Ц.А  нь хариуцагч Э.И д холбогдуулан түрээсийн гэрээний барьцаанд төлсөн 1 500 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

Хариуцагч нь барьцааны мөнгөнөөс түрээсийн төлбөр 900 000 төгрөг, ашиглалтын зардалд төлсөн 305 260 төгрөгийг суутган тооцох үндэслэлтэй гэх тайлбарыг гарган нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

Хариуцагч Э.И  нь өөрийн өмчлөлд бүртгэлтэй эрхийн улсын бүртгэлийн Ү-2202000050 дугаартай Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн 3 дугаар  хороо, 2 дугаар 40 мянгат гудамж, 3 дугаар байрны 1 тоот хаягт байршилтай 94,41 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг нэхэмжлэгч Ц.А д түрээслүүлэхээр 2021 оны 01 сарын 15-ны өдөр түрээсийн гэрээ байгуулж, сарын түрээс 900,000 төгрөгийн төлбөртэй, 2021 оны 01 сарын 13-ны өдрөөс 12 сарын 13-ны өдрийг хүртэл хугацаагаар түрээслэхээр харилцан тохиролцсон болох нь хэрэгт авагдсан гэрээ болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна. Түрээсийн байрны өмчлөх эрх болон гэрээ байгуулсан талаар зохигчид маргаагүй.

 

Нэхэмжлэгч Ц.А  нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ түрээслэсэн байрнаас гэрээгээр тохиролцсон хугацаанаас нь өмнө гарсан тул түрээсийн гэрээнд заасны дагуу төлсөн барьцаа 1 500 000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй гэж тайлбарлаж байх бөгөөд хариуцагч Э.И  нь түрээсийн гэрээний дагуу барьцаа 1 500 000 төгрөгийг хүлээн авсан талаар маргаагүй.

 

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д “Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ” заасан бөгөөд талуудын хооронд түрээсийн гэрээ байгуулагдсан байна.

 

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ”, мөн хуулийн 318.4-т “энэ хуулийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна”  гэж заасан. Гэрээний оролцогч талууд гэрээг чөлөөтэй байгуулж, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй  хэдий ч уг чөлөөт байдал нь хуулийн хүрээнд байх ёстойг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан бөгөөд тус хуулийн 318.3, 318.4-д зааснаар үл хөдлөх хөрөнгө түрээслэх гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх, ийнхүү бүртгүүлээгүй тохиолдолд тухайн гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж эрх зүйн үр дагаврыг зохицуулсан.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан Түрээсийн гэрээнд Иргэний хуулийн 318.1, 318.3-т заасныг үндэслэн гэрээг байгуулсан талаар дурдсанаас үзэхэд тухайн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлснээр хүчин төгөлдөр болох талаар талууд тохиролцсон, энэ талаар мэдэж байсан гэж үзэхээр байх бөгөөд хэрэгт авагдсан түрээсийн гэрээ болон зохигчдын тайлбараар гэрээг байгуулаад улсын бүртгэлд зохих ёсоор бүртгүүлээгүй болох нь тогтоогдож байна.

 

Зохигчид түрээсийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй байх тул Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4-т зааснаар гэрээ хүчин төгөлдөр бус бөгөөд зохигчдын хооронд түрээсийн гэрээний үүргийн эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэхгүй. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасны дагуу хууль зөрчсөн хэлцэл хүчин төгөлдөр бус байх тул гэрээний талууд мөн хуулийн 56.5-д зааснаар хэлцлээр шилжүүлсэн зүйлээ харилцан буцаах үүрэг үүснэ. Түрээсийн гэрээ анхнаасаа хүчин төгөлдөр бус учраас талууд өгсөн, авснаа харилцан буцаах үүрэгтэй боловч нэхэмжлэгч нь хариуцагчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг  ашигласны төлбөрийг төлөх үүргийг хүлээнэ.

 

Нэхэмжлэгч нь 2021 оны 01 сарын 15-ны өдөр түрээсийн гэрээ байгуулаад түрээсийн байранд үйл ажиллагаа үргэлжлүүлэн явуулсан, 2021 оны 02 сарын 28-ны өдөр засвар хийх шалтгаанаар үйл ажиллагаагаа зогсоосон болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул энэ хугацаанд түрээсийн байр түрээслэгч талын эзэмшилд байсан гэж үзнэ. Түрээсийн байрыг ашиглах боломжгүй байсан, түрээслүүлэгчийн буруугаас үйл ажиллагаагаа явуулж чадаагүй хохирол учирсан гэх тайлбарыг нэхэмжлэгч гаргаж байх боловч бусдын эд хөрөнгийг үндэслэлгүйгээр ашиглах ёсгүй юм.

 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар гэрээ хүчин төгөлдөр бус болсны улмаас үүсэх үр дагаврыг шийдвэрлэх бөгөөд бусдын эд хөрөнгийг ашиглаж үндэслэлгүйгээр хөрөнгөжих ёсгүй учраас ашигласан хугацааны төлбөрийг нэхэмжлэгч төлөх үүрэгтэй.

 

Нэхэмжлэгч Ц.А  нь 2021 оны 01 сарын 15-ны өдөр түрээсийн гэрээ байгуулснаас хойш 20 хоног түрээсийн байранд ажиллаад цар тахалтай холбоотойгоор үйл ажиллагаа явуулах боломжгүй болж хаагдсан, энэ хугацааны түрээсийн төлбөрийг хариуцагч болон түүний нөхөр авахгүй гэж хэлсэн гэх тайлбарыг гаргасан боловч уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.2-т  зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлж, нотлоогүй, уг тайлбар нь баримтаар тогтоогдоогүй болно.

 

Талууд түрээсийн төлбөрийг сарын 900 000 төгрөг гэж тохирсон, нэхэмжлэгч Ц.А  нь хариуцагчийн өмчлөлийн байранд 2021 оны 01 сарын 15-ны өдрөөс хойш 20 хоног үйл ажиллагаа явуулсаны төлбөр 600 000 төгрөгийг хариуцагчид төлөх үүрэгтэй байх тул харилцан тооцож 600 000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлага 1 500 000 төгрөгөөс хасч тооцох үндэслэлтэй.

 

            Зохигчдын тайлбараар 2021 оны 01 сарын 15-ны өдөр түрээсийн гэрээ байгуулахаас өмнө хариуцагч Э.И  нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг Ж.С  гэх хүнд түрээслүүлж, Ж.С  нь түрээслэж байх хугацаандаа нэхэмжлэгч Ц.А д дамжуулан түрээслэж байсан болох нь тогтоогдож байх тул хариуцагч Э.И  нь түүний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг Ж.С  түрээслэж байсан хугацааны ашиглалтын зардлыг нэхэмжлэгч Ц.А гаас шаардах эрхгүй, түүний төлсөн гэх ашиглалтын зардлыг нэхэмжлэгчийн төлсөн барьцааны мөнгөнөөс хасч тооцох үндэслэлгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлүүдийг нэгтгэн дүгнэж хариуцагч Э.И аас барьцааны мөнгө 900 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.А д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 600 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

                          ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Э.И аас 900 000 /есөн зуун мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.А д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 600 000 /зургаан зуун мянган/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38 950 төгрөгийг улсын  орлогод  хэвээр үлдээж, хариуцагч Э.И аас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 26 150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.А д олгосугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Д.ЦЭРЭНДОЛГОР